x

Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлттэй танилцлаа.

Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэв.

Хянан шалгах түр хороо таван сар гаруйн хугацаанд нийтдээ 13 удаа хуралдаж, 25 тогтоол батлан улмаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 08, 10, 12-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сонсголд 300 орчим гэрч дуудагдсанаас 207 буюу 70 хувь нь хүрэлцэн ирж оролцсон. Нийт 35 орчим цаг үргэлжилж, 12 асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалсан сонсголд холбогдох төрийн байгууллагууд, төрийн өмчит хуулийн этгээд, Rio Tinto, Оюу Толгой, Онтрэ компаниуд, иргэн, төрийн бус байгууллагын 92 төлөөлөл оролцлоо. Одоогоос 16 жилийн өмнө байгуулсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь монголчууд бидний хувьд гуравдагч хөршийн анхны томоохон хөрөнгө оруулалтын гэрээ байсан.

 

Өнгөрсөн хугацаанд Оюутолгой төслийн санхүүжилт, зээлийн нөхцөл, менежмент, засаглалын асуудалд төдийлөн анхаарахгүй, зөвхөн хөрөнгө оруулалтаа ярьсаар анхны амлалт, бодит байдал хоёр өнөөдөр тэнгэр газар шиг зөрүүтэй болсныг нийтээрээ харлаа. Тухайлбал, анх тохирсон Монголын тал 53 хувь, Хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөжтэй байна гэсэн тооцоолол алдагдаж, хөрөнгө оруулагчдад найдсан монголчуудын итгэл алдрахад хүрэв. Энэхүү гэрээ бүхэлдээ, урт хугацаанд харилцан ашигтай байх тэгш зарчимд нийцэхгүй, хөрөнгө оруулагч талд хэт давуу боломж олгож, баялгийг эзэмшигч Монголын ард түмэнд хүртэх өгөөж, үр ашиг алдагдаж байгаа учир цаг алдалгүй нөхцөл байдлыг эргэн харж, нийгмийн хүлээлтэд нийцүүлсэн өөрчлөлт хийх цаг болсон хэмээн Хянан шалгах түр хорооны дарга тайландаа дурдлаа.

Тэрбээр цааш үргэлжлүүлэн, Хянан шалгах түр хорооноос гаргасан нэгдсэн санал, дүгнэлтийг илтгэсэн юм.

Хорооны дүгнэснээр

  • Нэгд, хөрөнгө оруулагч талтай гэрээ байгуулах зарчим удирдамжийг тодорхойлсон Улсын Их Хурлын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны тогтоол, бодлогын баримт бичгүүдийг баримтлан ажиллаагүйгээс Монгол Улсын хуульд нийцээгүй шийдвэр, үйл ажиллагаа давтагдаж Монголын талд ашиггүй нөхцөл бий болсон.
  • Хоёрт, Улсын Их Хурлын 2008 оны 40 дүгээр тогтоол, 2009 оны 57 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн үүрэг чиглэлүүд нь үр ашигтай Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулах боломжийг олгосон боловч Засгийн газраас гэрээг байгуулахдаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлээгүй, шаардлагыг хангуулаагүй нь Монголын талын Оюу толгой төслөөс хүртэх өгөөжид сөрөг нөлөө үзүүлсэн байна.
  • Гуравт, эрх бүхий байгууллагаар батлуулсан техник, эдийн засгийн үндэслэлгүйгээр гэрээ байгуулах, төслийн санхүүжилтийн олон жишиг, хэлбэрүүдээс хамгийн ашиггүй хувилбар болох өндөр хүүтэй зээлийг сонгох, шийдвэр гаргах үйл явцад Монголын талын оролцоог гэрээгээр хязгаарласан нь хөрөнгө оруулагч талд давуу байдал бий болгох, өгөөжийн хүртэх хувь хэмжээг гэрээнд баталгаажуулаагүй зэрэг нь 20 тэрбум ам.долларын өр хуримтлагдан Монголын талын ногдол ашиг хүртэх хугацаа тодорхойгүй байдалд хүргэжээ.
  • Дөрөвт, төслийн хэрэгжилтийн явцад Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн аудитын байгууллагаас ажлын хэсгийн хүрээнд санал, дүгнэлт, зөвлөмж гаргасан боловч тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй, бодит үр дүнд хүрээгүй байна.
  • Тавд, Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй, бүрэн хэрэгжсэн арга хэмжээ байхгүй, 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилт удаашралтай байгаа тул хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай.
  • Зургаад, төсөлтэй холбоотой баримт мэдээллийг нууцалж төр, олон нийтийн хяналтаас гадуур байлгах сонирхол, хандлага Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үеэс хэвшиж тогтсон байна. Төсөлтэй холбоотой шийдвэр, баримт бичгийг хуульд зааснаас бусад тохиолдолд нууцаас гаргаж ил болгох, цаашид нийтэд нээлттэй мэдээлэх зарчмыг баримталж, харилцан ойлголцол, итгэлцлийг урт хугацаанд бүрдүүлэх шаардлагатай гэжээ. 

Түүнчлэн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос Оюу толгой бүлэг ордоос хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дөрвөн санал дэвшүүлж байна. Үүнд:

  1. Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын талбайн хил заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягтлах, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулах, ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалтын аливаа үүрэг, хариуцлагыг хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;
  2. Оюу толгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон/-ний хэрэгжилтийг харилцан дүгнэх, алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнд холбогдох бусад гэрээ, эрх зүйн баримт бичгийг нийцүүлэх, хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг зах зээлийн зарчим, жишигт нийцүүлэн бодитоор бууруулах;
  3. Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;
  4. Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53 хувиас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, “Оюу толгой” ХХК-ийн жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнах, уг хувь хэмжээг 5 жил тутам харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал, тус хорооноос санаачилсан “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурал хэлэлцэн баталснаар Монгол Улсын эрх ашиг хангагдана гэдэгт итгэж байна хэмээн онцоллоо. 

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хянан шалгах түр хороо сайн ажилласан хэмээн онцолж, хорооны бүрэлдэхүүнд баяр хүргэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцээд, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр тогтов. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Увс нуурын "Отоглох цэг"-ийг хариуцан ажиллуулах тендер зарлалаа 11 цаг 54 мин Жүдогийн Азийн аваргаас Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртлээ 11 цаг 55 мин АНУ-ын визийн бондын хөтөлбөрийн талаарх Элчин сайдын яамны тайлбар 11 цаг 56 мин Өмнөговь аймагт сурагчдад экологийн боловсрол олгох "Модны доктор" төсөл эхэллээ 11 цаг 58 мин Мал хулгайлах гэмт хэрэгт 333 хүн ял шийтгүүлжээ 12 цаг 0 мин Байгаль хамгаалагч П.Мөнхтөр: Иргэдийн байгальтай харьцах хандлага сайжирч байна 12 цаг 1 мин Дөрөвдүгээр сарын 17-18-нд ихэнх нутгаар хүчтэй салхилж, шуурга шуурна 14 цаг 42 мин Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа 14 цаг 42 мин Нийслэлд баригдаж буй төмөр зам доогуурх нүхэн гарцуудын бүтээн байгуулалт үргэлжилж байна 14 цаг 43 мин Хүү, торгуулийн орлогын аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ 14 цаг 49 мин Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 14 цаг 51 мин Nissan компани автомашинуудаа хиймэл оюун ухаанд суурилсан өөрөө жолоодох системээр тоноглоно 16 цаг 34 мин АНУ-ын Сенат Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэхийг хязгаарлах тогтоолыг дэмжсэнгүй 16 цаг 35 мин Баянгол дүүрэгт 9.2 кг мөнгөн ус хууль бусаар хадгалж байсныг илрүүллээ 16 цаг 40 мин Гэр хорооллыг бүрэн камержуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ 16 цаг 41 мин Тариаланчдад хаврын тариалалтын шатахууныг хөнгөлөлттэй үнээр олгожээ 16 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнд хэлсэн үг 16 цаг 46 мин Дэлхий даяар хиймэл оюун ашигласан кибер халдлага нэмэгдэж байна 16 цаг 47 мин Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн өсөлт 18 цаг 15 мин Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь барьдаг харгис татвар 18 цаг 34 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур...
Top