Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар“Батлан хамгаалахын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
Хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бүх түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хоорондын харилцааг өргөжүүлэх, цэргийн хамтарсан сургалт дадлагыг зохион байгуулах зэргээр өргөжүүлэх ач холбогдолтой.
Монгол Улс, БНСУ-ын хоорондын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1999 онд “Цэргийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яам хоорондын хэлэлцээр" байгуулж эхэлж байжээ гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.



