x

Х.Тэмүүжин: Шударга ёс уу, Х.Баттулгын өш хонзон уу гэдгийг ялгах боломжгүй

Үргэлжлэл ... Ярилцлагын өмнөх хэсгийг ЭНД дарж уншина уу 

-Шударга бусын хонгил гэж их яригдах боллоо. ЖДҮ-тэй холбогдсон гишүүд “Намайг шударга бусын хонгил руу оруулах гэж байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл шударга бусын хонгилын эзэн хэн юм бэ, таны бодлоор?

-“Шударга бусын хонгил” гэдэг үгийг улс төрд хэллэг, ойлголт болгож гаргаж ирсэн хүн нь Н.Алтанхуяг. Хуулийн тогтолцоонд хонгил шиг үзэгдэл, эрх мэдлийн нэг урсгал үүссэн тухай ярьсан хүн нь би л дээ. Яагаад ингэж ярьж, хэлсэн бэ гэхээр. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үед ийм үзэгдэл, эрх мэдлийн төвлөрлийн таагүй үр дүн судлаачдын нүдэнд анзаарагдаж, харагдаж эхэлсэн юм. Тэр нь юу вэ гэхээр “мөрддөг”, “ялалдаг”, “шүүдэг” гурван чиг үүрэг, тэдгээртэй холбоотой албан тушаалтнуудын томилгооны асуудал нэг хүний гарт зангилагдаж, томилогдсон хүмүүсийнхээ туслалцаатай хуулийн байгууллагаар дамжуулан хувийн улс төрийн зөрчилдөөнөө шийдвэрлэх гэж оролдох ямар аюултай болох нь харагдаж эхэлсэн. Н.Энхбаярын хувьд өмнөх Ерөнхийлөгчөөс суралцаж, анзаарсан нэг зүйл байсан байх. Энэ нь Ерөнхийлөгч асан Н.Багабандийн үед Прокурорын дэргэдэх мөрдөнг байгуулах замаар цагдаагийн эрх мэдлийн зарим хэсгийг Ерөнхийлөгчийн хамааралд авчирч байсан юм. Ерөнхий прокурорыг томилдог хүнд томилогддог хүн нь ялладаг ажлынхаа өмнөх мөрддөг ажлыг нь давхар хийдэг эрхтэй байна гэдэг социализмын үеийн ерөнхий хяналттай прокурорын дайны хүчтэй болно гэсэн үг. Дээр нь хэргийн хувь заяаг эцэслэн шийддэг шүүхийн томилгоо гарт байхад бараг хаан сууна. Томилгоогоор дамжуулсан хааны эрх мэдэл гэсэн үг. Үүнийг Н.Энхбаяр ойлгосон байсан. Түүний үед АТГ байгуулагдсан. АТГ 2004-2008 оны парламентийн үед байгуулагдсан юм. АТГ-ыг байгуулахдаа даргынх нь томилгоонд Ерөнхийлөгч оролцдог байхаар болсон. Энэ нь АТГ бол Ерөнхийлөгчийн эзэмшлийн бус, түүний улс төрийн гол зэвсэг маягтай хуулийн байгууллага болж хувирсан. Тэгэхдээ Н.Энхбаяр энэ угсарсан зэвсгээ хараахан бүрэн ашиглаж чадаагүй байж байгаад “хаан сэнтийгээ” сонгуулиар алдчихсан. Ингээд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо жинхэнэ утгаар нь төгөлдөржүүлсэн юм. Жинхэнэ утгаар нь буюу мөрддөг, ялладаг, шүүдэг гурван эрх мэдлийг гартаа авч, томилгооны системээ өргөжүүлж, сүүлдээ мөрдэстэй гэдэг шинэ зарчим гаргаж ирсэн.

Өөрөөр хэлбэл, цагдаа, прокурор, шүүх, тагнуул, ШШГЕГ-ын дарга гээд бүгд мөрдөстэй хүн байна. Тэр бүх мөрдөстэй дарга нар нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээний хүн болох ёстой. Гэтэл хэт өргөссөн энэ томилгоо нэг хүнд үйлчилдэг мөрддөг, ялладаг, шүүдэг, хорьдог хонгил болон тогтсон. Энэ хонгил яаж ажилладаг вэ гэхээр хэнд хэрэг үүсгэж, хэнийг гэмт хэрэгт холбогдуулах вэ гэдэг зааварчилгаатай мөрдөөд хонгилын үүдэнд аваад ирэнгүүт прокурор яллаад дотогш чирээд оруулчихна. Ингээд шүүхээс шийдвэр гаргачихаар энэ хонгил руу орсон хэнбугайг ч улс төрийн ганцхан үлээлтээд хориод, нийгмээс тусгаарлаж байгаад хувь заяаг нь шийдэж, тоглох боломжтой болсон.

Ийм л хуулийн нэртэй хүчирхийллийн хонгил үүссэн. Үүнийг задлахгүйгээр Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалтын зарчим, хүний эрх, шударга ёсны зарчмыг хангаж чадахгүй. Үүнийг яаж хийх вэ гэдэг асуулт тавигдсан. Тиймээс Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газар энэ хонгилыг эвдэх шийдэл хайж, Монгол улсад мөрдөх алба байгуулах замаар гүйцэтгэх эрх мэдлээс гадуур байгуулагдсан гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий зохион байгуулалтуудыг цомхотгох асуудлыг хөндсөн. Өөрөөр хэлбэл АТГ болон бусад байгууллагад байгаа мөрдөн шалгах чиг үүргийг энэ алба руу шилжүүлж авах байдлаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах санаа байсан юм. Нэг дэх шийдэл энэ. Хоёрт, цагдаа болон ШШГЕГ зэрэг байгууллагын дарга нарт генерал цол өгдөг байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал үүсгэж, нөлөөлдөг асуудал байж болохгүй ээ. Ерөнхийлөгч бол зэвсэгт хүчний ерөнхий командлагч болохоос биш мөрдэстэй болгоны дарга биш. Тиймээс Ерөнхийлөгч хууль сахиулах болон гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагын удирдлагуудад генерал цол олгодог байдлыг болиулна гэх зэргээр хонгилыг эвдэж эхэлсэн.

Харамсалтай нь, дараагийн сонгуулиар хэт олонхи болсон МАН, тэдний байгуулсан Засгийн газар шударга бусын хонгилыг буцаагаад угсарсан. Бодвол М.Энхболд гэдэг хүн нь Ерөнхийлөгч болно гэж тооцоолоод намын даргадаа эрх мэдлээр бэлэг бэлдсэн байх. Хувь заяаны шоглоом уу, ардчилалын үр шим үү, ямартаа ч бэлдсэн бэлгийг бодож байсан эзэн нь авсангүй. Хонголын эзэн нь хэн байхаас үл шалтгаалж “хонгил гэж юу вэ?” гэхээр мөрддөг, ялладаг, шүүдэг, хорьдог эрх мэдэл нэг хүний гарт, тэр хүний үзэмжээр хөдөлж байгааг хэлээд байгаа юм. Энэ хонгилыг шударга эсвэл шударга бус ажиллуулах тухай яригдахгүй. Нэг хүний гарт ийм олон эрх мэдэл очино гэдэг хэнийг ч “МАНГАС, шударга бусын хонгилын эзэн “ХААН” болгон гэсэн үг. Ийм хонгил шударга ажиллах тухай ойлголт хаана ч байхгүй. Өш авах зэвсэг, эсвэл өрсөлдөгчөө намнах хэрэгсэл л болно. Тийм учраас ч одоогоос гурав, дөрвөн зуун жилийн өмнө “Эрх мэдэл нэг гарт төвлөрч болохгүй. Хэрэв зээ тийм юм болвол айдас хүйдэст дулдуйдсан дарангуйлал үүснэ. Үүнээс сэргийлэх ганц арга шударга сайн хүнийг хайх биш, харин эрх мэдлийг хуваарилан тэнцвэржүүлж, харилцан хяналттай болгох” гэж Монтескье хэлсэн байдаг. Монтескье гэдэг энэ хүн орчин үеийн Үндсэн хуульт ардчиллын үзэл санаанааг боловсруулагчдын нэг, эрх мэдэл хуваарилах онолын зохиогч л доо. Дахин хэлэхэд АТГ-ын даргаар шударга хүн томиллоо гээд шударга бусын хонгил эвдрэхгүй. Дараагийн эзэндээ л үйлчилнэ.

-Буруу санаагүй бол Ц.Элбэгдоржийг шалгахаар болсон. Үнэхээр шалгах болов уу?

-Шалгах эсэхийг би хэлж мэдэхгүй. Аливаа хүний гэм бурууг хараат бус шүүхээр тогтоох ёстой. Харин тэр хараат бус шүүх нь Монголд байна уу. Хоржоонтой л юм. Би бол тогтолцолоо хаана эвдрэлтэй байна вэ, үүнийг яаж засч, сайжруулах ёстой вэ гэдгийг судалж, олдог бодлогын хүн. Одоо байгаа тогтолцоогоор шударга ёс тогтоно гэдэгт би итгэдэггүй. Ц.Элбэгдорж гэдэг хүний “оймсыг” нь гозолзууллаа гэхэд энэ нь шударга ёс ажиллаж байна уу, эсвэл Х.Баттулга гэдэг хүний өш хонзон ажиллаж байна уу гэдгийг ялгах боломжгүй. Хонгилыг эвдэж байж л ялгааг нь олж харна. Ингэхээр хэнийг ч энэ хонгил руу оруулсан ялгаагүй хохирлоо, хэлмэгдлээ л гэх байх. Хонгилоо нураахгүй бол хэдхэн жилийн дараа одоо байгаа энэ Ерөнхийлөгчид ч ийм юм тохиолдох л байх.

-Улсын Ерөнхий прокурорт Ерөнхийлөгч Х.Баттулга иргэнийхээ хувиар гээд 200 гаруй хуудас бүхий нотлох баримт өгсөн. Энэ байж болох зүйл үү?

-Их л сонин үйл явц, эргэлзээтэй нөхцөл байдал үүсэх байх. Ерөнхийлөгч иргэнийхээ хувиар өгсөн баримт дотор бусдыг гүтгэсэн зүйл байвал түүнийг иргэн хүнийх нь хувьд хуулийн байгуулага шалгах боломжтой юу гэдэгт эхлээд хариулах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн бүрэн эрх, хамгаалалт гэдэг хана хэрмийн цаана ороод зогсчих хүн иргэнээрээ шалгагдаж чадах болов уу. Наад захын хуульчийн асуудаг л асуулт. Иргэн Баттулга Ерөнхий прокурорт цаасаар баримт өгчээ. Энэ баримтад нь худал бөгөөд гүтгэсэн мэдээлэл байвал “Та хүн гүтгэсэн байна” гээд хуулийн хариуцлага хүлээлгэх болмжтой юу. Иргэн Баттулгын гэрчээр шүүхэд дуудаж болох уу. Шүүхэд худал мэдүүлсэн гэдгээр нь эрүүгийн хэрэг үүсгэж болох уу. Та юу гэж бодож байна.

-Хэлж мэдэхгүй юм.

-Болохгүй шүү дээ. Иргэнд хүрдэг хууль ажиллаж болохгүй юм бол иргэн Баттулга биш харин Ерөнхийлөгч Х.Баттулга байна гэсэн үг.

-Захиргааны ерөнхий хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон. Энэ хууль батлагдвал Засгийн газрын тогтоолоор хувьчлагдсан хувьчлалыг хууль бус гэж үзвэл шүүхэд хандах эрхгүй болох юм билээ. Ингэснээр өмч хувьчлал буруу гараар орох эрсдэл үүсэх вий гэсэн болгоомжлол нийгэмд үүсээд байна. Ингэн байж энэ хуулийг батлах шаардлагатай юм уу?

-2012-2016 оны Улсын Их Хурлын гаргасан хамгийн чухал шийдвэрүүдийн нэг нь энэ хууль. Өөрөөр хэлбэл, төрийн дур зоргийг хуулиар хязгаарлаж, иргэнд эрхийг хангаж, түүнд үйлчилдэг болоход нь туслах үүрэгтэй гол хууль. Төрийн дур зорог гэдэгт Засгийн газрын дур зорог ч гэсэн багтана шүү. Захиргааны ерөнхий хуулийн ид шид өнөө, маргааш гэхээсээ илүүтэй нэг, хоёр жилийн дараа бүр их анзаарагдана. Уул нь шүүхийн хяналт гэдэг нөгөө талаасаа хүний эрхийн баталгаа, хэрэгжилт юм шүү дээ. Гэтэл хуулиас Захиргааны шүүх Засгийн газрын тодорхой шийдвэрүүдийг хянахтай холбоотой хэсгийг хүчингүй болгохоор Засгийн газар өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өөрөө хуулиас гадуур эрх мэдэлтэй болж тонгочих гэж хууль хулгайлж, иргэний эрхийг дордуулах гэж байна. Сая Засгийн газар парламентийн хяналтаас гадуур тонгочихын тулд УИХ-ыг хэдэн сар ажилгүй хэрүүлтэй  бужигнууллаа даа. Үүн шигээ Захиргааны хуулийг хулгайлах замаар иргэдийн хараа хяналтаас гадуур өмч хөрөнгө бужигнуулах гээд байх шиг. Хуулийн хулгайч, хүний эрхийн дайснууд Засгийн газар, УИХ-д байх аюултай л даа. Засгийн газрын төвшинд маш их хэмжээний мөнгө, маш их хэмжээний ашиг сонирхол, улс орны шинж чанартай суурь шийдвэрүүд гардаг. Энэ шийдвэрийг цөөн тооны улстөрчид шүүхийн хяналтаас гадуур гаргаж шийдвэрлэнэ гээд бод доо. Манай улстөрчид өөрсдөө хэр ёс зүйтэй, хуулиа хэр дагаж биелүүлдэг хүмүүс билээ. Хууль байсаар байтал ЖДҮ-гийн зээлийг хулгайлсан биз дээ. Ийм хүмүүст хуулиас гадуур тонгочих эрх өгөх нь аймшиг биш гэж үү. Гэтэл Үндсэн хуульд хууль дээдлэх нь төрийн үндсэн зарчим гэж заасан. Төр хуулийг дээдэлсэн эсэхийг хянадаг байгууллага нь шүүх. Шүүхийн хяналтаас Засгийн газар гарах нь Үндсэн хуулийн эрх мэдлийн хувиарлалтын зарчмаас ухарна гэсэн үг. Тэгэхээр ийм байдлаар хууль санаачлах зоригтой байна гэхээр үүнээс том хулгай хийх зориг байна гэсэн үг.

-Хуульчид яагаад энэ асуудал дээр дуу хоолойгоо нэгтгэхгүй байгаа юм бэ. Уг нь улс эх орны эрх ашигт шууд нөлөөлөх зүйл биз дээ?

-Дуугарах зоригтой нэг нь дуугарч байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга хэн бэ гуайн ч хуульчдийн тусгай зөвшөөрлийг мэдэх эрхгүй болохоор хуульчид улстөрчдийг зоригтой, тууштай шүүмжилж, хуулиар тэдний зүй бус үйлдлийг хэмжиж, хязгаарлах гэж оролдож л байна. Гэтэл нэг зүйлээс болж хуульчид болгоомжлохоос өөр аргагүй болж байх шиг. Энэ нь юу гээч.

-Өмгөөллийн тухай хууль уу?

-Яг тийм. Өмгөөллийн тухай хуулиар хуульчдын тусгай зөвшөөрлийн Хууль зүй, дотоод хэргийн яам олгох эрхтэй болно. Улстөрчид, эрх мэдэлтнүүд хуульчдыг хүний эрхийн хоточ банхар бус өөрсдийн уяаны нохой болгох мөрөөдөлтэй байна даа. Нохой гээд муухай үг хэрэглэчихлээ. Ер нь тэд тэнгэрт суудалтай, эзний өвчтэй болчихоороо өөрсдөөсөө бусдыг ер нь тэгж хараад байдаг муу зуршилтай. Хамгийн эмгэнэлтэй нь хуульчдын улстөрчдийн эдүүрийн тавганд аваачиж өгөөд өөрсдөө идэх хоолтойгоо үлдэх гэж оролддог хуульч нэртэй гуульчид байх. “Чи том дуугараад байна уу. Зөвшөөрлийг чинь цуцаллаа” гэдэг яамтай, сайдтай болвол яах вэ. Хуульчдын бие даасан байдлыг ингэж эвдэж болох уу. Эрүүл ухаанаа гээсэн, мэргэжлийн мөн чанар, хөгжил дэвшлээс жийрхсэн хүмүүсийн бодол л доо. Өр ширэндээ баригдсан өмгөөллийн байгууллагаас болж хуульчид, улстөрчдийн халаасанд орох нь юунд ашигтай, хэний эрх ашигт үйлчилэх өөрчлөлт вэ. Энэ бол буруу эргэсэн салхи. Буруу эргэсэн салхийг сөрж зогсож урсгал сөрөгч шинэ үе хаана байна вэ гэдгийг эрэлхийлэх цаг болж. Хуучинсаг, соц маягын арга барилтай түүн дээрээ эдийн шуналтай болчихсон хэсэг нөхөд хуульчдын бие даасан байдал ямар үнэ цэнэтэй болохыг ойлгохгүй бололтой. Мах комбинатад байдаг улаан ямааны тухай яриа сонсож байсан уу Улаан ямаа майлсаар байгаад хонин сүргийг нядалгааны хаалгаар оруулчихдаг тухай. Хуульчид улаан ямаа дагадаг хонь биш байх ёстой.

-Та улс төрд тэсрэлт хийсэн залуу улстөрчдийн нэг байсан. Улс төрд эргэж ирэх үү?

-Би улс төрөөс огт гараагүй. Улс төр бол миний өдөр тумтын ажил.

-Сонгуульд өрсөлдөх гэдэг утгаар нь асуусан юм л даа?

-Олон нийтийн итгэл дэмжлэгийг авахын тулд ажиллана.

-Тэгвэл ирэх сонгуульд хүч үзнэ гэсэн үг үү?

-Мэдээж хэрэг. УИХ-д байгаа хулгайчдын тоог цөөлөх ёстой ш дээ. (инээв) Нэгдүгээрт, ийм шалтгаанаар. Хоёрдугаарт, гаднаас ярьж биш дотор нь орж хийх хэрэгтэй. Гуравдугаарт, дутуу орхисон ажлаа гүйцээхгүй бол энэ улсад итгэл найдвар, эрүүл саруул хуулийн тогтолцоо бүрдэх боломж улам л хумигдчих гээд байх.

24tsag.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав Уржигдар 14 цаг 17 мин Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ Уржигдар 14 цаг 07 мин Богдхан уулын хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцгуудыг цэвэрлэж байна Уржигдар 13 цаг 06 мин Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсголыг яаравчлахад гишүүд санаачилгатай ажилла Уржигдар 12 цаг 03 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна Уржигдар 08 цаг 18 мин БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ 2024-05-03 НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв 2024-05-03 ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2024-05-03 Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина 2024-05-03 Ихэнх нутгаар дулаарна 2024-05-03 Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна 2024-05-03 Хэрвээ хуучнаараа байсан бол...? 2024-05-03 Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс буурчээ 2024-05-03 Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ 2024-05-03 Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна 2024-05-03 “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 2024-05-03 Монгол орны нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ 2024-05-03 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Украинд айлчлахыг урьжээ 2024-05-03 Зүүн дөрвөн замын уулзвараас Халдварт хүртэлх замыг засаж дуусжээ 2024-05-03 Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2024-05-03
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээл... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн ... Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэл... Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд бол...
Top