x

Эрх чөлөөнийхөө үнийг төлөхөөс өөр аргагүй

Орос, Украины дайн үргэлжилж байна. Лав ойрд дуусахгүй сунжирна. Дэлхийн улсууд дайныг тууштай эсэргүүцэн, Оросын түрэмгийлэл, хүчирхийллийг хамтаараа буруутгаж байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулганаар Украин дахь цэргийн ажиллагаагаа зогсоож, цэргээ гаргахыг ОХУ-аас шаардсан тогтоол гаргахад тус байгууллагын гишүүн 193 орны 141 нь дэмжсэн. Монгол Улс түдгэлзсэн байр суурьтай байгаа. Үүнтэй залгуулаад манай Гадаад хэргийн сайд нь Орос, Украины дайнд Монгол Улс ямар байр суурьтай байгаа талаар доошоо харж байгаад сулхан дуугаар юм уншихдаа “...холбогдох талууд яриа хэлэлцээр хийх замаар дипломат үйл ажиллагаа болон сайн санааны үндсэн дээр галыг даруй зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь зүйтэй гэж үзэж байна. Цаашдаа ҮАБЗ-ийн гишүүдтэй зөвлөлдөж, шаардлагатай бол ойрын хугацаанд мэдэгдэл гаргана” гэлээ. Дайн эхлээд хагас сар өнгөрөхөд өнөө мэдэгдэл энэ тэр ч таг.

Засаг төртэйгөө зэрэгцээд манай олон нийт ч мөн л айсан, Оросыг зусардсан өнгө аястай яриа хөөрөө өрнүүлж байна. “Оросуудын зөв. Путины зөв” гэж улайм цайм хэрэлдэж, “Бид одоо бензин шатахуунаар тасарвал яах вэ. Цахилгаанаа орос ах нар өгөхөө боливол чи яах юм” гэцгээн гоншигнолдож байгаа. Болоогүй үйл явдлаас айж, үхэх нь холгүй байгаа хүмүүст Америкийн сенатч Крис Кунсийн мэдэгдлийг хүргэе. Тэр эрхэм “Нефьтийн үнэ огцом нэмэгдэж өндөр болох нь тодорхой. Гэхдээ энэ бол эрх чөлөөний төлөө төлж байгаа үнэ” гэж хэлсэн юм. Одоо Америкт бензиний үнэ 70 гаруй хувиар өссөн мэдээ явж байгаа. Харин украинууд эрх чөлөөнийхөө үнийг амиараа төлж эхэлсэн. Орост хориг тавьсан Европын орнуудад ч эдийн засаг нь тогтворгүй, юмны үнэ өссөн. Тэр улсууд ч эрх чөлөөний төлөө, хүчирхийллийн эсрэг эдийн засгаараа төлөөс төлж байгаа юм.

Дэлхийн хоёрдугаар дайнд монголчууд чадлаараа Оросыг дэмжиж оролцсон. Нойр хоолгүй дулаан хувцас оёж, агт морьдоо ч хэдэн мянгаар нь илгээж, байгаа бүгдээ илүүчилж дэмжсэн. Харин өнөөдрийн дүр зураг, үйл явдал үүнээс огт өөр юм. Путин маш олон жил төрийн толгойд сууж, бусдаасаа, нийгмээсээ, дэлхийгээсээ тасартал ваакуумжсан хүн гэж судлаачид хэлж байгаа. Түүний өнөөдрийн энэ үйлдэл, дайн самуун бол ганц Украин биш, дэлхийн эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн, улс орнуудын эсрэг хийж буй хүчирхийлэл гэж олон улс үзэж байгаа учраас хориг тавьж, эсэргүүцээд байгаа хэрэг билээ. Хаяа дэрлэн амьдардаг манайхан ч энэ дайнд тун анхааралтай, хэрсүү хандах хэрэгтэй юм.

Америк тэргүүтэй олон улсууд Орост эдийн засгийн хориг тавилаа гэж мэдээлж байна. Тэд Оросын бараа бүтээгдэхүүнд 40 хүртэлх хувийн татвар ногдуулж буйгаа зарласан. Гэтэл хөрш монголчууд бид Орос руу бараа бүтээгдэхүүн гаргахдаа 40-120 хувийн татвар төлдөг, одоо ч төлсөөр байгааг манайхан мэддэг болов уу.

Дайн, хүчирхийллийг эсэргүүцсэн, Путиныг унаасай гэсэн үзэл санаа илүү их дэлгэрч, жагсаал цуглаан болж, хүмүүс үгээ хэлж, үзэл санаагаа нэгтгэх хэрэгтэй байна. Үүний тулд монголчууд бид ч эрсдэл үүрэх учиртай. Хотдотроо явган алхах, нийтийн тээврээр хөл дүүжлэхийг урьтал болгох. Мөн зуны дэлгэр цагт Улаанбаатараас Увс нуур гарч давхиад, хоёр ч хоноогүй байхад Буйр нуур дээр явж байдаг дэмий зардлаа ганц хоёр жилдээ хэмнэх хэрэгтэй байна. Монгол Улсын шатахууны хэрэгцээ нэг их биш. Оросын нефтийн нэг том компанийн жилийн үйлдвэрлэлийн 10 хувь нь манай хэрэглээг хангадаг гэдэг. Тийм байхад бид өөр олон эх сурвалжаас үнэтэй ч хамаагүй шатахуун оруулж ирж болно. Азид шатахуун үйлдвэрлэдэг, манайхтай дажгүй харилцаатай улс Вьетнамаас эхлээд хэд хэдээрээ бий. Тийшээ хандаж хүсэлт явуулж, олон эх сурвалжтай холбогдохгүй бол дургүйгээ хүрэхээр үнээ нэмж, урсгалаа хаадаг ганц эх сурвалж биднийг өөрийнхөө хүслээр удирддаг гэдгийг өмнөх жилүүдийн туршлага харуулж байна.

Мөн Оросоос цахилгаан авдаг гээд олон хүн айгаад байгаа билүү. Тэгвэл орой үдэш гэрэл цахилгаанаа хэмнэе л дээ. Телевизээ унтраачих, илүү өрөөнийхөө

гэрлийг унтраагаад эрт унтаж хэвшье. Өглөө яагаа ч үгүй нар мандаж байгаа ирж яваа цаг байна даа, эрт босоод ажил төрлөө амжуулъя. Олон олон хүний ийм үйлдэл хэмнэлт гаргах нь гарцаагүй. Мөн л цахилгааны дотоодын

болон гадаадын хэд хэдэн эх сурвалжтай болох талаар бодох ёстой.

Энэ бүхэн бол бид дайны төлбөрт, эрх чөлөөнийхөө төлбөрт төлж байгаа төлөөс юм.

Орос орон хөрш рүүгээ араа шүдээ арзайлган дайрдаг дарангуйлагчаасаа салж, энгийн орон болтол бид илүү зардлаа тэвчих, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй байна. Энэ бол ардчилал, эрх чөлөө, Оросын ард түмний төлөө хийж байгаа бидний тэмцэл. Үүнээс айж жийрхэх хэрэггүй.

Хэдий олон жил төлөвлөж, бэлдэж хийж байгаа дайн боловч олон улсын хоригт орсон оросууд өнөөдөр дайны утаанд ядарч зүдэрч байгаа шинжтэй. Дайнч баатарлаг ард түмэн гэсэн хийрхэл нь дарагдаж байна уу гэмээр харагдаж байна. Өнөөдөр бид мэдээллийн хэрэгслээрээ

оросууд хил даван цагаачлан орж ирж байна гэж сүржин мэдээлэхээ больчих хэрэгтэй байна. Энэ хийрхэл тэр ядарсан хүмүүст гай л болно уу гэхээс гавьяа болохгүй. Найрсаг хөршийн харилцаагаа бодсон ч бидэнд ийм ээлж бий. Тэд энгийн оросууд, дайнаас зугтаад л ирээ биз, орж ирж амьдарч л байг ээ, Монголд. Дайн дуусаад тэд эх орон руугаа яваад өгнө. Оросын дарангуйлагчийн эсрэг дэлхий хориг тавьж байгаа болохоос биш Орос орон, Оросын ард түмэнтэй дэлхий муудаагүй билээ.

Монголчуудыг ажил хийж үзээгүй, зовлон туулаагүй болохоор гэнэн ард түмэн гэсэн шүүмж байдаг. Үнэндээ бид Япон, Солонгос шиг нэн шинэ түүхэндээ дайны хөлд талагдаж, өлсгөлөнд нэрвэгдэж үзээгүй хувьтай улс. Тэглээ гээд өнөөдрийнх шиг ард түмэн нь гэнэн, ойворгон, гоншигносон улцгар зантай байж болохгүй. Засаг төр нь өнөө маргаашийг аргацаасан бодлого гаргаж, албан тушаалын төлөө улайрч баймааргүй байна. Өнөөгийн дэлхийд болж байгаа үйл явдал бидний байгаа байдал, амьдрал ахуй, хандлагыг улам л тод томруун гарган өгч байна. Дотоодын үйлдвэрлэл хөгжөөгүй, зөвхөн гадаад худалдаан дээр суурилсан эдийн засагтай улс хэрнээ ард түмнээ халамжаар угжиж байгаа нь монголчууд ядуу амьдрах хамгийн том шалтгаан гэж эдийн засагчид дүгнэдэг. Мэдээж, бага багаар ч болтугай засагдаж сайжирна гэдэгт итгэж байна. Үүнтэй нэгэн адил дэлхийн эрх зүйн хэм хэмжээнд захирагдаж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө алдчихалгүй явах нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Үүний төлөө, бүр тодруулбал, эрх чөлөөнийхөө төлөө бид ч бас төлөөс төлөх ёстой. Холыг харсан бодлоготой, хатуу чанга сэтгэлтэй байж л бид дэлхийн улсуудтай зэрэгцэн орших болно.

Г.Гэндэндарам /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.134)
    Оросоос шатхуунаа хямдхан авдагггүй хятад солонгосоос авч болно новшийн оросууд төмөр замаар боогоод оруулдоггүй болохоос
    2022 оны 03 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 11 цаг 8 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 12 цаг 51 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 13 цаг 1 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 13 цаг 14 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 13 цаг 24 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 13 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 13 цаг 34 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 13 цаг 38 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top