x

Монголбанк системд нөлөө бүхий банкнуудад активын чанарын үнэлгээг хийжээ

Монголбанк банкны салбарын хувь эзэмшлийн төвлөрлийг тархаах, хөндлөнгийн хяналт, ил тод байдлыг нэмэгдүүлэх, эрсдэл даах чадварыг сайжруулж, банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор “Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр”-ийг 2020 оноос эхлүүлэн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд системд нөлөө бүхий банкнуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих шаардлагыг холбогдох хууль тогтоомжид тусгасан.

Эдгээр банкнуудыг олон нийтэд хувьцаагаа гарган компанийн хэлбэрээ өөрчлөхөөс өмнө Монголбанкны санаачилгаар Активын чанарын хараат бус, хөндлөнгийн үнэлгээг олон улсад нэр хүнд бүхий аудитын компаниар үнэлүүллээ. Хараат бус үнэлгээг Бүгд Найрамдах Казахстан улсын “PricewaterhouseCoopers Tax & Advisory LLP” компани 2022 оны 6-8 дугаар сарын хугацаанд гүйцэтгэж, үр дүнгийн тайланг Монголбанканд ирүүлээд байна.

Өмнө нь банкнуудад хөндлөнгийн Активын чанарын үнэлгээ 2017 онд хийгдэж байсан бол ийнхүү 5 жилийн дараа дахин хийгдэж байна. Цаашид энэ төрлийн хөндлөнгийн үнэлгээг 5 жил тутамд хийж, үр дүнг мэдээлэх үйл ажиллагааг жишиг болгон хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Энэ удаагийн үнэлгээг өмнөх Активын чанарын үнэлгээнээс авсан сургамж, туршлагад тулгуурлан хэрэгжүүлсэн буюу зохицуулагч байгууллага болон үнэлгээнд хамрагдсан банкнуудын зүгээс үнэлгээний бэлтгэлийг сайтар хангаж оролцсоноор харьцангуй богино хугацаанд, илүү үр нөлөөтэй байдлаар гүйцэтгэснийг онцлон тэмдэглэж байна. Активын чанарын үнэлгээг олон улсад зээлийн эрсдэл, хөрөнгийн үнэлгээ, нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн хяналт шалгалтын хүрээнд нийтлэг мөрддөг аргачлал, зарчимд тулгуурлан Монгол Улсын банкны салбарын онцлогт нийцүүлэн хараат бус байдлаар амжилттай гүйцэтгэлээ.

Үнэлгээнд системд нөлөө бүхий 5 банкны нийт зээлийн багцын 70 орчим хувийг хамруулж, тэдгээрт харгалзах 300 барьцаа хөрөнгийн үнэлгээнд баталгаажуулалт хийгдсэн бөгөөд энэ нь харьцангуй өндөр хувьд тооцогддог. Өөрөөр хэлбэл, үнэлгээний хамрах хүрээ (70 хувь) нь Монголбанкнаас банкнуудад хийдэг газар дээрх шалгалтад хамруулдаг нийт зээлийн багцын жишигтэй нийцтэй байна.

Үнэлгээний ажил нь дараах 8 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ: (1) мэдээллийн иж бүрдлийн баталгаажуулалт, (2) түүвэрлэлт, (3) зээлийн хувийн хэргийн шалгалт, (4) барьцаа хөрөнгийн үнэлгээ, (5) өмчлөх бусад хөрөнгийн үнэлгээ, (6) бүлгийн эрсдэлийн сангийн шинжилгээ, (7) өөрийн хөрөнгийн тохируулга, болон (8) чанарын хяналт.

Үнэлгээ нь системд нөлөө бүхий банкнуудын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх актив хөрөнгөд хийгдсэн тул үр дүн нь мөн үеийн байдлаар гарч байгааг онцолж байна.

Үнэлгээний үр дүнгээр буюу тохируулга хийсний дараах байдлаар 22.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 0.05 хувьтай тэнцэх хэмжээний нэмэлт өөрийн хөрөнгийг төвлөрүүлэх шаардлагатай болж байна. Энэ нь өмнөх 2017 онд хийгдсэн Активын чанарын үнэлгээний үр дүнгээр гарч байсан 512 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 1.9 хувьтай тэнцэх хэмжээний нэмэлт өөрийн хөрөнгийн шаардлагатай харьцуулахад харьцангуй бага буюу нэмэлт өөрийн хөрөнгийг богино хугацаанд төвлөрүүлж, тайлан тэнцэлд тусгуулах боломжтой байна.

Эдгээр системд нөлөө бүхий банкнууд нь өмнөх активын чанарын үнэлгээнээс хойших хугацаанд:

  1. Хувь нийлүүлсэн хөрөнгийн 100.0 тэрбум төгрөгийн доод шаардлагыг хангаснаас гадна бүлгийн нөөц эрсдэлийн сан, нэмэлт нөөц хөрөнгийг хуримтлуулсан;

  2. Цар тахлын нөлөөллийг бууруулах хүрээнд УИХ, Засгийн газар, Монголбанкнаас зээлдэгчид, банк, санхүүгийн байгууллагыг дэмжих зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд энэ удаагийн үнэлгээгээр нэмж төвлөрүүлэх өөрийн хөрөнгийн шаардлага харьцангуй бага гарахад нөлөөллөө.

Монголбанкны “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д заасан банкны нийт өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцаа 12.0 хувиас багагүй байх шаардлагатайгаас системд нөлөө бүхий банкнуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь Активын чанарын үнэлгээний үр дүнгийн тохируулгын дараа нэгдсэн байдлаар 14.5 хувь байна.

Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа 25.0 хувь байхаас Активын чанарын үнэлгээний үр дүнгийн тохируулгын дараах байдлаар 34.8 хувь байгаа нь зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг мөн хангаж байна.

Монголбанкнаас Активын чанарын үнэлгээний үр дүнгээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлон үр дүнгийн хамт Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар танилцуулж, банкнуудад хугацаат үүрэг даалгавруудыг өгсөн.

Эдгээр үүрэг даалгаврууд нь системд нөлөө бүхий банкнууд хувьцаагаа олон нийтэд санал болгох үйл ажиллагааг үр нөлөөтэй хэрэгжүүлэх үндсэн зорилготой юм. Үүнд: шаардлагатай зээлүүдийн ангилалд өөрчлөлт оруулах, нэмэлт эрсдэлийн сан байгуулж санхүүгийн тайланд тусгах, зарим банканд өөрийн хөрөнгийг тогтоосон хугацаанд шаардлагатай хэмжээгээр нэмэгдүүлэх зэрэг үүрэг даалгаврууд багтаж байна. Банкнууд хувьцаагаа олон нийтэд санал болгохоос өмнө энэхүү тавьсан шаардлага, үүрэг даалгаврыг бүрэн биелүүлэх үүрэгтэй.

Активын чанарын үнэлгээг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хийж гүйцэтгэсэн тул цаашид дотоод болон олон улсад үүсэж болзошгүй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд орох өөрчлөлтүүд нь банкны салбарын төлбөрийн чадварт нөлөөлөл үзүүлж болохыг анхаарах шаардлагатай.

Банкнууд нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжсэнээр Монголбанкнаас хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна эдгээр банкнуудын үйл ажиллагаа, мэдээллийн үнэн зөв байдалд Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хадгаламжийн даатгалын корпораци хууль тогтоомжид заасны дагуу хяналт шалгалтаа давхар хэрэгжүүлэх юм.

Түүнчлэн нээлттэй хувьцаат компани хэлбэртэй банкнуудын зүгээс жил бүр аудитлагдсан санхүүгийн тайлангаас гадна банкны талаарх бусад илүү дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг олон нийтэд танилцуулах үүрэгтэй болж байгаа нь нөгөө талаас, банкны хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид болон олон нийтийн зүгээс тавих хяналтыг давхар нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.

Цаашид Монголбанкнаас Санхүүгийн зохицуулах хороо болон бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран Банкны тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд банкны салбарын тогтвортой байдлыг хангах чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг тухай бүр авч, банкны хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, банкны салбарын шинэтгэлийг амжилттай үргэлжлүүлэхэд анхаарч ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 4 цаг 30 мин Мэдээж “Ар нь түүз!” 4 цаг 41 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 4 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 5 цаг 7 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 5 цаг 10 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 5 цаг 15 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 5 цаг 20 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 5 цаг 25 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 20 цаг 24 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 20 цаг 28 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр...
Top