x

Хятад улс: Наси нарын ахуйн жаргал

Эхийн эрхэт ёсны онолоор бол хүн төрлөхтний амьдралын эхэнд дэлхийг эмэгтэйчүүд захирч байсан гэх. Энэ бол таамаг л даа. Гэхдээ үлгэр, домог ба эртний зохиолч нарт итгэх юм бол хэзээ нэгэн цагт гэр бүл ба улс төрийн эрх мэдэл нь эмэгтэйчүүдэд байсан нийгмийн бүтцийн тийм хэм хэмжээ ердийн үзэгдэл байжээ. Өдгөө эрчүүд биш эмэгтэйчүүд “хошуучлах” нийгэмлэг хуруу дарам цөөн. Тробрианы арлуудын меланезичүүд, Далайн бүсийн Трук арлын микронезичууд Баруун Сумартрагийн малайчууд... гэх зэргийг дурьдаж болно. Охид төрөх нь гэр бүлийн азгүй учрал гэх улсад эхийн эрхэт ёсны нэгэн “арал” байдаг нь сонирхолтой. Хятадын нэг үндэстэн насийн эмэгтэйчүүд тэнд охин болж төрөх нь муу гэдгийг үгүйсгэх аж.

Хятадаас Түвдэд хүрээд эргэх худалдаа наймааны чухал замуудын огтолцлын цэгт, дэлхийн хамгийн сүрлэг уулсын энгэрт наси үндэстэн аж төрдөг. Тэд 300 мянга гаруйхан гол төлөв Юньнань, Сычуань муж ба Түвдийн өөртөө засах оронд амьдарна. Албан бусаар Хятадад хүлээн зөвшөөрөгдөж зарлагдсан 55 үндэстэн ясны нэг бөгөөд үнэн хэрэгтээ өөрсдийн соёл иргэншлэлээ хадгалаад үлдсэн, байгаль орчинтойгоо зохицон амьдардаг сонирхолтой хүмүүс ажээ.

Европ наси нартай танилцсан нь саяхан. Өнгөрсөн зууны дөчөөд оны сүүлчээр австр-америкийн жуулчин Жозеф Рок ба Оросын цагаантны офицер байсан Петр Гуляр нар тэдэнд өөрсдийн номыг зориулсан байлаа. Эдгээр номууд гарснаас хойш энэ эртний ястны гарал үүслийн талаарх маргаан үл тасрах аж. Наси нар Түвдийн уулархаг өндөрлөгөөс Юньнань мужид бууж ирсэн нь тогтоогдоод байгаа. Тэдний ариун судар бичигт нь түвдийн бичгээс тааралдах ба сарлаг болон өндөрт амьдарч байсныг дурссан нь их. Насигийн хэл нь түвд-бирмын хэлний бүлэгт багтдаг. Өөрсдөө түвдүүдийг “том ах”, бирмчуудыг “бага ах” гэж дуудах аж.

Эдгээр үндэстнүүд хоорондоо төстөй харин хувцас хунар ба уламжлал нь цагийн нугачаанд салжээ. Хятадын Тан улсын (618—907) үеэс наси сайн дураараа Дундад улсын соёлыг авч эхлээд өнөөг хүртэл үргэлжлүүлж буй. Эрчүүд нь орчин цагийн хань үндэстэн маягаар хувцаслана. Харин эмэгтэйчүүд нь өөрсдийн уран зургийн стилиэрээ гангардаг.

Гэсэн ч баяр ёслооор Лизян аймгийн эмэгтэйчүүд хар тюрбан маягийн малгайгаараа гоён чихэндээ томоос том мөнгөн ээмгээ зүүгээд мөрөн дээгүүрээ хоний нэхий шидлэн банзалаа бараг газар хүрэхээр хэмжээтэй зурмал бүсээр бүслэх аж.

Ер нь бол энэ ястны эмэгтэйчүүд уламжлалаа хадгалан үлдэх талдаа ихээхэн амжуулсан хүмүүс ажээ. Өдгөө насийн хоёр салаа тодордог. Эхнийх нь наси Дундад улсын оршин суугчдаас ихээхэн зүйлийг нь эзэмшээд авсан байгаа.  Хоёр дахь мосо нь уламжлалт амьдралынхаа хэмээр явж эхийн эрхт ёсыг барина. Наси нарын гол хот Лизяны зүг чиглэн хойшоо гарахад хэрэв зам харгуйг бороо, цас, чулуу, шорооны нүүдэл хаачихгүй бол хэдхэн цагийн дараа эмэгтэйчүүдийн “вант улсад” ороод ирнэ.

Машид үзэсгэлэнтэй Лугу нуурын эргээр амьдрах мосо нар өөрсдийн гэсэн хууль журамтэй. Мосо нар дөнгөж 30-40 мянган хүн боловч тэдний нийгэмлэг ер бусын гэдгийг хүн судлаачид хэлдэг. Шинэ төрсөн хүүхдэд нэр өгөхөөс эхлэн эд хөрөнгөө захирах, өв залгамжлагч нараа тодруулах зэрэг бүхнийг эмэгтэйчүүд нь гардан хийж удирдах аж. Албан бус гэрлэлтийн ачжу гэх практик нь улс орны хууль, эрх зүйгээс дээгүүр давамгайлна.

Гал голомтоо асаан бадрааж, орон гэртээ халуун дулаан уур амьсгалыг  барих нь эмэгтэйчүүдийн үүрэг л гэнэ. Эхийн эрхт ёсны бэлгэдэлийг эмэгтэйчүүд хариуцдаг. Эрчүүд шашин шүтлэг, мөргөл барьцаа өөрсдийн алба гэж үздэг. 

Гэрийн эзэн хэн бэ?

Лугу нуур дээгүүр мосо нарын шүтэх Гему хайрхан сүндэрлэнэ. Тэд ер нь бол наси нарынхаа адил уул, усныхаа онгон савдагийг шүтэх ба эхийн эрхт нийгэмлэгт өөрөөр байж болохгүй биз. Эх хүний дүр нийгмийн хэм хэмжээнд нь давамгайлдаг.

Мосогийн нийгэмлэгийн үүр нь гэр бүл ба тэр нь эхийн гэр бүл. Хүүхдүүд нь эхийн гал голомтоо үл орхих бөгөөд охид нь нөхөрт гарч, хүү нь эхнэр аваад явна гэж үгүй. Нэгэн бүл болоод л гуч, дөчөөрөө хоёр, гурван үеэрээ цуг амьдрах аж. Бүлийн тэргүүн нь ахмад эмэгтэй нь. Эхийн овгоор Бар-эх эсвэл Цэцэг-эх гээд л овоглоод явах жишээтэй. Эх нь овгийнхоо ажил үйлст гол үгийг хэлж, санхүүг нь хариуцна.

Гэр бүл бүрт нь бас гэрийн эзэгтэй байгаа. Хамгийн сэргэлэн эмэгтэй нь өдөр тутмынхаа амьдралыг зохицуулах аж. Гэр бүлийн хурал ч гэх үү зөвөлгөөнөөр сонгогдсон гэрийн эзэгтэй нь нэг ёсны гүйцэтгэх захирал юм шиг байна. Харин эцсийн шийдвэрийг эх л гаргана. Өглөө эртнээс гэрийн эзэгтэй тушаал мушаал өгч ажлаа хувиарлана.

Эхийн эрхт ёсны гэх тийм нийгэмлэгт тэгш эрх гэгч үгүй учир хамгийн чухал, хамгийн хариуцлагатай ажлууд эмэгтэйчүүдэд нь ирнэ. Тариалангийн талбайд ажиллах мал хариулах зэргийн бүдүүндүү ажлыг эрчүүд нь  авах ажээ. Эрчүүд нь эсэргүүцэл гаргана гэж ёстой үгүй. Харин ч хариуцсан ажлаа гүйцээчихээд дараагийн захирамжийг хүлээн тайван суух буюу хашаанаасаа гараад явчихна.

Эсрэг хүйстнээ хариуцлага муутай нөхөд гэх учраас мосо эмэгтэйчүүд гомдож, гутарах гэдгийг үл мэднэ. Эндхийн эрчүүд наснаасаа үл хамааран хөрөнгө, мөнгө гэгч огт үгүй. Бүлээсээ гадуур олсон мөнгөө гэрийн эзэгтэйд тушаах аж. Эмэгтэйчүүд нь захирч л байх, харин бид ольёо гэвэл ч олно гэсэн маягтай.

Гэхдээ энэ нийгэмлэгт эрчүүдийн үүргийг бас ч дутуугаар үнэлж болохгүй. Тэд зарим нэг ёслолыг гадан явуулж халуун бүлийнхээ сайн сайхны төлөө мөргөлөө хийдэг.  Орой бүр гэр бүлээрээ хооллох ба асуудлаа ярилцахдаа тэд том эхийнхээ өрөөнд цуглардаг. Тасалгааны төвд гал голомт нь байх ба цаана нь бурхан шүтээн нь бий.

Гал үргэлж асаалттай байх бөгөөд түүнийг эмэгтэйчүүд л гардан харицна. Хоолоо идэхийн өмнө шүтээндээ  өргөдөг. Харин түүнийг эр нь даах ажээ. Хүүхдийг эрчүүд дагнан хүмүүжүүлдэггүй ч эрчүүдийн нөлөөг нь эхийн ах нь тэдэнд үзүүлдэг.  Том авга бараг л гэрийн эзэгтэйн хэмжээний нөлөөтөй.

“Эцэг”, “нөхөр” гэсэн үг эртний бичиг үсэггүй мосо хэлэнд байдаггүй. Мөн тэнд “аллага”, “хүчирхийлэл”, “дээрэм” гэх үг бас огт байдаггүй гэнэ. Мосо тийм үзэгдлүүдээ дарсан юм уу эсвэл огт мэдээгүй бололтой. Догшин загнах нь ичгэвтэр гэж тооцогдох ба зөрөлдөөн гарлаа гэхэд цус нэг учир гэр бүлээрээ л шийдээд өгнө.

Дунбашилоу сүм Хаш булаг гэх тосгонд байрлах ба дунба шашныг үндэслэгч Шилоуд зориулагджээ. 

Зохицолдоонд үйлчлэх дунба

Эхийн эрхт ёсноос гадна тэд буддизмын тав дахь урсгал гэж Далай ламын тодруулж өгсөн дунба шашныг шүтдэг. Дунбагийн бөө нар наси үндэстний дунд хамгийн хүндтэй хүмүүсийн нэг. Тэд байгаль хүн хоёрын зохицолыг хийж өгдөг ажээ.  Тэдний ажил  их л тустай бололтой.

Учир нь өнөөгийн Юньнань муж Хятаддаа хамгийн сайн экологитай, үзэсгэлэнтэй нутаг. Тэнд Хятадын ургамал, амьтны аймгийн тал хувийг үзэж болно. Байгал орчноо хүндлэх нь насигийн амьдралын гүн ухаан юм. Ан амьтан, ургамал, хүн нь хоёр эхээс төрсөн эцэг нэртэй цусан “ахан дүүс” гэж дунба итгүүлдэг. Хүн хуурай газарт түүний цусан төрлийн ахан дүү Шу усанд амьдардаг гэж тэд итгэдэг.

Цагаан сарын хоёр хаврын дунд сард тэд Шу бурхандаа мөргөл, тахил үйлдэн Лизян хотын Хар лууны цөөрмийн эрэгт ёслол хийдэг.  Шашин шигээ ер бусын болох дүрст бичиг нь наси нарт 1000-аад жилийн түүхтэй. Одоогоор мэдэгдснээр 2000 үгийг илэрхийлэх 1400 дүрс байдаг ба тэдний 476 нь идэвхтэй хэрэглэгддэг ажээ.

Уламжлалаар нас барагчдыг ном бичигтэй нь нутаглуулж байснаас судар ном цөөрч, дүрс үсэг мартагдаад ирсэн юм. Хэдэн жилийн өмнө Засгийн газар нь дунбад хандан гар бичмэлээ булшиндаа авч явахгүй байхыг уриалсан билээ. Наси зөвлөлдөөд үүнийг нь биелүүлэхээр шийджээ.

Наси хэлийг сургуульд зааж өнөөдөр Лизянд пиктогрхмхаар бичсэн бичиг хамгийн үнэтэй бэлэг дурсгал болж байна. Дунбагийн бичгийг 2003 онд ЮНЕСКО-гийн гаргасан  материаллаг бус соёлын өвийн жагсаалтад орсон байна.

Чөлөөт дурлал

Харийн хүнтэй амьдрахаар өөрсдийн төрөл төрөгсөдийг орхин явдаг  үзэгдлийг мосо нар ухаан гүйцэшгүй зүйл гэжэ үзнэ. Бид бүгдийн гэр бүл зохиох хэргийг тэд ёстой бүтэхгүй гэдэг. Мосо үндэстэнд байдал огт өөр.

Тэдний ер бусын заншлыг Мин улсын үеийн (1368—1644) зохиолч “Дянь мужийн зураглал” номонд: “Нөхөр, эхнэр хоёр нь өдрийн турш огт тааралдахгүй ба харин шөнө дэрээ нийлүүлэх аж. Хүүхдүүд нь 10 нас хүртлээ эцгээ үл харна. Эхнэр, эмсэд нь хардах сэтгэл гэгч огт үгүй” гэж бичсэн байлаа. Тэр нь тэдний нөгөө алдартай ачжу гэх практик ажээ. Иргэншлэлд ийм зүйл ховор, харин Японы эртний “Цумадои”-д (эхнэрээ эргэх нь) сударт ийм төстөй зүйл байдаг.

“Ачжу” гэдэг үг нь орчуулбал “Ойрхон (хонгор) найз” гэсэн үг аж. Ердийн гэр бүлийн хосуудыг бодвол момогийн хосууд зөвхөн шөнөөр л эмэгтэйн гэрт уулзана. Ийм явж ирж байдаг гэрлэлтээр хүүхдүүд ньэхийн гэр бүлд үлдэнэ. Заримдаа тэд эцэг гэдгээ огт мэддэггүй аж. Миний эцэг хэн бэ? Гэж асуух нь бүдүүлэг хэрэг болдог ажээ. Шөнийн “зочин” гэрийн хүмүүс унтсан байхад ирээд тэндээс тэднийг сэрэхээс өмнө явдаг.

Нийтийн өрөөнд цуг амьдардаг эрчүүдийг бодвол эмэгтэйчууд нь орж гарах хаалгатай тусгай өрөөнд тусдаа амьдардаг. Охид нь насанд хүрсэн гэх 13 нас хүрээд тусдаа “байртай болж авдаг” гэнэ. Энэ өдөр тусгай ёслол хийж залуу “бүсгүйг” гоёоод тусгай өрөөнийх нь түлхүүрийг гардуулан хонгор найзаа хүлээн авахад нь бэлэн болгож өгдөг ажээ. Гэхдээ тэд бэлэгийн амьдралдаа 18 наснаас л ордог ажээ.

Эрэгтэй хүүхдүүд ч энэ өдрөөр бас  “сүйт бүсгүйгээ харах” эрхээ авдаг ажээ. Тэд сонголтоо хийгээд болзохдоо охины өрөөнд уулзах ба жаалхүү шөнөдөө заавал гэрээ ирж хонох журамтай. Орой эрчүүд нуурын эрэгт цугларан болзоонд очих боломжийг хүлээнэ. Болзоог эртнээс тохироогүй бол хүсэлтэй нь бүсгүйн хаалгыг тогшиж болно. Гадаадын хүн ч хамаагүй. Тосгоны эрчүүд ч ялгаагүй. Харин ч эмэгтэйчүүдэд нь тааламжтай. Учир нь тэдний гоо үзэсгэлэн гадна цуурайтна гэдэг. Эвгүй байдал гаргахгүйн тулд эмэгтэйн хаалганд байгаа дэгээнд “шөнийн зочин” малгайгаа өлгөн үлдээнэ. Тэдэнд хардаад, гомдоод байх зүйл огт үгүй. Өглөө нь амрагууд салаад явна. Дахиад уулзах ч юм бил үү?

Ингэлээ гээд тэдэнд гүнзгий сэтгэл байхгүй гэвэл худлаа. Тэд бие биендээ татагдахаа зогстол л жинхэнэ хайр байгаа гэж үздэг ажээ. Хайртай хосууд хэдэн арван жилээр уулзалдан олон хүүхэдтэй ч болсон байдаг. Гэрлэлт нь бүртгэлгүй чөлөөт учир тэнд салж саринах гэх зүйл бас байдаггүй. Хайртай хүн ирж л байдаг явж л байдаг харин хамаатан садан үргэлж хамт гэсэн ойлголтыг  мосо эмэгтэй хар нялхаасаа ойлгож иржээ.

Өмнө нь Лугу нууранд харийнхан хүрч ирдэггүй байв. Харин одоо зам тавигдан амжиргааны төвшин нэмэгдэж байна. “Соёл иргэншлэл” гэж нутгийнхан ярих болсон гэнэ. Гэрэл зургийг ONASIA

Өөрчлөлт ирэх үү?

Өнөөг хүртэл мосогийн эхийн эрхт ёс хүрээлэн буй орчинд тэсвэртэйгээр зохицож иржээ. Жишээлбэл, БНХАУ байгуулагдсаны дараа хятадын коммунистууд гэр бүлийн харилцааг нь албан ёсны болгох гээд “эмэгтэйчүүдийн вант улсад” 100 хүнтэй цэргийн ангийг илгээж байлаа. Мосог гэрлүүлэх армийн төлөвлөгөө нь биелсэнгүй. Түүгээр ч барахгүй  амьдралаараа  холбогдох тэр  үүргээс  айсан мосочууд амиа хорлох нь ихэссэн байлаа. Эцэст нь албан ёсоор бүртгэгдсэн 30 гэр бүлээс 26 нь салж саринаснаар энэ кампанит ажил дуусчээ.

Харин сүүлийн хагаст байдал хувирах тийшээ хандлаа. Хүн хүрдэггүй байсан Лулу нуур хүртэл зам тавигдаж, жуулчдад нээлттэй болсон байна. Жуулчид мосо нарын чөлөөт амьдралд өөрсдийнхөөрөө хандан сексийн чөлөөт эмэгтэйчүүдийг хайх болсон байна. Эмэгтэйчүүд нь ч гоёж гангаран жуулчдад дуу хуур өргөх болжээ. Залуу мосо эрчүүд төрлөх нутгаа орхин харийн амьдрал үзээд үл дасан эргэж ирэхдээ  шинэ шинэ ёс заншил авчрах болов. Саяхан мосогийн нэгэн тосгонд хүүхдийн цэцэрлэг нээгдсэн нь үүний гэрч юм.

Одоохондоо мосо ачжугаар явж байгаа ч тэдний эхийн эрхт ёсон аажмаар устаж эхэлжээ. Зарим нь өөрсдийн гэр бүлтэй болоод авсан байна. Удтал энэ үндэстэн яагаад эхийн эрхт ёсонд захирагдаж ирэв гэдэг асуудалд эрдэмтэд хариулт өгөхийг оролддог. Хэзээ нэгэн цагт эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээс давсан байснаас амьдралын энэ хэм хэмжээ үүссэн байхыг гүйгэсгэх аргагүй. Тэгээд л эрчүүдийг эхийн  голомтоос гаргахгүйгээр шийдсэн болов уу.

Харин одоо Хятадын энэ хязгаарт мосо охид хөвгүүдээсээ илүүтэй төрж буй. Магадгүй тэр охид Дундад улсын хамгийн жаргалтай бүсгүйчүүд байх.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 14 цаг 40 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 15 цаг 39 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 15 цаг 52 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 16 цаг 4 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 16 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 16 цаг 41 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top