x

Улсаасаа баян хүн байна... гэв үү?

-Улсаасаа баян хүн байна. Хулгайч бол лав мөн гэсэн уулга алдалт, зэвүүцэл сошиал ертөнцөөр үе, үе халгих аж. Баян нь нэгдүгээрт, хулгайч байж магадгүй гэдэг нь хоёр, гуравдугаарт, заримдаа нөхөж ойлгох нөхцөлтэйгээр орхигдогдон бичигдэх ажгуу. Манайхан ч бичсэн бичээгүй, баян л юм чинь хулгайч байж таараа гээд л түвэггүй ойлгочих.

     Сошл сүлжээгээр “Улсаасаа баян этгээд төрсөн” тухай уншсан олон түмэн шударга ёс, хууль дүрэм зөрчигдсөн лүгээ адил уурсан хилигнэж “Бушуухан барь, юмыг нь хураа”, “Баян л бол хулгайч байж таарна” хэмээн уухайлах бөлгөө. 

      Манайхан уулзаад ярихаар цөмөөрөө баяжих хүсэлтэй боловч баян л бол хулгайч байгаа гэсэн итгэл үнэмшилтэй сонин хүмүүс. Гаднаас нь хараад хэнч ядуу гэхээргүй нэгэн хүртэл “Би хулгай хийхгүй байгаа учраас ядуу байгаа” гэж дүгнээд, тэндээсээ “хүний сайн нь ядуу байдаг” гэх логик ургуулна. Уг нь “Орон бүхний пролетари нар”-ыг ХХ зуунд орхисон юмсан.

      Ерөнхийдөө бидний барьж буй шударга ёсны норм бол “Ямар ч тохиолдолд улсаасаа баян хүн гаргахгүй байх” явдал гэлтэй. Хэзээ ч Илон Маск, Билл Гейтс төрүүлэхгүй, яагаад ч Эйпл, Тоёота, Самсунг шиг үндэсний компанийг бойжуулахгүй байх нь Монгол хүний зорилго юм аа даа, ер нь.

    Үнэндээ, үндэсний капитилистуудын хөрөнгө хэмжээ нийлээд, нийлээд улсын төсөвөөс давсан нь юу л бол? Улсаасаа баян гэдэг ч түвэгтэй хэмжүүр. Үндэстнээрээ бүтээж чадах баялагаар баримжаалан, засагт нь олгож байгаа гадаадын зээлийн хэмжээ энэ тэр бол нэгийг хэлэх л байх л даа. Гэхдээ л баримжаагүй. 

     Угаасаа ч цаад этгээдийн хөрөнгө, баялаг нь хязгаарыг давсан, шударга өрсөлдөөнийг боомилох хэмжээнд хүрсэн, монополийн эсрэг хуулийн заалтад харшилсанд хүмүүс эгдүүцээгүй. Нийтийн дургүйцлийн гол шалгуур нь эдийн засгийн бус, харин нийгмийн сэтгэл зүйн учир шалтгаантай. 

     Бидний сэтгэл ханамжийн цэг бол өөрөөс нь илүү баян хүн харагдахгүй байх тэр хавтгайд оршдог. Их зөрчилтэй эд. Өөрөөс нь илүү баян байхыг зөвшөөрөхгүйгээр өөрөө бусдаас баян байх боломжийг эрэлхийлнэ гэдэг. 

    Бид баяжих, хөрөнгөжих боломжийг албан газрын хязгаартай орон тоо шиг сэтгэх дуртай. Тэрхүү баяждаг орон тоон дээр яг ажилд ордогийн даваан дээр бусдад булаалгасан төсөөлөлтэй. Ухаандаа, орон сууц бариад алаад хаях буян заяанд “тоосго атгаж” төрөөд хараахан тэрийгээ ухаарч амжаагүй байтал мань Чойжгоо өрсчихсөн ч юм шиг. Эсвэл, Өмнөговиос зэс гаргах орон тоон дээр жил мэнгэ таараад сатаарах зуур нь Оюутолгой түрүүлчихсэн ч байх шиг, мөн үү?

     Тэрчлэн, архи найруулаад алаад хаях боломж ерөөлтэйгээр амандаа “спирт балгаж” төрөөд, ялимгүй жаахан шартаад ангайтал, АПУ тэрийг нь шүүрээд зугтаачихсан ч юм уу? Заримдаа, миссүүдтэй суугаад, суугаад, дахин суугаад эр хүн болсны хэргийг бүтээхээр төрөөд гормоноо боловсруулах зуур нөгөө Мянгаа золиг өрсөөд хайран сайхан эрийн заяа талаар өнгөрчөө юу даа ч гэмээр. Нэг л тийм булаалгасан, шударга бусаар алдсан гомдол дүүрэн ард түмэн.

    Эргэн тойрон өөрөөсөө нь илүү яваа хүмүүсийг харахаар ямар ч юм бэ, нэг тийм сайхан боломжийг булаасан нь тодорхой мэдэгдээд байх. Тэдэн шиг болно гэхээр “хулгай хийхээс өөр” юм санаанд орохгүй. Тэгэхээр эд цөмөөрөө л хулгай хийсэн байж таарна хэмээн сэтгэлээ зогооно. Гачлантай нь мань хүнийг ч бас “миний боломжийг шаасан сдаа” гэж боддог зөндөөн амьтас дор нь байгаад байдаг. Мөн ч тохуутай хорвоо яа.

    Бидний ихэнхийн хувьд “улсаасаа баян”, “баян хулгайч” гэдэг нь надаас илүү амьдарч байгаа этгээд гэсэн ойлголт болох нь харагддаг. Өөрөөсөө илүү явж байгаа хүн бүрийг манайхан “бидний боломжийг хулгайлсан” гэж үздэг.

   Чи нэг өрөө байранд амьдарч байгаа бол хоёр өрөө сууцтай болгон чиний боломжийг хулгайлагч санагдана. Олон өрөө байртай этгээд чиний амьдрах учиртай  өрөөнүүдийг завшснаар бодогдох нь нэг бус. Харин чи машинтай бол эргээд машингүй нэгнийхээ боломжийг хулгайлагчид тооцогдоно. 

    Гэр хорооллынхны боломжийг хулгайлагч нь орон сууцныхан ч юм шиг. Гэтэл эсрэгээрээ эргээд орон гэргүйчүүдийн боломжийг хулгайлагч “баян бсдаа” нар нь хашаа байшинтай этгээдүүд болж таарна, мөн үү? Тэд “хулгай л хийхгүй бол юугаараа хашаа байшин авдаг юм бэ, эднүүс” гэж шударгаар бодож байгаа. Ингээд харахаар улсаараа бие биенийхээ боломжийг хулгайлагч, хэн маань ч “улсаасаа баян” сдаа нараас дээрдэх юмгүй шаар болчихож байгаа биз?

     Тэгэхээр хамаг зовлон хэн нэгэн улсаасаа баян болох гээд байгаад биш, харин бидний хандлагад байна. Угаасаа боломж гэдэг зүйл бол ашигласан хүнийх болохоос мөрөөдсөн хүнийх биш. Баян Итгэлт “Хүний буян хүнд наалдахгүй ээ” гэдэг шиг хүний боломж хүнд нялзахгүй, бас булаагдахгүй. Уг нь баячуудын хөрөнгийг хурааж аваад тараахаар “боломж” хамт түгээгддэг бол гоё л доо. Даанч тийм биш. Жишээлэхэд, коланы үйлдвэрийг хурааж аваад надад, АПУ-гийн архины үйлдвэрийг чамд, Алтантариан гурилын үйлдвэрийг тэрэнд “Май чиний булаагдсан боломж. Одоо ашиглаад мөрөөдлөө биелүүл” гээд өгчихвөл гоё л доо.

     Даанч бидний хэн нь ч түүнийг ядаж нэг хоног цааш аваад явж чадахгүй. Нээрээ шүү. Хэрвээ чадах байсан бол зэрэгцүүлээд тийм, эсвэл шал өөр бизнес хөгжүүлчихсэн үзэж тарж яваа. Баялаг, баяжих боломж шахалдана гэж байхгүй ээ. Бид баялгийг, бүтээмжийг яг хонь шиг бодоод бэлчээр булаалдана гэж төсөөлөөд, “нэг улсад төдөөс илүү баян хүн багтах зай гарахгүй” мэтээр төсөөлөөд байгаагаас биш. (Цаана чинь үзэх царайгүй, барих биегүй хөрөнгө хүртэл гараад баллаж байна шүү дээ) Бид ийм хандлагаа болихгүй бол “сэтгэж амжаагүй боломж”-уудыг маань хүмүүс булаасаар л байгаа мэтээр төсөөлөгдөн, улам л шаналах бололтой.

   Улсаараа баян, улсаасаа баян байхад юу ч шахалдахгүй, түлхэлцэхгүй тийм сайхан цаг ирчихээд байхад, бүхнийг хониор тооцож, бэлчээрээр баримжаалаад яваа маань л хамгийн том зовлон. Капитал, үл хөдлөх хөрөнгө, мөнгө бол бэлчээрийн мал биш ээ. Хэзээ ч чиний “боломжийн бэлчээр”-ийг булаалдахгүй. Мөнгө мөнгөө үржүүлдэг болохоос биш мөнгө мөнгөө залгидаггүй. Бусдын бүтээж байгаа баялаг өөр бусад баялгийг төрүүлдэг болохоос биш чиний өмнөх баялгийг булааж иддэггүй. Бэлчээрийн малаас шал өөр нь энэ !

-Баячууд нь сайхан амьдраад би муу амьдрах юм уу гээл гомдоллох хүн олон. Гэтэл чи өөрөө хэн нэгний хувьд мөрөөдөөд хүрэхээргүй баян амьтан харагдаж, атаа жөтөөг нь төрүүлж л яваа. Өнөөдөр нийслэл хотод машины дугаар нэмж олгохгүй байгааг эсэргүүцэж “баячууд л зөвхөн машин унах юм байна л даа” хэмээн эсэргүүцэж байна. Цаана нь, энэ янзаараа бол хэзээ ч машин авч чадахгүй гэсэн бодолтой зөндөө хүн “Муусайн машинтай баячууд дугаар нэхээд их юм болж, ерөөсөө бүх машиныг нь хураавал таарна” гэсэн өөр шударга ёс нэхэж л суугаа. Тэгтэл “Түгжрэл бууруулах” гэдгийг бусад бүх хүн явган алхаад өөрөө машинаараа саадгүй сүнгэнэхээр төсөөлдөг нь нэг бус. Тэгш баян байлгах аргагүй, харин тэгш ядуу байлгаж бол болдог. Яг л амьтныг алчихаж болдог мөртлөө үхүүлсэн амьтныг эргүүлээд амилуулж болдоггүй шиг хоржоонтой хорвоо. 

    Монголчууд муу үндэстэн учраас “баяжих дуртай ч баяжсандаа дургүй” юм биш. Улсаасаа баян болох гээд байгаа тухай түгшүүр нь ойлголтын хувьд шинэ ч юм биш. Хуучны “Газар даахгүй баян, “мал нь хөндийд багтахгүй баян”гэдэг хэллэгийн нэгэн адил хөрөнгийн хэр хэмжээ нь хэтэрсэн, хураан авах түвшинд хүрсэн гэх утгатай. БНМАУ-д үүнийг “амины малын тоо толгой ХАА-н нэгдлийн үлгэрчилсэн дүрмээс хэтрэх” гэж албан ёсоор нэрлэж байлаа. Малчин өрхийн амины малын тоо, ам бүлээс үл хамааран, богийн толгойд шилжүүлснээр 50-иас (говийн бүст 75) хэтэрвэл “газар даахгүй болсон”, “улсаасаа илүү баяжсан” гэж үзээд хураадаг байсан юм.

   Нарийн яривал социализмаар хөөрөгдөөд, албажуулаад, хэрэгжүүлээд өгснөөс биш хэн нэгийгээ баяжихад таагүй ханддаг нь нүүдэлчдийн аж төрлийн онцлог гэмээр зүйл. Банкны тогтолцоо, өмчилсөн газар, үл хөдлөх хөрөнгөгүй нүүдэлчид зөвхөн малаа өсгөх замаар л баяждаг. Хэн нэгнийх нь мал өсвөл бэлчээр хомсдоно. Иймээс баяжсан нэгнээ адлан хөөж явуулах, хүчрэхгүй бол өөрөө нүүж зайлах ийм л хоёр сонголтод тулна. Алтай Хангайн хоорондох хээр талд бэлчээрийн мал өсгөж амьдрахаас өөр сонголтгүй байсан нь хувь заяаны тулгалт. Ийм л юм. 

    БНМАУ-ын иргэдийг зүүн европын ижил системтэй орныхон “социализм байгуулж байгаа малчид” хэмээн магтах маягтай тохуурдаг байсан. Цаана нь, “энэ хэд социализм байгуулдаг ч гэж юу байх вэ дээ” гэсэн басамжлал. Үнэн л байсан.

   Харин өнөөдөр бид капитализм байгуулж байгаа ч малчны сэтгэлгээтэй хэвээрээ. Хажуу хавиргынхан “ капитализмыг ч нэг их малчид байгуулаад байдаг эд биш байхаа” гэх маягтай. Үнэн байсан зүйл үнэн хэвээрээ байгаа нь тэр. Бидний дунд сургуульдаа үздэг Дарвины сургааль “Хүчтэй, том биетэй нь биш харин хувирч чадсан нь байгалийн шалгарлыг давж үлддэг” хэмээн номлодог бөлгөө.

-Улсаасаа баянаа байг гэхэд “улсаасаа баян байж магадгүй” гэж хардагдах хэмжээний хөрөнгөлөг хүмүүс гарч ирсэнд баярлаад ханашгүй байна, нуулгүй хэлэхэд. Нээрээ л тийм байгаасай хэмээн ханцуй дотроо залбираастай. Яагаад гэвэл улсаасаа ядуу иргэнтэй нийгэмд төрж өссөн учраас тэр. Ер нь "Хүн нь улсаасаа ядуу байхыг социализм, харин хүн нь улсаасаа баян байхыг капитализм гэнэ" гээд л тогтоочиход үнэнээс зөрөхгүй.

 Улсаасаа баян биш юм гэхэд улс шигээ баян хүмүүс төрж байна. Тэр нь чи бид хоёр биш байгаа нь жаахан тиймхэн ч гэсэн, үр ач маань улсаасаа биш юм гэхэд аймгаасаа баян, аймгаа байг гэхэд сумаасаа хөрөнгөжүү, бүр байлаа гэхэд орлого нь хорооны төсвөөсөө давсан нэгэн болох үүд нээгдэв хэмээн баяснам.

Монголчууд улсаасаа баян болтугай. 

Жич: Хулгайчийг баян гэдэггүй, харин гэмт хэрэгтэнд тооцдог болно.

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 1 цаг 16 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 1 цаг 22 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 1 цаг 28 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 1 цаг 30 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 1 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 1 цаг 34 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 3 цаг 52 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 3 цаг 53 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 3 цаг 54 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 3 цаг 57 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 3 цаг 58 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 4 цаг 0 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 5 цаг 42 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 6 цаг 31 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 6 цаг 35 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 6 цаг 36 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 6 цаг 37 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 6 цаг 41 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 6 цаг 42 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 6 цаг 43 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top