x

Аав, ээжийг дагаад явчихмаар санагдсан

Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч

Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ

Чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө

Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлсэн юм.

Яагаад ч юм цэргийн баяр ойртохоор энэ шүлэг хам­гийн түрүүнд цээжинд буудаг юм. Эх орны минь өнцөг булан бүрт эр цэргийн тангараг өргөсөн мянга мянган залуус энхрий хайртдаа ч хэлээгүй энэ эрхэм үгийг эх орондоо л хэлж амлалт өгдөг байх гэж боддог. Өнөөдөр орчин цагийн зэвсэгт хүчин үүссэний 98 жилийн баяр тохиож байгаа учраас Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 015-р ангийг зорилоо. Тус ангийг 1921 онд Их жанжин Д.Сүхбаатарын санаа­чил­гаар байгуулсан бөгөөд ор­чин үеийн зэвсэгт хүчний ууган анги юм. Тухайн үед “Их зэвсэг” нэртэйгээр бай­гуулж, тухайн үеийн анги сал­баруудын зэвсэг хэрэгсэл, галт хэрэгсэл, зэвсэг хими инженерийн хэрэгслийг хад­га­лах, хангах, хамгаалах бо­лон энэ чиглэлийн цэргийн баг мэргэжилтнүүдийг бэлт­­гэх үүрэгтэй ажиллаж байжээ. Тус ангид очихын тулд Хужирбулангийн 15-р буудал дээр буугаад зүүн тал руугаа хэсэгхэн газар өгсөх аж. Жиндүүхэн салхи хацар илбэхээс гадна, энэ өвөл цас бага орсных уу, шороо бужигнаад горигүй. Цэргийн ангийн үүдэнд ма­шин ихтэй байхыг бодоход хөл хөдөлгөөн их бололтой. Шалган нэвтрүү­лэх хэсэгт эмэгтэй албан хаагч, жижүүрийн цэрэгтэй хамт томилгоот үүрэг гүй­цэт­гэж байв. Өөрийгөө танилцуулан ангийн даргад нь ирэх талаараа мэдэгдсэнээ хэлэхэд, бичиг баримтыг минь шалгаад дотоод холбоогоороо даргадаа илтгэлээ. Цаанаас нь зөвшөөрөл олгов бололтой нэвтрэх карт хүзүүнд минь зүүж өгөөд, цааш явах замыг минь заав. Заасан чиглэлийн дагуу явах зуурт ёслолын хувцастай хэдэн хүн зөрсөн. Цэргийн хүмүүс цаанаа л сүр жавхлантай санж. Хажуугаар нь зөрөхдөө мэдэхгүй ч гэсэн ямар нэг ёсолгоо хиймээр ч юм шиг.

Ингээд бодохоор тэд хажуугаар зөрөхдөө ч энгийн хүнийг эмх цэгцэнд оруулдаг сүр бараатай хүмүүс бололтой. Заасан байрны үүдэнд ирэхэд жавхаалаг залуу тасхийтэл ёслоод, ангийн захирагчийнхаа үүдэнд хүргэж ирэв. “Дарга гаднаас ирсэн зочидтой уулзалттай байгаа тул түр хүлээж байгаарай” гэв. Даргын өрөө нь хоёр давхарт байрлалтай юм. Тус давхрын хананд ангийн бие бүрэлдэхүүний урлаг, соёл, спортоор гаргасан гавьяаг үнэлсэн жааз, өргөмжлөлүүд эгнээстэйгээс харахад хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй хамт олон бололтой. “Цэргийн хүнд хоёр амь бий. Нэгд: бие амь. Хоёрт: зэвсэг амь” Жанжин Д.Сүхбаатар хэмээн ханан дээрээ хадсан нь эгэл миний сэтгэлийг огшоов. 2014 онд ах минь цэрэгт татагдаад нэг л удаа эргэлтээр очиж 30 минут уулзалт хийснээс өөр цэргийн амьдралын талаар ойлголтгүй надад энэ амьдрал сонирхолтой санагдаж байв.

Удалгүй тус ангийн штабын дарга, дэд хурандаа О.Энх-Амар надтай уулзав.

Тэрээр “Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан тус ангийн нийт бие бүрэлдэхүүн төлөвлөгөөнд тусгасан соёл, хүмүүжлийн ажлын дагуу баярын өдрөө тэмдэглэн өнгөрүүлж байна. Нийт бие бүрэлдэхүүнд болон цэргийн алба хаагчдад зориулан явуулах ажлууд гэж бий. Дөнгөж сая нийт бие бүрэлдэхүүнээрээ баярын хурлаа хийж, тангаргаа давтан, нэгдсэн тооллого явууллаа. Одоогоор өдөрлөгийн арга хэмжээ маань нийтийн бүжгээр үргэлжилж байна. Энэ жил тус ангийн 40 гаруй алба хаагч Батлан хамгаалах салбарын шагналаар шагнагдаж, 10 гаруй офицер ахлагч 98 жилийн ойг тохиолдуулан алдар цолоо ахиуллаа. Мөн нийслэл болон дүүргийн нэрэмжит олон шагналаар шагнагдсан нь манай ангийн бие бүрэлдэхүүн амжилттай ажиллаж байгаагийн илрэл байх. Цэргийн ангид маань амьдрал өрнөж байгаа болохоор тулгамдсан асуудал, хэрэгцээтэй шаардлагатай зүйлүүд гардаг. Цэргийн байгууллага төрөөс олгосон төсвийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Гэсэн ч бид бүхий л бололцоогоо дайчилж алба хааж байгаа залуусын нийгэм, эрүүл мэндийн боловсролд анхаарч ажиллахыг зорьж байна.Тэдэнд зөвхөн төлөвлөгөөт сургалтууд орохоос гадна, халагдаад явсны дараа нийгэмд хөлөө олоход нь тус нэмэр болох үүднээс иргэний байгууллагуудтай хамтарч ажилладаг. Тухайлбал, цэргүүдийнхээ чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх үүднээс А,В ангиллын жолооны үнэмлэх олгох сургалтад хамруулснаар цэргийн алба хаах хугацаандаа жолооч мэргэжлийг эзэмшиж байна. Мөн англи хэлний мэдлэгтэй офицер ахлагч нараараа цэргүүддээ болон хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг зорьж байгаа бусад ажилтан, албан хаагч нартаа хичээл оруулж байгаа. Гоозүйн боловсрол олгох үүднээс цэнгээнт бүжгийн дугуйлан хичээллүүлэх, спорт, гар урлалын чиглэлээр ч тогтмол секц дугуйлан хичээллүүлж байгаа нь үр дүнгээ өгч байна. Цэргийн алба хаана гэхээр иргэд чөлөө завсаргүй бэлтгэл хийдэг гэсэн төсөөлөлтэй байдаг. Тэгтэл энэ бол эрдмийн алба. Энд тогтсон баталсан хуваарийн дагуу цэргийн эрдэм, ерөнхий эрдэм, эрхзүйн хичээлийн сургалт явагддаг. Мөн эрүүл мэндийн үйлчилгээг алба хаагч хүсвэл ажлын өдрүүдэд, ажлын цагаар хэзээ ч авах боломжтой. Түүнээс гадна төлөвлөгөөний дагуу эмч, сувилагч нар долоо хоногт нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг. Тухайн алба хаагчийн биед үүссэн шарх, сорви, бэртэл гэмтэл байгаа эсэх, халуурсан эсэх гэх мэт бүх зүйлийг нь үзээд дэвтэр дээр нь тэмдэглэгээ хийдэг.Энэ үзлэгээр илэрсэн зөрчил, өвчлөл юу байна. Түүнд ямар эмчилгээ хийх талаар ангийн удирлагуудад танилцуулдаг. Бид 2021 онд тохиох 100 жилийнхээ ойг их бүтээлээр угтах төлөвлөгөө гаргасан. Өнгөрсөн пүрэв гарагт болсон Улсын аварга шалгаруулах цанын тэмцээнд манай гурван тамирчин оролцож, таван медаль хүртсэн амжилт гаргаад байна” хэмээн ангийнхаа талаар танилцуулсан юм. Ингээд алба хааж байгаа цэргүүдтэй уулзахаар байр луу нь очлоо.

Байрны үүдээр ормогц гялалзтал тосолсон гутал эгнүүлэн өрсөн харагдана. Үүдэнд зогсоо хоёр цэрэг жавхаалаг гэгч нь ёслов. Цааш ороход жимбийтэл хураасан хоёр давхар орнууд ярайна. Энэ хэсэгт хоёрдугаар ээлжийн цэргүүд байрладаг гэнэ. Энэ ангийн шаланд нүүрээ ч харж болмоор гялалзаж байна. Хэсэг цэргүүд хоорондоо буу халж байгаа бололтой, биднийг харснаа биенээ нудран инээмсэглэв. Энэ хэсгийг өнгөрөөд хэсэг хугацаанд коридор үргэлжлэх бөгөөд эхний хаалгаар харахад хэсэг цэрэг “HD Монгол” телевиз дээр “Voice“ шоу үзэж, харин наана нь нэг хэсэг нь шатар, даам тоглоод намайг анзаарах ч сөхөөгүй байв. Цаг 16.30 минут болж байна. Тэд 17.30 минут хүртэл чөлөөт цагтай тул ийнхүү суугаа гэнэ. Сонинд ярилцлага өгөх хүн байгаа эсэхийг асуухад бүгд л бие биенээ нудран инээлдэв.

Баянзүрх дүүргээс татагдан ирсэн Н.Мөнхнасан ийнхүү ярьсан юм.

“Би 18 настай. Цэргийн алба хааж эхэлснээс хойш цаг баримтлах, олны дунд биеэ зөв авч явах, бусадтай эелдэг боловсон харьцах, бусдадаа шаардлага тавих, бусдын хэлсэн үгийг сонсох, ах захаа хүндлэх гэх мэт олон зүйлийг сурч байгаа. Энд ирээд дээрээ ахтай, доороо дүүтэй болсных ах нараасаа юм сурах, дүү нартаа зөвлөгөө өгөх ухаанд суралцсан. Хамгийн анхны өглөө эвгүй байсан. Юу хийхээ мэдэхгүй, яахаа мэдэхгүй. Тэр үед дээд оны ах нар тусалж, дэмжсэн. Цэргийн албанд ирснийхээ дараа аав, ээж хоёрыгоо маш их санасан. Энд ирээд сайн зүйл хийж байснаа биш аав ээжийнхээ үгэнд орохгүй гадуур дэмий сэлгүүцэж, санааг нь зовоож байснаа, уурлуулж гомдоож байсан үеэ илүү их бодож өмнө нь хийж байсан алдаагаа ухаардаг юм билээ. Өмнө нь халуун ам бүлээрээ цуглах, хамт байх боломж олон байсан ч тэр үеэ үнэлдэггүй байсан. Харин одоо хүсээд ч хамт байж, уулзаж чадахгүй. Хааяа эргэлт ирэхэд л уулзаж байгаа учраас тэднийгээ их санадаг. Цэрэгт татагдсанаас сарын дараа Тангаргийн баяраар аав, ээжийгээ хараад маш их баярласан. Яг ч уйлчхаагүй. Харин орой нь явах болоход дагаад явчихмаар санагдаад эвгүй байсан. Одоо харин цэргийн амьдралдаа дасчихаад ойрхон эргэлт авахаа больсон. Уг нь ээждээ зориулж захиа бичсэн боловч одоогоор өгч зүрхлээгүй л байна. Уулзалт чөлөөтэй болохоор заримдаа найз, нөхөд ирдэг. Тэр үеэр гэрийнхэнтэйгээ утсаар ярьчихдаг даа. Эх орны хүү болж, эр цэргийн албанд ирсний хамгийн сайхан зүйл нь өглөө бүхэн мандах нартай зэрэгцэн төрийн далбаагаа мандуулах үед өөрөөрөө бахархдаг. Энгийн иргэнээс эр цэрэг болохын тулд олон зүйлийг богино хугацаанд сурах хэрэгтэй байдаг. Цэргийн албаны талаар өмнө нь телевиз, сонин сэтгүүлээс л мэдээлэл авч түүгээрээ төсөөлдөг байсан. Шинэ цэргүүдийг хал цэрэг нь зодоод, шинэ цэрэг л шал угаагаад л хүнд дээрэлхүүлдэг гэсэн төсөөлөлтэй ирсэн. Харин цэргийн албанд ирэхэд шатар тоглож, гадаа сагс тоглоод, бүжиглээд л, караоке дуу дуулдаг гэж ерөөсөө бодож байгаагүй. Гэтэл цэргийн алба цэргүүдийг залхаахгүйгээр олон төрлийн зүйлийг сурч мэдүүлэх, бүх талаар нь хөгжүүлэх зорилго агуулдаг юм билээ. Миний хувьд шинэ цэрэг байхдаа мотоциклийн дамжаанд сурч, дүрэм судлаад, шалгалтандаа тэнцээд үнэмлэхтэй болсон.Одоо удахгүй халагдлаа. Эр цэргийн алба хаасных ажил хийх, цаг баримтлах, цагийг зөв зохистой ашиглаж сурсан. Халагдаад ажил хийхдээ идэвхтэй байж, амьдралынхаа анхны алхмыг зөв эхлүүлнэ дээ гэж бодож байна. Дээрээ хоёр ахтай. Айлын бага нь. Цэргийн алба хаана гэхэд аав, ээж хоёр дургүй байсан. Би өөрөө “Эр хүн болж төрснийх үүргээ биелүүлнэ” гээд хүрээд ирснээрээ бахархдаг” гэв.

Баянхонгор аймгийн Баацагаан сумаас татагдан ирсэн М.Ганзориг хэлэхдээ “Холоос ирж алба хааж байгаа болохоор гэрээ санах үе байдаг ч манай дарга нар үргэлж сэтгэл санаагаар дэмжиж, урам өгдөг. Анх ирчхээд охиноо л их санадаг байлаа. Охин намайг цэрэгт татагдах үед найман сартай байсан. Ирснээс хойш таван сарын дараа охин, эхнэр, аав гурав маань гэнэт эргэлтээр хүрээд ирсэн. Тэр үед охин маань алхдаг болчихсон байсан. Би охиноо шууд тэврээд л авсан. Харин охин маань намайг танихгүй байсан. (Инээв) Би 24 настай жаахан хожуу үеийн цэрэг. Олон аавын хөвгүүдтэй өөрийгөө сорихоор шийдээд алба хаахаар болсон. Энд хүнийг хүндэлж, зөв боловсон харилцаж сурдаг даа. Өдөрт дөрвөн удаа халуун хоол өгдөг. Амт чанар сайтай. Хамгийн анх ирээд хоол идсэний дараа хоолны амт хамгийн их таалагдсан. Өмнө нь бага сага юм оёчихдог байсан ч энд илүү нарийн оёж сурсан. Цэргийн албанд ирэхээс өмнө цаг хугацааны үнэ цэнийг мэддэггүй байж. Анх эхнэр эргэлтээр ирэхэд 24 цагийн чөлөө олгосон. Ард байхдаа мэдрээгүйгээрээ цаг хугацааны үнэ цэнийг мэдэрсэн дээ. Эхнэрийн минь төрсөн өдөр байсан. Тэр үед охин маань ширээ тойрч алхаад, ход ход инээгээд л хамгийн сайхан мөч байв. Алба хаах хугацаандаа хүнийг их боддог болдог ч юм шиг. Өмнө нь ханийгаа, аав, ээжийгээ хааяа уурлуулдаг байсан. Одоо бол хүнийг хүндэлж байж хүндлэл хүлээдэг гэдгийг ойлгосон. Тийм болохоор албаа хааж очоод хайртай хүмүүсээ илүү их хайрлаж хүндэтгэх болно” гэв. Аргагүй л алба хааж байгаа аавын хүү гэдэг “Жинхэнэ” эр хүн болдог бололтой. Тэд буурь сууж, тэд ухаан сууж, тэд хат сууж. Ийм л эр хүн шиг эр хүмүүсээр эх орон минь дутаж байгаа энэ цагт нэг ч гэсэн ээжийн сэтгэл, аавын санаа, ханийн итгэл, үрийн жаргалыг бүрэн бүтэн байлгах эх орны хөвгүүд эр цэргийн албанд хүмүүжиж байгаад баярлаж, бахдан сууна. Цааш явахад нэг цэрэг дүрэмт хувцсаа индүүдэж зогсоно. Энэ өрөөнд цэргүүд хувцсаа индүүдэхээс гадна, үсээ хусах, гутлаа тослох гэх мэтээр гоо сайхандаа анхаардаг аж. Баасан гараг бүр усанд орох хуваарьтай байдаг ч бусад өдрүүдэд ариун цэврээ хангах боломж ч нээлттэй байдаг гэнэ. Коридорын төгсгөлд нэгдүгээр ээлжийн цэргүүдийн өрөө мөн л эмх цэгцтэй ярайж байна. Ханаар нь англи хэлний үгийг орчуулгын хамт хадсан нь цэргүүдийн хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд дөхөм болдог гэнэ. “Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая. Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая. Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ” хэмээн тангараг өргөн, эх орны хүү болсон мянган мянган эрэлхэг дайчдадаа баярын мэнд хүргэе.

П.Батзаяа

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Өчигдөр 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Өчигдөр 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Өчигдөр 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Өчигдөр 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Өчигдөр 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Өчигдөр 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Өчигдөр 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Өчигдөр 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Өчигдөр 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Өчигдөр 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Өчигдөр 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Өчигдөр 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top