x

Д.Чойжамц: Муу юмыг сайнд урвуулж болох жил

XVII жарны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн босгон дээр Монголын бурханы шашинтны төв Гандэнтэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц ард иргэддээ хандан үг ерөөлөө айлдлаа.

Хамба ламтан яриагаа ингэж эхлэв

Монголчуудын хамгийн их хүндэтгэлтэй баяруудын нэг цагаан сар болж байна. XVII жарны шороон гахай жил гарч байгаа сар шинийн мэндийг та бүхэндээ дэвшүүлье. Цагаан сар бол, Азийн цээжин дээр Монгол хэмээх өвөрмөц сайхан зан заншил, ёс суртахуун, олон зуун жилийн түүхтэй, тусгаар тогтносон сайхан улс байдгийг илтгэдэг баяр юм.

Бид цагаан сарын баярыг Чингисийн үеэс, бүр түүнээс ч урьд олон зууны турш тэмдэглэж ирсэн. Цагаан сар Монгол орны гайхамшигтай түүхийг сануулсан, өөрийн гэсэн уламжлал, зан заншил, соёлтой эртний улс гэдгийг илтгэн харуулдаг, бэлгэдэл агуулга дүүрэн сайхан баяр. Наадам бол МонголУлсын Тусгаар тогтнолыг дөвийлгөн харуулдаг. Энэ хоёр баяраар гадаад дотоодын хэн ч байлаа гэсэн Монголыг хардаг, Монголчууд хэн бэ гэдгийг ойлгохыг оролддог.

Шороон гахай жилийн зурхайд буусан өнгө төрх

Шинэ гарч буй жилд орчлон ертөнцийн хөдөлгөөн, одон гарагийн хоорондын харилцаа холбоо, хүмүүс, сав шимийн ертөнцийн шүтэн барилдлагыг үндэслэж хүн төрөлхтөн, тэр дундаа Азийн ард түмэн зурхайн номоор, жил сар, хүнийхээ үйл явдлыг зурдаг олон зууны сайхан уламжлалтай. Энэ зурхай нь Арабаас гаралтай, Энэтхэг болон бусад Азийн орноор дамжин түгсэн. Манайд ч бас эртний сайхан зурхайчид байсан. Зурхай зурах асуудлыг мухар шүтлэг, хэн нэгний зохиол мэтээр ойлгож болохгүй. Хүн төрөлхтөн эрт дээр үеэс одон гариг, орчлон ертөнцөө танин мэдэх, хоорондын шүтэн барилдлагын холбооны учрыг нь олохоор шинжилж судалж, түүнийхээ үндсэн дээр зурхайг зохиож, тоон үзүүлэлтээр хүний амьдрал ахуй байгаль дэлхийн өөрчлөлтийг зурж ирсэн түүхтэй.

Шинэ гарч буй Урвуулагч хэмээх шороон гахай жилийн зурхайд хэд хэдэн юмыг анхааруулж сануулсан байна. Шим ертөнц буюу хүн талаасаа авч үзвэл ахмадуудад ээлтэй жил болох нь. Залуучуудад дунд хэмжээнд, гэхдээ сайн тал руугаа, харин нялхаст жаахан тааруухан гэж гарч байгаа. Нялхас гэдгийг би хоёр янзаар ойлгож байна. Нэг талаараа жаахан нялх хүүхдийг хэлдэг. Нөгөөтэйгүүр бодлогогүй, бусдыг даган дуурайж юу руу ч хамаагүй орчих гээд байдаг, өөрөө толгойгүй мэт байгаа байдлыг нялхас гэж хэлнэ. Тэгэхээр энэ жил өөрийн бодолтой, сэтгэлтэй, зөв бурууг магадалж, муу бүхнийг сайжруулж, шинэчилж амьдарвал сайхан байх юм байна гэж бодогдсон. Хүмүүний амьдрал, энэ нийгэм маань урагш ахиж, хөгжиж дэвжиж байж аливаа бүхэн, ард иргэд сайн сайхан болох учиртай. Харин буруу зөвийг ялгалгүй хаашаа хамаагүй давхиад байвал энэ нийгэм, хүн ард маань ямар ч байдалд орж болох тийм гачаал бий. Тиймээс үнэн зөвийг ултай суурьтай мэдлэгийн үндсэн дээр дүгнэж, номтой мэргэд, эрдэмтдээ дагаж үнэн бодит чиглэлийг тодруулж цааш хөгжих учиртай юм байна.

Цаг агаарын хувьд ус хур элбэгтэй гэх боловч мөндөрөөс жаахан болгоомжил гэсэн байгаа. Олон жилийн магадлалаар жилийн зурхайг харж байхад их дөхүү байдаг шүү дээ. Тийм учраас малчид, тариаланчид маань үүнийг анхаарах хэрэгтэй байх аа.

Засаг төрийн хувьд бол дээгүүрээ жаахан хямралтай гэсэн байна. Хямрал гэдэг нь эв зохицол алдах, үл ойлголцол үүсэх тухай юм. Ер нь зурхай гэдэг бол орчлон ертөнц, хүмүүсийн хоорондын харилцаа нийгмийн байдлыг тодорхойлсон маягийн бодит зүйл учраас хувьсан өөрчлөгддөг шинж чанартай. Хорвоо, бидний амьдрал ямар байдаг билээ, түүнтэй л ижил шүү дээ. Нэг хүн буруу зөрүү яваад хэрэг төвөгт орох гээд байснаа ”Энэ ер нь болохгүй нь” гэж ухаарч, эргээд алдаа мадаг, буруу үйлээ засч, уучлалт гуйгаад, тэр хэрээрээ амьдрал нь тэгширч зөв явдаг. Түүн лугаа энэ зөрчил тэмцэл, хямрал, болохгүй байгаа бүхнийг эв зохицлоор даван дийлдэг. Тэгэхээр энэ нь “дээгүүрээ хямралтай” гэдгийг анхаарч бодоод, ийм юм болгохгүйн төлөө бид зүтгэх хэрэгтэй. Гол нь бие биетэйгээ эвлэрч, зохицож, найрсаж үнэн зөвөө олж явах юм.

Манай нийгэмд ёс зүй хэрэгтэй

Монголчуудад, амьдарч буй нийгэмд маань ёс зүй гэдэг юм гарцаагүй хэрэгтэй болсон. Ёс зүйг баримтлахгүйгээр энэ нийгэм урагшаа явахгүй гэдэг нь ил боллоо. Ардчилал эрх чөлөө гэдгийг буруу, юуг ч хийж болдог юм шигээр ойлгох болсноор нийгэм ихээхэн бужигнаантай, замбараагүй болдог нь илэрч харагдаж байна. Тиймээс ёс зүйг их эрхэмлэн дээдлэхийн тулд Монгол Улсын ард иргэд бүгд хуулиа дээдлэх ёстой юм. Ерөөсөө хов хоч, хутган үймүүлэх маягаар гаргасан, янз бүрийн харлуулж, цайруулсан мэдээлэлд итгэхээсээ илүү хууль эрх зүйн хэм хэмжээгээ дээдлэх нь чухал юм. Тэгээд хоорондоо ярилцахдаа ховоор ярилцах биш, ёс зүй, хуулиар ярих юм бол нийгмийн дунд бужигнаан тарихгүй, элдэв худлыг дор нь намдаана. Хуулийн өмнө очиход буруу, зөв ялгарч, шуугиан хэрүүл дорхноо намдаад ирнэ. Тэгэхээр зурхайд дээгүүрээ хямралтай гэж бичигдсэн боловч бид даван туулж, сайн сайхнаар өөрчилж туурвиж чадах юм. Урвуулагч хэмээх гэхээр хүмүүс урваж шарвах юм болов уу гэж ойлгож байгаа. Энэ бол ёгт нэр юм. Жишээлбэл, муу юмыг сайнд урвуулж болох талтай. Бид амьдралаа сайн сайхнаар авч явж болно оо л гэсэн утга энэ үгнээс харагдаж байна. Өөрт байгаа муу муухай, алдаа дутагдлыг хаяж гээж, сайн сайханд урвуулж хувиргавал бидний амьдрал цэгцтэй сайхан болно.

Бид сайхан амьдрах боломжтой

Аливаа зүйл шүтэн барилдлагын хүчин дээр оршин тогтнодог. Энэ жилийн зурлагыг харвал ерөнхийдөө сайн сайхан давамгайлсан харагдана. Зурхай яаж зурагдсан бидний үйлийн үрээс бас хамааралтай юм. Бид урьд он жилүүдэд, өнгөрсөн үедээ ямар сайн сайхан зүйлийг бүтээж, болохгүй муу муухайг үйлдсэн бэ, түүнийхээ үрийг л амсдаг шүү дээ. Монголчууд бид олон сайхан зүйлийг бүтээн байгуулсан, бий болгосон. Түүн дээрээ, сайн зүйлдээ суурилж, сайхан зүйлсээ авч урагшаа явбал энэ жил тэртээ тэргүй сайхан байх болно. Бурхан багш айлдахдаа “Чи өөрийнхөө итгэл, аврал шүү” гэсэн. Монголын гурван сая гаруй хүний хичээл зүтгэл дээр бидний жаргалтай сайхан амьдрал бий болдог. Зурхай яаж ч зурагдсан бидэнд сайхан амьдрах боломж бий гэж ийм сайхан Молом ерөөлийг та бүхэндээ айлтгая аа.

Засал бол сэтгэлдээ суулгах дархлаа, итгэл юм

Гахай жилийг Монголчууд их бэлгэшээдэг. Гарч буй жил бүхэнд бэлгэшээлийн утга байдаг, тэр бэлгээрээ сайн сайхан болдог. Хүмүүс гахай жилийг баян тансгийн бэлгэдэл, эд хөрөнгө хуралдуулж, үр хүүхэд олширч болох ийм сайхан бэлгэ дэмбэрэлтэй жил гэж хардаг. Бид сайхнаар туурвиж, авч явж чадах юм бол жил бүхэн сайхан шүү дээ. Зурхай хүн төрөлхтний шинжилгээ судалгааны үндсэн дээр олон зууны турш боловсорч гарсан ийм л эд. Үүнийг судалж шинжлэлгүй зүгээр л мухар сүсэг рүү аваачиж хийгээд зурхай руу дайрдаг асуудал бий. Яг судлаад “Энэ нь буруу, тэр нь зөв” гэхгүй байгаа нь буруу юм. Орчлон ертөнцийн хөдөлгөөн, энэ атом молекул, эд эсээс бидний бие бүрдэж, тэгээд дэлхийтэйгээ асар нарийн холбоогоор холбогдож, тэртээд орших одон гарагууд, наран дээр болж байгаа тэсрэлт гэхэд л дэлхийд нөлөөлж байгаа нь шүтэн барилдлага, нарийн хэлхээ холбоогоор энэ гариг ертөнц, хүмүүс холбогдсоныг харуулна. Ийм шүтэн барилдлагын үндсэн дээр ийм махбодьтой хүн, тийм жилд ажил үйлс, эрүүл мэнд, аливаа бүхэн нь ямар байхыг зурхайн ухаанаар нарийвчлан зурж гаргадаг. Тэр магадлал тэр чигээрээ биелэгдэнэ гэж үзэж болохгүй. Хийморь сүлд сайтай, бие хаагаа сайхан авч явсан, өвчин зовлонгүй эрүүл байгаа хүнд бол аливаа муу нөлөөлөл нь маш бага байдаг гэж өвгөчүүл хэлдэг. Миний багш бол “Хийморь сүлд сайтай, бие хаа нь зөв зохистой үед жил орох, гарахад элдэв өнгийн засал байдаггүй юм. Настай болох юм уу, жаахан биоритмийн доройтол болсон, хийморь сүлд муу байгаа үедээ жилийн засал, номондоо заавал анхаарч, заслаа хийж явбал сайхан байдаг юм шүү дээ хүү минь” гэж л захьдаг байсан. Жилийн заслыг Монголчууд бэлгэшээгээд хийдэг. Шинэ жил дөнгөж гаргаад 15 хоногийн дотор заслаа хийлгэхийг зорьдог. Энэ нь сэтгэлдээ нэг тийм дархлаа суулгаж байгаа маягтай, лут нот “Би ч одоо сайхан болчихлоо доо, заслаа хийлгэчихлээ, надад одоо юу ч халдахгүй дээ, би цаашдаа сайхан байна даа энэ жилдээ” гэсэн сэтгэлийн бат бэхлэлт хийж байгаа маягтай үйл юм л даа. Тэр засал болгож уншиж байгаа Бурхан багшийн айлдсан номнуудын адис жанлав нь тухайн хүндээ хүрдэг. Ийм л учир жанцантай учраас Монголчууд шинэ жилийн эхэнд заслаа хийлгэдэг.

Бэлгэдэл дүүрэн өдрүүд

Бид хоёр өдөр Цагаан сарынхаа баярыг онцгойлон тэмдэглэдэг. Юуны өмнө одон гарагийн зурхайгаар аваад үзэх юм бол дэлхий ертөнц жилийн хамгийн сүүлчийн өдөр болох битүүнийг тэмдэглэдэг. Битүүн гэж юу вэ гэхээр шинийн нэгэн, хоёронд үл мэдэгдэх хавирган сар гараад тэр нь арвиддаг. Тэгээд томроод шинийн гурванд бүр том болоод, шинийн найман гэхэд тал дугуй болж, 15-нд цэл бөөрөнхий тэргэл сар болдог, тэр нь ахиад томордог. Тэгээд 22-нд тал дугуй болж, багассаар 28, 29-нд үзэгдэх төдий болоод, тэгээд сүүдэр битүүлээд сар харагдахаа больдог. Сарын сүүлч битүү, жилийн сүүлчийн битүүн тэгж болдог. Тэр битүүний өдрийг жилийн хамгийн сүүлчийн өдөр гэж тооцож байгаа учраас, амар мэнд, эрүүл сайхан байсан, амьдрал хөгжиж дэвшсэн сайхан жил боллоо гэж жилийн сүүл дээр тэмдэглэж байгаа баяр юм даа. Бидний бие усны хөөс шиг учир маргааш өглөөний нар ургах, миний үхэх хоёрын аль нь түрүүлж ирэхийг бид шийдэж чаддаггүй. Жаахан болгоомжгүй гишгээд хальтраад уначхад л яваад өгдөг хэврэг биетэй учраас бүхэл бүтэн нэг жилийн турш амьд сэрүүн явсан, ах дүү хамаатан садан, үр хүүхэдтэйгээ жаргалтай сайхан амьдарснаа хамгийн сүүлчийн өдөр баяр хөөртэй, бэлгэдэл дүүрэн тэмдэглэдэг. Тэгээд нар жаргаснаас хойш идээ битүүлгээ сайхан засаад, бие биетэйгээ тэмцэлдэж хэрэлдсэн зүйл байвал тэр улсыгаа урин залдаг, хөөргөө зөрүүлж, шинэ ондоо муухай өс хонзон, хэрүүлтэй орохгүй ээ гээд цагааддаг. Дайсан нөхөр гэдэг алга эргүүлэхийн төдий, нэг өдөр нөхөр байж, нөгөө өдөр дайсан болдог ертөнцийн ёсыг огоорч, энэ нас болоод хойд насандаа хор холбогдолтой үйлийн үрийг хурааж өсөрхөөд явах юм бол хойд насандаа ч хоорондоо дайсан болж төрдөг. Шинийн нэгний өглөө нар ургахаас арай өмнөхөн босч өглөөг угтаж авч, сайхан ургаж байгаа нарыг хардаг, зүг чигээ гаргадаг, өвгөд хөгшдөөсөө авахуулаад золгодог энэ баяр нь монголын ард түмний гэр бүлийн баяр, нийтийн баяр юм даа. Сар шинийн баяраар өвгөд хөгшдөө хүндэтгэдэг, үеийнхэнтэйгээ найрсдаг, хүүхэд багачууддаа бэлэг сэлт өгч зулайг нь үнэрлэж, энхрийлж хайрладаг учраас эв нэгдлийн баяр, уламжлал зан заншлын баяр ч гэж хэлж болохоор ийм л сайхан баяр болдог. Хөгшдийнхөө амар мэндийг мэдэж, бэлгэтэй сайхан үг ярьж бие, хэл, сэтгэл гурвын үүднээс шинэ жилийн эхийг сайнаар гаргаж, товч бүчээ бүрэн бүчлээд, малгай толгойгоо тэгшлээд, үс гэзгээ гоёж, нударгаа эргүүлчихсэн, төв төвшин байхад онцгой анхаарахыг өвгөчүүд хэлдэгсэн. Баярын өдрүүдэд хэл их тунгалаг байх ёстой. Сайхан бэлгэ дэмбэрэлтэй үг хэлдэг цагаан сарын үед муу муухай юм ярьсан хүнийг ахиж зочноор урьдаггүй. Монголчууд баяраар орж гарч байгаа зочдынхоо аяг ааш, байдал төрхөөр шинэ жилээ шинждэг. Бид ч гэсэн шинийн нэгний өглөө Монгол Улсынхаа Ерөнхийлөгчтэй золгочхоод гудамжаар явж, улсуудын ааш араншин хөдөлгөөн ямаршуу маягтайг, өмссөн зүүсэн нь ямар байгааг, байгаль дэлхийн өнгийг харж шинэ жилийнхээ бэлгэдлийг хийдэг сайхан уламжлалтай. Бие биенээ хүндэтгэж найрссан, эвссэн, хайрлаж нигүүлссэн байдалтай тэр өдрийг өнгөрөөж жилийнхээ эхийг хамгийн сайхнаар гаргахад цааш үргэлжлээд 365 хоног бидний амьдралд сайн бүхнийг авчирч байгаа, ийм л бэлгэдлийн баяр даа.

Мэндчилгээ дэвшүүлж ерөөл өргөв

17-р жарны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинэ сайхан гарч байна. Жилийн бэлгэдэл зурхай их сайхан байна. Монголын ард түмэн олон зуун жилийн түүхийнхээ туршид дэвшиж хөгжиж ирсэн. Бидэнд дэлхийд гайхуулж явсан гайхамшигтай түүх ч бий, хоорондоо эвлэрч чадахгүй тэмцэлдэж янз бүр болж явсан үе ч бий. Тэр түүхийн сургамжаас сайн сайхан явсан үеэ дахин сэргээж, бий болгож, мөрдөн дагаж, муу муухай явсан зүйлээсээ санаа авч түүнийг орхиж гээж, цаашдаа дэвжиж сайн сайхан явах өлзий хутаг бидэнд байгаа. Улаанбаатар хот улам сайхан болж байна. Хөдөө аймаг, орон нутгуудаар явахад ч хөгжиж, цэмцийгээд ихээ сайхан харагдана лээ. Ер нь Улаанбаатар хот цэгцрэх тусам аймгууд ч дагаад сайхан болоод байна.

Энэ жил бидний амьдралд хамгийн сайн зүйлс ирсэн, сайхан жил болох болтугай гэж ерөөе. Та бүхэндээ урт нас, удаан жаргалтай, эд бараа элбэг дэлбэг үр хүүхэд өнөр өтгөн сайн сайхан байхын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлж байна аа.

Г.Пүрэвсүрэн "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орон даяар зохион байгуулах “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулга 9 цаг 49 мин Баянзүрх дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо 12 цаг 4 мин Сүхбаатар дүүргийн эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт уриалж байна 12 цаг 4 мин Иран улс гал зогсоох хэлэлцээрт Ливаныг багтаах шаардлага тавив 12 цаг 5 мин Улаанбаатар хотын хуучирсан шугам сүлжээг шинэчлэх, засварлах ажил үргэлжилж байна 12 цаг 5 мин Прокурорын байгууллага авлигын 50 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 12 цаг 6 мин Европын Комисс Унгарт олгох зээлээ хойшлуулжээ 12 цаг 7 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны хэлэлцээг дөрөвдүгээр сард эхлүүлнэ 12 цаг 8 мин Насанд хүрээгүй хүүхэд суррон унаж замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно 12 цаг 9 мин Зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн "Цагаан хуаран Консалтинг" ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоов 13 цаг 50 мин ХӨСҮТ-ийн хүүхдийн тасгийг иж бүрэн шинэчлэн засварлалаа 14 цаг 2 мин Дэлхийн хотуудын ердөө 14 хувь нь аюулгүй агаараар амьсгалж байна 14 цаг 6 мин Өвөрмонголын Улаан загалмайн нийгэмлэгээс зудад өртсөн малчдад 200 мянган юань хандивлалаа 14 цаг 8 мин Монголын пара таеквондочид “Турк опен”-оос хос мөнгөн медаль хүртлээ 14 цаг 9 мин Гуравдугаар сарын 28-нд нутгийн хойд хагаст цас орж, цасан шуурга шуурна 14 цаг 12 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо 14 цаг 13 мин Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд танилцууллаа 14 цаг 15 мин Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй 14 цаг 16 мин Зундарь: Амин насны урсгал 16 цаг 10 мин Химийн хорт бодис хууль бусаар хадгалсан гадаадын иргэн, хуулийн этгээдийг торгожээ 16 цаг 32 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Фронтын генерал ба индрийн маршал “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Зундарь: Амин насны урсгал О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top