x

Замын-Үүд боомтыг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 14-нд болж, 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 11-12-нд Дорноговь аймагт ажилласан талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.

Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг олон улсын туршлага, бүс нутгийн онцлогт нийцүүлсэн стратеги, төлөвлөлт хийж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар санал боловсруулах, аж ахуйн нэгжид олгосон газар олголтын асуудлыг шалгаж, санал дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Мөн Замын-Үүд боомтыг цэгцлэх,  ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаалийн улсын байцаагчдыг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, боомтод ажиллаж байгаа хилийн хяналтын болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах ажлыг эрчимжүүлэхийг даалгаад хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь эргэж харах ёстойг анхаарууллаа.

Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны барилгыг бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо. 

Ерөнхий сайд томилолтын хугацаанд Замын-Үүд чөлөөт бүс, Замын-Үүдийн авто замын боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолбортой тус тус танилцаж, боомтод үйл ажиллагаа явуулж байгаа хил, гааль, хяналтын байгууллагын удирдлага, зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл болон Замын-Үүд сумын иргэдтэй уулзалт хийсэн.

Мөн Алтанширээ дэх аж үйлдвэрийн парк, Сайншанд суманд баригдсан Мандах наран хорооллын бүтээн байгуулалттай танилцаж, Дорноговь аймгийн иргэдтэй уулзалт хийсэн юм.

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

"Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө шинэчлэн баталж, төлөвлөгөөтэй нийцүүлэн бүрээр салбар төлөвлөгөөг шинэчлэн баталж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, гамшгаас хамгаалах албаны болон аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Дэлхий дахинд гамшгийн тохиолдол сүүлийн 20 гаруй жилд эрс нэмэгдсэн. Тухайлбал, 2000-2009 онд гамшгийн давтамж хамгийн оргил үедээ буюу нэг жилд тохиолдсон гамшгийн тоо 350-500 болтол огцом нэмэгдсэн бол 2021-2030 онд гамшгийн тохиолдол 40 орчим хувиар нэмэгдэх магадлалтай. Цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан гамшиг, аюулт үзэгдлийн давтамж энэ зууны дунд үе гэхэд одоогийнхоос 23-60 хувиар нэмэгдэж, зудын их зэрэглэлийн эрсдэлтэй газар нутгийн хэмжээ 2020-2022 оны дунджаас 2030 он гэхэд 14.4 хувиар нэмэгдэх тооцоо судалгаа гарчээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс бий болсон шинэ нөхцөлд дасан зохицох, олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, салбар дундын харилцан ажиллагаа, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, удирдлага, зохицуулалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар гамшиг, ослыг хохирол багатай даван туулах, гамшгийг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх шаардлага тавигдаж байна. 

Өнгөрсөн жилүүдэд тохиолдсон цар тахал, зуд, үерийн гамшгийн үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзжээ.

Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ

Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, Монополын эсрэг газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Тус газраас энэ оны эхнээс өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үнэ бүрдэлт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, хяналт шалгалт хийх Ажлын хэсэг ажиллаж байна.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, бөөний болон жижиглэн худалдаанд үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, өрсөлдөөнийг хязгаарласан болон хэрэглэгчийн эрхийг зөрчсөн аливаа үйлдэл гаргахгүй хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллахыг анхааруулсан зөвлөмжийг хүнсний сүлжээ дэлгүүр, зах, худалдааны төв, үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжид хүргүүлжээ. 

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

Хуулийн төсөлд улсын нисэхийн асуудлыг удирдан чиглүүлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болон Улсын нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч болон Улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын үүрэг, чиглэлийг нарийвчлан тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт санхүүжилт шаардахгүй бөгөөд эрх зүйн зохицуулалтын үр нөлөө мэдэгдэхүйц сайжирч, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын нислэгийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин сайжирч, улсын нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, хяналт, зохицуулалт тодорхой болж, түүнийг дагалдан хуулийг хэрэгжүүлэх бусад эрх зүйн баримт бичгүүд боловсронгуй болох, хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилах зэрэг чухал ач холбогдолтой.

“ХУРДАН” цэгээр төрийн 43 байгууллагын 451 үйлчилгээг цахимаар үзүүлж байна

Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг шинэчлэх талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний жагсаалтыг ирэх сард багтаан салбарын хэмжээнд үйлчилгээ тус бүрээр нарийвчлан гаргахаар боллоо. 

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын салбар,  харьяа төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг (нийслэлд 144, орон нутагт 405, хилийн чанад дахь 31 улсын 47 байршил, нийт 596 ),  “ХУРДАН” киоск (нийслэлд 120, орон нутагт 362, нийт 482) машинаар дамжуулан 43 байгууллагын 451 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж байна. 

“Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний жагсаалт” батлагдсан. Дээрх жагсаалтад 56 байгууллагын 785 үйлчилгээ багтсан бөгөөд үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх явцад жагсаалтад байхгүй боловч цахим хэлбэрт шилжсэн, цаашид цахим хэлбэрт шилжүүлэх, мөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мэдээлэл хариуцагч болон үйлчилгээний нэр, төрөл өөрчлөгдсөн зэргээс шалтгаалж тус жагсаалтыг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүсээд байжээ. 

Жагсаалтыг шинэчлэн баталснаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа хангагдаж, мэдээллийн давхардал, зөрчил арилж, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж, үр ашиг бодитоор нэмэгдэнэ.

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ

Цэргийн дүйцүүлэх албыг 2026 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2025 оны тогтоолд зааснаар хэвээр үлдээлээ. 

Улсын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшин, орлогын байдлыг харгалзан ийн шийдвэрлэлээ. 

"Цэргийн албаны тухай" хуульд Монгол Улсын Засгийн газар "Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн тухайн жилийн хувьсах зардлаар тооцож Засгийн газар жил бүр батална" гэж заажээ.

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо тухайн жилд нэг хугацаат цэргийн алба хаагчийн хангалт, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар дүйцүүлэн тооцдог байна.

2020-2022 онд "Ковид-19"-ийн үед Монгол Улсын Засгийн газраас цэргийн дүйцүүлэх алба хаах мөнгөнтөлбөрийг гурван жилийн турш нэмэгдүүлэхгүй тогтоож байжээ.

#Засгийн газрын хуралдаан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top