x

Б.Баабар: Ардчилал бол боломж болохоос баталгаа биш

"АРДЧИЛАЛ БОЛ БОЛОМЖ БОЛОХООС БАТАЛГАА БИШ"

Монгол нь сүүлийн арван жилд дарангуйллын дэглэмээс улс төр, нийгмийн ардчилал уруу шилжилт хийхийн зэрэгцээ бараг зуун хувь улсын мэдлийн өмч бүхий захиргааны хэмээгдэгч эдийн засгийн бүтцээс зах зээлийн систем рүү шилжилт хийж байгаа орон юм. Энэ утгаараа Монголын шилжилт нь гарааны түвшин, гадаад дотоод орчны шаардлага зэргээсээ болоод хамгийн хүнд бэрх төвөгтэй хосолмол шилжилтийг гүйцэтгэж байгаа. Энэ нь зориудаар хүнд хэцүүг нь сонгож авсандаа бус, ерөөсөө өөрөөр шилжилт хийх бололцоо Монголын хувьд байхгүй юм. Хятад маягийн үзэл суртлаа хадгалаад хийх эдийн засгийн реформ, Казахстан маягийн нэг дэглэмийг нөгөөгөөр солиод эдийн реформыг түргэтгэх зэрэг арга нь монголчуудын түвшин, боловсрол, зан аягаас гадна гадаад ертөнцийн холбоо хэлхээ, үндэсний аюулгүй байдал зэргээсээ болоод огт бололцоогүй зүйл байсан билээ. Түүнээс гадна тухайн гарааны түвшин нь бусад посткоммунист орнуудтай харьцуулахад хэт сондгой, онцгой муу жишгээс хэтэрхий хөндий байсан нь нэгмөсөн өөрчлөлт хийхээс өөр аргагүй байдалд хүргэсэн юм. Хөрөнгө оруулалт, улсын төсвийн 70 гаруй хувийг үзэл суртлын эв санаа нэг байсны шанд гадаадаас зээлээр авдаг, хүн амд оногдох ДНБ-ийн хэмжээ коммунист ертөнцдөө хамгийн бага, хүн амтай нь харьцуулахад дэлхийн хамгийн том гадаад өртэй орон байлаа. Монголд хувийн өмч хязгаарлагдаж байгаагүй, харин ч бүр хуулиар тас хориотой байсан нь коммунист ертөнцдөө ч сондгой үзэгдэл байв. Эдийн засгийн зохицуулалтын эрх зүйн акт бараг ганц ч байгаагүй ба энэ нь зөвхөн хэдхэн хүний ам шийдвэр, номенклатурын үзэмжээр явагддаг байв. Нэгэнт бүх өмч улсынх учир энд менежментийн тухай ойлголт байхгүй, иймээс хөрөнгө ашиглалтын ашигт үйлийн коэффициент гайхал төрүүлэм бага байлаа. ХХ зууны турш гадаад ертөнцөөс таслагдсан орон байсны хувьд зах зээлийн тухай анхдагч ойлголт энэ орны хэнд ч байгаагүй ба гадагшаа гарсан монгол үндэстний эмиграцийн тоо хэмжээ тэгтэй тэнцэж байв. Чөлөөт ертөнцөд боловсрол олсон хүн үндсэндээ огт байсангүй. Гадаадад байршуулсан үндсэн хөрөнгө ч байсангүй. ДНБ-д ганц нэг хувь эзэлдэг хатуу валютын худалдаа нь ч олон улсын дүрэм журмаар явагддаггүй байлаа. Үндсэндээ дэлхийгээс тусгаарлагдсан сюрреалист ертөнц байсан юм. 

Гэвч өнгөрсөн арван жилд нийгэм эдийн засгийн салбарт хийсэн Монголын шилжилт нь хамгийн амжилттайгийн нэг гарцаагүй мөн. Унгар, Польш, Чех зэрэг орнуудад хийгдэж буй шилжилт маш амжилттай болж байгаа боловч тэдний гарааны түвшин, гадаад дотоод нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйл нь Төв Азийн бөглүү Монголынхтой харьцуулах аргагүй өндөр юм. Гээд ерөнхий утгаараа гарч буй энэ их амжилт алдаа эндэгдлээс хөндий байгаагүй юм. Үүнд туршлага мэдлэг дутсан ч тал бий, хүмүүс хоорондын болоод бүлэглэл хоорондын харилцаанаас ч болсон зүйл мундахгүй. 

Энэ бүх ололт тэнгэрийн хишиг мэт зүгээр олдсон юм биш ээ. 1990 онд Үндсэн хууль дахь “социализм руу урагшилна” гэсэн заалтыг хэн хасуулахгүй гэж зүтгэсэн? 1991 онд бүх иргэдэд гадаад паспорт өгөхөд хэн дургүйцсэн? Малыг малчдад буцааж өгөхийг ямар хүчин эсэргүүцсэн? Арми болон хүчний байгууллагад ажиллагсдыг намын харьяалалгүй болгоно гэхэд хэн эрс эсэргүүцэн цэрэг, цагдаагийн байгууллагаар албан ёсоор яван намаасаа гарахгүй байхыг уриалж байсан? 1992 оны Үндсэн хуульд аль хүчин газар өмчилж болох заалтыг хэн эсэргүүцсэн? 1992-1996 онд аль хүчин өмч хувьчлалыг бүрэн зогсоосон? Багш нарын эсэргүүцэл жагсаалын үеэр хэний даалгавраар хүчний байгууллага тагнах чагнах ажиллагаа үйлдсэн? Иргэд эвсэлдэн нэгдэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, цуглаан жагсаал хийх хуульд хэн хязгаарлалт тавьж хууль гаргасан? 1996-2000 онд явагдсан нийгэм-эдийн засгийн реформыг аль хүчин Төрийг хүчгүйдүүлэх замаар улдан зогсоосон? Нийгмийн ухамсар төлөвшөөгүй дорой түвшин дээр аль хүчин тоглоом тохуу хийн төрийг барьцаалж, мушгин гуйвуулж, гүтгэлэг зохиож, ингэснээр ардчиллын үнэ цэнэт зүйлсийг нийгмийн ухамсарт муу муухай зүйл болгон харуулах гэж хэн тэмүүлсэн? Эдгээр зэргийг хүмүүс мартсан байдаг юм гэхэд түүх яав ч мартахгүй. Энэ бүхэн эцсийн бүлэгт нийгэмд ардчилсан ёс тогтоох гэсэн шинэ залуу хүчин, үеэ өнгөрөөсөн боловч инерцээрээ үлдэж хоцорсон тоталитар дэглэмийн үлдэнгэрийн хуучин руугаа тэмүүлсэн хүч хоёрын хоорондын хатуу тэмцлийн түүх ажгуу. 

2000 онд МАХН сонгуулиар төрийн эрх авлаа. 75 жил тасралтгүй төрийн эрх барьж байсан улс төрийн хүчин дөрвөн жил завсарлаад эргэж ирж буй нь энэ. Цээж дүүрэн өс хонзон өвөрлөсөн, дахиж хэзээ ч төрийн эрхээс зайлахгүй гэж дор бүрээ тангараг өргөсөн, муу болгоныг ардчилал руу чихсэн, хорвоогийн өнгөтэй өөдтэй болгоныг өөрсөд дээрээ хаягласан хонзогногч хүчин гарч ирсэн. “Төр дөрвөн жил эзгүй байлаа, одоо эзэнтэй болов” гэсээр ирсэн тэд эрүүл саруул улс төрийн өрсөлдөөнд ялагч гэхээсээ эх орноо дайснаас чөлөөлөх дайн байлдаанд дийлдээд эзгүй хойгуур нь урвасан хүмүүсийнг шийтгэх гэж улайрч байгаа тонуулч дээрэмчид шиг харагдаж байв. Ардчилсан хэм хэмжээ төлөвшөөгүй, улс төрийн тэмцлийг окопны хэмжээнд сэтгэдэг аль ч хоцрогдсон бүдүүлэг оронд тохиолддог л явдал. Ярьж хэлж буй хүмүүсийнх цаад хүмүүжсэн уг араншингаар нь үүнийг бас ойлгож болно л доо. 

Ардчилсан хүчин төрийн эрх барьж байсан 1996-2000 оны хооронд сөрөг хүчин байсан МАХН маш хүчирхэг байсан. Хууль тогтоох байгууллагад шийдвэр гаргуулахгүй байх хэмжээний хүчирхэг байсан тул үүгээрээ түрий барин Төрийг хүчгүйдүүлэх замаар үнэн хэрэгтээ нийгмийг жолоодох, сэтгэлгээг залах, төрийн гол шийдвэрийг гаргах эрх мэдэл эдэнд байлаа. Албан ёсны эрх баригч хүчин нь үнэн чанартаа барьцаанд орчихсон он жилүүд байв. 

...Бид МАХН-ын авсан сургамжиндаа идэвхийлэн ажиллаж байгаа гурван жилийг үдэж байна. Дээр дурдсан сургамжийн биелэлтийн талаар тодорхой жишээг татна гэвэл олон арван цагийн ажил болно. Юутай ч “нөр шургуу” энэ ажлын эцэст бид хүний эрхийн байдлаар дэлхийд 10 байр ухарлаа, хэвлэлийн эрх чөлөөний байдлаар 30 гаруй байраар арагшиллаа, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ Азийн хөгжлийн банкны саяхан гаргасан статистикаар 420 доллароос 380 доллар хүртлээ доошиллоо. ДНБ-д эзлэх төвлөрсөн төсөв буюу манай нийгэм дэх хувь хүний амьдрал руу оролцох төрийн оролцоо 34 хувиас 49 хувь хүртэл өслөө. Нэгтгэн хэлбэл, гуравхан жилийн дотор бид хүний эрх, эрх чөлөөний үзүүлэлтээр олон пунктээр доошилж, нийгмийн гишүүн болгон маань 50 000 төгрөгөөр ядуурч, төрийн захиргаадлаас иргэн бүрийн хамаарах хамаарал гуравны нэгээр өсчихөөд байна. Өөр сүрхий өсөж байгаа юм гэвэл гэмт хэрэг, түүний дотор төрлөөр устгах гэх мэтийн цоо шинэ хүнд гэмт хэргүүд, ядуурал гуйранчлал, гадаад өр, экологийн сүйрэл, “хуульчлагдсан” авлига... гэх мэт. 

Энэ бүхнээс Ардчилсан хүчин ямар сургамж авах ёстой вэ? Чухам ардчилсан хүчин л хариугаа авах гэсэн хонзогногчид, албан тушаал горилогчид, гүтгэн гүжирдэгч, хоосон амлагч, нийгмийн ядуу сэтгэлгээгээр тоглогч, Засгийн эрхийн төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүйчүүд, ёс суртахуун моралийн ямар ч хэмжүүргүй ичгүүр сонжуургүйчүүд байх юм бол мөнөөх МАХН-аасаа ялгагдахаа болино. 

Энэ нь нийгэмд ардчилсан ёс зүй тогтоох эхний алхмаасаа ухарсан, улмаар нийгмийг МАХН-тай хавсран сүйтгэгч болж хувирах юм. Гагцхүү ардчилсан ёс дэглэм л хувь хүнд эрх чөлөө, аз жаргал авч ирж чадна гэж Эрих Фромм хэлжээ. Энэ ёс дэглэмийг нийгэмд хэлбэршүүлнэ, ардчиллыг сэргээн тогтооно гэдэг амар зүйл биш, үүнд олон жилийн уйгагүй хөдөлмөр хүчин чармайлт, тэсвэр тэвчээр хэрэгтэй. Хамгийн гол нь анх өгөгдсөн үндсэн зорилго, зарчим маань хэзээ ч солигдон өөрчлөгдөж болохгүй. 

МАХН-аас өнгөрсөн гурван жилд бидэнд өгсөн сургамж гэвэл:

  • Алив төр, түүний дотор ардчилсан төр аппарат дээрээ тогтдог. Аппарат бол байнгын, мэргэшсэн тогтвортой, чадамжтай байж улс орон хөгжинө. Иймээс 15 000 хүнийхээ орноос мөн тийм тооны хүнийг ажилгүй болгож хонзонгоо авна гэдэг зарчим ерөөсөө байж болохгүй. Төрийн мэргэшсэн албыг улс төрийн үзэл суртлаас хол хөндий байлгах.

  • Алив нийгмийн хамгийн үнэт баялаг бол чадамжсан иргэн байдаг. Улс төрийн үзэл бодлоосоо үл хамаараад чадамжсан иргэд л нийгмийг урагшлуулах түүчээ болдог тул мэргэжилтэй боловсон хүчнийг хайрлахын зэрэгцээ улс төрийн аливаа үзэл суртлаар хэзээ ч ялгаварлан гадуурхаж болохгүй. 

  • Төр мэдээллийн хэрэгслээс ангид байх ёстой. Төрийг мэдээллийн хэрэгслийг хянах нь засаглах сайн арга боловч хэврэг зүйл юм. 

  • Эрх баригчдын тухайн сайн муу бүх мэдээлэл иргэдэд очиж байх ёстой. Ингэснээр төрийн эрх барьж буй тодорхой хүчин болоод хувь хүмүүсийн нэр төр сэвтдэг, олон түмний итгэл буурдаг нь үнэн боловч чухам үүнийг л ил тодоор давж гарч чадахгүй юм бол хэн ч улс төрийн тавцан дээр хүчээ үзээд хэрэггүй юм. Чухам ил тод байдал л хэдийгээр өөрийн сүүдэртэй талтай боловч нийгэм дэх ялзралыг бугшуулалгүй эдгээж чадна. Мэдээж хүнд ихээхэн тэсвэр тэвчээр шаардагдана. 

  • Хуулийн болоод хуулийн бус аргаар эрх мэдлийг төвлөрүүлэх нь сахилга батыг түр зуур буй болгон, эмх замбараа болж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг боловч энэ нь туйлын хэврэг, явцгүй, ирээдүйдээ нийгмийн хөгжил, хувь хүмүүсийн эрх чөлөөнд айхтар хор хөнөөл учруулах эд мөн. 

  • Нийгэмд буй аливаа цөөнхийг үргэлж хүндэтгэн, ядахнаа оршин байх эрхийг нь хангах хэрэгтэй. Энэ нь зүгээр л нэг ардчилсан оронд байх үзүүлэлтийн жагсаалтад орсон учраас л ингэж байгаа хэрэг биш. Дотроо алив цөөнхгүй, сөрөг шүүмжлэлгүй нийгэм хуурамч эв нэгдлийг буй болгодог. Энэ нь тэртэй тэргүй хүний нийгэмд бүтэшгүй зүйл учир аажимдаа дотроосоо бугшин, нэг л мэдэхэд нийгмийхээ тогтцыг эвдэх аюул болон урган дэлбэрдэг. Өртөг нь маш их тусна.

  • Улс төрд мораль хамаагүй гэдэг философи бол хамгийн адгийн ойлголт. Алив гүтгэлэг, хий хоосон сайрхал, горьдлого төрүүлсэн хууралт нь цаг хугацааны хүчин зүйлийг давж чаддаггүй. 

  • Хууль бүгдэд шударгаар түгээмэл үйлчлэх ёстой. Төрийн хуулийг зөрчсөн л бол хэн ч ял шийтгэлээ хүлээх ёстой. Эс чингэвээс энэ нь нийгэмд ёс заншил болон хувирч ерөөс хууль зүйт төр оршихын утгыг алдагдуулна. Хууль зөрчих явдалд улс төрийн шалтгаанаар алагчлан хандах нь гүйцэтгэгчийг дуулгавартай болгож түр зуурын сахилга бат буй болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг боловч алсуураа нийгмийн болон хувь хүний хөгжлийг арагш чангаагч, эрх чөлөөг боомилогч хамгийн том занга болон хувирна. 

  • Алив иргэн болон бүлэг хүмүүс эрх баригчдаас үзэл суртлын ялгаатай байх нь эх орон ард түмэндээ дайсагнаж байгаа гэсэн үг огт биш. Улс төрийн хүчний ардчилсан тэмцэлд үнэндээ ялагч, яллагдагч гэж байдаггүй. Хүн төрөлхтний түүхэн цаг хугацаагаар шалгагдсан, соёлтой ил тод, энэхүү Засгийн эрхийн төлөөх өрсөлдөөн нь нийгмийг урагшлуулах механизм мөн гэдгийг хатуу ойлгох ёстой юм. Дайсагнал дайсагналыг төрүүлнэ, муу үйлдэл мууг л төрүүлнэ.

  • Төр өөрийн тодорхой үүрэгтэй. Ард иргэдийг гадаадын халдлагаас хамгаалах, дотоодод болж буй маргаан, хэрүүл, үл ойлголцолд арбитраж болох нийгмийн эмх замбарааг сахиулах, иргэдийн тав тухтай аюулгүй орчинг буй болгох, бие даах чадваргүй иргэдийг халамжлах гэх мэт.Үүнээс хэтрэн зөвшөөрөл олгох, хянан тохинуулах, зааж сургах, иргэдийн өмнөөс шийдэх гэх мэтийн ажил руу ороод явчихаар үндсэн үүргээ гүйцэтгэж чадахаа больдог. Үндсэн үүрэгт нь бага мөнгө хэрэгтэй, үндсэн бус ажилд нь асар их хөрөнгө шаардлагатай болдог. Энэ мөнгийг эргээд л иргэдээсээ хуульчилсан байдлаар тононо.

  • Ардчилал гэдэг бол нийгмийн төлөв байдлыг толорхойлсон ухагдахуун. Түүнээс төгс ардчилал, хуурамч ардчилал, хяналттай ардчилал, хэтэрсэн, ардчилал, жаахан дутуудсан ардчилал гэсэн ойлголт үгүй. Нээлттэй нийгэмд хүмүүс бага багаар дасан зохицдог алгуур процесс болохоос, ардчилсан боллоо гээд маргаашаас нь хөлөөрөө толгой хийгээд явдаггүй. Ардчилсан нийгэм өөрөө иргэдээсээ ухамсарт төлөвшил шаарддаг. Энэ нь нийгмийн гишүүдээс урт удаан хугацааны тэсвэр тэвчээр шаарддаг. Ардчилсан тогтолцоо нийгмийн гишүүн болгонд өргөн бололцоо олгодог болохоос эмчилгээ тэжээлийн сувилалын газар биш. Ардчилал бол бололцоо болохоос баталгаа биш. Ардчилал бол духан дээрээ бичиг наагаад Вашингтон руумагтуулах гэж гүйдэг ухуулах хуудас биш, аажмаар төлөвшин тогтох процесс. Ардчилал нь мөнгө цаас гуйх эрхийн бичиг биш, нийгмийг төвөгтэй хэцүү ч бат бэх аз жаргал руу хөтлөх зам харгуй. Ардчилал бол хоол булаацалддаг газар орон биш, иргэн нэг бүрийн нийгмийн өмнө хүлээх ухамсартай хариуцлага. Ардчилал бол иргэн болгонд олгож буй боломж бололцоо болохоос амьдралын ч, амжилтын ч баталгаа биш.

Б.Баабар /2003.03.16/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 20 цаг 54 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 21 цаг 0 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 22 цаг 53 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 22 цаг 59 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 23 цаг 12 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ Өчигдөр 11 цаг 09 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна Өчигдөр 10 цаг 50 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Өчигдөр 10 цаг 42 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Уржигдар 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Уржигдар 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Уржигдар 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Уржигдар 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Уржигдар 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Уржигдар 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Уржигдар 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Уржигдар 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Уржигдар 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Уржигдар 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top