x

“570” унасан “ХУЛГАЙЧ”

I. Диваажин хаана вэ?

Саяхан нийтийн сүлжээнд явж байсан “Зайсанд амьдарч 570 унасан нэгэн уйлж байхад, долоон буудалд хоногийн хоолгүй айл баяр хөөрөөр дүүрэн байна” хэмээсэн нэгэн постыг олон хүн таалж харагдлаа. Хүний амьдралд баяр гуниг ээлжилж, уйлах нэг өдөр байхад инээх хүрээд ирдэг нь хорвоогийн жам л даа. 

Өнгөн талаас нь харахад “Хоол унд гэхчлэн аж төрөхийн хүлээснээс аз жаргал нь чөлөөлөгдсөн Бодисадва”-гийн тухай ч юм шиг. Гэтэл, гэм зэмгүй юм шиг гаргалгааны цаана “Жаргая гэвэл Долоон буудал хавьд амьдар. Гэвч тэнд баян чинээлэг хүмүүс бишгүй тул нарийвчлан шинжээд, хоногийн хоолгүй хэсэгт очиж амьдар, тэнд л жаргал байгаа” хэмээн шивнээд байх шиг.

Шивнээд зогсохгүй, хаана жаргал байхгүйг зааж өгөх аж. Зайсанд, хаустай бол жаргана гэхэд хэцүү, за тэгээд бас "лексус 570" машинтай бол аз жаргалыг мөрөөдөөд ч хэрэггүй. Тэнд нус нулимснаас өөр юу ч байхгүй болохыг бас шивэгнээд байх ажээ. Зайсанд байртай улсын дунд хог шаар, хулгайч байж болох ч арай бүгдээрээ биш байлгүйдээ. Эсрэгээрээ, Долоон буудал хавьд л хүний хайлангууд бөөгнөрсөн бөгөөд ялангуяа хоолгүй хонож байгаа айлуудад жинхэнэ бодисадва нар бүрэлдэж байгаа гэдэг нь юу л бол?  Хутагт гэгээдийн хойт дүрийг хүнсний талон авдаг айлуудаас эрвэл зохилтой мэт санагдах ч хаашаа юм бэ?

Асуулт ар араасаа гарч байна. Гэр хорооллын өнгө төрх хэрдээ өөрчлөгдсөөр, Долоон буудал тийшээ усан хангамжийн сүлжээ тавигдаж, гэр хорооллын дундуур засмал зам зурайж, утаанаасаас л салчихвал Зайсанг дагуулахгүй хороолол болох цаг ойртсоор. Тэр цагт газрын диваажин, Сугаавадын орон маань Долоон буудлаас дайжихаас өөр замгүй. Учир нь тэнд үлгэр жишээ сайхан байшин, үнэ цэнэтэй машинтай хүмүүс амьдарч эхлэх тул “өдөр шөнөгүй уйлж гаслах” газар болно байх, бидний ойлголтоор. Ингээд түрэгдэн гарсан диваажин маань Цагаан давааны хог цэг рүү шилжин, нийгмийн сүлжээгээр “Долоон буудлын хаусанд амьдарч, порше унасан нэгэн өдөр шөнөгүй уйлж байхад, Цагаан даваанд хоногийн пиццагүй өнжсөн нэгэн айл баяр хөөрөөр дүүрэн байдаг” гэсэн жиргээ трэнд болох биз ээ?

Аз жаргалтай амьдрахад их мөнгө, баян чинээлэг орчин шаардлагагүй. Учир нь аз жаргал хүний сэтгэл зүрхэнд боловсордог гэж Дорнын мэргэд сургажээ. Гэхдээ тэд мөнгөгүйгээр жаргаж болно гэдгийг сургаснаас мөнгөгүй л болоод авбал жаргана гэж номлоогүй юм шүү. “Мөнгөгүйгээр жаргаж болно”, “мөнгөгүй байж байж л жаргана”. Эсрэг тэсрэг хоёр ойлголт. “Мөнгөөр аз жаргалыг худалдан авч болдоггүй” гэсэн логик яван явсаар мөнгөгүй л бол аз жаргал өөрөө хүрээд ирэх тухай сургааль болсны учир юу вэ?

II. Мөнгө ба Зовлон

Мөнгөтэй, эд хөрөнгөтэй л болоод ирэхээр зовлонгийн далай руу үйчихдэг юм бол энэ амьдрал чинь ер нь ямар утга байна аа, аан!

Сайхан амьдрах зорилго, сурч боловсрох эрмэлзэл, мөрөөдлийн орон сууц энэ тэр ч тэгэхээр одоо юу болох гээд байна? Асуудлын гол нь бидний хандлагад байгаа юм.

Хуучин соцреализм хийгээд “Халтар царайт” гэхчлэнгийн Латин америкийн ядуу нийгмийн урлагт нэгэн түгээмэл онцлог бий. Манай талын баатар нь ядуус байдаг. Тэд баячуудаасаа болоод зовж байдаг ба баячуудаа ялснаар дуусна. Ийм урлагийн “Хэппи энд” буюу “аз жаргалтай төгсгөл” нь баячуудаа үгүй болгох явдал. Биднээс, тийм ч хол юм биш. Монгол ардын ихэнх үлгэр ноорхой дээлтэй, туранхай даагатай өнчин хүү баян ноёноо ялж хамаг юмыг нь аваад амар сайхан жаргадаг. Үндсэн философи нь сайн хүн ядуу байдаг, хэрвээ тэд зовж байвал шалтгаан нь баячууд. Жаргая гэвэл зовлонгийн шалтгааныг арилга гэдэг. 

Латин Америк, Орос орны нийгмийн сэтгэхүй нь төрийн дампуурал, коммунист бүтээн байгуулалтаас голлон хамаардаг бол биднийх хавсарсан шалтгаан, хам шинжтэй. 

Нүүдэлчид хэзээ ч үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн капиталтай явсангүй. Төр ёсны түүх нь хоёр мянганаар яригддаг Монголчууд бидний хувьд хөрөнгө капиталын хорь гучаадхан жилийн туршлагатай. 2000 доторхи 20-30, хэдэн процент болохыг бодоод үз. Үүн дээр, ХХ зууны нүүдлийн социализмын үзэл санааны хорлонт өвийг нэмчих хэрэгтэй. Эндээс л мөнгөнд дуртай мөртлөө мөнгөтэй хүнийг үзэж чаддаггүй сэтгэлгээ маань гарч байгаа юм.

Гэхдээ энэ бол асуудлын зөвхөн нэг тал нь.

Мөнгөгүй аз жаргалын шинэ хувилбар, сурталчилгаанд чи юунд эмзэглэв гэхээр ийм юм. Бодсон шиг чинь, баячуудад долигносон юм ч биш. Тэр ч байтугаа, өөрөө мөнгөнд дуртай мөртлөө, мөнгөтэй хүнийг үзэн яддагийг чинь шоолох ч гэсэн юм биш. Ийм үзэл санааны нийгэм, эдийн засаг, улстөрийн хор хохирол нь зүйрлэшгүй их учраас л сөхөж байгаа юм.

Эрт цагийн “Мөнгөөр аз жаргалыг худалдан авч болохгүй”, “Мөнгөгүй ч гэсэн сэтгэлийн амгаланг олж болно” гэсэн гүн ухаан нь өнөөдөр “Мөнгөгүй л бол аз жаргалтай” гэсэн улстөрийн философи болсон. Энэ философийг ядуу орны дарангуйлагчид их хэрэглэх болжээ. Нийгмийн баялгийг нь хэдүүлхнээ тонон дээрэмдээд, олон түмнийг ядуу зүдүү байлгаж байгаа нь буянт үйл болох гээд байна, энэ философиор. Нэг үгэндээ, ард түмнээ Зайсангийн хаусанд амьдарч, Лексус 570 унаж, нус нулимсандаа хутгалдахаас сэргийлсэн хэрэг байх гээд байгаа биз?

Ард түмэн ч гэсэн “Муусайн баячууд зовж байгаа. Бид чинь ядуу тулдаа л жаргаж байна” гэсэн ойлголттой байвал тэднийг тонон дээрэмдэж, дарлаж байхад хичнээн амар байхсан билээ?... “Зайсанд амьдарч 570 унасан нэгэн уйлж байхад, долоон буудалд хоногийн хоолгүй айл баяр хөөрөөр дүүрэн байна”... Хаашаа хальтраад байна, манай нийгмийн философи?

Авилгачин дарангуйлагчид үзэл санааны дайснуудынхаа хөрөнгийг хурааж, дээрэмдэж авах процессоо хүмүүнлэгийн үйл хэрэг болгож харагдуулахдаа дээрх уриаг бас хэрэглэдэг.

Манайд авилгатай тэмцэх, авилгыг үзэн ядах үзэл санааг маш амархнаар “өмч хөрөнгийг үзэн ядах” үзэл болгон ядах юмгүй хувиргаж байна. Жишээлэхэд, “Эрдэнэтийн 49 хувийг улсад хурааж авах”, “Шив шинэхэн” улс төрийн хэрэгтнүүдийн хөрөнгө хогшлийг хураах шийдвэр нь цаагуураа их сайн үйл, наанадаж л ОХУ-аас Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан иргэдээ муу хүн болохоос аварч байгаа буянт явдал гэсэн уур амьсгал үлээж байна. Үндэсний хөрөнгөтнүүдээ зовлонгоос аварч “хоногийн хоолгүй жаргал” рүү л чирээд байна аа даа, янз нь.

Эд хөрөнгө Зовлонгийн шалтгаан болдог гэдэг нь бидний төсөөлдөг шиг аливаа хүмүүн сайхан байшинтай болуутаа л гай зовлонд нэрвэгддэг, үнэтэй машин аваад л маргааш нь нус нулимсандаа хутгалддаг гэсэн үг огоот биш. 

Тэр ч байтугаа Будда Шагжаамунь ханхүү байсан. Чухамдаа юм бүхэнтэй байсан нь түүнийг юм бүхнээс уйдаж, орчлонгийн үнэнийг хайхад хүргэсэн байх талтай. Хүний хүсэж болох юмыг бүгдийг дүүргэсэн ордонд байсан хүн л хүсэл гээч юм өөрөө ямар ч утгагүйг олж харсан байж болох юм. 

Бурханы номд ядуу хоосон хүн хоногийн хоолоо олж идэхийг л санаашрахаас бус гэгээрэн боловсорч амьтны тусыг үйлдэх санаа төрөх боломж бага гэдгийг хэлж сургасаар ирсэн. Олон амьтанд өглөг өгч, өлсөх гачигдахын зовлонгоос аварч явсны буянаар эд баялагтай болоод дутагдах гачигдахын зовлонгоос салдаг тухай сургадаг юм шүү.

III.Сайн явах санааных

Латин Америкийн ядуу нийгэм, Орос-Зөвлөлтийн урлаг, соцреализмын философийг киногоор жишээлэн дээр өгүүлсэн. Харин, алаан хядаанаар дүүрэн хэмээн байнга шүүмжлэгддэг Холивудын киноны философи тэс өөр шүү. Тэнд баян ядуугийн зөрчил өрнөдөггүй, түүний оронд шударга ба шударга бусын хооронд алаан болоод шударга нь ялаад дуусдаг. Баахан хүн алчихаад үнсэлдээд дуусдаг нь үнэн л дээ, гэхдээ хоёр хулгайч алалдлаа гэхэд харьцангуй шударга байсан хулгайч нь ялдаг даа. Америкийн нийгмийн философи мөн үү, баян ядуугаас үл хамаараад шударга нь ялж байх.

Хүний хорвоод бид жаргах гэж төрсөн. “Эх орныг хайрлах гэж, нийгмийн баялгийг бүтээх гэж төрсөн” гэдэг бол зүгээр л суртал нэвтрүүлэг. Чи жаргах гэж төрсөн ба жаргах явцдаа шинэ шинэ аз жаргалынхаа үндсийг бүтээж, бусдадаа сайн сайхныг бэлэглэж, эх орноо хайрлалцаж, нийгмийнхээ баялгийг бүтээж байдаг. 

Бурханы шашинтнуудын тавьдаг ерөөлийн эхний мөр “Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгаанаас үл хагацах болтугай” хэмээн эхэлдэг юм шүү.

Эд баялаг бол хүнийг дутагдах гачигдахын зовлонгоос авардаг хүчин зүйл. Жаргал гэдэг бол зовлонгоос салахын нэр учраас гачигдахын зовлонгүй явах юутай сайхан. “Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацах болтугай”, мөн үү?

Хүний хүсэл шунал хазааргүй учраас хөрөнгөтэй болоод сэтгэл ханахгүй. Тийм учраас, “Чичрээд дайрдагаа больчих” л гээд байгаа юм. Мөнгөтэй ч зовно, мөнгөгүй ч зовно гэдэг үнэн боловч чанарын ялгаатай. Мөнгөтэй өвдвөл ядаж л гадаадын сайн эмнэлэгт эмчлүүлээд эдгэрэх найдвар их шүү дээ. Машинтай ч гуниглана, машингүй ч гуниглана гэдэг үнэн боловч бас л чанарын ялгаатай. Ядаж л машинаа унаж хээр гараад, уулын цэнгэг агаар амьсгалахад сэтгэл уужрана даа.

Мөнгөтэй ч жаргаж чаддаг, бас мөнгөгүй байлаа гээд жаргалаа алдалгүй “Хамаг амьтан зовлонгүй амгалангаас үл хагацах болтугай” хэмээн цааш нь ерөөдөг нь учиртай. 

Жаргах аргаа болохгүй, жаргах замаа олохгүй байхыг л зовлон гэдэг.Тийм учраас “Хамаг амьтан хол, ойр тачаах хийгээд уурлахаас хагацаж тэгш сэтгэлээр орших болтугай” хэмээн ерөөлөө өндөрлөдөг.

Зорилго бүхэн өөрийн тугтай, уриатай. Уриа зорилго хоёр зөрчилдөж болохгүй. Баян чинээлэг нийгмийг байгуулах гэж байж хөрөнгө мөнгийг үзэн ядах философитой явж таарахгүй. Монголчууд нийтээрээ баян чинээлэг амьдарч, хүний хэрэглэдэгийг хэрэглэх ёстой. Харин “Хаусанд амьдарвал зовж, долоон буудалд ядуурч суувал жаргана” гэсэн мессежтэйгээ явбал дээрх зорилгодоо хүрэхгүй. Бодоод үз дээ, эмчид үзүүлсэн хүн үхдэг гэсэн бодолтой бол ямар ч сайн эмнэлэг тэр хүнийг аварч чадахгүй шүү дээ.

(Хамгийн хорлонтой нь дээр өгүүлсэн, соцреалист ёс суртал нь нийгмийг залхуу байдалд уяад, юу ч бүтээлгүйгээр (юу ч бүтээдэггүй хүн л мөнгөгүй хоосон байж таарна) жаргахыг уриалаад байна. )

Хэрвээ, баян хүн болгон л хулгайч болж харагдаад байгаа бол чиний толгойд хулгай хийхээс өөрөөр баяжих арга орж ирэхгүй байгаатай бас холбоотой. Бусдын тухай дүгнэлт гаргахдаа хамгийн түрүүнд “Хэрвээ би түүний оронд байсан бол яах вэ” гэж бид боддог. Зарим судлаачийг “Адууны идэш тэжээл судлаад ир” гэхээр, өрөөндөө ороод “Хэрвээ би морь байсан бол юу идэх вэ” гэж бодоод суучихдаг тухай онигоо байдаг нь тийм учиртай.

Гэхдээ, уурлахаа азна! Энэ бодол чинь чамайг төрөлхийн хулгайч болохыг нотолж байгаа хэрэг бус, харин бизнес сэтгэлгээгээ хөгжүүлж амжаагүйг л хэлж байна. Өнөөдөр, шударга хөдөлмөрөөрөө хөрөнгөжсөн олон хүн анхандаа ийм бодолтой явсан ч байж мэднэ. 

...Баялгийг үзэн ядах, хулгай луйвартай тэмцэх хоёр тусдаа. Түүнчлэн, хулгай луйврыг үзэн ядах үзлийг хувирган “Баялгийг үзэн ядах үзэл” болгох бол улс төрийн нарийн арга. Энэ арга барил хувийн өмчийг тонон дээрэмдэх, булаах явдлыг зөвтгөх төдийгүй хүмүүнлэг алхам болгон харагдуулдаг. 

Харин хулгайч нарын тухайд бол... Хууччуул, хулгайч хүн нас насалдаггүй л гэж ярьдаг юм билээ.

2021.08.25

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 20 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 21 цаг 39 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top