x

Үндсэн хуулиа өөрчилснөөс Цэцийн шийдвэрийг буцаах нь дээр гэх эхний шийдэл

Эрх баригч МАН-ын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж тавиад жил тойрч байна. Эцэстээ энэ асуудал улс төрийн бусад намуудын түвшинд ч гэсэн өндөр авч, хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт татагдаж орж эхэллээ. Гэвч энд нэг зүйлийг эргэн сануулахгүй өнгөрч боломгүй...

Анх энэ асуудал сөхөгдөх болсон шалтгаан нь Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахад хязгаар тавьсантай холбоотой. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдтайгаа нийлээд дөрөв хүртэл гишүүн сайдын ажлыг давхар хашиж болохоор зохицуулсан билээ. Хуулийн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлсний дараа “Парламентын гаднаас тавигдсан шинэ сайд нар улс төрийн чадамжгүй” байгаа тухай шүүмжлэл гарч, ЗГХЭГ-ын дарга нь өөрөө энэ талаар байриа илэрхийлсэн байдаг. Товчхондоо, улс төрийн нам УИХ-д олон суудал авахын тулд шилдэг боловсон хүчнээ сонгуульд нэр дэвшүүлдэг. Гэтэл сонгогдсон гишүүд сайдын албан тушаал хашихыг хуулиар хориглосон нь Засгийн газрын чадавхийг бууруулж байна гэсэн санаа л даа.

Ингээд УИХ-д цөөнх байхдаа Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахаар “давхар дээл”-ийг эсэргүүцэн жагсаж байсан, олонхи болонгуутаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, давхар дээлийг хязгаарласан МАН сонгуулийн дараа өмнөх байр суурь, гаргасан шийдвэрээсээ 180 хэм эргэсэн байдаг юм. Гэсэн ч өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг үгтэй болохоор АН-ын бүлгийн хоёр гишүүнд  /Ш.Адьшаа, Н.Ганибал/ захиалга өгч “Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн тухай” Цэцэд өргөдөл гаргуулсан.

Уг нь бол “Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн адил хүчин чадалтай” гээд Үндсэн хуульд өөр дээр нь биччихсэн учраас Цэц асуудлаар маргаан үүсгэх, шийдвэр гаргах боломжгүй.

Хоёрдугаарт, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар “Үндсэн хууль зөрчсөн тухай иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор, Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгах” (21.2, 21.3) үүрэгтэй. Хэрэв өргөдөл, мэдээлэл гаргагч нь Цэцэд хандах эрх бүхий этгээд биш бол, эсвэл өргөдөл, мэдээллээр тавьсан шаардлага ньЦэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш бол Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаас татгалзаж тогтоол гаргах ёстой.

Гэвч өнгөрсөн хугацаанд Цэц аль ч талд нь шийдвэр гаргалгүй дүмбийж суусаар бүтэн зургаан сарыг өнгөрүүлсэн байна. Энэ бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал дээр эрх баригч намаас болгоомжлох болсон эхний асуудал. Магадгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал хаашаа, яаж эргэхийг харж хүлээж байгаа биз.

Нэмэлт өөрчлөлтийн төсөл УИХ-д хараахан өргөн баригдаагүй байгаа. Гэсэн ч МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга болон УИХ-ын дарга нарын удаа дараа хийж буй мэдээллүүдээс шаардлагатай гэж үзэж буй нэмэлт өөрчлөлтүүдийн нэгдүгээрт сонгуулийн пропорциональ тогтолцоо, хоёрт УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, гуравт Ерөнхийлөгчийг парламенаас сонгодог болох асуудал явж байгаа. Пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог оруулж ирснээр нэгдүгээрт сонгогчийн санал гээгдэх явдлыг засч залруулна. Сонгууль шударга болно гэсэн үг. Хоёрдугаарт нэг намын дарангуйллыг халж, парламентад олон намын төлөөлөл орж ирнэ гэж байгаа. Гуравт буюу хамгийн гол нь МАН-д яг одоо тулгамдаад байгаа “давхар дээлний” асуудал ч гэсэн шийдэгдээд явчих юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүнийг намын жагсаалтаар сонгосон тохиолдолд сонгогдсон гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахаар бол гишүүнээс нь чөлөөлөөд дараачийн нэр дэвшигч шууд тангараг өргөөд явдаг. Давхар дээлний асуудал үүсэхгүй гэсэн үг. Харин одоогийн мажоритари тогтолцоонд бол Үндсэн хуульд тавьсан хязгаарыг барихын тулд нэг бол парламентын гаднаас сайд нараа томилох, эсвэл тойрогт нь нөхөн сонгууль явуулахаас өөр аргагүй болдог. Нөхөн сонгууль явуулах нь тухайн тойргийн сонгогчдыг өгсөн саналыг үнэгүйдүүлж, сонгох эрхийг нь зөрчихөд хүрнэ.

Тийм болохоор пропорциональ тогтолцоог Үндсэн хуульд оруулж ирэх ёстой бас нэг шаардлага бол давхар дээлний асуудал. Гэвч болгоомжлох ёстой шалтгаан ч бас бий. Саяхан болсон хэлэлцүүлэг дээр ч гэсэн яригдаад өнгөрсөн. АН-ын гишүүд голцуу гаргаж тавьж байна лээ. МАН нэг асуудал ярьж оруулж ирээд, шийдвэр гаргахдаа огт өөр асуудал болоод явдаг шүү. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэнээрээ бид одоо ярьж байгаагаас огт өөр зүйлийн үүд хаалгыг нээчих вий гэж.

Жишээлбэл, сонгуулийн пропорциональ тогтолцоо ярьж эхлээд, хэлэлцүүлгийн шатанд нөгөөхөө унагаад оронд нь давхар дээлээ эргүүлээд оруулаад ирдэг ч юм уу. Мажоритари тогтолцоогоор хоёр сонгууль дараалан парламентад үнэмлэхүй олонхи болсон нам гэнэт яагаад энэ тогтолцооноос буцах болов? Энэ тэдний жинхэнэ сонирхол мөн үү? гэдэгт АН-ынхан төдийгүй өөр олон хүн эргэлзэж байгаа.

Тухайлбал, парламентад суудалтай гурван нам (МАН, АН, ХҮН) сууж байгаад МАН-ын генсекээс “Пропорциональ тогтолцоог УИХ дээр оруулаад ирлээ гэхэд танай намын бүлэг дэмжих нь баталгаатай юу?” гэж асуухад Д.Амарбаясгалан маш эргэлзээтэй гэмээр хариулт өгсөн. “Нам бол дэмжинэ. Гэхдээ гишүүдийн кнопыг нам хянахгүй” гэж. Намын бүлгийн гишүүдийнхээ 1/3-д нь үүрэг өгөхөд унагах хэмжээний нам шүү дээ. Тэгээд ч сүүлийн дөрөв, найман жил төсвийн хэдэн арван тэрбумаар тойргоо усалчихсан гишүүд намын жагсаалтаас илүү жижиг тойрогтойгоо үлдэхийг эрхэмлэнэ. Амин хувиа бодсон ч тэр шүү дээ. Оронд нь давхар дээлийг эргүүлээд оруулж ирье л гэх болов уу.

Тийм болохоор огт өөр замыг сонгож болох тухай УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа саналаа хэлж байна лээ. Ерөөсөө 2016 онд Цэцийн дүгнэлийг хүлээж авсан УИХ-ын тогтоолыг хүчингүй болгоё. Парламент өөрийнхөө алдаатай шийдвэрийг засчихад л пропорциональ чинь эргээд ирэх юмаа гэж.

Сануулахад, өнгөрсөн 7-8 удаагийн сонгуулиас ганцхан удаад нь л манайх сонгуулийг пропорциональ тогтолцоог ашигласан, 2012 оны УИХ-ын сонгуулиар. Сонгуулийн хуулийг тойргийн болон хувь тэнцүүлсэн системийг хослуулсан холимог байдлаар баталсны дараа ч гэсэн “Иргэний шууд сонгох эрхэнд халдлаа, Үндсэн хууль зөрчлөө” гэдэг гомдол Цэцэд очиж л байсан. Тэгэхэд Цэц “Шууд сонгох гэдэг нь иргэн өөрийн биеэр шууд саналаа өгөхийг хэлж байгаа болохоос биш хүн сонгохыг хэлдэггүй. Тийм болохоор Үндсэн хууль зөрчөөгүй байна аа” гэдэг шийдвэр гаргасан. Гэтэл үүнээсээ дөрвөн жилийн дараа буюу 2016 оны сонгуулийн өмнө дахин өргөдөл хүлээж аваад, өмнөх гаргасан шийдвэрээ үгүйсгээд “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг шийдвэр гаргасан. УИХ үүнийг нь хүлээж аваад пропорционалыг Сонгуулийн хуулиас хассан. Ийм л зүйл болсон.

Өөрөөр хэлбэл, тухайн үеийн парламентын олонхид Цэцийн шийдвэрийг хүлээж авах хувийн сонирхол байсан гэсэн үг. “Цэц нэг асуудлаар нэг л удаа шийдвэр гаргана” гэсэн хуулийн шаардлага, зарчмаа барьсан бол Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёсгүй байсан. Тийм учраас одоогийн нөхцөлд асуудлыг шийдэх хамгийн хялбар бөгөөд эрсдэлгүй арга нь Цэцийн 2016 оны шийдвэрийг хүлээж авсан УИХ-ын тогтоолыг хүчингүй болгоё гэдэг санаа. Бараг тэр нь ч дээр биз. Харин тэр гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох энэ тэр бол “наядугаар” асуудал байх аа. Ямар ч байсан эрх баригч намын эцсийн зорилго биш гэдгийг ажиглагчид хэлж байгаа.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 19 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 7 цаг 2 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 11 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 7 цаг 25 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 цаг 35 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 7 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 7 цаг 45 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 7 цаг 49 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top