x

П.Очирбат: Манайх ул боовон дээр атга орос чихэр тавиад хүмүүст бэлэглэж байлаа

Арвандолдугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн босгон дээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбаттай цагаан сарын тухай цөөн хором хөөрөлдлөө.

-Сайхан өвөлжиж байна уу. Сар шинэдээ сайхан шинэлэх гэж байна уу?

-Сайхан. Манайх энэ жил зусландаа шинэлэх гээд бэлтгэлээ базаачхаад байж байна. Эрүүл цэнгэг агаарт, хотын утаа, түгжрэл, бухимдлаас хол хэд хоног сайхан амарч, баярлаж байгаад ирнэ дээ.

-Танайх цагаан сараа хэр өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг вэ. Хүн их ирдэг үү?

-Ерөнхийлөгч, сайд байхад замбараагүй олон хүн ирдэг байсан. Одоо бол ная дөхсөн болохоор дотны хэдэн хөгшид, хүүхэд, дүү нар, ойр дотны найз нөхөд л ирнэ шүү дээ. Ёслоод, золгоод, идэж уугаад явцгаана. Зуу гаруй л хүн ирдэг байх.

-Таны хүүхэд ахуй цагт цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг байв. Сэтгэлд тань тод үлдсэн дурсамжаа хуваалцаач?

-Таван настай байхад маань аав өөд болсон. Бага нас минь өнчин өрөөсөн байдалтай өнгөрсөн болоод ч тэр үү их л энгийн, борог амьдралтай байсан санагддаг. Найман нас хүртлээ хурга, тугал эргүүлж, аргал түлээнд явах гээд тэр үеийн олон хүүхдийн адил ажил хөдөлмөр эрхэлнэ. Элбэг дэлбэг байсан эсэхийг мэдэхгүй байна. Том болсон хойноо ээжээсээ нэг удаа “Манайх ер нь хоол хийж иддэг байсан юм уу” гэж асууж байсан. Ерөөсөө зуны цагт сүү цагаан идээ, өвлийн цагт мах голдуухан иддэг байсан болов уу. Хувцас хунар ч нэг их өмсөхгүй. Хүрээнд орж ирээд л хоол унд, хувцас хунарын талаар ойлголттой болж байлаа. Цагаан сар хийхээ больчихсон, хориотой байлаа. Хөдөө байж байгаад төвд ирэхээр хөдөөний цагаан сар их гоё санагдана.

-Нээрээ нэгэн үе цагаан сарыг “Нэгдэлчдийн баяр” нэртэй хөдөө орон нутагт л тэмдэглэдэг байсан гэлцдэг шүү. Яагаад ингэх болсон юм бол?

-1952 онд шиг санагдаж байна. Улс орон даяар цагаан сардаа бэлтгэж байх үед маршал Х.Чойбалсан өөд болсон юм. Монголчууд одоо ч төрөл садан, ойр дотны хүн нь өөд болбол тэр жилдээ цагаан сар хийдэггүй шүү дээ. Яг түүн шиг “Маршал нас баржээ” гээд л идээ будаагаа хураасан. Маршал бол нэг айлын хүн биш. Бүх монголын хүн учраас улс даяар идээ будаагаа хурааж, цагаан сар хийгээгүй. Түүнээс хойш л төв суурин газрынхан цагаан сар хийхгүй гэдэг болсон. Шинийн нэгний өглөө сонин уншлагад суулгана. Битүүний орой номын дугуйлантай. Айл хэсүүлэхгүй гэж тийм онцгүй хорио, цээр тогтоогоод байсан юм. Гэхдээ маршал амьд сэрүүн ахуйдаа бол цагаан сараар хөдөө гадаа явж, ахмад настнуудад хүндэтгэл үзүүлдэг байсан.

-Энэ хорио цээр хэзээ үгүй болж, эмх цэгцэндээ орсон бэ?

-1990 оноос хойш үндэсний уламжлалаа сэргээх зорилгоор хот хөдөөгүй битүүлдэг, шинэлдэг болсон. Нэг хэсэг хориотой байж байгаад зөвшөөрсөн болохоор иргэдийн дунд цагаан сарыг хэт туйлшруулан тэмдэглэх болсон тал бий. Хөгшин, залуу хот хөдөөгүй данхар том ууц шүүс тавих, бэлэг сэлтээр өрсөлддөг болжээ. Гэтэл ерээд оноос өмнө ууцыг зөвхөн өндөр настай айлууд л тавьдаг байлаа шүү дээ.

-Бусдын дайтай цагаан сар гаргах гэж хичээж, өр зээл тавьдаг болоод байна л даа?

-Тэгэлгүй яах вэ. Ёслол хүндэтгэлийн төдий зүйлийг эд барааны өрсөлдөөн болгочихлоо. Авгай хүүхнүүд нь “Айл амьтад аятайхан юм өгч байхад манайх яах юм” гэдэг илүү зан гаргадаг болж. Хүнд өгч байгаа бэлэг сэлт нь нөгөө хүндээ хэрэг болохооргүй, эдэлгээ муутай, нүд хуурсан Эрээний эд зүйлс байна. Гэтэл манай хөдөөнийхөн дээхнэ үед хүүхдэд дугуй боов, дээр нь хөлдөөсөн хольсон тос тавиад өгдөг байлаа шүү дээ. Хаврын цагт хүүхэд хонинд явахдаа өвөртөлж яваад идчихнэ. Дал наяад онд бол хүүхдэд дэвтэр, харандаа эсвэл нэг төгрөг бэлэглэдэг болсон. Айлын эхнэрт дээлийн эмжээр, хоргой, эрчүүдэд “Хар морьт” гээд хатуу хайрцагтай узбек тамхи бэлэглэдэг байлаа. Энэ мэтээр тухайн хүүхдэд, хүнд хэрэг болохуйц, өөрсдөдөө хүндрэл багатай энгийн зүйлсээр гарыг нь цайлгана. Одоо бодоход тэр үед монголчууд байгаагаараа, энгийн, үнэн санаанаасаа харилцдаг байжээ гэж бодогддог. Одоо нэг үеэ бодвол хүмүүсийн амьдралын түвшин сайжирч байна. Үүнийгээ дагаад чанартай юм бие биедээ өгчихсөн гэсэн бодолтой, чадалтай хүмүүс ч их болж.

Гэхдээ бас тийм чадалгүй хүн ч байна. Тэтгэврийнхээ хэдээр амьдардаг хөгшид, тогтмол орлогогүй залуучууд зээл аваад л цагаан сараа тэмдэглэж байгаа шүү дээ. Цагаан сарын дараа хаврын уртад дараа нь юу идэх билээ, яах билээ гэдгээ бодохгүй юм. Цагаан сарыг л аятайхан гаргая гэсэн хэтрүүлэг, туйлшрал байна. Битгий ийм байгаасай. Зүгээр л тавгийн идээ засчихаад, хэдэн буузтай байхад болно шүү дээ. Манайх Ерөнхийлөгч байсан айл гэхэд нэг жилийн цагаан сараар ул боовон дээр атга орос чихэр тавиад хүмүүст бэлэглэж байлаа. Тэр битгий хэл тавь, жараад онд хотынхон баадантай явдаг байсан шүү дээ. Түүндээ боовоо хийгээд айл хэсээд явна. Баадан дүүрэхээр гэртээ хариад баадангаа суллаад явах жишээтэй.

Түүнийг санаад ийм бэлэг хүмүүст өгч үзсэн. Шар тосонд хайрсан, сайхан ул боов, амттай чихрийг хүн идчихдэг л байхгүй юу. Эрээний таарах таарахгүй оймс өгснөөс хувь илүү шүү дээ. Ийм хэрэглээ талаасаа, энгийн зүйл өгөхөд анхаармаар санагддаг.

Б.Наранчимэг "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top