x

Э.Бат-Үүл: “БАЙХ” хэмээх “ХӨЛӨГ ОНГОЦ”

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн цагдан хорих 409 дүгээр ангиас илгээсэн захиаг хүргэж байна.


Орчлон ертөнцөөр тойрон аялах “Байх” хэмээх “Хөлөг онгоц”-ны “тавцан” дээр миний бие 1957 оны 7-р сарын 1-нд “гарч иржээ”. “Хөлөг онгоц”-ны “тасалбар” дээр аав намайг “Бат-Үүл” гэдэг нэрээр бүртгүүлсэн аж. “Тасалбар шалгагч” миний нэрээр “Бат- Үүл” хэмээн дуудахад аав, ээж хоёр минь “Энд байна” (Дазайн) гэцгээн намайг харуулжээ. Ингэж миний бие “Байх” хөлөг онгоцны “зорчигч” болжээ. Хөх тэнгэрт нь хөвөн цагаан үүлс уралдахуй дор цэнхэрлэн харагдах хорвоог нар ээсэн сайхан өдөр байсан гэдэг.

“Хөлөг онгоц”-д “суух”-даа би ээжийнхээ хүйнээс дөнгөж таслагдаад, амь тэмцэн хөхөнд нь хошуугаа нааж авсан, нүдээ ч нээгээгүй нялзрай байсан. Намайг “Байх”-ын “тавцан” дээр “гарч ирэхэд” бас хэдэн сая нялзрайнууд цуг “суусан” юм билээ.

Ер нь агшин тутамд л сая сая “зорчигч” нэмж сууна. Мөн сая сая “зорчигч” бууцгаан “хасагдаж” байна. “Хасагдаж” буух “зорчигчид” “Юу ч биш” хэмээх “зогсоол” дээр бууж тэндээ эгнэгт “үлдэнэ”.

Миний хань надаас хойш нэг жилийн дараа “Байх” хөлөг онгоцны зорчигчоор бүртгэгдэн суусан. Бид хоёр анх цэцэрлэгийн танхимд тааралдаж байж. Хожим, насанд хүрсэн хойноо ахин учрахад (Bread хамтлагийн “Baby I’m-a want you” гэдэг нэртэй янзтай дууны аялгуунд ширтэлцэн зогссонсон) бидний хооронд “дурлал” хэмээх асар “хүч”-тэй “цахилгаан” цахилжээ. Ингэж бид хоёр бие биенийхээ Байхуйн утга учир болон хоршсон түүхтэй.

Төд удалгүй эхнэр бид хоёрын амьдралын утга учрыг улам бүр ноцоон дүрэлзүүлсэн хүүхдүүд минь “Байх” хөлөг онгоцны “зорчигчид” болон “ирсэн”.Бид хоёр тэднийхээ “тасалбар”-ыг авахдаа Чулуудай, Хулан, Мөнхжин нэрээр “бүртгүүлсэн” юм.

Хүүхдүүд маань ч өсөж том болоод зорчигчдын тоог ач, зээ нараар минь нэмж, бид хоёрын Байхуйн утга учрыг ахин дахин гэрэлтүүлсэн.

Миний хань, бидэн хоёрын айл болсон намтрыг “Үүл бид хоёр” гэдэг номондоо тодорхой бичсэн. Энэ номны ачаар Бат-Үүлийнх хэмээх айл ургийн бичигтэй болж, аавын минь “Халхын Заяат Харгуй Минь” ном “үргэлжилсэн” ажгуу.

Их хэлмэгдүүлэлтээр эцгээ алдаж өнчин хоцорсон миний аав өөрийн Байхуйн утга учрыг өөрөө тэмцэн олж аваад олондоо алдартай зохиолч болсон. Түүний бичсэн ном зохиолууд өдгөө ч “Байх”-ын хөлөг онгоцоор зорчиж буй монголчуудын дунд уншигдсаар авай.

Би, тэр жил “Байх” хөлөг онгоцноос аавыгаа “үдэж буулгах”-даа олон мянган монголчууд түүний хойноос харамсан гашуудаж байгааг хараад дотроо маш их омогшин бахархаж байв. Бусад хүмүүсийн амьдрахуйд ингэж утга учир нэмж чадсан аавыг минь буян нь дэлгэрсэн сартваахь хэмээн бишрэн хүндэтгэсэн нь энэ буюу.

Сэрүүн Галттайн хөндийд ээжтэйгээ өнчирч хоцорсон жаахан хүү С.Эрдэнийх өсөн үржсээр өнөөдөр жараад тооны ам бүлтэй өнөр өтгөн айл болсон. Ээж минь биднийгээ баярлуулан хамтдаа “Байх” хөлөг онгоцоор аялсаар буй.

“Байх”-ын хөлөг онгоцоор зорчигчид үржин өсөж улам олон болж байх эволюцын “даалгавар”-тай. Энэ “даалгавар”-ыг өөрийгөө үржүүлэх дуртай аминч ген, эволюцаар дамжуулан хүмүүнд өгсөн. Ричард Докинз “Аминч ген” хэмээх сенсаац тарьсан номондоо үүнийг өгүүлжээ. Профессор Докинз “Байх” хөлгөөр аялах зорчигчдын дунд одоо ч байгаа.

Өдгөө “Байх” хөлөг онгоцоор дэлхийн 7 тэрбум гаруй хүн “зорчиж” байна. Хүн төрөлхтнөөр зогсохгүй амьд биетүүд бүгд, ерөөсөө байгаа бүхэн “цуг яваа”.

“Байх” хөлөг дээр “зорчих” нийт байгаануудаас “хүн” хэмээх байхуй бусдаас гурван байдлаар онцгой ялгарна. Үүнд,

Нэгдүгээрт: “Байх” хөлөг онгоцоор аялж буйгаа, энэ аялал нь мөнхийн биш төгсгөлтэй гэдгийг зөвхөн хүн мэднэ. Хад, чулуу, үнэг, туулай, гэх мэтийн бусад байгаанууд мэдэхгүй.

Хоёрдугаарт: “Байх” хөлгөөр аялж байгаагийнхаа утга учир буюу Байхуй гэж юу бэ? хэмээн асуудаг цорын ганц ухамсарт оршихуй нь хүн. Уул, толгод, арслан, баавгай гэх мэтийн бусад байгаанууд ингэж асуух ухамсар үгүй.

Гуравдугаарт: Байхуйн хариултыг эрэлхийлэн “Байх” хөлөг онгоцны “энд,тэнд” “явж” байдаг нь хүн. Жишээ нь миний бие ээжийнхээ хөхнөөс гараад ясли, цэцэрлэг, сурагч, оюутан, багш, эрдэм шинжилгээний ажилтан, хувьсгалч, УИХ-ын гишүүн, хотын дарга, эцэст нь хилсээр шоронд хоригдогч зэргээр “Байх”-ын “энд, тэнд” явсаар өдий хүрэв. Гэтэл, толгод толгод байсаар элэгдэнэ, арслан арслан чигээрээ л үхнэ.

Бусад байгаануудаас “хүн” хэмээх Байхуйн онцгойрдог эдгээр ялгаануудыг анх анзаарсан Мартин Хайдеггер “Байх” хөлгийн “хүн” гэх зорчигчыг “Дазайн (энд байх)” гэж нэрлэжээ. Тэгээд тэр “Байх” хөлөг онгоцоор зорчигчид-дазайнуудад хандан , Байхуй гэж юу вэ? хэмээх асуултынхаа хариултыг “миний үхэл” гэсэн эргэлзээгүй үнэнээс эхлэн хөөж эргэцүүлэн бодох замаар олох хэрэгтэй гэчхэв. Хайдеггер өөрөө 1976 онд “Байх” хөлөг онгоцыг “орхин явсан”.

Хүн бүр үхдэг. Би ч үхнэ. Миний үхэл бол зөвхөн миний л үхэл байна. Бусад хүний үхэл гуниг харуусал төрүүлдэг ч миний ухамсрын феномен болж огт чадахгүй.

Миний үхэл миний байхын төгсгөл. Миний байхын эцсийн хязгаар. Миний амьдрал-байх, миний төрөлт, үхлийн дунд байна. Хайдеггер “Өдөр тутам гэдэг төрөх ба үхэх хоёрын завсар Байхуй” гэсэн. Энэ бүхэн эргэлзээгүй үнэн.

Декартын “Би сэтгэж буй учраас оршин байна” гэдэг эргэлзээтэй аксиом. Учир нь сэтгэх бол байхын нэг л боломж. Түүнийг “Би үхэх учраас оршиж байна” гэсэн илүү баттай аксиомоор солих хэрэгтэй. Энэ аксиомоос хөөвөл Байхуйн утга учир тодорно. Ийн зөвлөөд Хайдеггер “явжээ”. “Байх” хөлөг онгоцны зорчигч “амьдрал” гэгдэх “хугацаат байх”-аа дуусгаад гарцаагүй “Юу ч биш” “зогсоолд” “бууж хоцордог”. Дэлхийг донсолгон, түүхэнд ховорхон том эзэнт гүрэн байгуулж асан хүчирхэг Чингис хаан хүртэл “Байх” хөлгөөр “мөнхөд” аялах хүсэлтэй байсан хэдий ч яаж ч чадалгүй 66 насандаа “Юу ч биш” зогсоолд “буусан”.

“Юу ч биш” зогсоолд нэгэнт буусан зорчигч “Байх” хөлөг онгоц дээр хэзээ ч эргэн “гарч ирэх”-гүй. Гэтэл, Хайдеггер “гарч ирэх, эсэх” нь зорчигч-дазайн, өөрөө Байхуйг юу гэж таньж мэдсэнээс хамаарна гэж мэтгэсэн.

Жишээ нь: Байхуйг сүжиг бишрэлээрээ таньж мэдсэн христийн шашинтан, Байхуйг Ертөнцийн эзэн гэж утгачилж, “Юу ч биш” зогсоол буюу үхлийг диваажин, тамын аль нэгрүү орох “хүлээх танхим” төдийхөн үзнэ. Буянт сэтгэлээр амьдарч чадсан хөлгийн зорчигч “Юу ч биш” зогсоолоос “Диваажин” хэмээх дараагийн “хөлөг онгоц” руу шилжин сууна. “Диваажин” дээр гараад, өрөөс нь өмнө очсон төрөл төрөгсөдтэйгөө уулзаж, хэзээ нэгэн цагт араас нь ирэх үр хүүхдүүд, ач зээ нараа хүлээн үүрд мөнх жаргана хэмээн итгэдэг.

Харин, Буддын шашинтан зорчигчид Байхуйг сансрын хүрд гэж утгачилна. Тэдний хувьд “Юу ч биш” зогсоол нь дараа төрөлдөө шилжих завсрын “зогсоол” төдий. Буянт сэтгэлээр амьдарч чадсан зорчигч эргэн хүн болон төрж “ Байх” хөлөг дээрээ буцаж ирэх ахул, нүгэлт байдлаар амьдарсан зорчигч , хорхой шавьж мэтэд төрөл олж дахин “гарч ирнэ”.

Ийнхүү, үхлийг юу гэж үзэхээс эхлэн хөөж сэтгэсээр Байхуй гэж юу болохыг таньж мэднэ хэмээн Хайдеггер мэтгэсэн цаад санаа нь ийм. Тэр “Би бол сэтгэлгээ” гэсэн Декартын аксиомыг “Би бол үхэл” гэж засварлаад “үхлийг өөрийнхөөрөө ойлгоцгоо” хэмээн “Байх” хөлөг онгоцны зорчигчдод “уриалжээ”.

Атеист бидэн шиг Байхуйн утга учрыг оюун ухаанаар тунгаан шүүдэг хүмүүсийн хувьд “Юу ч биш” зогсоол ямар нэгэн “хүлээх танхим” эсхүл дараа төрлийг олох “завсрын зогсоол” бус. Үүрд тэнд үлдэх “Юу ч биш”!

Тэгж ухаардаг болохоор “дараагийн амьдрал”-ын тухай бодох биш “энэ амьдрал”- ын утга учрыг эрдэг. Энэ насны амьдрал буюу “Байх” хөлөг онгоцны аялал, ямар их гайхалтай утга учраар дүүрэн байдгийг Стивен Пинкер “Соён Гэгээрэл Үргэлжилсээр” номондоо яруу тод өгүүлсэн байдаг.

“Байх” хөлөг онгоцны энэ цагийн зорчигчдын аз болоход Гэгээрлийн “хүлэг баатар” Стивен Пинкер бидэнтэй хамт яваа. Мань эр миний энэ нийтлэлийг уншвал таашаахгүй л байх. Тэр, хийсвэр метафизик цэцэрхэлд дургүй. Гэхдээ, би түүнтэй таарвал нацист Мартин Хайдеггерийн “Байх ба цаг хугацаа” бүтээлийг уран сайхны дүрслэл утгаар нь авч ашигласан гэдгээ хэлнэ ээ. Соён гэгээрлийг деконструкци хийх метафизикийг Хайдеггер хөөрөгдсөн нь явуургүй тэнэглэл болсон юм.

Хязгаар үгүй орчлон ертөнцөд хязгаар үгүй хугацаанд аялах “Байх” хөлөг дээр зорчигч байх нь цор ганц удаа олдох боломж. Цорын ганц удаа төрнө, цорын ганц удаа үхнэ.

Үүнийг ухамсарлан төрөх, үхэхийн хооронд орших цорын ганц олдох амьдралынхаа утга учрыг бодох хэрэгтэй. “Үхэл буй тул оршин байна” гэдэг эргэлзээгүй үнэнээс хөөн бодох хэрэгтэй.

Ийн эргэцүүлбэл Байхуйн утга учир улам бүр тодорно. Байхуйн утгын боломжуудаас хамгийн суурь нь Эрх чөлөө, Хайр гэсэн “хос эрчлээс” болох нь харагдана. Байхуйн; зорилго, тимос, эрх мэдэл, хүсэл зориг, нэр алдар, эд баялаг зэрэг бусад утга учрын боломжууд нь Эрх чөлөөгөөр нээгдэж, Хайраар тэжээгдсэн байдаг.

Өмнөхөн өгүүлсэнчлэн орчлон ертөнцөд миний байх боломж цор ганц удаа олдоно. Энэ боломж, төрөхөөс өмнө байгаагүй, үхлээс хойш ахиж хэзээ ч олдохгүй. Тэгэхээр, цор ганц олдох, байхын боломжоо би өөрөө мэдэх үү? Бусдад мэдүүлэх үү? Гэдэг сонголт байнга “Байх”-ын өмнө тавигдана.

Би мэднэ гэвэл өөрийн “Байх”-ын, амьдралын эзэн байна гэсэн үг. Үүнийг, хувь заяаныхаа эзэн байна хэмээн монголчууд бид хэлдэг. Өөрийнхөө “Байх”-ын эзэн болохыг Эрх чөлөө гэж нэрлэх бөлгөө.

Гэтэл олон хүн айдас, эсхүл тэнэглэл, үгүй бол хууртсанаасаа болоод Эрх чөлөөгөө буюу, цорын ганц олдох амьдралынхаа эзэн байх эрхээ бусдад алддаг. Жишээ нь: Хойд Солонгосын 22 сая орчим иргэн өөрийн амьдралын эзэн байх эрхээ, айснаас болоод Ким Чен Унд алдсан. Цор ганц удаа олдсон амьдрал шүү дээ! Дахин амьдрал олддогсон бол дүүрч гэхсэн. Хойд Солонгост нэг л хүн эрх чөлөөтэй. Тэр нь Ким Чен Ун ажгуу.

Яаж ч амьдардаг байлаа цор ганц олдох амьдралынхаа, “Байх”-ынхаа эзэн байхыг эрхэмлэн дээдэлдэг монголчууд “Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовох нь дээр” хэмээн хэлдэг. Энэ бол Эрх чөлөөний үнэ цэнийг илэрхийлсэн ховорхон ончтой томьёолол билээ.

“Байх”-ын хязгааргүй аялалд байх боломж надад цор ганц олдоно гэдэг үнэнээс хайрын үнэ цэн тодорно. Миний хайртай бүхэнтэй би цор ганц удаа л учрана. Төрөхөөсөө өмнө учраагүй, үхлээс хойш хэзээ ч ахин учрахгүй.

Надад, хайртай ээжийнхээ хүү нь байх, хайрт ханийнхаа нөхөр нь байх, хайртай хүүхдүүдийнхээ аав нь байх, хайрт ач, зээ нарынхаа өвөө нь байх, хайрт эгч, дүү нарынхаа дүү нь, ах нь байх энэ боломж цорын ганц удаа олдсон. Тэдний хувьд надтай учрах боломж цорын ганц удаа тохиосон.

Аливаа юм ховор байх тусмаа үнэтэй байдаг. Цор ганц зүйл хязгааргүй үнэтэй. Тэгвэл бидний учрал цор ганц учраас хязгааргүй үнэтэй байж таарна.

Харамсалтай нь хүн, төрөх ба үхэх хоёрын засвар байх өдөр тутмын хэрэг явдалд туйлшран автаад хайруудаа мартдаг. Ийм явсаар үхэлтэй нүүр тулах үед хайруудтайгаа хайрлалцаж кайфтай амьдрах цор ганц боломжоо дутуудуулсандаа гэмшдэг. Энэ гэмшил нь эцсийн мөчид цөхрөн, хайруудаа “дуудсаар” төгсөж байгаагаар илэрдэг.

Ингэхгүйн тулд цор ганц олдох хайрдаа хүсэл, тимосоо захируулах ёстой. Хүсэл, тимос бол өөрөө өөрийгөө “үйлдвэрлэдэг”. Өөрийнхөө төлөө ямагт зүтгэдэг тун аминч мунхаг амбицууд. Хүнийг хайруудаас нь төөрүүлэн холдуулдаг араншинтай юм.

Хүний ухамсар дээшлэхийн хирээр Хайр ураг төрлөөс халин анд нөхөд, яс үндэс, итгэл үнэмшил, шашин шүтлэг, эх орон, эх дэлхийг хамран өргөжнө. Ухамсар дээшилсээр Будда болох үед, “Байх” хөлөг онгоц дээр цор ганц удаа “тааралдсан” хамтдаа орчлон ертөнцөөр аялж буй гэдгээ хүмүүс ойлгоцгооно. Ингэж ойлгодгийн илрэл нь Дашбалбарын “Амьддаа бие биенээ хайрла” шүлэг, U2 хамтлагийн “цор ганц хайр” дуу сэлт болно.

Путин, Зеленский хоёр хоёулаа манай “Байх” хөлөг онгоцны “зорчигчид”. Ийн зорчих боломж тэр хоёрт цор ганц удаа олдсон. Мунхаг тимостоо автан улайрч, бие биеэ устгах гээд байх хэрэггүй. Хүссэн хүсээгүй, хоёулаа “Байх” хөлөг онгоцноос “бууж” “Юу ч биш” зогсоол дээр үүрд мөнх үлдэх мөч, цаг нь болохоор гарцаагүй ирнэ.

Цөмийн Дайн мэтийн гай дайрчихгүй бол “Байх” хөлөг онгоц Супермодерн хэмээх түүхийн шинэ эрин үеэр аялах гэж байна. Харари, Супермодерн эрин үеийг сансрын эрин үе гэж хэлсэн. Тэгвэл хойч үеийн маань зорчигч-дазайнууд галактикуудаар аялна. Энэ аялал ямар гайхамшигтай байх бол?!

Э.Бат-Үүл /2022.03.01/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 9 цаг 8 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 9 цаг 13 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 9 цаг 19 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 9 цаг 21 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 9 цаг 23 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 9 цаг 23 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 9 цаг 24 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 11 цаг 23 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 11 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 11 цаг 27 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 11 цаг 27 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 11 цаг 30 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 11 цаг 30 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 13 цаг 25 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 13 цаг 25 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 13 цаг 28 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 13 цаг 29 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 15 цаг 43 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 15 цаг 45 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 15 цаг 46 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top