x

Ардын уран зохиолч П.Бадарчид Төрийн соёрхол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Пунцагийн Бадарчид өнөөдөр "Есөн эрдэнийн орон" найраглалаар нь Монгол Улсын Төрийн соёрхолт цол хүртээлээ.

Шагнал гардуулах ёслол Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөө гэрт 11:00 цагаас боллоо.

Төрийн соёрхолт Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч П.Бадарч: "Төрийн шагналд гурван удаа дэвшээд энэ жил энэ сайхан шагналыг авлаа. Ерөнхийлөгч эрхэм Х.Баттулгадаа баярлаж байгаагаа илэрхийлье. Ерөнхийлөгчийн Тамгын газраас гадна "Есөн эрдэнийн орон" найраглалд маань Монголын ард түмэн дуртай учраас энэ шагналд олон түмэн дуртайг байгаа гэж бодож байна. Их олон хүн надад утсаар баяр хүргэж, сайхан бүтээл туурвиарай гэж хэлсэнд баярлаж байна. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Та бүхэнд бүгдэд нь маш их баярлалаа" гэлээ.

Мөн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга: “Монгол хүн бүр П.Бадарч гуайн шүлэг, найраглалуудыг уншиж өссөн, эх хэлнийхээ яруу сайхныг түүний бүтээлүүдээс мэдэрдэг болсон гэхэд эргэлзэх хүн байхгүй биз. 1976 онд П.Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглал Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт орсон байдаг агаад энэ бүтээлээр хүүхэд багачууд эх орноо хайрлах анхдагч сэтгэхүй, мэдрэмжээ олж авдаг юм. П.Бадарч гуайн хийсэн бүтээсэн зүйлс нь олны нүдэнд илхэн, номонд шингэж, ардынхаа сэтгэлд хоногшсон тул би ихийг ярих нь илүүц биз. Ингээд Төрийн шагнал хүртсэн П.Бадарч гуай танд эрүүл энх урт удаан насалж, ихийг бүтээхийг ерөөе. Миний эх орон авьяас эрдэнийн билээ. Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын урлаг соёл дэлгэрч, авьяас билэгтнүүд урлан туурвих нь өргөн болох болтугай” гэлээ. 

Пунцагийн Бадарч: "Есөн эрдэнийн орон"

Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ
Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ
Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ
Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ
Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
Эрхэт ардын нь эв ган эрдэнэ
Эх орон минь есөн эрдэнэ

Эргэх эх дэлхийн уул усанд тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгүй өргөн талын минь шимт хөрсөнд төлжиж
Эрднийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан монголын минь удам залгасан бүл
Энхрий хос амрагийн дурсгалын бөгж алтан билээ
Энэрэлт төрийн минь далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан
Эрднийн соёмбо үсэг элэгдэшгүй алтан билээ
Авралын гэгээн нар нь алтан
Ачтай төрийн минь сүлд алтан
Арвайн түмэн түрүү нь алтан
Амраг хосынх нь дурсгал ч алтан
Миний эх орон алтан эрднийн билээ

Саваа дүүрэн мэлтэлзэх онон хэрлэнгийн урсгал
Сартай шөнөөр очиход минь мөнгөн хээтэй байв
Саалийнхаа дээжийг өргөж аянд хүүгээ үдсэн
Санаа цайлган эжийн минь цацлын халбага мөнгөн байв
Сайны ерөөл тогтоож хоёр гардан барьсан
Сайхан хос залуусын минь хуримын хундага мөнгөн байв
Саатаж алсад суугаад аавдаа очиж золговол
Санасан эцгийн минь зэхсэн эмээл мөнгөн байв
Эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн
Ээжийн цацлийн халбага нь мөнгөн
Сар наадсан ус нь мөнгөн
Сархад мэлтэлзсэн хундага нь ч мөнгөн
Миний эх орон мөнгөн эрднийн билээ

Улсынхаа заяаг түшиж хувьсгалч ах нарын минь
Уухайлан мандуулсан туг шүр адил уяаран билээ
Уламж эртнээс дээдэлсэн монгол хүний голомт
Угалз дөлт гал нь минь шүр адил улааран билээ
Удмаас буян төгс өргөө цагаан гэрийн минь
Унь тооно бүхлээрээ шүр адил туяаран билээ
Уул усны савд уран биеэ найгуулсан
Удвал цэцгийн дэлбээ ч шүр адил дөлтөн билээ
Хурын улаан цэцэг нь шүрэн
Хувьсгалын улаан туг нь шүрэн
Хурц улаан гал нь шүрэн
Хорол улаан тооно нь шүрэн
Миний эх орон шүр эрднийн билээ

Өргөн талын элгэнд чандамланхан буусан
Өргөө цагаан гэрүүд минь татан өнгөөр цавцайна
Өчнөөн үеийг элээсэн хангайн буурал уулсын минь
Өвгөн цаст оргил танан өнгөөр цагаарна
Өлзийт ерөөл бэлгэдэж өнөр буурал эхийн
Өргөсөн сүүний дусал танан өнгөөр цацарна
Өнөөдрийн сайхан үеийн бат цагаан харшууд
Өвлөж хойчдоо үлдээх тана эрдэнэ байна
Хайрын цагаан сүү нь танан
Ханат цагаан гэр нь цагаан
Хангайн цагаан оргил нь танан
Харшийн цагаан орд нь ч танан
Миний эх орон тана эрдэнийн билээ

Үүлгүй шөнийн тэнгэрт сүүн заадас татуулж
Өвч түгсэн одод сувд адил гялалзана
Үелээд татсан талын минь энгээр тархан бэлчсэн
Үржилт хонин сүрэг минь сувдранхан налайна
Үнэрт тансаг өвсний ширхгийг тоолон буусан
Үүрийн ариун шүүдэр сувдан далай байна
Үр буяны тэнгэр саальчин монгол хүүхнүүдийн минь
Үсний гоёхон даруулга нь сувдан хээтэй байхым
Хөх тэнгэрийн одод сувд
Хөдөө талынх нь сүрэг сувд
Энх үүрийн нь шүүдэр сувд
Эгэл хүүхнүүдийн гоёл ч сувд
Миний эх орон сувд эрдэнийн билээ

Эр биеийн хийморь сэргээж үүрийн талд давхивал
Энгүй тэнгэр зүүнээсээ зэсийн өнгөөр хаяарлаа
Ээлт сүргээ хурааж үдшийн хотонд ирвэл
Энтээх үүлсийн хормой зэс эмжээр татлаа
Эгшигт дуугаа аялаж айргаа аягалан суувал
Идээ сөгнөсөн хувин нь зэс бүстэй байлаа
Энхийн их ордны ган нурууг холбож
Эвийн гагнуур тавитал зэсийн өнгөөр цацарлаа
Саалийн хувингийн бүс нь зэс
Сайн гагнуурын оч нь зэс
Онгон үүрийн туяа нь зэс
Оройн үүлсийн хаяа нь зэс
Миний эх орон зэс эрдэнийн билээ

Ухаан санаа цэлмээх уулсынхаа хярд гарвал
Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв
Уудам талдаа ирээд дөрөө мултлан буувал
Урьхан намрын ганга нь оюу ногоон байв
Уран бидэр татах нуураа хөвөөлөн алхвал
Усны цээлд замаг нь оюу ногоон байв
Унаган хүлгээ хантайрч эмээлийн дөрөө авбал
Угалз ширээлсэн гөлөм нь оюу ногоон байв
Усны зөөлөн замаг нь оюу
Угалз ширээлсэн гөлөм нь оюу
Урьхан намрын ганга нь оюу
Уулсын сайхан гацуур нь ч оюу
Миний эх орон оюу эрдэнийн билээ

Хүү миний заяанд эхийн сүү шиг ариухан
Хүслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм
Хүлэг морин гүйх хаврын налгар өдөр
Хүрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм
Хүйтэн өвлийг халсан дулаан цагийн билэгдэл
Хүүшид ургасан яргуй номин цэнхэр юм
Хүний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо
Хүндлэн барьсан баранзад номин цэнхэр юм
Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин
Илбийн цэнхэр зэрэглээ нь номин
Эхний цэнхэр цэцэг нь номин
Энхийн цэнхэр хадаг нь номин
Миний эх орон номин эрдэнийн билээ

Эрмэг хүлэг морь минь хазаар даран хатирахад
Эгшиг татах амгай зуузай нь ган билээ
Илч гэрэл өртөөлсөн аварга их алхаа
Эрчмийн баганад бэхэлсэн зузаан утас ган билээ
Эх сайхан орныхоо дархан хилийн харуул
Эр цэргийн зэвсэг эмтэршгүй илд нь ган билээ
Эрхэм алдраа бадруулсан өнөр өөдрөг түмэн
Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ
Уран хазаарын амгай нь ган
Урсгалт гэрлийн утас нь ган
Эр цэргийн зэвсэг нь ган
Эрхэт ардын эв нь ган
Миний эх орон ган эрдэнийн билээ

Яруу найрагч П.Бадарч 1960 оноос уран бүтээлээ эхэлж “Морьд”, “Есөн эрдэнийн орон”, “Алтан тоос”, “Зургаан мөнгөн мичид”, “Ширхэг цагаан сувд”, “Хэрлэн”, “Би энэ байна”, “Намрын хонгор салхи” зэрэг яруу найргийн 10 гаруй ном хэвлүүлжээ.

Тэрээр 1981 онд “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг”, “Байтагийн чулуу”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Цэрэг эх орны дуулал” дууны шүлгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд “Есөн эрдэнийн орон” найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал, 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2005 онд Ардын уран зохиолч цол тус тус хүртсэн юм.

П.Бадарч найрагч 1987 онд “Тэмээ” шүлгээрээ “Болор цом”-ын эзэн болж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орон даяар зохион байгуулах “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулга 9 цаг 45 мин Баянзүрх дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо 12 цаг 0 мин Сүхбаатар дүүргийн эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт уриалж байна 12 цаг 0 мин Иран улс гал зогсоох хэлэлцээрт Ливаныг багтаах шаардлага тавив 12 цаг 1 мин Улаанбаатар хотын хуучирсан шугам сүлжээг шинэчлэх, засварлах ажил үргэлжилж байна 12 цаг 1 мин Прокурорын байгууллага авлигын 50 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 12 цаг 2 мин Европын Комисс Унгарт олгох зээлээ хойшлуулжээ 12 цаг 3 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны хэлэлцээг дөрөвдүгээр сард эхлүүлнэ 12 цаг 4 мин Насанд хүрээгүй хүүхэд суррон унаж замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно 12 цаг 5 мин Зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн "Цагаан хуаран Консалтинг" ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоов 13 цаг 46 мин ХӨСҮТ-ийн хүүхдийн тасгийг иж бүрэн шинэчлэн засварлалаа 13 цаг 58 мин Дэлхийн хотуудын ердөө 14 хувь нь аюулгүй агаараар амьсгалж байна 14 цаг 2 мин Өвөрмонголын Улаан загалмайн нийгэмлэгээс зудад өртсөн малчдад 200 мянган юань хандивлалаа 14 цаг 4 мин Монголын пара таеквондочид “Турк опен”-оос хос мөнгөн медаль хүртлээ 14 цаг 5 мин Гуравдугаар сарын 28-нд нутгийн хойд хагаст цас орж, цасан шуурга шуурна 14 цаг 8 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо 14 цаг 9 мин Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд танилцууллаа 14 цаг 11 мин Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй 14 цаг 12 мин Зундарь: Амин насны урсгал 16 цаг 6 мин Химийн хорт бодис хууль бусаар хадгалсан гадаадын иргэн, хуулийн этгээдийг торгожээ 16 цаг 28 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Фронтын генерал ба индрийн маршал “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Зундарь: Амин насны урсгал О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top