x

Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав

Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, П.Ганзориг, Б.Жаргалан, С.Зулпхар нар өнөөдөр (2025.11.13) хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийлээ.

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хороог 2025 оны долдугаар сарын 2-ны өдөр байгуулсан.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд Хянан шалгах түр хороо 12 хуралдаж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулахаар товлосныг тус Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал мэдээллийнхээ эхэнд дурдав.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 300 гэрчийг оролцуулахаар Хянан шалгах түр хороо шийдвэрлэсэн байна.

“Жавхлант” (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийх; "Оюу толгой" ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах тусгай шалгалтын хүрээ хязгаар бүхий хянан шалгах түр хороо 2006 оноос хойш буюу 20 жилийн хугацаанд Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлаар ямар нэг шийдвэр гаргасан, ажлын хэсэгт ажилласан албан тушаалтан, холбогдох байгууллагуудын төлөөллийг гэрчээр дуудаж байгааг О.Батнайрамдал гишүүн мэдээлэлдээ онцоллоо. Сонсголын гэрчийн нэрсийн жагсаалтад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гурван хүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан долоон хүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан 25 хүн, Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан 39 хүний нэрс багтсан байгааг тэрбээр танилцуулсан. Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчны яам, Гадаад хэргийн яам, Гаалийн ерөнхий газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаалтнууд, “Рио Тинто” групп болон “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үе үеийн дарга, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүмүүс багтсаныг О.Батнайрамдал гишүүн энэ үеэр мэдээллээ.

Тэрбээр, Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны сонсгол нь хэн нэгнийг цоллох биш, тусгай шалгалтын хүрээнд хянан шалгах үйл ажиллагаа явуулж, нотлох баримтуудыг цуглуулан, судлан шинжилж, олон нийтийн мэдэх эрхийг хангах үйл ажиллагаа гэдгийг онцлоод сонсголд дуудагдаж буй гэрчүүдийг иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэн Хянан шалгах түр хорооны сонсголд идэвхтэй оролцохыг хүсэв.

“Оюу толгой” төслөөс Монголын ард түмэн нийт үр өгөөжийн 50-иас дээш хувийг  хүртэх хүлээлттэй байсан хэдий ч өнгөрсөн хугацаанд 25 орчим хувийн үр ашиг хүртэж байгаа талаарх мэдээллийг П.Ганзориг гишүүн хэлээд “Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр гаргаж байсан Улсын Их Хурлын үе үеийн шийдвэрүүд хэрэгжихгүй байгаа. Аль түвшиндээ, ямар шалтгаанаар хэрэгжилт нь хангагдахгүй байсныг Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчид тогтоохоор 60000 гаруй хуудас материалыг судлан, шинжилж байна. Сонсголоор Монголын ард түмэнд бодитой мэдээллүүдийг хүргэж, шалтгаан нөхцөлийг тодруулж ажиллана” гэв.  Нотлох баримтыг цуглуулах хүрээнд цуглуулсан 60000 гаруй хуудас баримтын тэн хагас нь “Онтрэ” ХХК-тай холбоотой, нууцын тамга бүхий баримтууд байгаа учраас шинжээчид, хянан шалгагч нар ажиллах хэдий ч олон нийтэд холбогдох мэдээллийг хүргэх боломжгүй, нотлох баримт болгон ашиглах боломжгүй болоод байгааг дурдсан. Иймд эдгээр баримтыг нууцын ангиллаас гаргуулах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлээд байгааг хэвлэлийн бага хурлын үеэр П.Ганзориг гишүүн мэдээлсэн.

Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын 30 жилийн хугацаатай гэрээг 2009 онд байгуулсан бөгөөд өдгөө 16 жил болж байгааг Б.Жаргалан гишүүн тэмдэглээд “Энэ цаг мөчид монголчууд энэхүү гэрээтэй холбоотой асуудлуудаар нэгдсэн ойлголтод хүрэх нь нийгэмд итгэлцэл бий болох ач холбогдолтой. Гэрээ хэрэгжсэн 16 жилийн хугацаанд ямар алдаа гарав, түүнээс ямар сургамж авсан гэдгээ дүгнэх цаг болсон гэж үзэж байгаа. Үүнээс суралцсан сайн туршлагаа дараа дараагийн гэрээнүүдэд тусгах, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, уул уурхайн салбараас Монголын талд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг сайжруулахад нөлөө үзүүлнэ гэж итгэж байна. Ийм ч учраас хянан шалгах түр хороо энэ хугацаатай давхцан байгуулагдаж, ажиллаж буйд их олзуурхаж байгаа” гэлээ. Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон Рио Тинто группийн эрх бүхий ажлын хэсгийн “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэх албан ёсны хэлэлцээтэй Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны сонсгол давхцаж байгааг Б.Жаргалан гишүүн хэлсэн. Сонсголын нотлох баримтууд, холбогдох үйл явц нь гэрээний нөхцөлийг сайжруулах, Монголын талын хүртэх өгөөжийг зохих хувьд хүргэхэд эерэг үр нөлөө үзүүлэх боломжтой хэмээн үзэж байгаагаа дурдсан.  

Б.Бат-Эрдэнэ гишүүн сонсголд гэрчээр оролцсон хүмүүсийг буруутгахгүй байхыг хүссэн. Гэрчээр оролцох хүмүүс нь тухайн үеийнхээ нөхцөл байдалд  хийх ёстой ажлаа боломжийнхоо хэрээр гүйцэтгэж ажилласан гэдгийг ойлгож, дараа дараагийн Засгийн газар илүү сайжруулахад анхаарах шаардлагатай гэдгийг онцоллоо. Сонсголын дараа нотлох баримтаар цуглуулсан 60000 гаруй хуудас материалыг судалсан хянан шалгагч, шинжээчдийн дүгнэлтээр шаардлагатай хэсэг нь хууль хяналтын байгууллагад шилжих ёстой гэдэг байр суурийг Б.Бат-Эрдэнэ гишүүн хэлээд энэ гэрээ Монгол Улсад ашигтай, Монгол Улсын иргэн бүрд өгөөжтэй  байх ёстой төсөл хэмээсэн.

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хороо таван сар гаруй хугацаанд ажилласныг С.Зулпхар гишүүн тэмдэглэв. Энэ хугацаанд зохих үр дүнгүүд гарсан болохыг тэрбээр хэвлэлийн бага хурлын мэдээллийнхээ үеэр онцоллоо. Тухайлбал, гэрээний талаарх хэлэлцээ эхэлсэн бөгөөд үүнд Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа хөшүүрэг болж, нөлөө үзүүлсэн гэв. Хэлэлцээний дүнд зээлийн хүүг бууруулах, цаашлаад менежментийн зардлыг бууруулах боломжтой хэмээгээд “Эрх тэгш байх, харилцан ашигтай байх зарчмын хүрээнд асуудлыг шийдвэрлэх байр суурийг баримталж байна. Үүний зэрэгцээ “Онтрэ” ХХК-ийн асуудал хөндөгдөж байгаа. Тодорхойгүй энэ нөхцөл байдлын талаар Монгол Улсын Засгийн газар хэлэлцээрийн явцад тодорхой байр суурийг илэрхийлсэн, Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо адил. Стратегийн ач холбогдолтой орд, Монголын ард түмний баялаг учраас тусдаа хэлэлцээ хийж, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчимд нийцсэн тухайлсан гэрээ байгуулагдах ёстой” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр “Оюу толгой” төсөл нь Монгол Улс дахь хамгийн том төсөл, хөрөнгө оруулалт бөгөөд Монгол Улсын хууль тогтоомж, төрийн аливаа шийдвэрүүд хэрэгждэг байхыг чухалчилж буйгаа илэрхийлсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ 1 цаг 45 мин Азийн хэйболын АШТ-ээс Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ 1 цаг 46 мин Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? 1 цаг 46 мин Европын орнууд онгоцны түлшний хомсдолд орж болзошгүйг анхаарууллаа 1 цаг 48 мин Хаврын тариалалтад зориулан 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ 1 цаг 48 мин АНУ-ын цэргүүд Сириэс бүрэн гарч дуусжээ 1 цаг 50 мин Хууль бус ан агнууртай тэмцэх хяналт шалгалтыг эрчимжүүлж байна 1 цаг 52 мин Бага тойруу дотор скүүтер, мопедыг явган хүний замаар зорчихыг хориглолоо 1 цаг 55 мин Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг амар амгалан байгаагүй 2 цаг 12 мин НҮБ: Ойрхи Дорнодын зөрчлөөс болж нэмэлт 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй 3 цаг 30 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 3 цаг 31 мин Багш нарын цалингийн тогтолцоог цэгцлэхийг үүрэг болгов 3 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал шинээр томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа 3 цаг 33 мин Цаг агаарын урьдчилсан төлөв: Ихэнх нутгаар салхилж, шороон шуурга шуурна 3 цаг 34 мин Увс нуурын "Отоглох цэг"-ийг хариуцан ажиллуулах тендер зарлалаа 18 цаг 26 мин Жүдогийн Азийн аваргаас Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртлээ 18 цаг 27 мин АНУ-ын визийн бондын хөтөлбөрийн талаарх Элчин сайдын яамны тайлбар 18 цаг 28 мин Өмнөговь аймагт сурагчдад экологийн боловсрол олгох "Модны доктор" төсөл эхэллээ 18 цаг 30 мин Мал хулгайлах гэмт хэрэгт 333 хүн ял шийтгүүлжээ 18 цаг 32 мин Байгаль хамгаалагч П.Мөнхтөр: Иргэдийн байгальтай харьцах хандлага сайжирч байна 18 цаг 33 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн... Дэлхийн 33 улс усны хомсдолд орж, ирээдүйд усны төлөөх мөргө...
Top