x

Коммунист сонинуудын тухай

Өнөөдөр социализм, коммунизм болон түүнтэй холбоотой үгс бараг хараал болжээ.

Саяхан коммунист байсан нам, хүмүүс ингэж цоллуулах дургүй. Дашдоржийн Нацагдоржийн шүлэглэснээр байн байсаар бүх дэлхийг бүрхэж гагцхүү нарыг хэвээр үлдээх (дараа нь Ангараг гаригтай ураг барилдах) шахсан нийгэм журам бол амьдралыг төгс журамлаж, хүнийг өв тэгш засан хүмүүжүүлж болно гэж үздэг, түүнийгээ хэрэгжүүлэхээр хаа сайгүй баахан хувьсгал үйлдэж бүтэлгүйтсэн тийм оролдлого. Даанч хүн төрөлхтөн төгс бус байж таарсан. Гэрэлт ирээдүй, үзэл санааныхаа төлөө амиа ч золихоос буцахгүй хүмүүс бол коммунистууд гэсэн ойлголт түгээмэл. Ном, кинонд тэгэж харуулдаг. Энэ оргүй биш. Дэлхийн 2-р дайнаар хэдэн арван сая хүнээ золиосолж байж гитлерийн Германыг хэн нугасалсан бэ гэвэл Зөвлөлт Холбоот Улс. Европ даяар фашизмтай хамгийн тууштай тэмцсэн хүмүүс бол коммунистууд. Партизанууд ихэндээ тэд байсан. Харин дайны дараа АНУ баруун европын орнуудыг сэргээн босгох Маршалын төлөвлөгөө хэрэгжүүлж тусламж үзүүлэхийн өмнө тавьсан ганц болзол нь коммунистуудыг Засгийн газарт оруулахгүй байх…

Намайг 1970-1980-аад оны заагаар Ленинградад оюутан байхад сонины киоскуудаар социалист орнууд, бас зарим капиталист орны коммунист намын хэвлэлүүд зарагддаг байж билээ. Монголоос “Новости Монголии” ирдэг ч хамгийн өнгө зүс муутай нь байсанд хамт сурч байсан Бүдрагчаагийн Оюунчимэг санаа зовсондоо Невский проспект-оос бүх дугаарыг нь худалдаад авчихсан удаатай.

Далим гаргаж тэр хэвлэлүүдийг жагсааж эргэн дурсъя гэж бодлоо. Би чинь тухайн үедээ коммунист ба ажилчны намуудын хэвлэлийн түүхийг бүтэн улирал судалсан хүн.

Neues Deutschland (“Шинэ Герман”) – БНАГУ-ын эрх баригч Германы Нэгдсэн Социалист Намын төв хэвлэл. Эрих Хонеккероор дүүрсэн дугаарууд өдөрт нэг сая хувь гардаг, офсетоор маш чанартай хэвлэгддэг. Хожим 2013 онд Германд очихдоо, Neues Deutschland хэр гарч байгааг асууж мэдэмхийрэхэд хөтөч эмэгтэй тийм сонин мэдэхгүй гэснээр амаа таглуулсан ч маргааш нь өндөр барилгын оройд Neues Deutschland гэсэн неон гэрлэн бичиг үзэгдэж миний нэр нэр хүнд сэргээж билээ. Өнөөдөр 20 мянгаас цөөн хэвлэгдэг боловч социалист үзэл баримтлалтай өдөр тутмын сонин хэвээрээ.

Trybuna Ludu (“Ард түмний индэр”) – Польшийн Ажилчны Нэгдсэн Намын төв хэвлэл. 1990 онд намтайгаа хамт татан буугдсан. Сэтгүүлчид нь өөр нэрээр сэргээх гэж оролдоод бараагүй.

Rudé právo (“Улаан эрх”) – Чехословакийн коммунист намын төв хэвлэл. 1989 оны хувьсгалын дараа намаасаа салж, редакторууд нь сониныхоо нэрнээс улааныг авч хаяад Právo болгожээ.

Népszabadság (“Ард түмний эрх чөлөө) – Унгарын Ажилчны Социалист Намын төв хэвлэл. 1980-аад оны сүүлчээр социалист орнуудын төв хэвлэлүүдээс хамгийн түрүүнд зүүний үзэл баримтлалтай чөлөөт сонин болсноо зарлахад “Үнэн” сонинд байсан ганц нэг нөхөд бид “манайх бас тэгэх ёстой” гэж хэсэгхэн зуур цуураад өнгөрсөн. 2016 онд хаагдсан байна.

Работническо дело (“Ажилчны үйл хэрэг”)- Болгарын коммунист намын төв хэвлэл. 1990 онд нам нь, сонин нь ч татан буугдсан.

Scinteia (“Оч”) – Румыны коммунист намын төв хэвлэл гэж мэдэхээс цаашгүй байв. Чаушеску ЗХУКН-тай үзэл суртлын маргаантай, онцгойрч явдаг учраас ЗХУ-д үзэгддэггүй байсан биз. 1989 оны 12-р сард Николая Чаушеску хэдхэн хоногийн дараа эхнэртэйгээ хамт буудуулахаасаа өмнө ард түмэндээ хандаж хэлсэн үгийг нийтэлсэн сүүлчийн дугаараа гаргаад намтайгаа цуг алга болсон.

Дээрх сонинууд бүгд манай “Үнэн” шиг нам, засгийн төв хэвлэл төдийгүй улсдаа өдөр тутмын хамгийн том сонин байжээ. Харин хөрөнгөтөн орны коммунист намын хэвлэлүүд өдөр тутмын том сонинуудтай яаж зэрэгцэхэв.

L’Humanité (“Хүн төрөлхтөн”) – Францын коммунист намын төв хэвлэл. 1980-аад онд барууны хамгийн нөлөөтэй (Засгийн газарт орж байсан) коммунист намын том сонин, дэлхийн 2-р дайны үед фашистуудад эзлэгдсэн жилүүдэд нууцаар гарч байсан гээд жинхэнэ коммунист хэвлэл. ЗХУ-аас санхүүжилт авдаг, оргил жилдээ хувь ширхэг нь 100 мянгыг давж байв. Манай “Үнэн” сонины төлөөлөгчид жил бүр баярт нь уригдаж очдог байв. Одоо нам нь нэрээ солиогүй, сонин нь жижгэрсэн ч өдөр тутмын хэвээрээ, мэдээж цахим хувилбартай.

L’Unità (“Эв нэгдэл”) – Италийн коммунист намын төв хэвлэл. Христийн ардчилсан намын дарга Алда Моро 1976 оны парламентийн сонгуулиар өөрсөдтэй нь адил гуравны нэгийн саналыг авсан Италийн коммунист намыг Засгийн газарт оруулахаа зарласныг зогсоох гэж “Улаан бригад”-ийнхан түүнийг хулгайлж сар гаруй барьцаалаад хөнөөсөн. Ийм эгзэгтэй, хатуу ширүүн тэмцлийн толь болж 200 мянган хувь хэвлэгдэж байв. Харин 2017 оноос цаасан дээр хэвлэгдэхээ больж зөвхөн цахимаар гардаг болжээ.

Avante! (“Урагшаа”) – Португалийн коммунист намын төв хэвлэл. Би Ленинградын оюутны байранд Португалийн Мадейра арлаас ирсэн Мигель гэж коммунист залуутай нэг өрөөнд ороход Альвара Куньяал гэж намын дарга, Аванте нэртэй сониноо магтаж ярьдагсан. Одоо долоо хоног тутам хэвлэгддэг гэсэн.

Mundo Obrero (“Ажилчдын ертөнц”) – Испанийн коммунист намын төв хэвлэл. Үзэж харж байгаагүй, еврокоммунизм хэмээх үзлийг баримталж ЗХУКН-тай зөрчилддөг, байн байн задарч нийлдэг эсэргүүдүү коммунист намын хэвлэл гэж мэдэхээс цаашгүй. Одоо цаасан дээр гарсаар байна. 

Unsere Zeit (“Одоо цаг”) – Германы коммунист намын төв хэвлэл. Авсаархан, А3 хэмжээтэй хэвлэгддэг, бас час улаан толгойг санаж байна. Дөрөвхөн нүүртэй бөгөөд арын нүүрэнд Бундеслиг-ийн тоглолтын мэдээг тэвхийтэл хайрцаглаж зурагтайгаар мэдээлдэгт нь дуртай байсан. Энэ нам, энэ сониныг хоёуланг нь БНАГУ-аас санхүүжүүлдэг байжээ. Өнөөдөр жижигхэн намын жижигхэн сонин.

Wahrheit (“Үнэн”) – Баруун Берлины Социалист Нэгдсэн Намын төв хэвлэл. Одоо энэ сонин байтугай Баруун Берлин байхгүй.

Morning Star – Их Британийн коммунист намын төв хэвлэл. Баруун Европод америкийн дунд тусгалын Першинг пуужин байрлуулахын эсрэг олон нийтийн хөдөлгөөн, жагсаал цуглаан нэг гол сэдэв байлаа. Мэдээж английн хөл бөмбөгийн тоглолтын мэдээ. Бас жижигхэн, А3 хэмжээтэй энэ сонины дугаар бүрийн бараг талыг ЗХУ худалдаж авах замаар санхүүжүүлдэг байжээ. Одоо хараат бусаар, гэхдээ арайхийж гардаг гэнэ.

The Daily World – АНУ-ын Коммунист намын хэвлэл. New York Times, Washington Times-ийн хажууд өчүүхэн боловч Ленинградын сонины мухлагт зарагддаг байсан цорын ганц америк сонин. Америкийн засаг төрийг шүүмжилсэн, дайны эсрэг агуулгатай Оливер Харрингтоны улс төрийн хурц шог зургуудаараа алдартай. Хожим өөр нэг сонинтой нэгдэж People’s World нэртэй болсон ч 1990-ээд оны эхээр хаагджээ. Харин Гэсс Холл, Анжела Дэвис нарын энэ нам тэсч үлдсэн ба хориод жилийн өмнө Монголын коммунист намын (ийм нам үнэхээр байсан) дарга нэг нөхөр их хуралд нь очиж сууснаа ярьж байв.

Бас азийн коммунистууд, коммунист намууд гэж байсан. Тэд бас хэвлэлтэй байж таарна.

Жэньмин Жибао (“Ардын өдөр тутмын сонин”) – Хятадын коммунист намын төв хэвлэл. Гартаа барьж үзээгүй. 1980-аад оны эхээр дэлхийн хоёр коммунистын нэг буюу 40 саяын 20 сая нь нь хятад байжээ. Коммунистуудын тоо нь олшрохоор нэг коммунистын чанар муудахгүй биз гэсэн шог асуулт сонссон. 1980-аад оны дундуур 3,6 сая хувиар хэвлэгддэг байсан бол сая Интернэт орж шалгахад 3 саяас нэг их буугаагүй байв.

Акахата (“Улаан туг”) – Японы коммунист намын төв хэвлэл. Коммунистууд хэдий ч ЗХУКН-аас нөгөө дөрвөн арлыг буцааж өгөхийг шаарддаг учраас харилцаа муутай байсан нь одоо ч хэвээрээ. Японы Асахи, Иомури гэж тус бүр бараг 10 сая хувь хэвлэгдэх шахаж байсан (одоо буурсан байх) аварга том хоёр сонины дэргэд “Улаан туг” хэдий жижиг ч тухайн үед 2 саяар гарч байжээ.

Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын төв хэвлэл “Правда” сонин 10 сая гаруй хувь хэвлэгдэж байснаа 1991 онд ЗХУ задарсны дараа редакцийн хамт олны мэдэлд очиж, хувьчлагдаж, хоёр хуваагдан шүүх зарга болж явсаар ОХУ-ын Коммунист Намын албан ёсны төв хэвлэл болж сая нэг тогтсон. Манай “Үнэн” сонин нүдний өмнө байгаа учраас орхиё. Коммунист байсны төлөөх одонгууд зүүлттэй харагддаг. 

Гүйцээж хэлэхэд, коммунист намуудын дундын маягийн “Проблемы мира и социализма” хэмээх онолын сэтгүүл олон хэлээр (манайд “Энх тайван, социализмын асуудлууд” нэрээр) гарч тухайн цаг үед агуу санагдахуйц гүн гүнзгий өгүүллүүдийг нийтэлж, хажуугаар нь Испанийн коммунистуудын еврокоммунизм, 1979 оны сүүлчээр зөвлөлтийн цэргийг Афганистанд оруулсныг эсэргүүцсэн Италийн коммунист Намын дарга нь Энрико Берлингуэр гэх мэт буруу зөрүү бодол, гуйвж дайвсан нөхдийг ниргэдэг байсан.

Ийнхүү 1980, 1990 оны заагаар дэлхийн социалист систем нуран унахтхй зэрэгцэн коммунист ба ажилчны намууд, хэвлэлүүд нь уналтанд орж, ядаж байхад энэ цахим гарч ирээд бүр хүндрүүлжээ. Энэ бүхэн бол мартагдсан түүх. Өнөөдөр, 21-р зуунд тэднийг бөөнд нь эргэн дурсаж буй ганц хүн бол би.

Орчин цагт аливаа мэдээллийн харилцаа, төв хэвлэлийн үүргийг фэйсбүүкийн пэйж, цахим сайт гүйцэтгэдэг болжээ. Төдөлгүй виртуал, мета-г зүглэнэ. Коммунист нам, коммунист хэвлэлүүд ч мөн адил. Зуу гаруй жилийн өмнө Европоор тэнэж явсан хий үзэгдэл шигээ замхрах уу?!

Ажиглагч /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 20 цаг 51 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 22 цаг 34 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 22 цаг 44 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 22 цаг 57 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 23 цаг 7 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 23 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 23 цаг 18 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 23 цаг 21 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top