x

Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв

УИХ-ын чуулганы 2025.11.25-ны ээлжит хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын танилцуулгыг сонслоо. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн Ерөнхий сайд онцгой бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Энхбаярыг (намтар) Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилохоор шийдвэрлэснээ танилцуулав. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр албан бичгээр танилцуулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилох Жадамбын Энхбаяр нь хуульч мэргэжилтэй, улсад 31 жил ажилласан. Улсын Их Хурлын гишүүнээр 4 удаа сонгогдсон. 2024 оноос Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байгаа юм. Тэрбээр мэргэжлийн хяналт, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын салбарт бодит үр дүн гаргаж ажилласан туршлагатай хэмээн Ерөнхий сайд онцоллоо.

Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд өсөж байгаа хэдий ч эдийн засгийн суурь бүтэц сул, нэг салбараас хэт хамааралтай, эдийн засаг төрөлжөөгүй байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар дурдав. Экспортын 90 гаруй хувь нь уул, уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа нь эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн нэг эрсдэл гээд “Орчин үеийн эдийн засаг, геополитикийн өөрчлөлт Монгол Улсын эдийн засгийн хөгжил, тогтвортой байдалд нөлөөлөхийн зэрэгцээ иргэдийн орлого, өрхийн төсөв, амьжиргаанд шууд нөлөөлдөг. Төсвийн сахилга бат, өрийн удирдлага, бүтцийн шинэчлэл, дунд болон урт хугацааны сул төлөвлөлт нь эдийн засгийн тогтвортой байдлыг эрсдэлд оруулж ирсэн” хэмээлээ.

Эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулах, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, хөгжлийн бодлогын уялдаа холбоог нэг мөр зангидах, үр дүнд суурилсан эдийн засгийн тогтолцооны шинэ үе рүү шилжилт хийх, эдийн засгийн бүтцэд өөрчлөлтийг зайлшгүй хийх цаг үе тулаад буйг тэрбээр танилцуулгадаа тэмдэглэв. Эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжсэн, бизнесийн орчны дарамтыг арилгасан, бизнес эрхлэгчид, аж ахуйн эрхлэгчдэд дарамт, чирэгдэл багатай, нөгөө талаасаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангахын тулд ил тод, эрсдэлд суурилсан, хариуцлагатай төрийн хяналтын шинэ тогтолцоог бүрдүүлэх шаардлага байгааг дурдлаа. Эдгээр асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүнээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж буй туршлага болон мэргэжлийн хяналтын салбарт ажиллаж байсан туршлагыг харгалзан Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын албан тушаалд Жадамбын Энхбаярыг томилж байгаагаа нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Түүний мэдлэг, бодлогын манлайллын туршлага нь Монгол Улсын ирээдүйн хөгжил, өрх бүрийн амьдралын чанар, эдийн засгийн тусгаар тогтнолыг хангахад зайлшгүй шаардлагатай шинэчлэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын өндөр хариуцлагыг биелүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, дундаж давхаргыг тэлэх бодлогыг удирдан чиглүүлэх бүрэн чадамжтай гэж үзэж энэхүү шийдвэрийг танилцуулж байгаагаа тодотгов.

Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох саналаа танилцуулсан. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Ерөнхий сайд онцгой бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргаар томилогдсон Ням-Осорын Учралыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын албан тушаалаас, Жадамбын Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас чөлөөлөх саналаа танилцууллаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох, Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилох саналаа нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Энэ саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан гэдгээ Ерөнхий сайд тодотгон танилцуулгадаа дурдав.

Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох саналаа танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нь төрийн удирдлагын менежер, инженер мэргэжилтэй. Тэрбээр улсад 18 жил ажилласан, 2024 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм. (намтар)

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүрээнд дэвшүүлсэн нэн чухал зорилтууд тусгагдсан гэдгийг тэрбээр дурдав. Түүнчлэн улсын хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичгийн төсөлд эрчимжсэн хөдөө аж ахуйн төрөлжсөн дэд бүтцүүдийг бий болгож, экспортыг нэмэгдүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх; Бүс нутгийн онцлогт тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүрэг бий болгож, орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх; Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй, хорио цээрийн олон улсын стандартыг нутагшуулах; сүү, цагаан идээ, мах, ноолуур, арьс шир зэрэг малын гаралтай гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортыг тэлэх “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг хөтөлбөрийг үр дүнтэй, бүтээлчээр хэрэгжүүлэх стратегийн ач холбогдол бүхий чухал зорилтууд тусгагдаад буйг тэмдэглэв. Эдгээр зорилт, арга хэмжээг бодитой хэрэгжүүлэхийн тулд салбарын хөгжлийн бодлого төлөвлөлтийн дунд, урт хугацаанд оновчтой, уялдаатай, инновац, технологи, кластерт суурилсан шинэ бүтцээр удирдах шаардлага бий гэдгийг танилцуулав. Ийм эгзэгтэй цаг үед зорилтоо амжилттай хэрэгжүүлж, улсын эрх ашгийг дээгүүр тавьж, хүлээсэн ажлаа ажлаа хариуцлагатайгаар гүйцэтгэх чадвартай хэмээн үзэж М.Бадамсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд нэр дэвшүүлэн танилцууллаа.

Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Ерөнхий сайдын дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Засгийн газрын тэргүүн болон Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авав. Хөдөө аж ахуйн салбарын бодлогыг оновчтой тодорхойлж, үр дүнтэй хэрэгжүүлэн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлж, малчдын орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан Ж.Энхбаяр сайдын бодлогын манлайллыг Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл тэмдэглээд, малчдаа дэмжих амжилттай бодлогыг үр дүнтэй үргэлжлүүлэхийг шинээр томилогдох сайдад захив.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгосон 860 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт 4.6 хувийн эргэн төлөлттэй байгааг С.Одонтуяа гишүүнд дурдаад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд нэр дэвшигчээс энэ чиглэлээр ямар арга хэмжээ хэрэгжүүлэх талаар тодрууллаа. “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дундын хоршоо, логистикийн төв хэлбэрээр хөгжүүлэх саналыг мэргэжлийн байгууллагууд гаргадаг болохыг М.Бадамсүрэн гишүүн дурдаад “Малчдыг бизнес эрхлэгч статусаар нь хөгжүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, хоршоог малын тооноос гадна олсон ашиг, орлогод үндэслэн дэмжих, эдийн засгийн эргэлтийг нь сайжруулах чиглэл рүү боловсронгуй болгон шинэчлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна” гэдэг хариулт өгөв. Цахим эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлого, зорилтын талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад нэр дэвшигчээс тодруулахад Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын үндсэн цөм нь цахим бодлого байх бөгөөд Ерөнхий сайдын “Шинэ итгэл, эрс шинэтгэл” хөтөлбөрт холбогдох тодорхой зорилтууд туссан байгаа гэдэг хариултыг өгсөн.

Дархан-Уул аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны байршлын талаарх байр суурийг нь Ц.Мөнхбат гишүүн лавлаж, Ерөнхий сайдаас хууль дээдлэх зарчмыг баримтлах хүрээнд зарим аймгийн Засаг даргын хууль бус томилгоог хэрхэх талаар тодрууллаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг орон нутаг руу шилжүүлэх шийдвэрийг Улсын Их Хурлын холбогдох тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд гарган, гүйцэтгэсэн гэж үзэж буйгаа М.Бадамсүрэн гишүүн хэлээд тус аймагт ажиллаж буй яамны ажилтнуудтай уулзаж, нөхцөл байдлыг судална гэлээ. Ерөнхий сайд “Зөвхөн аймгийн Засаг дарга төдийгүй нийт төрийн албан хаагч, төрийн өмчит компаниудын ажилтнуудад ч хууль дээдлэх зарчмын шаардлага тавиад, Засгийн газраас хяналт шалгалт хийж байгаа. Хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлүүд гарсныг шалгаж байна. Хууль зөрчсөн үйлдлүүд тогтоогдвол тухай бүрд нь хариуцлага тооцож ажиллах болно” гэдэг хариулт өглөө.


Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, Дав.Цогтбаатар, Ч.Лодойсамбуу, П.Мөнхтулга, С.Цэнгүүн, О.Амгаланбаатар, Р.Эрдэнэбүрэн нар асуулт асууж, хариулт тайлбар авч, Ерөнхий сайдын саналтай холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа Жадамбын Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар, Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох тухай захирамжийг Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар уншиж танилцууллаа.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нар Засгийн газрын гишүүний тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ 15 мин Азийн хэйболын АШТ-ээс Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ 16 мин Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? 16 мин Европын орнууд онгоцны түлшний хомсдолд орж болзошгүйг анхаарууллаа 18 мин Хаврын тариалалтад зориулан 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ 18 мин АНУ-ын цэргүүд Сириэс бүрэн гарч дуусжээ 20 мин Хууль бус ан агнууртай тэмцэх хяналт шалгалтыг эрчимжүүлж байна 22 мин Бага тойруу дотор скүүтер, мопедыг явган хүний замаар зорчихыг хориглолоо 25 мин Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг амар амгалан байгаагүй 42 мин НҮБ: Ойрхи Дорнодын зөрчлөөс болж нэмэлт 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй 2 цаг 0 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 2 цаг 1 мин Багш нарын цалингийн тогтолцоог цэгцлэхийг үүрэг болгов 2 цаг 1 мин Ерөнхий сайд Н.Учрал шинээр томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа 2 цаг 3 мин Цаг агаарын урьдчилсан төлөв: Ихэнх нутгаар салхилж, шороон шуурга шуурна 2 цаг 4 мин Увс нуурын "Отоглох цэг"-ийг хариуцан ажиллуулах тендер зарлалаа 16 цаг 56 мин Жүдогийн Азийн аваргаас Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртлээ 16 цаг 57 мин АНУ-ын визийн бондын хөтөлбөрийн талаарх Элчин сайдын яамны тайлбар 16 цаг 58 мин Өмнөговь аймагт сурагчдад экологийн боловсрол олгох "Модны доктор" төсөл эхэллээ 17 цаг 0 мин Мал хулгайлах гэмт хэрэгт 333 хүн ял шийтгүүлжээ 17 цаг 2 мин Байгаль хамгаалагч П.Мөнхтөр: Иргэдийн байгальтай харьцах хандлага сайжирч байна 17 цаг 3 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн...
Top