x

Оросын талд зогсдог, гадаад бодлогоо эсэргүүцдэг монголчуудаа ойлгож хайрла!

Монголчууд итгэл үнэмшил мэдлэг гэхээсээ сэтгэл хөдлөл, гомдол гуниг, өс хонзонгоо гадагшлуулдаг араншинтай. Тэр нь нүүдэлчин өв соёл, нүүдэлчний зан чанараас улбаатай. Сэтгэл хөдлөл нь туйлшрал болж шат ахидаг нь ч үүнийг илтгэнэ. 

Харин яг одоо сошиал, зурагтад ил тод харагдаж буй Оросын төлөө, эсвэл Украины төлөө ярилцлага, пост, бичвэрүүд хөвөрч өгч байна. Цаад эздэд нь (нэр хэн бэ гэдэг нь чухал биш) анализ хийхийг хичээе. Украины төлөө нь олонхи учраас дэлхий дахинтай дуу хоолойгоо нийлүүлснийг нь буруутгах боломж алга. Харин нөгөө талд нь туйлширч байгаа, эсвэл гадаад бодлого руу ус цацдаг нөхдийг тольдъё.

Туйлшрагчид бараг бүгд сэхээтнүүд (дээд боловсролтой) байгаа нь сонин биш. Харин яагаад олуулаа байгаа нь сонин. Улс төрд орох гэж, УИХ-д суух гэж хамаг насаа, хамаг хүсэл мөрөөдөл, мөнгөө зориулаад хоосон хоцорчихсон хүмүүсийн бүхэл бүтэн арми байна. Эд бол жинхэнээсээ улс төрийн хонзогчид бөгөөд үүрдийн гомдогсод. Эдний авирлах, хэлэх ярих нь эх орноо сөнөөх, ялагдуулах, дэлхийн олонхийн дуу хоолойг сөрөх, ерөөсөө ертөнц сөнөсөн ч хамаагүй болсон мэт дүр төрхтэй. Яг одоо Орос-Украины мөргөлдөөнд маш ихээр цэц булаалдан уур хилэнгээ Украин ба Өрнөд рүү  гаргах аж. Ёстой ганц олдсоных гэсэн шиг тургиж байна. Хөөрхийс, ийм хүмүүс олон байна, ойлгохыг хичээгээрэй! 

Туйлшрагч сэхээтнүүдийн дотор дутуугийн зовлон эдлэгсэд, түүнээсээ болж төр-засагтаа гомдогсод олон байна. Өөрөө, эсвэл үр хүүхэд нь хэрэгт холбогдоод ял авчихсан, өршөөлийн хуульд хамрагдчихсан, эсвэл шагнал урамшлаас хоцорчихсон, гавьяат зүүдлээд олддоггүй, өөрөө хөөцөлдөөд нэмэргүй болчихсон хүмүүс уур хилэнгээ сошиалд, эсвэл хурал цуглаан, хэвлэлийн бага хурал дээр гаргахаас яахав. Хөөрхийс, ойлгоорой тэднийг! 

Төр-засгийн өндөр албанд байхдаа газрын наймааны хэрэгт ороод, тэр хэрэг нь хаагддаггүй, гэхдээ овоо хэдэн сая дойлуур олчихсон нөхөр дутуугийн зовлон эдлээд явж байгаа гэлцэх  юм. Дипломат албанд байхдаа хар бор тамхины наймаанд нэр холбогдоод ял зэм сонссон, ГХЯ-наасаа хөөгдөж байсан, эсвэл архи дарсны асуудлаар шийтгэл амсаж явсан, эсвэл Дипломат албанаасаа юу ч хожиж салаагүй учраас гадаад бодлого руугаа дайрч давшилдаг нөхөд байх юм гэнэ. Хэнийг нь би тодруулах гэсэнгүй, чих дэлсээд өнгөрлөө. Мөнгөний асуудалд ороод өршөөлийн хуульд хамрагдаад цагаадчихлаа гэсэн нэг нөхөр Дипломат албаны 110 жилийн ойгоор дипломат дээд цолоо ахиулчих санаатай ГХЯ-аар хөөцөлдөөд урамгүй буцсан, тэгээд гадаад бодлого руугаа айхтар дайрагч болчихсон тухай албаны хүнээс сонсоод би гайхаад өнгөрөв. Олон сайхан нөхдөөсөө хэн нэгнийг хардахыг би хүссэнгүй, хэн юм бүү мэд?

Би тэр энэ гэж нэрлэж огтоос чадахгүй ба хардах сэтгэл надад төрөхгүй. Гэхдээ чих дэлссэн, шар хэвлэлд бичигдсэн нөхөд одоо Оросын талд зогсогчид болж хувираад Украин ба Украины ард түмнийг сүрхий харааж цоллоод, мэнчийтэл уурлаад амьтны элэг доог болоод явж байх юм. Энэ бол хөөрхий тэдний итгэл үнэмшил нь биш л дээ. Тэгж ярихгүй бол болохгүй болчихсон олон шалтгаантай болоод л тэр биз. Хөөрхий, тэднийг ойлго!

Дутуугийн зовлон гэдгийг дээр зах зухаас нь дурдлаа. Дутуугийн зовлонгийн хамгийн хөөрхийлөлтэй хэсэг нь эрлийз хурлийз хэмээн ад үзэгдсэн, урд зүгийн гаралтай, түүнийгээ цайруулах гэж Оросын талд зогсогч болж жүжиглэдэг, Оросын зөв хэмээн муйхраар зүтгэдэг хэсэг сэхээтнүүд юм.  Дутуугийн зовлон гэдэг бол “эрлийз”-ээс гадна ерөөсөө байнга сэтгэл дундуур явдаг, амьдрал ахуй, хань ижил нь бүтэлгүй, архинд автсан, эрүүл мэндээ өөрөө сүйтгэсэн, сайн сайхан дотно нөхөддөө атаархдаг, эсвэл үзэн яддаг, “Би тэгсэн!” хэмээн өөрийгөө магтахгүй бол болохгүй болчихсон, эсвэл мөнгөний байнгын гачлантай, мөнгөнөөс болж худалдагдах магадлалтай, эсвэл гадаадын аль нэг улсын ивээлд багтахыг зорьсон, тэр нь аврал болчихсон тийм сэхээтнүүд Монголд олон байна. Тийм комплекс нь яван явсаар гадаадын тагнуулын албанд элсэгдсэн, мөнгө тогтмол ихээр авч байсан болж ялд унадагийг ТЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч зарласан. Бас хэд хэдэн нөхөр шалгагдаж байгаа гэсэн. Ноцтой шүү!

Оросын талд орж Өрнөд ба АНУ-ыг хараан зүхэгсэд дотор тэр Америк, Барууны ертөнцөд үүрдийн гомдолтой явдаг баахан сэхээтэн байх аж. Хамгийн түрүүн Монгол-Америк, Монгол-Өрнөд Европын найрсаг харилцааны үр шимийг огт амсаагүй, амсах санаатай яваад бүтэлгүйтсэн, тэндээс хөөгдөөд туугдаад ирсэн, эсвэл виз авах гээд чадаагүй, хар тамга даруулчихсан, АНУ, Европт байдаг үр хүүхэд нь өөрсдөд нь дараа болчихсон, байнга гомдол сонссоор байгаад үзэн ядах дээрээ тулчихсан, эсвэл АНУ, Баруунд очоод хоёрдугаар сортын хүн болчихсон, хараар байдаг, ажил төрөл олдоггүй, тиймээс америк, англи, европчуудыг үзэн яддаг, үзэн ядалт нь Оросыг хайрлах сэтгэл рүү түлхдэг гэхчлэн. 

Монгол-Зөвлөлтийн найрамдлын тостой сайхан үеийг мөрөөдсөн ахмадуудын арми байнаа. Үхсэн ч сэхсэн нь Оростойгоо хамт, Орост суралцсан, Оросын хоолыг төдөн жил идсэн, Оросын хүчинд монголчууд хүн болсон, Оросын хүчээр Хятадаас салсан тул Оросын талд зогсоод дуусна гэсэн сүрэг хүн. Хөөрхийс, тэдний буруу байх юу билээ, ойлгохыг л хичээе! 

Оросын талд зогсогчид дотор Оросын хуягласан суртал нэвтрүүлэгт автчихсан, бүр сүсэглэчихсэн нэг хэсэг сэхээтэн байхад Оросоос ямар нэгэн хожоо хайсан, Оросын энэ хүнд цаг үеийг өөртөө ашигтай эргүүлэх гэсэн, амьдрал ахуйгаа дээрдүүлээд авах гэсэн, эсвэл мөнгөний гачаалтай, мөнгөнд дуртай сэхээтнүүд дотор нь бас байх аж.

НҮБ-д 181 гишүүний 141 нь Оросын эсрэг санал өгчээ. Оросыг буруушаасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн онц тусгай чуулганы тогтоолын төсөлд 96 гишүүн-улс хамтран зохиогчоор оролцжээ. Санал хураалт явагдахад Орос өөрийнхөө төлөө, мөн Белорусс, Сири, Хойд Солонгос, Эритрей ОХУ-ыг хамгаалжээ. “141:5” гэсэн энэ тоог Монгол дахь оросын төлөө дуу хоолойгоо өргөгсөд юу гэж хардаг юм бол?

Төгсгөлд нь хүнлэг ёсоор уриалъя. Оросын талд зогсдог, гадаад бодлогоо эсэргүүцдэг монголчуудаа ойлгож хайрла! Хөөрхий тэд чинь дор бүрнээ түмэн зовлонтой, хүн л юм хойно гуньдаг гомддог, горьддог, өсөрхдөг хорвоо шүү дээ! Бүү тоо!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 12 цаг 17 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 14 цаг 0 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 14 цаг 9 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 14 цаг 23 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 14 цаг 33 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 14 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 14 цаг 43 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 14 цаг 47 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top