x

Л. Баярсайхан: Хүн сайн сайхан зүйлийг сэтгэж явах нь эрүүл байх нэгэн үндэс болдог

Гоолингоо групп дээр эмэгтэйчүүдийн эмнэлгийн тухай яриа өрнөх болгонд бүсгүйчүүд маань ганцхан эмнэлгийг л бусаддаа итгэл дүүрэн зөвлөж харагддаг нь “Daffodil”. “Сайн эмэгтэйн эмнэлэг” гэсэн овогтой “Daffodil”-ийн Л. Баярсайхан эмчийг өөртөө анхаарал тавьдаг, эрүүл мэнддээ хариуцлагатай ханддаг эмэгтэй бүр мэддэг байх. Тиймээс ч ирээдүйг тээж, хүмүүжүүлэгч бүсгүйчүүд бид биеэ хайрлахын тулд юу хийх хэрэгтэйг түүнээс л асуувал хамгийн зөвөөр хариулж чадах юм шиг санагдсан юм.

Таныхаар “сайн эмэгтэй” гэж хэнийг хэлэх бэ?

Хүн болгон эхийн хэвлийд өсөж, эмэгтэй хүнээс төрдөг. Тэгэхээр эмэгтэй хүний энэ орчлонд гүйцэтгэх үүрэг хариуцлага өөрөө эх дэлхий шигээ агуу юм. Эрүүл эмэгтэйчүүдээс эрүүл орчинд, эрүүл хүүхэд төрнө. Ялангуяа, нөхөн үржихүйн эрүүл мэнд шууд хамаатай. Энэ үүргээ ухамсарлан өөрийн биеийг өвчин зовлонгүй, эрүүл саруул байлгахад анхаарал тавьдаг эмэгтэйг “сайн эмэгтэй” гэнэ. Өвдсөн хойно эмчлүүлээд явах нэг зүйл. Өвдөхөөс сэргийлж, өөрийн зүгээс чадах бүхнээ эрүүл мэндийнхээ төлөө зарцуулах нь илүү чухал л даа. “Эмэгтэйчүүд эрүүл бол үндэстэн эрүүл” гэсэн уриатайгаар бид ажилладаг.

Та иргэдийнхээ, тэр дундаа үндэстний хамгийн чухал иргэд болох эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн “манаа”-нд зогсож байгаа хүн. Энэ утгаараа өнөөдөр таны санааг хамгийн ихээр зовоож байгаа ямар асуудал байна вэ? 

Энэ асуултанд дэлгэрэнгүй хариулж болно л доо. Гэхдээ гол зүйлд анхаарал хандуулмаар байна. Аливаа өвчин үүсэх эсэхэд хүн гараараа бариад амандаа хийж идэж байгаа хоол хүнс хамгийн чухал үүрэгтэй. Таны өмнө одоо байгаа алим бол алим, харин та бариад хазаад идсэний дараа тэр алим таны бие организмын нэгэн хэсэг болж хувирдаг. Тэгэхээр хүн ардаа эрүүл саруул байлгая, өвдсөний дараа нөр их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарахгүй байя гэвэл хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарал тавьж, хатуу хяналтанд байлгах ёстой юм. Орчин үед хүнс гэж хүнийг тэжээдэг зүйл байхаасаа илүү үйлдвэрлэгч, борлуулагчаа тэжээдэг л зүйл болсон байна.Байгалийн жамаар жилд 1-2 ургац авах бүтээгдэхүүнийг генийн технологиор хувиргаж жилд 4-5 удаа ургац авч тэрийгээ борлуулж байгаа. Үүнийгээ маш сайн гэнэ. Өнөөх нь муудахгүй, удаан хадгалагдана, их ашиг авчирна. Байгалийн цэвэр өвс ургамлыг идэж бойждог малын махаа мөн гений өөрчлөлттэй хиймэл, тэжээвэр, химийн бодисоор бордсон гахай тахианы махаар орлуулах болсон. Гахай тахиа нь ч хурдан хугацаанд өсөж, таргалж хоол хүнс болно. Шинжлэх ухаан зөвхөн хүний сайн сайхны төлөө биш аль болох их ашиг олохын төлөө ажиллаж эхэлснээс хойш энэ эргэх холбоо бүр хурдтай болсон. Урдаас оруулж ирж байгаа жимс, ногоо ялгаагүй. Дээхнэ үед алимыг хазаад тавихад л урвалд орж шарлаж, хорчийдог, ганц нэг өт хорхой ч таардаг байж. Одоо бол хазаж тавиад хэд хоносон ч хорчийж шарлахгүй, өт хорхой ч идэхийн аргагүй хортон шавьж, нянгийн эсрэг химийн бодис нэвчсэн байх болсон. Эдгээр генийн өөрчлөлтөнд оруулсан хүнсний бүтээгдэхүүнүүд нөхөн үржихүйн асуудалд нөлөөлөх нь дамжиггүй. Эмэгтэйчүүд дээр ч ярих юм их бий, гэхдээ л эхний ээлжинд хоол хүнс гол чухал юм.

Сайхан сэтгэлээс гадна эрүүл байхыг би дотоод гоо сайхны нэг хэсэг гэж боддог. Бүсгүйчүүд бид дотроосоо гоо сайханлаг байхын тулд эмэгтэйчүүдийн эмнэлгээр жилдээ хэр олон давтамжтайгаар үйлчлүүлэх хэрэгтэй вэ? 

Монголчууд “Сэтгэл эрүүл бол бие эрүүл” гэж ярьдаг нь их учиртай. Гаднаа хичнээн гяланцаг байгаад дотроо паланцаг бол өвчнөөс салахгүй ч байж болно. Хүний дотор гэрэл гэгээ, хайр энэрэл, уучлал өршөөл дүүрэн байж улмаар сайн сайхан зүйлийг бодож, сэтгэж явах тусам л эрүүл байх нэгэн үндэс болдог. Өөрийн ажлын байдлаас үзэхэд эмэгтэйчүүд өөртөө ихээхэн анхаарал тавьдаг болсон цаг иржээ. Олон өдрийн өмнөөс цаг авч үзүүлэх, шинжилгээ өгөх бол жирийн хэвшил болсон. Бас залуучууд эхнэрээ, найз бүсгүйгээ дагуулж ирж үзүүлэх, 2-уулаа сууж байгаад зөвлөгөө авах явдал элбэг болсныг ч тэмдэглэмээр байна. Эмэгтэйчүүд ч нөхрөө дагуулж цуг ирэх нь элбэгшсэн. Үзүүлэхийн хувьд ямар нэгэн эмнэлгийн анхаарал татах асуудал үгүй бол жилдээ нэг удаа байхад болдог. Асуудал гарвал хэзээ ч хамаагүй үзүүлэх нь ойлгомжтой, хяналтанд байх шаардлагатай бол 4, 6 сарын дараа гээд эмч нь хэлээд өгнө. Зарим эмнэлэг онцын шаардлагагүй ойр ойрхон үзэх, шинжилгээ авах тал бас бий.

Эмэгтэй хүн бүр зайлшгүй хамрагдсан байх ёстой ямар үзлэг шинжилгээ байдаг вэ? Эсийн, эдийн шинжилгээний талаар тодорхой ойлголт өгөхгүй юу? 

Эсийн шинжилгээг жилд нэг удаа өгөхөд хангалттай. Гурван жил дараалан хэвийн гарвал 3 жилдээ нэг удаа өгч болно. Эсийн шинжилгээ өөрчлөлттэй гарвал онош тодруулах хамгийн чухал шинжилгээ болох үтрээ, умайн хүзүүний дурангийн оношлогоо хийгддэг. Үүнийг кольпоскопи гэдэг. Кольпоскопи зөв хийгдэж байж цаашдын оношлогоо, эмчилгээний асуудал нарийсдаг. Тэгсний дараа эдийн шинжилгээ авах эсэх шийдэгдэнэ. Эдийн шинжилгээ нь арьсны гадаргууны бүрэн бүтэн байдалд гэмтэл учруулдаг тул зайлшгүй эмнэлгийн заалтаар авахаас биш хүн болгоноос аваад байх зүйл биш. Баруун Европын орнуудад заавал эс, эдийн шинжилгээ авах албагүй онош, эмгэг, байдлыг кольпоскоп дурангаар тогтоогоод шууд эмчилгээ хийдэг болоод удаж байна. Тэнд кольпоскопийг сувилагч нар нь хийгээд эхэлсэн. Харин эмчилгээг эмч хийнэ. Энэ бүгдийг эмэгтэйчүүдийн хавдраас сэргийлэх, эрт илрүүлж эмчлэх зорилгоор хийдэг. Мөн шаардлагатай гэж үзвэл бусад наац, нянгийн шинжилгээ хийлгэж болно. Мөн хөхний зураг авахуулах маммограмыг 45-аас дээш насанд 2 жилд 1 удаа хийлгэхийг зөвлөдөг.

Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл ихэсч байгаа талаар их яригдах болсон. Энэ өвчнийг тойрч гарахын тулд эмэгтэйчүүд бид юунд анхаарах ёстой вэ? 

Мэргэшээгүй салбар луугаа мэдэмхийрэн орж ирэх, ямар нэгэн зорилго бодлогын чанартай ташаа мэдээлэл өгөх явдал харамсалтай нь ажиглагдах болжээ. Умайн хүзүүний хорт хавдрыг сүүлийн үед ихсэж байгаа гэж үзэхгүй байна. Харьцангуй тогтмол, хэвэндээ байгаа гэж хэлбэл зөв болно. Харин ч эсрэгээр эрт илрүүлэлт сайжирсан тул хорт хавдар болохын өмнөх урьтал эмгэг гэдэг хавдрын өмнөх үеийн оношлогоо харин ихэссэн. Энэ үйл ажиллагаа ихсэх хэрээр хорт хавдрын тохиолдол буурдаг. Тийм ч хандлагатай байгаа, тэр ч чиглэл рүү явж байна.Барууны орнууд эрт илрүүлэлтийг хөгжүүлснээр тус хавдраас нас баралтыг 75-80% бууруулчихаад байгаа. Тус хавдар хожуу үедээ илрэх нь ч ховордсон. 1996 оноос энэ өвчний шалтгааны нэгийг хүний хөхөнцөр вирус (ХХВ) гэж үзэх болсон. ХХВ нь түгээмэл халдвар. ХХВ гэдэг нь 150 гаруй ижил шинж тэмдэгтэй бүлэг вирусын нэр юм. Үүнээс 40 гаруй хэв шинж нь арьснаас арьсанд бэлгийн харьцааны үед шууд халдварлагддаг. Үүний дотроос умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг гэж үздэг 15 хэв шинж бий. Бүх эмэгтэйчүүдийн 80% амьдралынхаа хугацаанд ХХВ халдвар авдаг гэж үздэг. Ихэнх нь халдвар авсанаа ч мэдэхгүй, өөрсдөө аажимдаа эдгэрнэ. Энд нэг зарчмын ойлголт байх хэрэгтэй, ХХВ-ын халдвар авсан бол заавал эсийн өөрчлөлт өгч улмаар хавдар болно гэж ойлгож болохгүй. 90% -д ямар ч эмчилгээгүй, ул мөргүй өөрөө алга болдог, өөр үгээр бол эрүүл хоолтой, эрүүл орчинд, эрүүл сэтгэлтэй хүний дархлаа тэр халдварыг устгаж дийлдэг. Арилаагүй үлдсэн 10%-д ч мөн яг хавдар үүснэ гэж хэлэхийн аргагүй. Ер нь бүх тохиолдох хорт хавдрын 5% орчим нь ХХВ-н тодорхой хэдэн хэв шинжийн халдвараас болсон гэж тайлбарладаг. Хорт хавдар үүсгэдэг гэх 15 хэв шинж дотроос 2 төрлийнх нь эсрэг үйлчилгээтэй вакцин гаргасан боловч, цаана нь хавдар үүсэхэд нөлөөлж магадгүй гэдэг нь тогтоогдсон өөр 13 төрөл бий тул вакцин хийлгэсэн ч эрт илрүүлэлтийг тогтмол хийлгэхийг чандлан зөвлөдөг учиртай. Ямар ч тохиолдолд хамгийн найдвартай сэргийлэх арга бол тогтмол нарийн мэргэжлийн эрт илрүүлэх үзлэг хийлгэж байх явдал юм. Ингэж чадвал умайн хүзүүний хавдраас айх аюул гэж үгүй. Маш эрт үеийн илрэлийг баталгаатай оношлох бүрэн боломжтой бөгөөд илэрсэн тохиолдолд мөн эмчилж бүрэн болдог.

Өөрт ямар нэг сөрөг нөлөө, шинж тэмдэг илрэхгүй болохоор ихэнх хүмүүс өөрийгөө эрүүл гэж бодоод яваад байдаг. Гэтэл чимээгүй олон өвчлөл байдаг. Эдгээрээс эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл ямар өвчлөл байдаг вэ? 

Өөрт мэдэгдэхгүй бол үгүй гэсэн үг биш. “Өвчин хэлж ирэхгүй хийсч ирдэг” гэдэг нь тухайн хүнд мэдэгдэхгүй ирдэг гэсэн үг. Ихэнх өвчин, ялангуяа халдвар мэдэгдэх шинжгүй далд хэлбэрээр явагддаг, өвчин болж шинж тэмдэг илэрсэн ч далд үе гэж бас бий. Халдвар болгон бас өвчин үүсгэхгүй байж болно. Миний мэргэшлийн умайн хүзүүний эмгэгийн хувьд мөн өөрт мэдэгдэх ямар ч шинж тэмдэггүй байдаг. Зөвхөн үзлэгээр, шинжилгээ оношлогоо хийгдэж илэрдэг. Бэлгийн идэвхтэй харьцаанд байгаа залуу эмэгтэйчүүдэд умайн хүзүүний төрөл бүрийн эмгэг элбэг тохиолддог. Эмчилгээ хийх шаардлагатай эсэхийг үзэж байж шийдвэрлэдэг.

Сүүлийн үед үр шилжүүлэн суулгах эмчилгээг сонгон хийлгэх хүний тоо олширсон. Үргүйдэлтийн гол шалтгаан юу бэ? 

Үргүйдэлт олон шалтгаантай. Сонгодог үзлээр бол 35% нь умайн гуурсан хоолой ямар нэгэн халдвар үрэвслээс болж гэмтэснээс болно гэдэг. Бэлгийн замын халдвар нь эмчлэгдэхгүй даамжирч хүндэрснээс умайн үр дамжих гуурсан хоолойд наалдаж бөглөрсөн байхыг хэлнэ. Сүүлийн үед үргүйдлийн шалтгааныг 25% өндгөвчний, 25% гуурсан хоолойн, 25% эр бэлгийн эсийн, 25% тодорхойлох боломжгүй гэж тайлбарлаад байгаа. Үнэндээ ч учир шалтгаан олдохгүй үргүйдэлт ихэссэн гэж болно. Нөхөн үржилт гэдэг маш нарийн генийн удамшлийн ажиллагаа. Энэ ажиллагаа хэр эрүүл зөв явагдана, тухайн амьд организм оршин тогтнох нөхцлөө хангана гэсэн үг. Хүн байгалийн нэг хэсэг. Тэгвэл байгаль өөрийгөө хамгаалдаг жамтай. Хүрээлэн буй орчны бохирдолт, хорт нөлөө, генийн өөрчлөлтөнд оруулсан хоол хүнс зэрэг хүчин зүйлс үргүйдэлтэд нөлөөлдөг. Сүүлийн үед мөн эрэгтэйчүүдийн гаралтай үргүйдэлт ихэссэн гэж үзнэ. Ерөнхийдөө бүх үргүйдэлтийн 50% эрэгтэйчүүдийн, 50% эмэгтэйчүүдийн гаралтай гэж үзэж, асуудал үүссэн тохиолдолд зөвхөн эмэгтэй бус эр эм 2-уулаа үзлэг шинжилгээнд хамрагдах нь зөв юм. Учир нь үргүйдэлтийн оношлогоо, эмчилгээ удаан хугацаа шааддаг тул эхнээсээ л зөв тактик барьвал амжилтанд хүрч болно.

Бэлгийн харьцаанд ороогүй хүн умайн хүзүүний хорт хавдар болон бусад бэлгийн замын өвчин тусаж болох уу? 

Баруунд нэг хуралд сууж байтал умайн хүзүүний хавдрын (УХХ) талаар ярих илтгэгч дугуй унасан гэлэнмаа нарын зургийг харуулж илтгэлээ эхэлсэн. УХХ тусахгүй байя гэвэл бэлгийн харьцаанд орохгүй, гэлэнмаа нар шиг байх нь хамгийн сайн хамгаалалт гэж түүнийгээ тайлбарласан. Гэхдээ энэ бүтэшгүй зүйл байх. Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хэдийгээр үтрээгээр бэлгийн харьцаанд ороогүй ч гадна бэлэг эрхтэн, арьс арьсаар хавьталд хүрсэн бол бусад халдвар авах бүрэн боломжтой гэж ойлгох хэрэгтэй.

Хөх болон хумсны толиол эмэгтэй хүний савтай холбоотой гэж ярьдаг. Сав өвчилсөн тохиолдолд эмэгтэйн биед ямар шинж тэмдэг илрэх бэ? 

Өндгөвчний үйл ажиллагаа хямарч, дааврын ялгаралт алдагдсан үед хөхтэй холбоотой шинж тэмдгүүд илэрч болно. Эмэгтэй дааварт хамгийн мэдрэмтгий эд эс бол хөх, умайд оршино. Өндгөвчний алдагдлыг эмчлээд ирэхээр хөхний зовиур аяндаа арилдаг. Умайд гарч байгаа өөрчлөлтийг зөвхөн үзлэгээр илрүүлэхээс өөрт мэдэгдэх шинж тэмдэг гэж онцлог зүйл байхгүй.

Эрүүл саруул хүүхэд тээхийн тулд түүний өмнө ямар ямар шинжилгээнд хамрагдсан байх вэ? 

Эхэнд ярьсан шиг хоол хүнс, хүрээлэн буй орчны байдлаас эхлэх хэрэгтэй. Хэтэрхий техникжсэн сэтгэлгээгээ бас хоёрт тавих ёстой. Эхлээд эмнэлэгт оч, эмч хүнтэй уулз, өөрийн байдал зовиур бүх зүйлээ ярилц, хамтраад ямар шинжилгээ өгөх хэрэгтэйг тодорхойл. Хүн болгон өөр. Энэ таны бие, таны амьдрал учраас та энэ асуудалдаа эмчтэйгээ хамтарч оролцох ёстой. Эмч нэг талаас юм хэлээд, нөгөө нь дуугай дагадаг үе өнгөрсөн. Машин техник, лаборатори, шинжилгээг л их чухалчилдаг нь манайд ажиглагддаг том алдаа юм. Зарим эмч хүнээ ч сайн харахгүй, үнэрлэхгүй, тэмтэрч үзэхгүй, шинжилгээний дүгнэлтийг хараад л эм бичээд өгчих жишээтэй.Сэтгэл эрүүл бол бие эрүүл гэж дээр хэлсэн. Хүний биеэс сэтгэлийг нь салгаад, бүр эд эрхтэн болгоноор нь хуваагаад мэргэшээд явчихсаныг би орчин үеийн анагаах ухааны эмгэнэл гэж боддог. Хүн гэдэг өнгөрсөн ирээдүйтэйгээ бүхэл бүтэн цогц өвөрмөц орчлон юм. Бүхлээр нь харж чадвал ихэнх асуудлын хариуг бас олж болно.

Бэлгийн уруул урт богиноос болоод заавал мэс ажилбарт орох хэрэгтэй юу? 

Хүн болгоны зүс царай өөр байдаг шиг л хэвийн асуудал. Эмнэлгийн эрүүл мэндийн заалтаар биш, хувь хүний хүсэлтээр буюу гоо сайхны шалтгаанаар мэс засалд орж засуулж мэдээж болно. Гэхдээ илүү юм гэж хүнд цаанаас нь заяагаагүй гэдгийг санах хэрэгтэй. Нэгэн эрэгтэй төстэй асуудлаар мэс засал хийлгээд хэсэг газрын арьсыг тайруулсан явдал бий. Дараа нь өөрийнхөө бүх мэдрэмж алдагдсаныг ойлгоод засуулах гэтэл бүх зүйл хожимдсон байсан гэдэг. Бүр намайг яг хуучин байдалд минь оруулаад өгөөч оронд нь өөрийн байшин, машинаа өгье гэж хүртэл гуйсан гэсэн шүү. Ер нь тайрах, тасдах амархан, харин нөхөн сэргээх хэцүү.

Эх сурвалж: goolingoo.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 6 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 10 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 57 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 1 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 6 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 13 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 15 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 20 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 23 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 18 цаг 27 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 44 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 58 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв Өчигдөр 10 цаг 44 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 40 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ Өчигдөр 10 цаг 27 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр 10 цаг 22 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө Өчигдөр 10 цаг 19 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр 10 цаг 12 мин
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top