x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүний эрхийн бодлогоо шинэ сорилтод нийцүүлэн шинэчлэх шаардлагатай

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс хамтран Хүний эрхийн үндэсний форумыг “Хамтын эрх-хариуцлага” сэдвийн хүрээнд Блю Скай зочид буудалд зохион байгуулж байна.

Хууль, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, үр нөлөөг үнэлэн дүгнэж, тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулан, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, ахиц дэвшил гаргах зорилгоор 2005 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хүний эрхийн үндэсний форумыг зохион байгуулж ирсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх форумын нээлтэд оролцон үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгийнхээ эхэнд, “Тэртээх найман зууны өмнө монголчууд бидний өвөг дээдэс Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцлийг зогсоож, өрнө дорныг төрт ёс, хууль цаазын дор төвшитгөн “Монголын их амар амгалан”-г цогцлоож, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан түүхтэй.

“Монголын их амар амгалан” нь өнөөгийн дэлхий дахины энх тайван, тогтвортой байдал, хүний эрхийг сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг ийнхүү агуулж байсныг илтгэж байгаа юм.

Тэгвэл манай улс энэхүү түүхэн уламжлалаа орчин цагт бататган бэхжүүлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, анхдугаар Үндсэн хуулиасаа эхлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил тэгш эрхтэй байхыг тунхаглан, ардчилсан шинэ Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөөг нэг мөр баталгаажуулж чадсан билээ” хэмээн онцоллоо.

Хүний эрхийн олон улсын “Фрийдом Хаус” байгууллагаас эрхлэн гаргадаг судалгаагаар Монгол Улс иргэний болон улс төрийн эрхийн хэрэгжилтийн байдлаараа бүс нутагтаа “эрх чөлөөтэй” гэсэн ангилалд тогтмол багтаж ирсэн.

“Дэлхийн эдийн засгийн форум”-ын жендерийн зөрүүтэй байдлын үнэлгээний 2025 оны тайланд Монгол Улс нэг жилийн дотор 20 байраар урагшлан 65 дугаар байрт орсноор Ази, Номхон далайн бүс нутагтаа тавдугаар байрт эрэмбэлэгдэж байгаа юм.

Гэвч дэлхий дахинд хурдацтай өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнөөс үүдэлтэй хүний эрхийн нөхцөл байдалд олон шинэ сорилт, бэрхшээл тулгарч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэв.

Цаашид хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах үйл ажиллагаанд тулгарч буй олон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд хүний эрхийг хангах бодлогын нарийвчилсан төлөвлөгөө болох “Үндэсний хөтөлбөр”-өө шинэчлэн сайжруулах шаардлагатай байгааг тодотголоо.

Тухайлбал, цахим орчинд хүний эрхийг зөрчих, цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл, цахим болон бодит орчинд хүүхдийн эрх зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх байдал нэмэгдэж, хүний эрхийг хамгаалахад шинэ сорилтууд тулгарч байгааг дурдав.

Тиймээс улс орнууд кибер аюулгүй байдлыг хангах, цахим орчинд хүний эрх, нэр төрийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал нэн чухал байгааг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн хот суурин газарт оршин суугаа иргэдийн эрх, амьдрах орчинд гарч буй сөрөг нөлөөлөл, агаар, ус, хөрсний бохирдол, хэт төвлөрлөөс үүдэлтэй нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэнд, байгаль экологийн хүндрэлтэй асуудлууд өдөр ирэх тусам нэмэгдсээр байгааг сануулав.

Цаашид шинээр байгуулахаар төлөвлөсөн болон дахин төлөвлөлт хийх бүх хот, суурин газрыг хүнд ээлтэй, хүн төвтэй, ногоон хөгжилд суурилсан, нийгмийн суурь үйлчилгээг хангасан, ард иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн хөгжүүлэх нь нэн чухал гэдгийг онцоллоо.

Тэрбээр, “Энэхүү зорилгын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлигийг 2022 онд гаргаж, төрт ёс, түүх, соёлын үнэт зүйлийг шингээсэн, тогтвортой хөгжлийг дэмжсэн, нүүдлийн болон суурин соёл иргэншлийг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан, хөдөө аж ахуйн кластер, шинжлэх ухаан, аялал жуулчлалын төв болсон эко-ухаалаг хот болгон байгуулахаар шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна” хэмээн тэмдэглэв.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг 2020 онд шинэчилсэн бөгөөд Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2021 онд тус тус баталсан. Ингэснээр Монгол Улс хүний эрх хамгаалагчийн бие даасан хуулийг батлан хэрэгжүүлж буй Ази тивийн анхны улс болсон юм.

Эдгээр хуулийн хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын бүрэлдэхүүн өргөжиж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм, Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах болон Хүний хувийн мэдээллийг хамгаалах бүтцийг шинээр байгуулсан.

Цаашид Хүний эрхийн үндэсний комиссын асуудал хариуцсан гишүүдийн чиг үүрэг, механизм хоорондын уялдааг хангах, үйл ажиллагаа, тогтолцооны нэгдмэл бодлоготой байх, орон нутагт ажиллах бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх, эдийн засгийн баталгааг хангах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөц, техник хэрэгсэл, орчин нөхцөлийг Парисын зарчимд нийцүүлэн улам сайжруулах шаардлагатай байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүний эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх, баталгаажуулах асуудал нь Үндсэн хуульд зааснаар төрийн бүхий л институцийн бодлогын төвд ямагт байх ёстойг тэмдэглэхийн сацуу хүний эрхэм чанарыг дээдэлж, хүнлэг ёс суртахуун, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хүндтэй үүргээ ямагт сахин биелүүлэхийг төрийн байгууллага, албан тушаалтан, ард иргэдэд уриаллаа.

Энэ удаагийн форумын үеэр хүний эрхийг хангах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын олон талын оролцоотойгоор хүний эрхийн тулгамдаж буй асуудал, шийдэл, арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсаны 25 жилийн ойг угтан зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Форумын үеэр:

“Хүний эрх ба уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил”

  • Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүн амын эмзэг бүлгүүд, уугуул иргэдийн эрхийн төлөв байдал
  • Хүний эрх хамгаалагч – эрх хамгаалах эрхийн соёл, төлөвшил
  • Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүний эрхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх Монгол Улсын гамшгаас хамгаалах бодлого, төлөвлөлт

 “Хүний эрх ба хот төлөвлөлт”

  • Хотжилтоос үүдэлтэй хүний эрхийн зөрчлийн нөхцөл байдал
  • Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх (агаарын бохирдол, дуу чимээний бохирдол)
  • Хүн төвтэй хот төлөвлөлт, аюулгүй байдал ба хамгаалалт, ухаалаг, хүртээмжтэй хот төлөвлөлт (гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, үер, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламж)

“Хүний эрх ба бизнес”

  • Хүний эрхийн мэдрэмжтэй хариуцлагатай бизнес
  • Аж ахуй эрхлэх эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлууд, шийдэл
  • Хүний эрхийн магадлан шинжилгээ зэрэг сэдвээр гурван салбар хуралдааныг зохион байгуулж байна.

Форумд Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн байгууллагууд, гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, хүн амын бүлгүүдийн төлөөлөл оролцож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ 2 цаг 22 мин Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... 2 цаг 28 мин Н.Учрал: Монгол Улс COP17 бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна 2 цаг 29 мин Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ 2 цаг 35 мин Инфляц: Ус, ундаа ба Монголбанк 2 цаг 43 мин Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ 2 цаг 46 мин "Арсенал" 18 дахь удаагаа Английн Супер цомыг хүртлээ 3 цаг 25 мин Өдрийн дотор хоёр удаа дэлхийн рекордыг шинэчиллээ 4 цаг 10 мин Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн 4 цаг 24 мин ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна 4 цаг 39 мин Л.Месси гурав дараалан пенальти алджээ 4 цаг 44 мин СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 4 цаг 52 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 5 цаг 12 мин Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна Өчигдөр 12 цаг 00 мин Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ Уржигдар 13 цаг 42 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй Уржигдар 13 цаг 38 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 32 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм Уржигдар 12 цаг 26 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 2026-08-14
iИх уншсан
Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Ормузын хавх Шатахууны хямрал ба бодит байдал Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park
Top