Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт мэдээллийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Прокурорын байгууллагаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой буюу Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан хэргээр 2025 онд 347 хүнд холбогдох 225 хэрэгт, 2026 оны 1 дүгээр улиралд 70 хүнд холбогдох 51 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой хэргээс өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүдийг тоймлон хүргэж байна.
Мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, бусдад өгсөн, боловсруулсан, илгээсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан, орон байраар хангасан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуулийн зохицуулалттай.
Хар тамхи (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис) нь олон нийтийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, удмын санд ноцтой хохирол учруулдаг тул энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.



