x

Монголын тусгаар тогтнол сэргэлээ

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ СЭРГЭЛЭЭ

Манжийн эзэнт гүрнийг үндэслэгч Абахайн 1636 онд буулгасан зарлигийн дагуу бол “Да Чин гүрэн мөхсөн тохиолдолд та нар (монголчууд) өмнөх өөрийн хууль цаазын дагуу оршин байх болно” гэсэн нь учиртай ажээ[1]. Үүнийг орчин цагийн хэлээр буулгах юм бол монголчууд Манж Чин гүрэнтэй эвслээр холбогдсон ба Эзэнт гүрэн оршин тогтнож байгаа цагт түүний бүрэлдэхүүнд багтаж байх болно гэсэн аж[2].

Манж нар бүх хятадыг захиргаандаа орууллаа ч гэсэн хэзээ нэг цагт хүн олонтой хятадуудад хөөгдөн гарна гэдгийг Юань гүрний түүхээс Абахай төсөөлж байлаа. Мөнхийн хүчирхэг гүрэн байдаггүйг тэр сайн мэднэ. Абахай ид хүчирхэгжиж байх үе болох 1636 онд Манжийн хааны зарлиг гэдгийг гаргажээ. Тэрээр зүрчин үндэстний нэрийг манж, Алтан улсын нэрийг Манж Чин болгон өөрчилж, энэхүү шинээр нэрлэгдсэн улсад Дотоод Монгол нь Манжид нэгдсэн үйл явцыг баталгаажуулжээ. Уг зарлигт манж ба монгол гэсэн хоёр субъектын хоорондын хамаарал хийгээд хожим гарах үр дагаварыг тооцон, манж-монголын нэгдэл нь цаг хугацааны асуудал болохыг тодорхой илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл Манж Чин гүрэн хэзээ нэг цагт задрахад манж монголын хамаарал үгүй болж, тус тусдаа бие даан анх байсан байдалдаа эргэж орох үндэслэл болно гэдгийг тодорхойлжээ.[3] Энэ бол монголчууд зөвхөн манжийн Чин гүрэнд харъяалагдаж байгаа болохоос цагийн явцад өөр үндэстэн Хятадыг эзэгнэхэд тохиролцоо гэрээ хүчин төгөлдөр биш гэсэн амлалт юм. Хааны амлалт бол хууль гэсэн үг.

Хятадыг тусгаар тогтнуулах зорилго бүхий Түнмэнхуй хэмээх нууц байгууллага улам хүрээгээ тэлсээр 1911 оны аравдугаар сарын 10-нд Учуань хотноо бослого гаргалаа. Харь манжийн төрийг устган хөөгөөд өөрийн жинхэнэ хятад төрийг эгүүлэн байгуулах уриатай тэд сар гаруйгийн дараа гэхэд тусгаар бүгд найрамдах улсаа зарлаж, доктор Сун Ятсэн шинэ улсын Ерөнхийлөгч болов. Ийнхүү цаг нь ирлээ. Манж Чин гүрэн унаж хятад үндэстэн харийн дарлалаас чөлөөгдөв. Үүнтэй зэрэгцээд манж нартай эвсэж байсан монголчууд одоо “Да Чин гүрэн мөхсөн учир монголчууд өмнөх өөрийн хууль цаазын дагуу оршин байх болно”.

Ийнхүү ХХ зууны Монголын жинхэнэ түүх монголчуудын өөрсдийнх нь тооллоор XV жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-ний өдөр албан ёсоор эхэлжээ. Энэ өдөр Чин династийн яг 220 жил үргэлжилсэн хамаарлыг Гадаад Монголд түлхэн унагаж Монгол улс юугаа зарлалаа. Богд Жавзандамба хутагтын VIII дүр хэмээн олон монголчуудаар бишрүүлэн шүтүүлсэн Агваанлувсанчойжиннямданзанваанчигбалсамбуу хэмээх ер бусын урт нэртэй, 41 настай төвд эр энэ шинэ улсын хаанаар өргөмжлөгдлөө. 

Шинэ хаан өргөмжлөгдөхөд цаг тооллыг дахин шинээр тоолж эхэлдэг Хятадын соёлын хүрээний бүх улс оронд байсан заншлын дагуу Богд Жавзандамбыг хаан ширээнд залсан тэр оныг олноо өргөгдсөний нэгдүгээр он болгон тунхаглав. “Шашныг мандуулагч, олныг жаргуулагч, олноо өргөгдсөн Монгол улсын эзэн, шашин, төрийг хослон баригч, наран гэрэлт түмэн наст Богд хаан” хэмээн албан ёсоор өргөмжлөгдсөн Жавзандамбын анхны зарлиг тэр өдрөө гарч Монголын тусгаар төр улсыг тунхагласан баярт өдрийг тохиолдуулан алив амьтны амь бүрэлгэхийг цээрлэж, өвгөд хөгшдөд бэлэг таяг, өнчин ядууст хишиг харамж хүртээж, хүнд хөнгөн бүх ялтныг суллаж[4] тавьснаас гадна энэ үйл хэрэгт хүчин зүтгэсэн хүмүүсийг хөхиүлэн шагнасны дотор Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Хайсан гүн нарын нэрийг хамгийн түрүүн бичээд “тулгар төр байгуулахад онц хүчин зүтгэсэн” хэмээн үнэлсэн нь чухам тэд л шинэ Монголын эрх чөлөөний “эцэг “ байсанд учир оршино. Төрийн дуулал зохиогдсон нь “Зургийн хуар шиг Богд ламыгаа, Зонховын ширээнээ залав аа хөө” гэсэн үгтэй. Энэ өдөр бол 1911 оны арванхоёрдугаар сарын 29 байлаа.

Лигдэн хаанаар дуусгавар болж, тусгаар төр нь мөхөж газрын зургаас арчигдсан Монгол улс ийнхүү дахин гарч ирэх хоорондох хоёр зуунд хүн төрөлхтний иргэншлийн түүх орвонгоороо өөрчлөгдөн, “техникийн дэвшлийн их зуун” хэмээн тухайн үеийнхэн нь үнэлсэн XIX зуун улиран одож түүнээс ч их аугаа өөрчлөлт авч ирэх учиртай XX зуунтай золгосон байлаа. Энэ хооронд Европ гаралтай өрнийн гэгдэх иргэншил дэлхийд ноёлох болсон төдийгүй гарал үүслээсээ үл шалтгаалаад энэ байдал ерөөс хүн төрөлхтний хэмжүүр, шалгуур нэгэнт болчихсон байсан юм. Мэркантилист үзэл бодлоос үүсэлтэй Европын колоничлол XX зууны эх гэхэд бүх дэлхийг хуваан авсан тул өчүүхэн онгорхой үлдсэн сүүлчийн зайнууд руу хүчирхэгүүдийн хоорондох сүүлчийн тэмцэл өрнөж байв. Чухам энэ сүүлчийн зайн нэг нь Гадаад Монголыг өөртөө багтаасан Хятадын Чин династи байжээ. 

Энэ хоёр зууны хооронд монголчуудын амьдрал ахуйд онцын өөрчлөлт гараагүй боловч шарын шашны нөлөөгөөр оюуны амьдралд нь эрс хувьсал гарчээ. Хоорондоо арцалдан тэмцэлдэх боловч сэлмийн хүчээр нэгтгэж чадсан хүнээ хүлээн зөвшөөрөөд аян дайнд морддог байсан монголчууд винайн ёсонд захирагдан, нүгэл бүхнийг тэвчихийн тулд бие дээгүүр нь гүйлдэх бөөсийг ч алж зүрхэлдэггүй “ариун явдалтан” болсон ба шашин, төрийг хослох сургаалын дагуу оюуны ба төрийн удирдлагыг нэгтгэн ойлгодог болсон байв. Ийм учраас хоёр зуу гаруй жилийн дараа дахин суларч буй хаан ширээний төлөө монголчуудын оюуны удирдагч Жавзандамбатай өрсөлдөх хэн ч байсангүй. Язгуур хөөвөл Чингисийн алтан ургийнхан Халх 4 аймгийг захирцгааж байсан ба тэдэн дундаа хамгийн ахмад нь болох Түшээт хан Дашням аргагүй энэ суудлын төлөө зүтгэх эрхтэй байж. Түүнээ ч мэдэрсэн хан “Би бол энэ төвд гаралтай Жавзандамбыг бодвол их Чингис богдын угсаатан хан нарын дотроос хамгийн ахмад нь билээ” хэмээн санаархал, дургүйцлээ илэрхийлж байсан авч түүний үгийг тоож сонсох хүн гарсангүй.[5]

Энэ үг их эргэлзээтэй. Амьд Бурхан гэж өргөмжлөгдсөн Богдыг гарал үүслээр нь дуудах зоригтой хүн тэр үед олдох байсан уу? Магадгүй Дашням итгэсэн хүндээ сэм хэлсэн байх, эсвэл хэн нэг нь гүтгэсэн байж болох талтай. Цыдиповын мэдүүлэгт, Богд Жавзандамба нь хаан ширээнд суух хүсэлгүй байсан авч оросууд гуйж түүнийг хаан болгосон гэжээ.[6] Үнэн байх талтай, учир нь Хүрээний язгууртан хар, шар нар хоорондоо тун таарамжгүй, үүнээсээ болоод тусгаар тогтнох бололцоог даруй үгүй хийх мэгадлалтай нь илэрхий байсан. Ийм тохиолдолд тэднийг эвлэрүүлэх, дундыг барьж талцалгүйгээр удирдах ганц боломжит хүн нь Богд. Тэгээд ч тусгаар тогтноход туслахыг хүсэж элч төлөөлөгчөө Орост явуулсан гол санаачлагч нь бас Богд мөн.

Анхдугаар Богд Занабазар нь Чингисийн алтан ураг болох тул түүний хувирсан дүрүүд нь мөн л алтан урагтай шижим холбогдсон хэмээн монголчууд үздэг байв. Жавзандамба ч хааны сууринд суугаад: “Миний бие Монгол улсын хаан эзний суурийг хүлээсэн нь ер тоост ертөнцийн хоосон нэрийг эрмэлзэж олон амьтныг гашуун зовлонд хүргүүлсүгэй хэмээсэн нь бус. Гагцхүү Халхын олон ноёд, лам нар чин үнэн сүсгээр хүчлэн гуйсанд хэрхэвч маргаж үл болох түмэн зүйлийн аргагүйгээс…” хэмээн тайлбарласан байдаг.[7]

Шинээр өөрийн тусгаар тогтнолыг зарласан Монгол улс орчин үеийн жишгээр яам байгуулж, Засгийн газрыг үүсгэж шинэ Засгийн газрын нэрийн өмнөөс Франц, Британи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Холланд, Австри-Унгар улсад ноот бичиг илгээж тусгаар тогтнолоо зарласан бичигтээ:

Франц, Их Британи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Холланд, Австри-Унгар улсын Гадаад явдлын явдлын яамнаа илгээв, мэдтүгэй хэмээн явуулах учир:

Эдүгээ манай улсын засгийн хэрэг шийтгэх газраас хүргэн ирсэн бичигт, эдүгээ манай Монгол улс нийт бүхнээр эртнээс тогтсоор ирсэн өөрийн газар орон ба шашин суртал, ёс журмыг алдахгүйгээр сахих учир нэгэнт Чин улсаас салаад өөртөө тогтнож өөртөө эзэрхэх улс төр байгуулаад Халх Монголын шарын шашны эзэн Жавзандамба лам юугаа Монгол улсын хаан эзэнд өргөмжлөн шашин, төрийг хослон бариулаад …зэрэг явдлыг эрхэм яамнаас олон улсад зарламуй хэмээн бичиг хүргэн ирвээс, ..мэдтүгэй хэмээн явуулан уламжлан Эрхэм засгийн хэрэг шийтгэх газар нэвтрүүлэн байцаан үзэж хүлээлгээд гэрээ байгуулан худалдаа нэвтрүүлж улсын найрамдлыг зузаатгана уу.[8]

Чухам л тусгаар тогтнолоо дэлхийд зарлан тунхаглаж хүчирхэг улс гүрнээ хүлээлгэн зөвшөөрүүлсний эцэст л энэхүү тусгаар тогтнолоо хадгалж, үр шимийг нь хүртэж болно гэдгийг тэд мэдэхийн цаагуур мэдэж байлаа. Ерөөс хүлээн зөвшөөрөгдсөн улс орон оршин тогтнож болдог практик Европт үүсээд нэлээд хэдэн зууныг элээсний эцэст XX зуун гэхэд дэлхий нийтийн жишигт тооцогддог болсон байж. Харин энэ хүчирхэгүүдэд Монгол улсыг хүлээн зөвшөөрөхөд 35-75 жил хэрэгтэй гэдгийг Монголын тусгаар тогтнолыг сэргээсэн тэр үеийн хутагт нар төсөөлөөгүй ба ач гучаар нь дамжсан хэдэн үеийн тэмцэл, драм энэ асуудлыг тойрон үргэлжилсээр Монгол улсын XX зууны түүх бүрэлдүүлнэ чинээ санаагүй биз. Монголчууд мориндоо мордон сэлмээ гялалзуулж ертөнцийн түүхийг өөрийн хүслээр бичиж явсан XIII-XIV зуун тэртээд улиран оджээ. XX зууны эхэнд манай гаригийн хамгийн бөглүү цэгийн нэг болсон Монгол нь хүн амаар өчүүхэн цөөн, эдийн засгийн чадавх, соёл боловсролын хувьд дундад зууны хэмжээнд байснаас гадна геополитикийн хувьд харгалзан хэд хэдэн орны ашиг сонирхлыг хөндөж байсан тул түүхэн үйл явдлыг нь гадаад орчинтой нь холбон тайлбарлахгүй бол дэндүү өрөөсгөл болно. Монгол улсын “эзгүй” байсан хоёр зуу гаруй жилд дэлхийд гарсан улс төр, нийгэм, эдийн засаг, сэтгэлгээ, техник технологийн их өөрчлөлт хувьсгал эцсийн бүлэгт Чингисийн удмынхан дахин төр улсаа сэргээх бодит нөхцлийг бүрдүүлсэн юм. 

Б.Баабар


[2]Кузьмин С.Л. Теократическая государственность и буддийская церковь в Монголии в начале ХХ века, (Москва; Товарищество научных изданий КМК, 2016). с -23. [Kuzmin S.L. Theocratic statehood and the Buddhist church in Mongolia at the beginning of the twentieth century, (Moscow; KMK Scientific Publishing Association, 2016)]. pp -23.

[3]Полумордвинов М.А. Историческая справка (О.Батсайхан, Тачибана Макото Түүхэн нотолгоо) (Улаанбаатар 2018) х-49-72 [Polumordvinov M.A. Historical inquiry]

[4] Монголын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөө тусгаар тогтонолын төлөө тэмцэл, Баримт бичгийн эмхэтгэл (1900-1914) (УБ 1982) х-128-129 [A Collection of documents concerning Mongolian people`s fighting for national independence and freedom in 1911 (1900-1914)]

[5] Бүгд найрамдах Монгол ард улсын түүх, II (Улаанбаатар 1969) х-433. [History of the Mongolian People`s Republc, vol. II]

[6]ХХ зууны Монголын түүхийн эх сурвалж (1911-1921) (Улаанбаатар 2003) х-22

[7] Чойжамц, Д. Гэгээрсэн сэтгэлээс Гэгээрсан амьдрал (Nepko publishing 2016) х-62 [Choijamts, D. From Enlightened mind to Enlightened life]

[8] Монголын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэл, баримт бичгийн эмхтгэл (1900-1914) (УБ 1982) х-182 [A Collection of documents concerning Mongolian people`s fighting for national independence and freedom in 1911 (1900-1914)]

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 4 цаг 58 мин Мэдээж “Ар нь түүз!” 5 цаг 10 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 5 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 5 цаг 35 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 5 цаг 38 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 5 цаг 43 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 5 цаг 48 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 5 цаг 53 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 20 цаг 52 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 20 цаг 56 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр...
Top