x

С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр товлон, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа сонсголын тайланг танилцуулсан юм. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголбанкыг Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт “Нэр дэвшигчийн сонсголыг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан эрхлэх асуудлын хүрээнд холбогдох Байнгын хороо явуулна.” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129, 130, 131, 132, 133 дугаар зүйлийг тус тус  баримтлан нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулснаа тодотгов.

Нэр дэвшигч Санжаагийн Наранцогт нь Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу материалаа бүрдүүлж ирүүлсэн байна. Байнгын хороо холбогдох хууль, журмын дагуу энэ сарын 16-ны өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар, сонсголыг Д.Үүрийнтуяа гишүүн даргалахаар тогтсон юм. Үргэлжлүүлэн тэрбээр нэр дэвшигчийн сонсголын бэлтгэл ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулсныг дэлгэрэнгүй танилцуулаад “Сонсголд 21 оролцогч, 14 ажиглагч бүртгүүлж, асуултаа урьдчилан ирүүлсэн. Байнгын хорооны гишүүдийн олонх буюу 61.3 хувь нь хүрэлцэн ирснээр сонсгол эхэлж, нэр дэвшигч С.Наранцогт тухайн албан тушаалд нэр дэвшсэн үндэслэл, томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага нь тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа эсэх талаар танилцуулга хийсэн” гэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлд заасны дагуу сонсголд оролцсон Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчийн сонсгол явуулсны дараа хаалттай хуралдаж, холбогдох шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, нэр дэвшигч С.Наранцогтын ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчид тавигдах шаардлагыг хангасан хэмээн гишүүд үзэж, түүнийг Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасныг үндэслэн Улсын Их Хурлын дарга Н.Учрал Санжаагийн Наранцогтыг тус албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа танилцуулсан.

С.Наранцогт 1973 онд Дундговь аймагт төрсөн. Монгол Улсын их сургуулийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр 1994 онд төгсөж, 1999-2001 онд тус сургуульд магистрын зэрэг, 2005-2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1993-1997 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвд инженер, ахлах инженер, 1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч, 2000-2003 онд “Айси” ХХК-д ерөнхий менежер, 2003-2005 онд Санхүү, эдийн засгийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга, 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга, 2015-2017 онд Сангийн яаманд газрын дарга, 2017-2021 Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2021-2022 оноос Эдийн засаг, хөгжлийн Дэд сайдаар ажиллаж байгаад 2022 оноос хойш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм байна.

Улсын Их Хурлын даргын санал, нэр дэвшигчийн сонсголын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Мандхай, Б.Жавхлан, Ч.Анар, Р.Сэддорж нар байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчээс томилогдсон тохиолдолд баримтлах бодлого, Төв банкны хараат бус, бие даасан байдлыг хангах талаар, ипотекийн зээлийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, дундаж давхаргын иргэдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах хөнгөлөлттэй зээлийн талаарх байр суурийг нь тодруулж хариулт авсан. Үүний зэрэгцээ ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргах, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах чиглэлээр ажиллах, гадаад валютын албан нөөцийг төрөлжүүлэх, төв банкны цахим мөнгө буюу CBDC (Central bank digital currency)-г нэвтрүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж,  үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах Монголбанкны үндсэн зорилтыг хэрэгжүүлж ажиллахыг захив.

Ийнхүү нэр дэвшигчийн талаарх сонсголын тайланг хэлэлцээд, Санжаагийн Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 20 гишүүний 75 хувь буюу, 15 гишүүн дэмжлээ. Үргэлжлүүлэн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Бядрангийн Лхагвасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн тул санал хураалтын дүнд үндэслэн боловсруулсан “Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Р.Сэддорж дарга танилцуулсан юм. Төсөлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн.

Иймд Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэж хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top