x

Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй

Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй

Оршил. Төмөр замыг маань 12 жил гацааж, 80 их наядын ашиг хаасан орос ахынхаа нэрийг хэлж зүрхлэхгүй манай эрх баригчид бие биеэ төмөр зам гацаасан гэж уралцахыг дэлхий даяар харж буй. Тэр ч бүү хэл орос олигархуудын даалгавраар төмөр замаа гацаадаг-эх орноосоо урвагчаа хүртэл нуудаг гээд бодчих. Х.Баттулгын орос магнатуудтай хавсайдаж бантагнуулсан төмөр замаа холбовол Л.Оюун-Эрдэнэ минь том гавьяа! 80 их наядын хохирлоо төлүүлж, ялыг үүрүүл-төр засаг минь! Тэгж чадсан цагт ард олон та нарын базаахгүйг уучилж магад. Наанаа тэмцэнэ гэж шударга царайлаад цаанаа Женког аврахаар Ц.Элбэгдорж, Ж.Оджаргал нарыг төмөр зам гацаасан гэх явуулга чинь төөрөгдөл үүсгэж хардлага асаав. Урд хөрштэйгөө үзэглэсэн гэрээгээ урж хаячаад, тэднийг хэдэн тэрбумаар “шатаасан” балгаа үл тоож, боомтын гүүрэн гарц, өргөн нарийн цариг холбох ярвигтай ажилд туслаач гээд хошуу дэвсэх дэндүү увайгүй бус уу. Хятадууд төмөр зам тавьж монголчуудад хулхидуулж хохирсноо нэхэхгүй гэв. Орос ах ингэсэн нөхцөлд яах бол? Холболтод дахиад хэдэн ч сая доллар орох юм, ямартай ч 3-4 жилдээ бүтэхгүй. Хамгийн хорлонтой нь энэ шившгээсээ сургамж авах бүү хэл евроазийн холбоонд элсэж, хоригт орж хоосорсон Оросын үр тариа, тэжээл, гурил, өндөгний татваргүй урсгалаар баялаг бүтээгч хэдийнхээ голомтыг самрахаар шулууджээ янз нь-шадар сайд С.Амарсайхан нар. Ингээд байхаар чинь өтөлсөн болохоос үхсэн биш (уншигч нарт яршигтай ч) үглэх минь нүгэлгүй биз. Харин татваргүй орж ирсэн орос барааны үнэ сум болоод украйнчуудыг албал буян болно гэж хэлээ билүүдэгч дээгүүрээ цөөнгүйдэг ээ. 

Нэг. Юм л бол хужаа гэж онголздогоо эргэцүүл.

Парламентат тогтолцоо, хуулийн засаглал, гурав дахь хөршийн бодлогод эрсдэл нүүрлэж буй нөхцөлд хаяа хатгасан-хамтдаа хожъё гэдэг аварга хэрэглэгч хөршөө өдөж хатгаад буруу харуулчвал нүүрс хүдэр зэс маань борлохгүй бид л баларна. Хятадгүйгээр Монголоо төсөөлөөд үз. Малтмалаа дэлхийн аль буланд ямар тээврээр яаж хүргэж, хэнд хэдээр зарахаа бод. Нүүрс зэсийн орлогогүй Монгол хэцүүднэ. Тиймээс бөөр нийлсэн заяа тавилантай ганц худалдан авагчаа оросуудын хатгаасаар зүхдэгээ тунгаа мангаруудаа.

“Монгол ялна” гэх хийрхэл хятад харшилтай сонгогчдыг хөөргөж дөнгөсөн ч болчимгүй тэнэг сагуурлаараа бид тархиныхаа хомсдолыг дэлхийд таниулснаас цаашгүй. Хятад компанитай бизнес хоршвол тусгаар тогтнол замхарна. Тэднийг өшиглөөд хил давуулчвал Монгол ялна гэж хөөрцөглөв. Асар их бэл бэнчин, ханахгүй хэрэглээгээр дэлхийн сонирхлыг татсан хаяа нийлэгч-хамар дорх Хятадгүй хөгжих итгэл төгс ерөнхийлөгч Х.Баттулга тэртээ дээр омогших нь сүрдэм. Омог бардам түүний толгой дээгүүр овжин гадныхан өмнөд хөршөөс олз ууталсаар. Энэ урсгалыг тэр бээр тамирчны хослолтой сөрөн гүйж яваа самбоч. 

Х.Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдоод телевизээр ард түмэндээ албан ёсоор хандсан анхны мэдэгдэлдээ: “Орос металлургийн орон... хил давахад тэнд тэд төмөр замаа барьчихсан. Манай нүүрсийг Иран, Пакистан авъя гэж байна. Тиймээс бид хэвтээ тэнхлэгийн төмөр замаа яаж ийж байгаад барих хэрэгтэй... Бид урд хөршөөс хараат болчихсон байна. Бурхан шашнаа шүтэх асуудал ярихад шүтэж болохгүй гэж байна. Далай ламаа урья гэхээр болохгүй гэж байна шүү дээ. Үүнийг мэдээж урд хөрштэйгөө ярина... Манай бүтээгдэхүүнийг битгий хямд авч бай гэж ийм л асуудлыг ярина” гэв. 

Анхныхаа мэдэгдлээр ийнхүү омогшиж асан ерөнхийлөгч маань хоёр жилийн дараа цар тахал дундуур 30 мянган хонь бэлэглэх том пайз энгэртээ рекламдаад Ши жиньпин даргын өмнө, малчдаас төсвийн мөнгөөр авсан 30 мянган хонио хувиасаа өгч буй мэт дүр эсгэв. Бага буурай ч гэсэн нэг улсын ерөнхийлөгч гэхэд малын хулгайч шиг л харагдсан. Гэвч цар тахал дундуур эр зориг гаргаж гадаадад айлчилсан дэлхийд ганцаараа удирдагч гэж түүний цолыг дуудсан магтаал одоо ч Монголд цуурайтсаар.

Хоёр. Орос Монголын онцгой эрхэт комисс.

Хөрөнгө оруулагчдыг хуу үргээсэн гайт хууль зохиодгоороо алдарщсан Г.Занданшатар Москвад сэм давхиж очоод Монгол Оросын парламент хоорондын хамтарсан онц комисс байгуулчхав. УИХ-ын 76-гийн шийд үү, ганц спикерийн “Салхитын сюрприз” шиг тусгай ажиллагаа юу одоо хүртэл таг. ОХУ-ын Төрийн Думын дарга В.Володин “Энэ комисс байнга ажиллаж хоёр орны ерөнхийлөгчийн хэлэлцэж тохирсон асуудлыг ажил хэрэг болгох бөгөөд цаашид ямагт тодорхой шийдвэрүүдийг гаргах учиртай” гэж тушаах зуураа Чингэсийн хөшөө рүү аман дотроо нулимаад “Хоёр орны хуулийг уялдуулж хийнэ. Түүхээ сайн санаж яваарай, мартвал та нарт муу юм болно шүү” гэж диктовальдчаад жилийв. 

Евроазийн холбоонд элсэхээр манай хулчгар хэд нүдээ анин зүтгэж буй нь эндээс эхтэй юм биш биз. Хаашаа яваад байна даа хүүхдүүд минь? Яаж ч алуулж, яаж ч шулуулж байсан мөргөх ёстой цаг улирсан байлтай. Гэвч үнэн учраа хөршдөө ойлгуулах эр зориг гаргаж, ухаан суухгүй бол хатуу гарт базаастайгаа лойж, хорвоогийн шившиг-нүдний булай болуузай.  

Гурав. Авилгаас аль нам салгах вэ?

Аль нь ч салгахгүй. Гэгээрсэн олны хуйларсан давлагаа авилгаас цэвэрлэнэ. Олны хүч оломгүй далай. Оюунлаг масс уухайлан дэмжихгүй бол Оюун-Эрдэнэ хол харайхгүй. Хөрөнгө их наядаар залгисан төсөв идэгч мухар төмөр замууд бус галт тэрэгний урт урт цуваагаар чулуу шороогоо маш ихээр хямд тээвэрлэн хил давуулж панзлахыг мөн л гэгээрсэн олны овсгоо-шийдэх хүч. Тиймээс гэгээрэл юутай чухал бэ иргэдээ. Гоншигнохын оронд оюунлаг монголчууд болооч. Газрын тосоо, уранаа ашиглах төр засгийнхаа бодлогыг нийтээр идэвхийлэн дэмждэгээ гадна дотны гацаагчдад соёлтой харуул. Соёл бол зөөлөн агаад шургуу-боловсон тэмцэл. Өөртөө дайсан үүсгэхгүй дархлаа. Монголын гол хүч ямар ч нам биш оюунлаг олон. 

Харамсалтай нь дахиад л нөгөөдүүлээ сонгов. Хувийн өмчгүй үед нийтийн тогоо өнгийж өссөн нөгөөдүүлийнх нь соц. өлөн ходоод Ордонд 4-8 жил залрахдаа цадсан бол хулгай луйвраа хумиасай. Дахин ахин сонгогдсон хулгайчид буруугүй. Тэд сонгогдсон болохоос засгийн эрх булаагаагүй-У.Хүрэлсүх шиг. Хулгайчдыг үл сонгох эрх биднийх. Тиймд ядуурлын голомт бидний мулгуу гавал аж. Дүнхүүгээс бүх муу юм сэдэрч буй. “Дээд тэнгэрээс заяатай, дэлхийг эзэлсэн түүхтэй” гэж онгирох яс хавталзам ичгүүртэй бус уу. Хүн төрөлхтнөөс бид тийм тасархай гэж үү? Тэгж ханхалзахаа одоо боль. “Монголчууд юугаараа бахархах вэ?” гэвэл би “тэнэгээрээ гайхуулцгаа” гэж гутарч цөхөрсөн буурайн муухай аашаар уцаарлана. Тэнэглэлтэй тэмцье гэсэн минь ийм учиртай. Тиймээс би монголчуудаа тэнэг гэж наанаа уцаарлаад байгаа буурай. Өвгөн миний бухимдал цөхрөлийг “хал нь гаднаа хайр нь дотроо” гэх монгол ардын сурганаар эерүүлж ойлгоорой. Мунхаг үр садыг минь гэгээрүүлж хайрла Эрдэнэ зуу-Гомбогүр минь.

Дөрөв. Хорлон сүйтгэгч.

М.Энхсайхан Таван толгой ордоо харьд 100 жилээр үнэгүй өгч эх орноо хорлохыг завдсан гэж З.Энхболд ухуулдаг. Монголоо хорлон сүйтгэх аюулаас З.Энхболд аварсан төдийгүй харьд оргүй алдсан аварга ордоо авч ард олондоо өгсөн гэж өөрийгөө магтсаар яваа. Эсэргүү гэрээний нооргийг УИХ-аар шууд хэлэлцүүлж, урвасан хулгайг 76 гишүүн хөдөлшгүй илчлэхээс З.Энхболд бултуулсныг орхихгүй бичдэг этгээд нь-өвгөн би. Бусармагтай үл эвлэрэх-уран бүтээлч хүний зан. (УИХ-аар хэлэлцэхийг спикер З.Энхболд алх цохиод хаачихсан). Хорлон сүйтгэх гэрээг 76 тэнэг баталчих нь гэж айв уу, эсвэл “аварга ордоо харьд зүгээр өгсөн гэх гүжирдлэгээ УИХ хэлэлцвэл илэрнэ гээд чуулганд оруулалгүй олны анхаарлаас холдуулж өөрийгөө аврав уу? Хорлон сүйтгэх гэрээг илчилсэн 40 гишүүний гарын үсэг ярьдаг ч эх оронч 40-ийгөө зарлаагүй. Л.Эрдэнэчимэг л ганцаар тодорч байв.

УИХ-ын 76 хэлэлцээд аварга ордоо харьд бэлэглэснийг тогтоосон бол зарга үүсээгүй. Гэрээний төслийг чуулганаар хэлэлцүүлэлгүй галыг өөр дээрээ авах ямар шалтгаан З.Энхболдод гарав. Таван толгой ордоо харьд 100 жил зүгээр өгсөн нь нотлогдолгүй М.Энхсайханыг албаны машины үнийн зөрүүгээр ялласан. Нарийн төмөр зам 10 гаруй жил гацаагүй бол монголчууд өдгөө чинээлэг амьдарч буй. Энэ агуу өгөгдлийг орос магнатуудад зуйрч гацаасан Х.Баттулга, З.Энхболд хоёрт би маш их гомддог зохиолч. Би монгол хүндээ л гомдохоос хар элэгтэнд гомддоггүй. Би З.Энхболдыг маш их үнэлж байв. Урам хугарсан. Гомдлын хэмжээ итгэсний хэмжээтэй дүйж байдаг. Их итгэвэл их гомддог. 

М.Энхсайхан шоронгоос суллагдаж, эцэст нь З.Энхболд 40 саяар торгуулж, 4 жил нийтийн алба хаших эрхээ хасуулав. Ял сонсох ямар байна З.Энхболдоо? З.Энхболд “Таван толгойг Хятадад үнэгүй өгөх гэсэн бүлэг хонзогноод намайг сонгуульд өрсөлдөх эрхгүй болгоод хаячлаа” гэж УДШ-д давж заалдав. Таван толгойгоо М.Энхсайхан Хятадад үнэгүй 100 жилээр өгснийг УДШ нотолбол З.Энхболд гавьяагаа зүй ёсоор хүртэж, хорлон сүйтгэгч шорондоо эргэн орж ялаа эдэлнэ. Гэтэл юу тодров? “Нүүрсээ угааж үнэ хүргэх төрийн бодлогыг” З.Энхболддалдуур гацааж явжээ. Ашиг сонирхол нь-өөрийн Страто компаниар нүүрс сэм угааж, амьхандаа баяжих гэж. Тэр мөн УИХ-ын дарга асан зангаргаараа Дарханы замын паянгаа дааж ядаж яваа Б.Энх-Амгаланг нэрэмчхэв.

УИХ, ЗГ-ын тогтоолоор Оюу толгойн гэрээ хийлцсэн С.Баярцогтод 10 жил зааж, бүх хөрөнгийг хураах ял анхан шатны шүүхээс оноосон. Юм л бол 10 жилээр зааж, бүх хөрөнгийг хурааж байсан харгислалыг амссан айлын хүү-өвгөн би хирдхийсэн. Арай л цаазаар авъя гээгүй. Сэлэнгэ аймгийн 10 жилийн сургуульд хамт суралцаж явсан чацуутнаа шоронд хадах З.Энхболдын заналыг троллууд нь уухайлж, “Баярцогтыг бууд” гэж шаардагчид интернет дүүрсэн. Энэ хийрхэл ХХI зууны монголчуудын оюуны тэнхээ-бидний ухамсрын хэмжээ. Зүрх зүссэн сталинч танил ялыг Ордны гурван давхраас ерөнхийлөгч Х.Баттулга буулгасан заавар гэж ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-гийн сайд Х.Нямбаатар хоёр ам уралдан ард олондоо мэдэгдэж байв даа. 

Тав. Өршөөл цагаатгал хоёр сүлэлдэв.

Өршөөл цагаатгал хоёр гал ус шиг атлаа сүлэлдээд ялгаралгүй замхарсан нь сайны ёр яавч бус. Х.Баттулга З.Энхболд хоёрын өнгөнд яллуулсан Э.Бат-Үүл, С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар цөм суллагдсан. Өршөөгдөв үү, цагаадав уу? Ямар ч тайлбар өгөөгүйгээс зоолсон троллууд тэднийг урвагчид гэж одоо ч хараасаар тул өвгөн би төр засаг хуулиа зөрчиж, урвагчдыг шоронгоос суллажээ гэж ухаарахад хүрэв. Зөв үү? Зөв бурууг ялгаад өгөөч. Үнэнийг мэдэж тайвширъя. Эс тэгвээс би Монголд өрнөсөн нялх ардчиллын сүнсийг таслахаар мэдлэг туршлага жигдэрч яваа хэдийг маань чонотой нөхөцсөн гэрийн банхрууд шилж онилов гэж сэрдэх гээд байна. Цагаадсан аваас хилсдүүлэгчид заавал яллуулах ёстой. Тэднийг яагаад нуучхав? Бууны нохдоо нөөж байгаад В.Путин, Женко хоёр дахин хорших гэрэлт ирээдүй морилбол турхирахаар зэхэв үү. 

Төр засгийнхны сонин гэвэл татвар төлөгчдөөс цугларсан төсөв гэгч жаахан мөнгөө булаацалдаад булай булай. Эрчим хүч шатахууны хараат байсан бол одоо нэмээд хүнсний хараат байдалд орох-гарцаагүй боллоо. Алтай Хангай Хэнтийн оргилууд гадаад далайгаас хурын үүл татдаг бол төрийн гурван сарьдаг хариас хараат байдал татдагаараа сүндэрлэв.

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 2 цаг 1 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 2 цаг 2 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 2 цаг 3 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 2 цаг 6 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 2 цаг 7 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 2 цаг 9 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 3 цаг 51 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 4 цаг 41 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 4 цаг 44 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 4 цаг 45 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 4 цаг 46 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 4 цаг 50 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 4 цаг 51 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 4 цаг 52 мин "Нутагтаа эзэн 100:1000" төслийг 16 аймагт хэрэгжүүлж, ногоон тэжээл тариална 4 цаг 52 мин Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй 6 цаг 33 мин А.Ганбаатар: Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 85-рт жагсаж байгаа нь Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг яаруулж байна 6 цаг 43 мин Баянзүрх дүүрэгт 1.2 км авто зам шинээр барина 7 цаг 11 мин Ихэнх нутгаар хуурайшилт нэн их байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 7 цаг 12 мин 108 хүүхдийн тусламжийн төвд долоо хоногт 1896 дуудлага иржээ 7 цаг 12 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top