x

Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Шинэ долоо хоног дөнгөж эхлэнгүүт Нью-Йоркийн Comex таваарын биржийн арилжаагаар хоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерс үнэ түүхэн дээд түвшинд буюу нэг унц нь 4600 ам.долларт хүрлээ. Удалгүй үнэ 4578 унц/доллар руу буусан боловч өмнөх арилжааны үнийн дүнгээс 1,5 хувиар илүү байна.

Өнгөрсөн 2025 оны туршид алтны үнэ 50 удаа дээд үзүүлэлтэд хүрсэн нь хашир бөгөөд гутранги шинжээчдийг хүртэл гайхшрууллаа. Нэгдүгээр сард унц нь 2801 долларын ханштай байсан бол оны сүүлчээр 4500 доллар гэх “сэтгэлзүйн хязгаар”-аас давсан байна. Энэ бол 1979 оноос хойших хагас зуун жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлт болой. Тухайн үед алтны үнэ 126 хувиар өсөж, 512 долларт хүрч байсан нь дэлхий дахиныг хамарсан эрчим хүчний хямрал, Ираны хувьсгал, Зөвлөлтийн цэрэг Афганистанд нэвтрэн орсон зэрэг геополитикийн эрсдэлүүдээс шалтгаалсан байна.

Харин дэлхий нийтийг айдаст автуулсан коронавирусний цар тахлын ид дэгдэлтийн үе буюу 6 жилийн өмнөхөөс бараг 3 дахин өссөн бол 10 жилийн өмнөхөөс 4 дахин нэмэгджээ.

Улмаар шинэ он гарснаас хойш алтны үнэ 6 хувиар өслөө. Энэхүү үнэт металл өнгөрсөн 2025 оны туршид хамгийн их эрэлт хэрэгцээтэй актив байж, үнэ нь даруй 65 хувиар өссөн юм. Үүнийг дагаад өнгөрсөн нэг жилийн хугацаанд мөнгөний ханш 150 хувиар нэмэгдлээ. Даваа гаргийн арилжаагаар унц мөнгөний үнэ 4,5 хувиар өсөж, 83,45 ам. долларт хүрсэн нь 2025 оны эцсийн дээд үзүүлэлтээс үл ялиг доогуур байна.

Ер нь алт хэмээх шидэт шар металл бол хөрөнгө оруулагчдын хувьд хямралын үед инфляцаас хамгаалах санхүүгийн хэрэгсэл, цагийн байдал хэцүүдсэн үед ашиглах хамгаалалтын нөөц актив, эдийн засгийн төлөв байдлыг тандах “халууны шил” учраас үнэ ханш нь сүүлийн үед ийнхүү огцом цойлж байна.

Монголчууд бидний амьжиргааг тодорхойлдог гол түүхий эдүүдийн нэг болох алтны үнэ ханш 2026 онд өсөх нь гарцаагүй гэсэн өөдрөг таамаглалыг шинжээчид, олон улсын санхүүгийн байгууллагууд дэвшүүлж байна. Ингээд үнэ өссөн шалтгаанууд ба энэ оны үнэ ханшийн ерөнхий чиг хандлагын талаарх дүгнэлтүүдийг толилуулъя.

Үнэ өссөн үндсэн шалтгаанууд

зураг дээр: Иран 1979 он

Он гарангуут үнэт металлын үнэ дахиад өссөн нь юуны түрүүнд Иранд дэгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөн, АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сангийн хараат бус байдалд эргэлзэх явдал газар авсан, үүний сацуу Д.Трампын засаг захиргаа Венесуэлд тусгай ажиллагаа явуулж Н.Мадурог олзлон авчирсан зэрэг шалтгаанаас үүдэлтэй хэмээн шинжээчид дүгнэж байна.

Ялангуяа сүүлийн үед Ерөнхийлөгч Д.Трамп, ХНС-гийн тэргүүн Ж.Пауэлл нарын хоорондох зөрчил илт ширүүсчээ. Өөрийнх нь эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь ХНС-гийн шийдвэрүүдэд нөлөөлөх гэсэн оролдлого болохыг Пауэлл хэлсэн байна. Ер нь бол цаашдаа тус сан улс төрийн дарамт шахалтаар бус харин эдийн засгийн бодит байдлаас харгалзан бодлогын хүүгээ тодорхойлж чадах уу үгүй юү гэдэг нь эргэлзээ төрүүлж байгааг тэрбээр санууллаа.

Харин 2025 оны туршид үнэ тасралтгүй өссөн нь хэд хэдэн үндсэн ба дам шалтгаантай.

Юуны түрүүнд, дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал хурцдаж, дэлхийн эдийн засгийн өсөлт тогтвортой байх эсэхэд итгэх итгэл буурч, эргэлзээ лавширсантай холбоотойгоор төв банкууд алтыг их хэмжээгээр худалдан авлаа. Тухайлбал, оны эхээр Газын зурваст нөхцөл байдал улам дордож, Орос-Украины дайн ширүүссэн гэх мэт геополитикийн хүчин зүйлүүд бий.

Мөн облигацийн өгөөж буурсан, Хятад болон Ойрх Дорнодын улсууд алтыг их хэмжээгээр худалдан авсан нь нөлөөллөө. Тодруулбал, өнгөрсөн оны хаврын саруудад АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гол түншүүддээ худалдааны дайн зарласнаас гадна түүний явуулж буй гадаад бодлогыг урьдчилан таамаглахын аргагүй болсон тул дэлхий даяар долларт итгэх итгэл суларч, доллароос татгалзах, хөрөнгөө төрөлжүүлэх үйл явц улам хурдаслаа. Үүнээс үүдэн ялангуяа хөгжиж буй орнуудын төв банкууд өөрсдийн худалдан авсан Америкийн өрийн бичгүүдээ биет металлаар орлуулахыг эрмэлзэх болов.

Нөгөөтэйгүүр, бодлогын хүү өндөр байгаа үед найдвартай актив гэгддэг алт нь бодит хувь хэмжээгээр ашиг өгдөггүй тул хөрөнгө оруулагчид доллар болон засгийн газрын үнэт цаасыг худалдан авахыг илүүд үздэг. Жишээ нь, 2022 онд алтны үнэ ерөнхийдөө доогуур байсан нь долларын ханш чангарч, төв банкууд мөнгө-зээлийн хатуу бодлого явуулж байсантай холбоотой. Харин АНУ-ын Холбооны нөөцийн сан өнгөрсөн оны 9, 10, 12 дугаар саруудад бодлогын хүүгээ 3,5-3,75 хувь хүртэл бууруулсан бол дэлхийн Төв банкууд 157 удаа хүүгээ багасгажээ.

Ийнхүү мөнгө-зээлийн бодлого зөөлөрч, облигацийн өгөөж буурч эхэлснээс үүдэн алтанд хөрөнгө оруулах нь ашигтай болсон тул Дэлхийн алтны зөвлөлийн (WGC)-ын мэдээллээр, өнгөрсөн оны эхний 9 сарын хугацаанд Төв банкууд 633 тн алт худалдан авснаар үнэ 3500 унц/долларт хүрч, оны эхнээс 30 хувиар өсжээ. Тус зөвлөлөөс жил тутам явуулдаг санал асуулгын дүнг үзвэл, дэлхийн 73 төв банкны 95 хувь нь ойрын 12 сарын хугацаанд алтны нөөцөө нэмэгдүүлэхээр, дөрөвний гурав нь долларын нөөцөө багасгахаар төлөвлөсөн байна.

Түүнээс гадна технологийн компаниудын хэт өндөр үнэтэй хувьцаанаас залхсан хөрөнгө оруулагчид биржийн трэйдерүүдийн сэтгэлзүйн байдал ба алгоритмаас үл хамаардаг, бодитойгоор барьж үзэж болох биет активуудыг сонирхох болов.

Үнийн төлөв таамгууд

Deutsche Bank-ны таамагласнаар бол, энэ онд алтны үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрэх ажээ. Тодруулбал, дундаж үнэ 4000-4450 долларт хэлбэлзэж, дээд тал нь 4950 долларт хүрч өснө. Өмнө нь үнэ ханш тодорхой мөчлөгтэйгээр хэлбэлзэж, үе үе унадаг байсан бол өдгөө энэ үзэгдэл хэдийн ард хоцорч, эрэлт нь нийлүүлэлтээс нэгэнт даваад байна.

J.P. Morgan банкны шинжээчдийн хийсэн тооцооллоор, 2026 оны эцэст алтны үнэ 5200-5300 долларт хүрэхээр байна. Bank of America 5000 долларт хүрнэ гэсэн бол Goldman Sachs 4900 доллар гэж таамаглалаа. Мөн HSBC болон Societe Generale банкууд $4600, $4716 гэсэн тоонуудыг дурдав. Morgan Stanley банкны шинжээчид таамаглахдаа, ойрын жилүүдэд өсөлтийн хурд удаашрах боловч өсөлтийн ерөнхий хандлага хэвээр байж, оны эцэс гэхэд унц алтны үнэ 4800 долларт хүрнэ гэжээ. Тэр ч бүү хэл, “Уолл стритийн ахмад дайчин” гэгддэг эдийн засагч Эд Ярдени “2026 оны сүүлч гэхэд алтны үнэ 6000 долларт хүрнэ” гэсэн хэтэрхий зоримог таамаглал дэвшүүллээ.

Энэ бүхэн нь Холбооны нөөцийн сан оны эхээр бодлогын хүүгээ 1 хувиар бууруулна гэсэн хүлээлттэй шууд холбоотой. Үүний сацуу Төв банкууд энэ онд сар бүр 70 тонн алт худалдан авах төлөвтэй байгаа нь ч нөлөөллөө.

Эдгээр таамаглалыг харахад, алт гэдэг үнэт металл нь цаг үеийн шинжтэй, дамын наймааны хэрэгсэл бус харин хөрөнгө оруулалтын сагсан дахь /портфель/ стратегийн шинжтэй чухал элемент болон хувирчээ. Ер нь бол, портфелийн 10 хувийг алтаар бүрдүүлэх хэрэгтэй гэж санхүүгийн шинжээчид зөвлөдөг. Гэтэл өнөөдрийн бодит байдлыг харвал, үнэт металлууд нь хамгаалалтын төдийгүй капиталыг үржүүлдэг хэрэгсэл болсон тул сагсанд эзлэх хувийг 20-д хүргэж, хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, 60 хувиар нь хувьцаа, 30 хувиар нь засгийн газрын өрийн бичиг худалдаж авдаг сонгодог портфелийн загвар моодноос гарах бололтой.

Нөгөө талаас нь дүгнэвэл, үнийн өсөлтийг дагаад олборлолт нэмэгдэх нь гарцаагүй. Дэлхийн алтны зөвлөлөөс /WGC/ гаргасан III улирлын тайланд дурдсанаар, алт олборлолт өнгөрсөн оныхтой харьцуулахад 2 хувиар өсөж, 977 тоннд хүрсэн байна. Өнөөдөр алтны компаниуд манайхны ярьдгаар “гэнэтийн ашиг” олж байгаа бөгөөд олборлолтын хамгийн дээд өртөг нь 2500 унц/доллар, дунджаар 1000-1600 унц/доллар байна. Үнэ одоогийн түвшинд хадгалагдах аваас нийлүүлэлт нэмэгдэж, ханшид нөлөөлөх нь тодорхой.

Улмаар 2027–2028 онд дэлхийн эдийн засаг тогтворжиж, долларын ханш сэргэж, төв банкнууд алт худалдан авалтаа бууруулснаар дундаж үнэ 3,500 хүртэл буурна гэх таамаг ч бий.

Нөгөөтэйгүүр, үнийг доош татаж магадгүй өөр нэгэн хүчин зүйл бол, үнэт эдлэл, гоёл чимэглэлийн салбарт хэрэглэгдэж буй алтны хэмжээ буурч байгаа явдал юм. Өнгөрсөн оны III улиралд тус салбарын хэрэглээ 419 тн байсан нь өмнөх оныхоос 127 тн-оор буурчээ.

Үнийн өсөлтийн өгөөж Монголд

Өмнөх Засгийн газрын үед гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Алт-3” аяныг өрнүүлэх шийдвэрийг гаргасан билээ.

Хөтөлбөрийн хүрээнд 45 үндсэн ордын 129 тн алтыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар жил бүр Монголбанкинд тушаах алтны хэмжээг 10 тонноор нэмэгдүүлэх боломж бий. Мөн шороон ордоос олборлох алтны хэмжээг 20-30 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс 440 тн алтны нөөцтэй байгаа бөгөөд үүнээс 400 орчим тн нь үндсэн ордод, 40 тн нь шороон ордод бий. Эргэн сануулваас, манай улсад өмнө нь 1992-2000 онд “Алт хөтөлбөр” ба “Алт-2000 хөтөлбөр”-ийг, 2016-2020 онд “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байв.

Манай улсын гадаад валютын нөөцийн 15 орчим хувь нь алтаар байршдаг тул дэлхийн зах зээл дэх алтны ханш түүхэн дээд түвшинд хүрч өссөн нь валютын нөөц бүрдүүлэлтэд давуу талыг бий болголоо. Өнгөрсөн 2025 онд Монгол банк 16,3 тн үнэт металл /алт, мөнгө/ худалдан авсан бөгөөд энэ онд худалдан авах алтны хэмжээг 20 тн-д хүргэж чадвал валютын нөөц багагүй хэмжээгээр өсөх төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар Монголбанк нэг грамм алтыг 528,9 мянган төгрөгөөр буюу 148,5 доллароор худалдан авч байгаагаар тооцвол 20 тн алт нь жилийн дотор улсын валютын нөөцийг бараг 3 тэрбум доллароор зузаатгаж, 10 тэрбум долларт хүргэх боломж бий.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар цагдаагийн хурандаа Н.Ганбаяр томилогджээ 1 цаг 28 мин Хятад сансрын аялал жуулчлалын хөлгөө амжилттай туршлаа 1 цаг 40 мин Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 1 цаг 42 мин Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэв 1 цаг 46 мин Замын-Үүд боомтыг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо 1 цаг 47 мин Хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулав 1 цаг 47 мин Крикетийн дэлхийн аваргын цомыг Монголд аялуулж байна 1 цаг 49 мин Олон улсын стандартын усан бассейнтай спорт цогцолборыг барьж байна 1 цаг 51 мин ДЦС-5-ын барилгын ажил энэ жил эхэлж, 2028 онд ашиглалтад орно 1 цаг 51 мин Засгийн газар зудын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна 1 цаг 52 мин Хөдөлмөрийн арбитрчийн тоог 18-аар нэмэгдүүлэв 1 цаг 53 мин Улаанбаатарын 5000 айл өрх хийн халаагуурт шилжиж байна 1 цаг 53 мин Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн Бүх оддын тоглолт энэ сарын 16, 17-нд болно 3 цаг 41 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 42 мин Төрийн цахим үйлчилгээний жагсаалтыг шинэчилнэ 3 цаг 43 мин Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 3 цаг 44 мин Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг баталлаа 4 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 4 цаг 5 мин “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна 4 цаг 5 мин Ерөнхий сайд Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өглөө 4 цаг 5 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Ираны ард түмэн тэмцэж байна Оюутолгойн хэлэлцээр дээр С.Баярцогтыг томилчих Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ
Top