x

Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 08, 10, 12-ны өдрүүдэд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулж, өчигдөр (2025.12.12) өндөрлөлөө.

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан тус хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар ажиллаж байна.

Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал сонсголыг хааж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Монголын парламентын түүхэнд зургаа дахь удаагийнх, дундаж ирц хамгийн өндөр буюу 70 хувьтай байлаа. Оюу толгой төсөл нь Монгол Улсын эдийн засаг, зөвхөн өнөөгийн монголчуудад төдийгүй үр хойч, дараа дараагийн үед чухал төсөл хэвээр байх болно. Тиймээс бид энэ төслийн үр дагавар, цаашдаа ямар шийдэл гаргах талаар ийнхүү ярилцах цаг нь мөнөөс мөн гэж бодож байна” гэлээ. Гурван өдөр үргэлжилсэн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор хэн нэгнийг буруутгах зорилго байгаагүй гэдгийг тэрбээр тэмдэглээд гэрээ байгуулагдсанаас хойших 16 жилийн хугацаанд хоорондоо нүүр тулж уулзаж байгаагүй ч маргаантай, зөрүүтэй ойлголттой явж байсан хүмүүс өнөөдөр цуглаад хууль, журмын хүрээнд Монголын эдийн засгийн нийт хэмжээтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө буюу 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын талаар ярьж байгааг тодотгосон.

Ирэх 2030 оноос Оюу толгой нь дэлхийн гуравдагч том зэс олборлогч болох талаар сонсгол даргалагч дурдаад “2006 он буюу 20 гаруй жилийн өмнөөс уул уурхайн чиглэлээрх дэлхийн том компанийн нэг “Рио Тинто” групп Монгол Улсад энэ бүтээн байгуулалтыг эхлүүлсэн, бид үүнд талархалтай хандах учиртай. Цаашаа олон арван жил түншилж, хамтдаа урагшилна гэдэгт итгэлтэй байна. Нөгөөтээгүүр, 30 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын гэрээний 16 жил буюу талаас илүү нь өнгөрсөн байна. Иймд бид гэрээ, хэрэгжилт, холбогдох үйл явц, үр дагаварт үнэлэлт, дүгнэлт хийж, шийдвэр гаргах цаг болсонтой маргах аргагүй. Монголчууд 3.5 саяулаа үүнийг ойлголоо. Асуудлаа хамтдаа, олон талаас, углуургаар нь ярилцаж, зөв тодорхойлж чадвал шийдэл, гарц нь олддог. Гол нь ард түмнийхээ өмнө, ил тод ярих ёстой. Өнгөрсөн хугацааны нэг алдаа бол мэдээллээ дандаа нууж хаасаар, бүх талд өдөр шөнө шиг ялгаатай, мэдээллийн маш тэнцвэргүй байдал бий болгожээ. Бүх оролцогч үүнээс бол хохирсон байна. Цаашид бид энэ байдлыг засах ёстой, нэг нэгэндээ илүү итгэх хэрэгтэй” хэмээсэн.

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны энэхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоос, Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан тус хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны үр дүнд Оюу толгой төслийн итгэлцэл дээр тулгуурласан, харилцан ашигтай шинэ эрин эхлээсэй хэмээн хүсэж буйгаа илэрхийлэв. Өнгөрсөн 20 гаруй жилийн үйл явдлын талаар гурван өдрийн сонсголын турш нээлттэйгээр, олон талаас нь хамтдаа ярилцахдаа Монгол Улсын эрх ашгийг тэргүүнд тавьж байснаа Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч О.Батнайрамдал хэлсэн.

Сонсголын эхний өдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар; хоёр, гурав дахь өдөр буюу 10, 12-ны өдрүүдэд “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврын талаар нотлох баримтуудыг шинжлэн судалсан юм. Энэ өдрүүдэд 14 телевиз, сайт сонсголын шууд дамжуулан улс орон даяар төдийгүй гадаад улсад байгаа монголчуудад үнэн, бодит мэдээллийг түгээж, нэгдсэн ойлголттой болох нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Хянан шалгах түр хороо 2025 оны 07 сарын 02 өдрөөс хойш таван сар гаруйн хугацаанд ажилласан болохыг тэрбээр дурдаад, энэ хугацаанд түр хорооны гишүүд, нотлох баримтуудыг хянан шалгаж, дүгнэлт, шинжилгээ хийн олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр танилцуулсан хянан шалгагч, шинжээчид бүгд “Энэ бол Монгол Улсын ард түмний өмч, Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжих ёстой. Баялгийн эзэд үр шимээ хүртэх нь зүй ёсны хэрэг” гэдгийг мэдэрч байсан гэв. Энэ өдрүүдэд ард түмний өмчийг захиран зарцуулсан асуудлыг л ярилцсан болохоо тэмдэглээд “Сонсголоор хамгийн гол нь шийдэл гаргах ёстой, тэр нь бодитоор хэрэгжих ёстой” хэмээсэн.

Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт энэ жил дуусаж байгаа учраас төслийн хувьд маш том шилжилт хийж байгаа, 16 жилийн бүтээн байгуулалтаас тогтвортой олборлогч, томоохон үйлдвэрлэгч компани болж буйг сонсгол даргалагч О.Батнайрамдал онцлоод, иймд анх тохирсон 53 хувийн өгөөжийн талаарх тохиролцоогоо хангах ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ.  Эс бөгөөс эрсдэлтэй үр дагаврууд үүсэж болзошгүйг мөн хэлж байлаа.

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хороо Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг зүй ёсны хэмжээгээр нэмэгдүүлэх зорилготой хэмээгээд “Өнгөрсөн 16 жилийнхээ алдаа, онооноос суралцаад, байгалийн баялгаа ирээдүй, хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм үүрэг энэ цаг мөчид бидний нуруун дээр ирээд байна. Тийм болохоор нам, улс төр хамаарахгүйгээр монголчууд энэ цаг мөчид нэгдэн, хамтдаа шийдэл гаргаад урагшлах ёстой” гэлээ.

Төгсгөлд нь тэрбээр гурван өдрийн сонсголд оролцсон нийт гэрчүүд, ажиглагчид, оролцогчдод, сонсголын нээлттэй, ил тод байдлыг ханган, нийт монголчуудын мэдэрх эрхийг ханган ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагууд, сонсголыг зохион байгуулсан Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олон, хянан шалгагчид, шинжээчдэд, түр хорооны гишүүдэд талархал илэрхийлсэн.

Энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах гурван өдрийн сонсголд нийт 300 орчим гэрчийг дуудсанаас 266 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж, 207 гэрч оролцсон нь дуудагдсан гэрчүүдийн 70 хувь байв. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд түр хорооны гишүүд, хянан шалгагч, шинжээчээс гадна холбогдох төрийн таван байгууллагын 17 албан тушаалтан, төрийн өмчит хоёр байгууллагын таван албан хаагч, нэг ажиглагч, иргэн, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 52 оролцогч оролцсон байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Увс нуурын "Отоглох цэг"-ийг хариуцан ажиллуулах тендер зарлалаа 13 цаг 49 мин Жүдогийн Азийн аваргаас Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртлээ 13 цаг 50 мин АНУ-ын визийн бондын хөтөлбөрийн талаарх Элчин сайдын яамны тайлбар 13 цаг 51 мин Өмнөговь аймагт сурагчдад экологийн боловсрол олгох "Модны доктор" төсөл эхэллээ 13 цаг 53 мин Мал хулгайлах гэмт хэрэгт 333 хүн ял шийтгүүлжээ 13 цаг 55 мин Байгаль хамгаалагч П.Мөнхтөр: Иргэдийн байгальтай харьцах хандлага сайжирч байна 13 цаг 56 мин Дөрөвдүгээр сарын 17-18-нд ихэнх нутгаар хүчтэй салхилж, шуурга шуурна 16 цаг 37 мин Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа 16 цаг 37 мин Нийслэлд баригдаж буй төмөр зам доогуурх нүхэн гарцуудын бүтээн байгуулалт үргэлжилж байна 16 цаг 38 мин Хүү, торгуулийн орлогын аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ 16 цаг 44 мин Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 16 цаг 46 мин Nissan компани автомашинуудаа хиймэл оюун ухаанд суурилсан өөрөө жолоодох системээр тоноглоно 18 цаг 29 мин АНУ-ын Сенат Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэхийг хязгаарлах тогтоолыг дэмжсэнгүй 18 цаг 30 мин Баянгол дүүрэгт 9.2 кг мөнгөн ус хууль бусаар хадгалж байсныг илрүүллээ 18 цаг 35 мин Гэр хорооллыг бүрэн камержуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 36 мин Тариаланчдад хаврын тариалалтын шатахууныг хөнгөлөлттэй үнээр олгожээ 18 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнд хэлсэн үг 18 цаг 41 мин Дэлхий даяар хиймэл оюун ашигласан кибер халдлага нэмэгдэж байна 18 цаг 42 мин Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн өсөлт 20 цаг 10 мин Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь барьдаг харгис татвар 20 цаг 29 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн...
Top