x

Инфляцийн сэдвийг эргэн сөхвөөс...

Эдийн засагч Мильтон Фридманы “Инфляци бол хаана ч хэзээ ч зөвхөн монетари үзэгдэл (феноменон) байсаар ирсэн” хэмээсэн нь эдийн засагчдад төдийгүй өргөн олон нийтэд маш алдаршсан үг. Экономиксийг сонирхон судалдаг хэн ч гэсэн энэ үг нь инфляци нь зөвхөн мөнгөний нийлүүлэлтээс шалтгаалж явагддаг үзэгдэл гэдгийг хөдөлбөргүй утгаар хэлсэн гэдгийг түвэггүй ойлгоно. Эдийн засагчдын эшлэх дуртай тус үгийн утгыг лавшруулбал инфляцийг төв банк өдөөгөөд байгаагаас бус шатахууны үнийн өсөлт зэрэг бусад хүчин зүйлс инфляцийн шалтгаан биш гэсэн үг.

Гэвч Фридман энэхүү үгээ хэлэхдээ зөвхөн дээрх санааг илэрхийлээд зогсоогүй. Инфляци нь зөвхөн монетари үзэгдэл буюу үнийн өсөлтөөс өөр эдийн засагт ноцтой нөлөө үзүүлдэггүй гэсэн утга давхар хавчуулагдан буй.

Мильтон Фридманы төлөөлдөг Чикагогийн монетарист сургууль нь өнөө цаг үеийн макроэкономиксийн сэтгэлгээний зонхилох сургуулиудын нэгд тооцогддог учир дээрх үг нь товч, тодорхойгоор өнөө үеийн эдийн засгийн сэтгэлгээнд зонхилж буй инфляцийн тухай үзэл санааг илэрхийлсэн гээд хэлчхэд буруудахгүй. Тиймдээ ч чөлөөт эдийн засгийг хамгийн ихээр дэмждэг гэгдэх хүмүүс ч гэсэн инфляцийн тухай ярихдаа зөвхөн үнийн өсөлтөөр л ярилцах хүрээгээ хязгаарладаг.

Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Монголын улсын Засгийн газар маш авторитари, харалган бодлого хэрэгжүүлж зах зээл, эдийн засгийн үйл ажиллагааг багагүй хугацаанд түгжиж цоожилсон. Үр дүнд нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож манай эдийн засаг туйлын хурдацтай доройтов.

Ингээд эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ аварч, үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдээ дэмжих ажиллагаа гэгчийг Засгийн газар хэрэгжүүллээ. Хэрэгжүүлэхдээ баримталсан цорын ганц бодлого нь эдийн засгийг сэргээх стимулус буюу мөнгө хэвлэлт. Мэдэгдэж буйгаар зөвхөн 2020 онд гэхэд л төсвөөс гадуур 5.1 их наяд төгрөгийг эдийн засагт цутгасан бол 2021 онд хүн бүрийн гар дээр тараасан 300 мянган төгрөгөөр тооцоод үзэхэд л 1 их наяд төгрөгийг цутгасан байна. Мөн 3 хувийн хүүтэй 10 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг эдийн засагт нийлүүлж эхэлснээс хойш зөвхөн 2021 оны эхний хагаст л 2 орчим их наядын зээл хэдийнээ олгогдчихсон байгаа аж. Үүнээс гадна энд багтаагүй, багтаах ч аргагүй их мөнгөний нийлүүлэлттэй холбоотой фактууд бий.

Энэ бүхнээс харахад Монгол улс сүүлийн хоёрхон жилд урьд өмнөх түүхэндээ байгаагүйгээр их хэмжээний мөнгийг зах зээлд огцом нийлүүлжээ. Үр дүн нь энэ оны гуравдугаар улирлаас эхлэн зах замбараагаа алдаж эхэлсэн инфляциас харагдана. Зөвхөн 8-р сард л гэхэд сарын инфляци улсын хэмжээнд 7.4 хувьд хүрсэн байна. Сарын инфляци 2-р сарын байдлаар 0.2 хувь байсан гэдгийг бодож үзвээс ямар нэг шатлалгүй шахуу огцом өсжээ.

Инфляци огцом өсөхтэй зэрэгцээд нийгэм даяар хэлэлцүүлэг өрнөж, хүмүүсийн уур бухимдал оволзож эхэллээ. Харамсалтай нь миний дээр дурдсан ёсоор хүмүүс зөвхөн үнийн өсөлтөд анхаарлаа хандуулж, хэлэлцэх сэдвээ үүгээр хязгаарласан агаад Засгийн газар болон Монголбанкны зүгээс ч инфляцийг дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт гэх мэттэй тайлбарлаж аргацаагаад өнгөрчхөв. Инфляцийн тухай хэлэлцүүлэг зохих ёсоороо өрнөж чадсангүй. Угаас өрнөж байсан түүх ч үгүй.

Инфляцийн тухай хэлэлцэхдээ зөвхөн үнийн өсөлтөд анхаарлаа хандуулаад бусдыг нь хаячхаад буй нь энэ сэдвийг зайлшгүй дахин сөхөх ёстойг илтгэнэ. Инфляцийн үзүүлэх нөлөө нь зөвхөн үнийн өсөлтөөр хязгаарлагдахгүй, цаашлаад эдийн засагт цуварсан олон үр дагаврыг бий болгож энэ нь урт хугацаанд үргэлжилдэг гэдгийг мэйнстрийм экономиксийн сургуулиуд хөнддөггүй ба тэдний онолууд нь инфляци хэмээх комплекс феноменон зах зээлийн эдийн засагт ямар үр дагаврыг үзүүлдгийг тайлбарлаж чаддаггүй. Иймээс эдийн засгийн Австрийн сургуулийн инфляцийн талаарх тайлбартай товчхон танилцацгаая. Юун түрүүнд, Австрийн сургууль инфляцийг үнийн өсөлт биш мөнгөний нийлүүлэлт гэх шууд утгаар нь авч үздэг. Инфляци бол үнийн өсөлт биш, мөнгөний нийлүүлэлтийг эрэлттэй нь үл уялдуулан нэмэгдүүлснээс үүдэлтэй үзэгдэл.

1. МӨНГӨНИЙ СААРМАГ БУС БАЙДАЛ БА КАНТИЛЬОНЫ ЭФФЕКТ

Орчин үеийн мэйнстрийм макроэкономиксийн сургуулиуд болон моделиуд бараг бүгд шахуу мөнгийг саармаг шинж чанартай (money neutrality) гэж үзнэ. Өөрөөр хэлбэл мөнгөний нийлүүлэлтийн өөрчлөлт нь урт хугацаандаа эдийн засгийн бодит хувьсагчдад огт нөлөөлдөггүй буюу ДНБ-ийн өсөлт болон ажилгүйдлийн түвшин зэрэгт нөлөөлдөггүй гэх аж. Мөнгөний нийлүүлэлт нь харьцангуй үнийг буюу олон янзын бараа бүтээгдэхүүн тус бүрийн өөр хоорондын үнийн харьцааны өөрчлөлтөд нөлөөлдөггүй ба зөвхөн нийт үнийн хэмжээнд (aggregate price) өөрчлөлт гарахад нөлөөлдөг гэж үздэг. Үнийн бүхий л өөрчлөлтүүд нь тэгш хэмтэйгээр нэгэн зэрэг өөрчлөгдөх бөгөөд иймд мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхэд түр хугацаанд үнийн шок мэдэгдэх боловч богино хугацааны дараа монетари тэнцвэрт байдал (monetary equillibrium) дахин тогтоход эдийн засгийн үйл ажиллагаа буцаад хэвийн нөхцөл байдалдаа орно хэмээн мэтгэнэ.

Монголбанкны Ерөнхийлөгч саяхан “Инфляци түр зуурынх, битгий санаа зов.” хэмээн мэдэгдсэний цаад онолын үндэслэл нь энэ юм. Нэгэнт эдгээр онолын сургуулиуд инфляцийн тухайд ийм анхдагч аксиомуудыг баримталдаг учир инфляцаас төдийлөн эмээдэггүй. Харин ч инфляци нь улс үндэстний нийт эдийн засагт ямар их ашиг тустай болох талаар олон зүйлсийг өгүүлж чадна.

Австрийн сургууль дээрх үндсэн аксиомыг нь төөрөгдөл гэж мэтгэнэ. Мөнгөний саармаг шинж нь бодит байдал дээр оршдоггүй. Мөнгөний нийлүүлэлт хэзээ ч нэгэн адил цаг хугацаанд, нэгэн зэрэг зах зээлийн бүх сувгаар нэгэн ижил хэмжээтэй явагдах боломж үгүй. Тийм байдаг байлаа ч гэсэн бараа бүтээгдэхүүний харьцангуй үнэд яг ижил нөлөөлөл үзүүлэхгүй.

Мөнгөний нийлүүлэлт нь зах зээлд нэвтрэхдээ тодорхой сувгаар нэвтрэх агаад ингэх явцдаа бараа, бүтээгдэхүүн тус бүрийн харьцангуй үнийг өөрчилдөг. Энэ өөрчлөлт нь хувь хэрэглэгч бүрийн ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх тухай хувийн шийдвэрүүдэд нөлөөлнө. Тухайлбал, зарим нэг барааны үнэ өсөхөд түүнээс татгалзаж орлуулах бүтээгдэхүүн хэрэглэх гэх мэт. Хүн үйлддэг, хүний үйлдэлд нөхцөл байдлын өөрчлөлт маш нөлөөтэй. Энэ маягаар мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх, буурах үйл явц нь зээлийн хүүгийн зах зээлийн хэмжээнд хүртэл нөлөөлдөг. Үр дүнд нь хуримтлал болон хөрөнгө оруулалтын төлөв (pattern) өөрчлөгддөг. Иймд мөнгө нь эдийн засагт саармаг бус шинж чанартай гэж Австрийн сургууль үздэг юм.

Анх Францын эдийн засагч Ричард Кантильон (1680-1734) дээрх мөнгөний саармаг бус шинж чанарыг хамгийн анх танин мэдэж хожим энэ үр нөлөөллийн тухай Мизес, Хайек тэргүүтэй Австрийн онолчид илүү орчин цагийн комплекс эдийн засагт нийцсэн онолуудыг боловсруулсан байдаг.

Кантильон мөнгөний нийлүүлэлтийн эдийн засаг дахь цувраа өөрчлөлтүүдийн олон хэв шинжийг нээн илрүүлсэн төдийгүй мөнгөний нийлүүлэлт нь эдийн засагт дахин хуваарилалт хийгдэхэд хүргэж байгааг олж харсан ба эдгээр өөрчлөлтүүдийг хожим Кантильоны эффект гэж нэрлэсэн. Шинэхэн мөнгөнд түрүүлж хүрсэн хүмүүс үнийн өөрчлөлт явагдаагүй бараа бүтээгдэхүүнийг үндсэн өөрчлөлтгүй үнээр нь худалдаж авдаг ба энэ маягаар тэд хожно. Бусад нь харин зах зээл дэх арилжаа үргэлжлэх тоолонд үнийн өөрчлөлт явагдах болдог тул энэ бүхнээс их бага хэмжээгээр хохирох ба хохирлын хэмжээ нь мөнгө авсан дарааллаасаа шалтгаална. Мөнгийг хамгийн сүүлд авсан хүмүүс хамгийн ихээр хохирно.

Тухайлбал, инфляци ид өрнөөд хүмүүсийн худалдан авах чадвар тартагтаа тулж байгааг засаг олж хараад тэтгэвэр нэмэх боллоо гэж бодъё. Энэ тэтгэвэрийн нэмэгдлээс өмнө тэтгэвэр авч байсан хүн өөр орлогогүй учир худалдан авах чадвар нь багасах хэрээр маш их хохирсон байж таарна. Ерөөс инфляци нь ядуусыг хамгийн их хохироож, тэдний худалдан авах чадварыг бууруулах замаар баялгийг орлого багатайгаас эрх мэдэлтэй ойр хэсэгт дахин хуваарилдаг.

Мөн мөнгөний нийлүүлэлт тухайлан аль сувгаар зах зээлд нэвтэрсэн нь их чухал. Хэрэв мөнгөний нийлүүлэлтийг нэмэх замаар цалин тэтгэврийг нэмсэн эсхүл хүн бүрийн гар дээр бэлэн мөнгө тараасан бол юун түрүүн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ. Хэрэв бизнесийн зээл хэлбэрээр зах зээлд цутгасан бол үйлдвэрлэлийн хэрэгслийн үнэ өсдөг. Тухайлбал, барилгын салбар луу мөнгө цутгасан бол барилгын материалын үнэ нэмэгдэж, орон сууц үл хөдлөхийн зах зээл хөөсрөх юм.

Энэ маягаар инфляцийн эффектүүд аль сувгаар мөнгөний нийлүүлэлт явагдсанаас шалтгаалж эдийн засагт олон янзын өөр үр дагаврууд үзүүлнэ. Голчлон үзүүлэх нөлөө бүхний нэг нийтлэг шинж нь мөнгөний нийлүүлэлт нь зах зээлийн үнийн сигналыг бусниулчихдаг тул эдийн засагт ашиггүй, буруу хөрөнгө оруулалтууд (malinvestment) ихээр хийгдэхэд хүргэж эдийн засгийн үйл ажиллагааг тогтвортой бус нөхцөл байдал руу хөтөлдөг. Үе үехэн тохиох эдийн засгийн унах, сэхэх (boom and bust) бизнесийн мөчлөгийг Австрийн сургуулийн эдийн засагчид мөнгөний нийлүүлэлтийн өсөлттэй холбож тайлбарладаг.

2. СТАТИСТИКИЙН СОГОГ

Инфляци нь зөвхөн үнийн өсөлт төдий биш эдийн засагт олон цуварсан өөрчлөлтүүд явагдахад хүргэдэг үзэгдэл гэдгийг би дээр дурдсан. Эндээс нэг зүйл ойлгогдоно. Инфляцийн хор хохирлыг бид бодитоор тооцоолох боломжгүй юм. Инфляцийн хор хохиролтой үр дагаврыг бүү хэл, яг бодитоор инфляцаа бид хэмжиж чаддаг эсэх нь ч эргэлзээтэй.

Австрийн эдийн засагчид өнөөгийн мэйнстрийм макроэкономиксийн бодлогыг төвлөрсөн төлөвлөгөөний онол гэж шүүмжилцгээдэг. Ингэдэг учир нь эдгээр сургуулиуд нь статистик ашиглан тодорхой дата цуглуулж, түүнээсээ зах зээлийн ерөнхий төлөв болон хожмын чиг хандлагыг урьдчилан таамагласан модель боловсруулснаар түүндээ тулгуурласан бодлогыг төвөөс хэрэгжүүлэх гэж оролддогтой нь холбоотой. Инфляцийг ч мөн хэмжиж, нөхцөл байдалдаа тохирсон бодлого хэрэгжүүлдэг. Тухайлбал, үнэ тогтворжуулах, инфляцийг онилох гэх мэт.

Мэдээж инфляцийг хэмжих оролдлогууд нь дээр дурдагдсан нийт үнийн хэмжээний өөрчлөлт (aggregate price) гэдэг аксиом дээр суурилахаас бус зах зээл дээрх бараа, бүтээгдэхүүн тус бүрийн харьцангуй үнийг авч хэлэлцдэггүй. Үнийн ерөнхий түвшний өөрчлөлт гэж яриад байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл маш олон төрлийн бараа, бүтээгдэхүүн тус бүрийн үнийг өөр хооронд нь хүчээр нэгтгэчихэж буй хэрэг. Ингэх нь үнэндээ маш утга учиргүй арга хэмжээ юм. Учир нь зах зээл дээр тоо томшгүй олон бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ чухам бие биенийхээ эсрэг цаг мөч тутамд харьцангуйгаар өөрчлөгдөж байдаг. Энэ нь яг л хөрөнгийн бирж дээрх хувьцааны үнийн адилаар цаг мөч тутамд өсөж, буурч байдаг үйл явц юм.

Иймд хэрэглээний үнийн индекс болон үүнтэй төстэй олон янзын үнийн индекс гаргах гэсэн оролдлогууд нь тухайн индексийг боловсруулах явцад сонгож авсан бараа бүтээгдэхүүн буюу индексийн сагсанд байгаа бараа, бүтээгдэхүүнүүдийн үнийн л өөрчлөлтийг тусгадаг. Мөн эдгээр сагсанд чухам ямар бараа, үйлчилгээний үнийг тусгах ёстой тухай объектив хэмжүүр гэж байхгүй. Учир нь хүн бүрийн үнэлэмж, сонголтууд нь субъектив. Иймд инфляцийн статистикууд тухайлбал бизнес эрхлэгч бизнесийнхээ төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай мэдээлэл огт болж чаддаггүй. Тэд зөвхөн хувь бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтөд тулгуурлаж шийдвэрээ гаргахаас биш ХҮИ-ийг тоож авч хэлэлцэхгүй. Бизнес эрхлэгчид зах зээл дээр хүний хэрэгцээг илүү сайн хангахын тулд өдөр тутам өөр хоорондоо өрсөлдөж, шинэ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг өдөр тутам зах зээлд нэвтрүүлж байдаг. Инфляцийн статистикууд эдгээр шинэ бараа, үйлчилгээний үнийг ч тусгаж чаддаггүй.

Иймээс төр засгийн зүгээс инфляцийг тооцох аргачлалаа буюу хэрэглээний сагсанд ямар бүтээгдэхүүнийг сонгож авах ёстой шалгуураа цөөн хэдэн жил тутам өөрчлөхөөс өөр аргагүй. Ингээд энэ бүхэн нь өөрчлөгдөх тутам хэрэглээний үнийн индексийн хувь хэмжээ дагаад өөрчлөгдөнө. Хэрэв засаг инфляци бага байгаа мэтээр иргэддээ харагдуулахыг хүсвэл ингэх бүрэн боломжтой. Их Британийн Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн “Би зөвхөн өөрийнхөө боловсруулсан статистикт л итгэдэг” гэх зэрэг статистикийн согогийг шүүмжилсэн үгс цөөнгүй. Хэрэв хүн эдийн засгийн ухааныг судалваас хуурамч статистикт тулгуурласан макро эдийн засгийн бодлогууд амжилттай хэрэгжиж чаддаггүйг ойлгоход ч төдийлөн хэцүү биш билээ.

ЭЦЭСТ НЬ 

Инфляцийн сэдвийг эргэн сөхвөл, дээрх хэлэлцүүлэгт санаа оноогоо нэмэрлэбэл миний хувьд хамгийн товчхондоо гэхэд л дээрх бүхнийг дурдахгүй байж чадахгүй. Цааш үргэлжлүүлээд инфляцийн тухай яриад байвал яриад байж болно. Тухайлбал, инфляци нь үнийн хяналтын арга хэрэгсэл, хувийн өмчийн эсрэг инститүүцлэгдсэн довтолгоо гэх мэтээр ярьж болно. Хулгай, луйвар илт гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг ч дурдаж болно. Инфляци зарим нэг хүмүүст юу ч бүтээхгүйгээр улс үндэстний баялагаас асар их мөнгө унагах шамшигдуулах боломжийг олгодог.

Иймд инфляцийн тухай хэлэлцэхдээ бид зөвхөн үнийн өсөлтийн сэдвээр хязгаарлаад орхиж болохгүй юм. Эцэст нь Австрийн аугаа эдийн засагч Людвиг фон Мизесийн инфляцийн тухай хэлсэн үгийг эшлээд энэ бичвэрээ төгсгөе дөө. Энэ үг дангаараа инфляцийн тухай маш ихийг хүнд ойлгуулж чадах биз. 

“Инфляци бол Ардчиллын эсрэг үйлдэл юм. Ардчилсан хяналт гэдэг бол төсвийн хяналтыг хэлдэг. Засгийн газар зөвхөн татвараар санхүүжих ёстой. Парламентын зөвшилцөлгүй ямар ч татвар нь хууль бус. Хэрэв Засгийн газарт санхүүжилтийн өөр бусад арга хэрэгсэл байгаа тохиолдолд Засгийн газар өөрийгөө дээрх хяналтаас чөлөөлж чадна. Засгийн эрхэнд буй нам хүнд татвар буулгаар олон нийтийн өмнө нэр хүндээ үгүй хийхийг хүсдэггүй учир тэд ихэвчлэн инфляцийн зам руу хальтрах нь элбэг”.

Н.ХАСАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ФИФА-гийн тэргүүн Оросын багуудад тавьсан хоригийг эргэн харахыг уриалав 3 мин Ж.Дэлгэрсайхан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар сонгогдлоо 3 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 5 мин Нэгдүгээр сард 7300 гаруй гадаадын иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 15 цаг 3 мин Ерөнхий сайд иргэдийг эх оронч худалдан авалт хийхийг уриалав 15 цаг 4 мин Энэ жил 5000 айлыг хийн түлшинд шилжүүлнэ 15 цаг 4 мин Дүүжин замын тээвэр төслийн ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна 15 цаг 5 мин Грэммийн 68 дахь наадам улс төржсөн уур амьсгалтай болж өнгөрөв 15 цаг 57 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн хүрээнд 18 томоохон объектыг буулгаж эхэллээ 15 цаг 58 мин Аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээ эхэллээ 15 цаг 58 мин Сургуулийн ойролцоо хоёр хүүхэд машинд мөргүүлжээ 15 цаг 59 мин Цанын өртөөчилсөн аялал Алтанбулагаас Улаанбаатар хүртэл үргэлжилж байна 15 цаг 59 мин Цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Цагаан сар” тэмцээн эхэллээ 16 цаг 0 мин Гол, мөрний мөс хангалттай бэхжээгүй тул зорчихгүй байхыг анхааруулав 17 цаг 50 мин Энэ сард цаг агаар тогтворгүй, хүйтрэх төлөвтэй байна 17 цаг 51 мин “Бурхантын өвлийн наадам”-ын шилдгүүд тодорлоо 17 цаг 51 мин Хөвсгөл аймаг анхны зоотехникчдээ төгсгөлөө 17 цаг 52 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспортын сарын хэмжээ 2 сая тонн давлаа 17 цаг 53 мин Дорноговьд “Их говийн тэмээ-2026” наадам болж, 350 бүсгүй Гиннесийн амжилт тогтоохоор жагсжээ 17 цаг 55 мин Цагдаагийн байгууллага долоо хоногийн гэмт хэргийн нөхцөл байдлыг мэдээллээ 19 цаг 50 мин
iИх уншсан
"Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүлл... Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нэ... Зөрчлийн торгуулиа Е-Mongolia цахим системээр шалгаж, төлөх ... Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл... "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион ... Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ Сумоч Б.Мөнх-Оргил буюу Тамаваши Гиннесийн дээд амжилт тогто... Канад улс монгол оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
Top