x

УИХ-ын ажлын хэсэг Ойн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын даргын 523 дугаар захирамжийн хүрээнд байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хийлээ.

Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Э.Болормаа, М.Ганхүлэг, С.Лүндэг, Б.Мөнхсоёл, Ц.Туваан, А.Ундраа, Б.Уянга нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Энэ удаагийн хэлэлцүүлэг ойн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, хуулийн хийдэл, давхардал, зөрчлийг арилгах чиглэлээр холбогдох саналыг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлоход чиглэжээ.

Хэлэлцүүлэгт ойн салбарын чиглэлээр бодлого тодорхойлдог, үйл ажиллагаа явуулдаг салбарын яам болон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллөөс танхимаар 56, цахимаар 33, нийт 89 хүн оролцов.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд Улсын Их Хурлын даргын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд 2025 оны 523 дугаар захирамжаар 12 ажлын хэсэг байгуулсныг дурдаад энэ дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсныг онцлон тэмдэглэлээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон холбогдох хуулийн хүрээнд ажлын хэсэг Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр ажиллах болсныг тодотголоо. Учир нь ажлын хэсэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас боловсруулан саяхныг хүртэл танилцуулж байсан Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өөрчлөгдөж буй тул өнөөдрийн хэлэлцүүлгээр төслийн талаар танилцуулахгүй болсныг мэдэгдлээ.

Тэрбээр цаашид хуулийн төслийг чимээгүй хэлэлцэж, ханцуй дотроо наймаалцах, хууль мэддэг гэх хэн нэгэн хүмүүсийн нөлөөн дор хуулийг баталж болохгүйг онцлоод асуудлаа нээлттэй, ил тод ярилцах нь зүйтэй гэлээ. Мөн ой модтой аймгийн иргэд ойгүй нутгийнхантай адил хязгаарлалтад өртөж буйд анхаарч, ойн дагалдах баялгийг ашиг орлогын төлөө сүйтгэдэг байдлыг яаралтай халж, салбарын хууль нэг үзэл баримтлалтай, нэг төсөлтэй байх шаардлагатай хэмээв. Өнөөдрийн хэлэлцүүлгээр дэд ажлын хэсэг байгуулах, улмаар хуулийн төслийн хүрээнд ойн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд салбарын төлөөлөл бүрийн саналыг сонсож, нэгтгэх шаардлагатай байгааг ажлын хэсгийн ахлагч онцлон тэмдэглэлээ.

Үргэлжлүүлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа “Ойн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн судалгааны үр дүн” сэдвээр илтгэл тавьсан. Уг илтгэлд Монгол орны ойн сангийн хэмжээ, хуулийн хэрэгжилт, ойн түймрийн нөхцөл байдал тэмцэл, хөнөөлт хортон шавжийн голомт, тархалт, ойгоос хэрэглээний мод, түлээ ашигласны төлбөр, улсын төсвийн ойжуулах хөтөлбөрийн зардлын гүйцэтгэл, тулгамдсан асуудлын талаар хөндсөн байв.

Тэрбээр Ойн тухай хуулийг 2012 онд баталснаас хойш нийт 13 удаа нэмэлт, өөрчлөлт хийснийг дурдаад энэ хуулийн зорилт нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэснийг тодотголоо. Мөн хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд авч буй арга хэмжээнүүдийн талаар танилцуулсан бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд түймэрт өртсөн га талбайн хэмжээ 2023 онд 1.3 га газар байсан нь хамгийн бага үзүүлэлт байсныг онцлов.

Мөн Монгол орны ойн сангийн хэмжээ, улсын төсвийн ойжуулах хөтөлбөрийн зардлын гүйцэтгэлийн талаар танилцуулсныг доорх зурагнаас харна уу.

Ойн газрын дарга Б.Оюунсанаа хүчин төгөлдөр мөрдөгдөж буй салбарын хуулиар засаглалын суурь бүтэц бүрдсэн, ур чадварын нөөц хадгалагдсан, ойн нөхөрлөлийн сүлжээ бий болсон, захиргааны хэм хэмжээний актууд практикт шалгарсан, бодлогын олон талын дэмжлэгтэй болсон зэрэг давуу талууд бий болсон гэж байлаа.

Харин цаашид хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй болгоход өмчлөлтэй холбоотой эрх, үүргийг нарийвчлан тодорхойлох, тухайлбал, Үндсэн хууль болон Ойн тухай хуульд ойг төрийн өмч гэж заасан ч ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн эрх, үүрэг нь олон байгууллагад тараагдсанаас улс төржсөн эсвэл зөрүүтэй шийдвэр гаргах орон зайг бий болгож, эцсийн хариуцлагыг сулруулдаг гэж байв. Мөн олон нийтийн оролцоог тэлэх, ойн мэдээллийн систем, ойн тооллого, төлөвлөлтийн нийцлийг хангах, мод үржүүлэг, ойжуулалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудалтай холбоотой эрх зүйн орчныг сайжруулах, цаашлаад хуульд тусгагдсан гол хязгаарлалтууд мөрдөгдөхгүй байгаад анхаарах, татварын хөнгөлөлтийг тодорхой болгох зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгааг илтгэлд дурдсан байв.

Үндсэн илтгэл болон ойн салбарын эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэгт оролцогчид санал хэллээ. Тэд хуулийн төслийг цаг үе, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй нийцүүлж, шинэчлэн сайжруулах шаардлагатай болсныг тэмдэглээд цаашид салбар хоорондын уялдаа холбоог хангах, ойн аж ахуйг ашиглалт, хамгаалалт, мониторинг гэсэн цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх, ой ашиглалтын асуудалд бодлого боловсруулах, ойг хамгаалахтай холбоотой урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зохицуулалт шаардлагатай талаар санал хэлэв. Мөн хуулийн төслийн ажлын хэсэгт аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулах, оролцоог хангах, ойн салбарын бүтцийн давхардлыг арилгах, мэдээллийн сангийн тогтолцоог сайжруулах, ойн ангийг тусдаа бүлэг болгон төсөлд тусгах зэрэг асуудлыг хөндөж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийг хааж, үг хэлсэн. Тэрбээр тус хэлэлцүүлэгт цаг заваа зарцуулан, мэдлэг оюун ухаанаа шингээсэн үнэтэй санал өгсөнд оролцогчдодоо талархахын зэрэгцээ дэд ажлын хэсэгт оролцож ажиллахыг урьсан юм.

Ойн салбарын оролцоо, төлөөллийг хангасан дэд ажлын хэсэг байгуулах бүрэн боломжтойг тодотгоод хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ойн тухай хуулийн хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажлын хэсэг шуурхайлан ажиллаж буйг тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын ажлын хэсэг Ойн тухай хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 49 мин Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн ажлын хэсэг хуралдлаа 1 цаг 50 мин Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж, хориг зөрчсөн иргэдээр аврах ажиллагааны зардлыг нөхөн төлүүлж байна 1 цаг 50 мин Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт 1 цаг 54 мин УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь 2 цаг 11 мин 16 насанд хүрээгүй хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэхийг хуулиар хязгаарлана 2 цаг 21 мин Б.Адебайо хамгийн олон оноо авсан хоёр дахь тоглогч боллоо 2 цаг 32 мин Г.Дамдинням: Ойрхи Дорнодын нөхцөл байдал ойрын хугацаанд тогтворжвол нефтийн зах зээлд томоохон савлагаа гарахгүй 2 цаг 41 мин Монголд 2026 онд тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна 16 цаг 56 мин Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журмыг баталлаа 16 цаг 57 мин “Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг боллоо 16 цаг 59 мин Гамшигт өртөж амиа алдсан малчны ар гэрт мөнгөн тусламж олгоно 17 цаг 5 мин Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 17 цаг 9 мин Эрчим хүчний төслүүдийн зээлийн хэлэлцээрийг УИХ-тай зөвшилцөхөөр тогтлоо 17 цаг 10 мин Орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх "Цахим-Аймаг, Ухаалаг-Хот" зөвлөмжийг баталлаа 17 цаг 12 мин Замын-Үүд-Эрээн боомтод хоёр дахь төмөр замыг барих хэлэлцээрийн төслийг дэмжлээ 17 цаг 13 мин Хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 17 цаг 14 мин Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын тогтоол батлагдлаа 17 цаг 15 мин ЗГ: “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ 17 цаг 19 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов 17 цаг 23 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс га... Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа... "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодруу...
Top