УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд өнөөдөр эхэллээ.
Тус сонсголоор “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судлах юм.
Энэ сарын 10-ны өдрийн сонсголоор “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн ажил, үр дагаврын асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судална.
Энэ сарын 12-ны өдрийн сонсголоор “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн ажил, түүний үр нөлөөний асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судлах юм.
Нотлох баримтыг шинжлэн судлах энэ удаагийн нээлттэй сонсголд 300 гэрчийг дуудаад байна.





