x

2026 оны улсын төсвийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.10.22/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар даргалан явуулав.

Сангийн сайд Б.Жавхлан 2026 оны төсвийн төсөлд туссан тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах онцлох арга хэмжээний талаар танилцуулав.

Удирдах албан тушаалтны орон тоог бууруулж, төрийн албан хаагчдын нийт орон тооны тэлэлтийг хязгаарлахын зэрэгцээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төсвийн байгууллагын үр ашиггүй зардлыг бууруулан, хэмнэгдсэн хөрөнгийг нийгмийн салбарт зарцуулахаар тусгажээ.

Сүүлийн жилүүдэд гамшиг ослын тоо эрс нэмэгдэж улсын хэмжээнд 2025 он гарсаар 15 аймгийн 74 сум, нийслэлийн 3 дүүрэгт, нийт 219 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.4 дахин өссөн. Мөн үер ус, ган зудын тохиолдол ихэссээр байна. Иймд гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэдэг онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх, тус албанд ажиллах хүний нөөцийн бодлогод хөшүүрэг, дэмжлэг болгох зорилгоор алба хаагчдад олгодог онцгой нөхцөлийн нэмэгдлийг 10 хувиар нэмэгдүүлж 40 хувьд хүргэх,  Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын 17 дугаар Бага Хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах болсонтой холбогдуулан хурлын бэлтгэл ажлыг хангах, улс орноо сурталчлан таниулах, мэдээлэл түгээх, дамжуулах, соёл урлагийн арга хэмжээ зохиох, олон улсын зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, тав тухтай орчныг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг санхүүжүүлэх асуудлыг тусгасан байна.

Мөн Дэлхийн банкны аргачлалаар Монгол Улс 2024 оноос дунджаас дээгүүр орлоготой орны ангилалд орж, тус ассоциацийн донор орнуудад гишүүнээр элсэх нөхцөлийг хангаад байгаа бөгөөд донор орон болохтой холбоотойгоор Олон улсын хөгжлийн ассоциацид хандив хэлбэрээр 5.5 тэрбум төгрөгийг олгохоор тус тус 2026 оны төсвийн төсөлд тусгалаа хэмээн танилцуулав.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хуульд заасны дагуу 2025 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдээс санал авч, сум дүүрэг, аймаг, нийслэл, салбар яамны түвшинд үе шаттайгаар төлөвлөжээ. “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем”-ээр нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1.712 төслийн санал хүлээн авснаас холбогдох шалгуур үзүүлэлт, зарчим, бодлогыг харгалзан эрэмбэлж, 579 төсөл, арга хэмжээнд 3 их наяд 267.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан гэлээ.

Нийт хөрөнгө оруулалтын 67 хувь буюу 2 их наяд 181.9 тэрбум төгрөг нь үргэлжлэн хэрэгжих бол, 33 хувь буюу 1 их наяд 85.5 тэрбум төгрөг нь шинээр хэрэгжих хөрөнгө оруулалт байна. Энэ нь 2022-2023 онд батлагдсан төслийн тоотой харьцуулахад 2 дахин буурсан үзүүлэлт бөгөөд төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, үнэлэх, эрэмбэлэх, шалгуур үзүүлэлтийн чанар сайжирч байгааг илтгэж байна хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Түүнчлэн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтад хүний хөгжлийг дэмжих зорилгоор боловсрол, эрүүл мэндийн салбарт, бүсчилсэн хөгжил болон хувийн хэвшлийг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах хүрээнд эрчим хүч, суурь дэд бүтцийн салбарт, гамшгийн эрсдэлийг бууруулж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор онцгой байдлын салбарт, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах үүднээс батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбарт шинэ хөрөнгө оруулалтыг түлхүү төлөвлөсөн хэмээн Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа. Тухайлбал тус Байнгын хороонд хамаарах салбарууд буюу Батлан хамгаалах салбарт 67.9 тэрбум төгрөг, Гадаад харилцааны салбарт 19.9 тэрбум төгрөг, Онцгой байдлын салбарт 39.3 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна.

Улсын Их Хурлаас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийг 4 зорилт, шалгуур үзүүлэлттэйгээр баталсныг тэрбээр тодотгоод, Засгийн газрын зүгээс дунд хугацаанд стратегийн баримт бичгийн зорилт, арга хэмжээг мөрдөн ажиллах бөгөөд 2026 онд Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг тэргүүн ээлжид хэрэгжүүлэх, 1 тэрбум ам.доллар хүртэлх Засгийн газрын өрийн баталгаа гаргах, аймаг, нийслэлийн үнэт цаасыг зохистой хэмжээнд арилжаалах, дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжиж, суурь хүүг тогтоох зорилгоор 562 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргах,  дахин санхүүжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.доллар хүртэл гадаад үнэт цаас арилжаалахаар төсвийн төсөлд тусгасныг онцлов.

Түүнчлэн, 2026 онд Засгийн газрын өрийн үйлчилгээнд 3.9 их наяд төгрөг төлөхөөр байгаагаас үндсэн төлбөрт 2.6 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 1.3 их наяд төгрөгийг төлөхөөр байгаа бөгөөд Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 2025 онд 44.5 хувь, 2026 онд 43.7 хувьтай тэнцэхээр байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тусгай шаардлага болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд туссан хязгаарыг хангахаар байна гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир,  Манай улс гурван жилийн өмнө Юнескогийн Ерөнхий ассамблейн хурлаар нүүдэлчдийн түүх, соёл иргэншлийн асуудлаар ном бичих асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн. Гэтэл ном бүтээх ажилд зарцуулах мөнгөө төсөвтөө суулгахгүй өдийг хүрэн замхрах тийшээ хандаж байтал Гадаад хэргийн сайд салбарын төсөвтөө суулган шийдэхээр боллоо гээд талархал илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, Ирэх оны төсвийг дагаж орж ирж байгаа хууль тогтоомжийн төсөлд валютын орлого, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор нэг тэрбум ам.долларын үнийн дүнтэй 3-5 удаагийн том арилжааг зохион байгуулснаар дэнчин болон эхний төлбөрийн орлого болох 250-350 тэрбум ам.долларыг Монгол Улсад татан төвлөрүүлнэ хэмээн тусгасан байна. Үүнийг ямар чиглэлд зарцуулах вэ. Бүтээн байгуулалтад уу, төсвийн зарлагын алдагдлаа нөхөхөд үү хэмээн тодруулав. Мөн тэрбээр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд төр, хувийн хэвшлийн түншлэлийн ажилд оролцох боломж гарах уу гэсэн асуулт тавив.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль мөрдөгдөж эхлээд нэг жил 10 сарын хугацаа өнгөрч байна. Хамгийн сүүлд 8 дугаар сарын 27-ны өдөр Засгийн газрын хуралдаанаас Мөрөн-Улиастай чиглэлийн зам барих ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн болон Зам, тээврийн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг түншлэгчийн сонгон шалгаруулалтыг зарлах гэж байна. Энэ нь анх удаа түншлэлээр хэрэгжих гэж байгаа ажил. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн зохицуулалт гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын аж ахуйн нэгжүүдэд хэлбэр, төрлөөс нь үл хамааран ижил үйлчилж байгаа. Аль нэгэнд нь давуу байдал олгох зохицуулалт байхгүй. Харин хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар илүү таатай эрх зүйн орчныг бүрдүүлж, хууль хоорондын уялдаа илүү сайн хангагдах юм гэсэн хариулт өгөв.

Сангийн сайд Б.Жавхлан, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулан, орд ашиглалтыг сайжруулах зорилгоор "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан хэмээгээд нүүрснээс орж ирэх орлогыг өсгөх зорилгоор биржийн арилжаагаа нэмэгдүүлэх, шинээр орлогын эх үүсвэр бий болгоно гэж эрэлхийлж байгааг тодотгов. Тэрбээр манай улс нүүрсээ арилжаалах хугацаа 10 жилээс хэтрэхгүй гэж тооцож байгаагаа дурдаад, энэ хугацаанд  нүүрсний экспортоо нэмэгдүүлж, нөөц ордуудаа эргэлтэд оруулан, Үндэсний баялгийнхаа санг арвижуулах зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгасан хэмээлээ.

Байнгын хорооны гишүүдээс ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мал хулгайлах гэмт хэрэг 19.4 хувиар өсчээ 3 цаг 3 мин Гэр хорооллын өрхүүдийн шөнийн цахилгааны хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс эхэлнэ 3 цаг 5 мин Таван шарын нүхэн гарцын хүрээнд явган зорчигчийн гүүрэн гарц барина 3 цаг 6 мин “Эрдэнэс Тавантолгой” 2025 оны эхний 10 сард 21 сая тонн нүүрс экспортлов 3 цаг 7 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 3 цаг 9 мин Монголын хүүхдийн ордны баруун хойд уулзварт шинэ явган хүний гарц нэмэхээр судалж байна 3 цаг 10 мин Морингийн даваанд хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина 3 цаг 18 мин Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт 88 хувьтай байна 4 цаг 35 мин Шатахуун худалдаа эрхлэгч 21 ААН-д 52.6 тэрбум төгрөгийн торгууль ногдуулав 4 цаг 36 мин Шатахууны нөөцийг 30 хоногт хүргэхийн тулд ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгоно 4 цаг 39 мин Тусгай замын дугуйн ДАШТ Чилид эхэллээ 4 цаг 51 мин Орос, Беларусийн цаначид Олимпод оролцох эрхгүй боллоо 4 цаг 54 мин 1008 айлын орон сууцнаас 756 айлд байраа өмчлүүлэх, 252-ыг нь түрээслүүлэх шийдвэр гарлаа 4 цаг 55 мин Хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамруулна 4 цаг 57 мин Алтны үнэ 6 хувиар буурч, 4093 ам.долларт хүрэв 6 цаг 33 мин Хятад улс дэлхийн хамгийн том хөвдөг салхин турбиныг суурилуулна 6 цаг 35 мин АИ-92 шатахууны нийлүүлэлт хэвийн, иргэдийг сандарч нөөцлөхгүй байхыг уриалав 6 цаг 36 мин Дэлхийд хамгийн хурдан галт тэрэг туршилтад орж 453 км/ц хурдаллаа 6 цаг 42 мин Засгийн газар энхийг сахиулагчдын томилолтын зардлыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа 6 цаг 46 мин Эрчим хүчний гудамжны уулзварыг 24-ний шөнө түр хугацаанд хаана 6 цаг 48 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан саналын луйвар!!! Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна Нүүрсний ерөнхий менежер нь Төр "УИХ Үндсэн хууль зөрчсөн" гэдэг дүгнэлт гарвал ямар ч том э... Иосиф Бродскийг шүүсэн хурал Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд н... Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчих... Хэрэггүй Х.Нямбаатар: Түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ О.Сэргэлэн: Тархины үхэлтэй донорын тогтолцоог хөгжүүлэх нь ... Эверестийн анхны экспедицийн домогт шерпа Канчха 92 насандаа... Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаар гаргасан ажлын хэсг... Бүх хүн тэгш эрхтэй, гахай илүү эрхтэй... Америкийн уулчин Эверестийн хойд энгэрээр цанаар буусан анхн... Нисэхийн уулзвараас Тэмээтэй хөшөө хүртэл нийтийн тээврийн т... Шатахуун худалдаа эрхлэгч 21 ААН-д 52.6 тэрбум төгрөгийн тор... 7 настай сурагчийн амь насыг хохироосон багшид бүх насаар нь... Эверестээс гадна Балбын нууцлаг оргилууд руу авирагчидыг тоо... Жагсаал хүчирхийлэлд хүрсний улмаас Перу онц байдал зарлалаа... Төгрөгийн хадгаламж өсөж, валютын хадгаламж буурлаа
Top