x

Түүхэн гэрч ба Хоёр мангас

-Энэ бол ердөө л түүх, үүнд эмзэглэх хэрэггүй!-

Кубын коммунист дэглэмийн талаар дэлхий амаа цангатал ярьдаг бичдэг. Үхширсэн коммунистууд байдаг мэт их хөрш Америк нь хараадаг. Ах дүү хоёр Кастро, одоо амьд сэрүүн буй дүү Рауль Кастро Русын мөхөл сөнөлийг коммунизм судлаачид өдөр судраар нь бараг гаргаад тавьчихсан байдагсан. Рауль Кастро бол олон арван (49 жил) жил ахынхаа тэргүүн дэд байгаад 2008 оноос халааг нь авч БНКУ-ын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга, Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагчаар 2018 оныг хүргэжээ. Эрх баригч Кубын Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 2008-2021 онд ажиллажээ. Эдүгээ 93 насыг зооглон буй энэ эрхэм цэл залуудаа ялалт бэлгэдэн хоёр хуруугаа гозойлгон зураг дээр харагдаж байна.

Энэ тухай, энэ хүний улс төрөөр өгссөн түүхийг энд өгүүлэх гээгүй. Харин магтан сайшаах гэж байна. Түүхэн үнэнийг уншигчид, монголчууддаа хүргэх гэж байна. Энэ бол аль социализмын үед, 1960-1970-аад онд болоод өнгөрсөн түүх. Тухайн үед социалист Куба улсаас, манай улсад төрийн дээд хэмжээнд айлчилсан, ерөөсөө Монгол-Кубын түүхэнд айлчилсан ганцхан тохиолдол нь Команданте Рауль Кастрогийн айлчлал байсан юм. Тэрээр 1970 оны хавар Улаанбаатараас тун өндөр сэтгэгдэлтэй Кубадаа буцаж очжээ. Монголын талаар бөөн мэдээлэл тээж нутагтаа очоод ахынхаа тархийг цэнэглээ биз. Куба-Монголын харилцаа ч тэр үеэс оволзоод эхэлжээ. Манай талаас Ерөнхий сайд Ю.Цэдэнбал Кубад айлчлав. Харин хариу айлчлал нь Фиделийн том ах Роман Кастро болж шат буурчээ. Роман нь хөдөө аж ахуйн чихрийн нишэнгийн аж ахуйн дарга байж таарчээ. Ерөнхий сайд, чихрийн нишэнгийн аж ахуйн дарга, арай ч авцалдамгүй.

Монголын талаар өндөр сэтгэгдэлтэй болсон Рауль Кастро Гавана дахь манай Элчин сайдын яаманд нэг өдөр хэл чимээгүй гэнэт айлчилжээ. Хундага тулгангаа сэтгэгдлээ хуваалцаж ярьж хөөрч сууя гэж л дээ. Халуун оронд байдаг хэвийн үзэгдэл. Халуун орны хүмүүс тэгтлээ цаг бариад ажиллаад оволзоод байдаггүй тул ажлын цагаар ангаа цангаагаа тайлах гэж хөргөгчтэй тасалгаанд тухлахыг алийг тэр гэхэв.

Манай Элчин сайдын яаманд цэргийн хоёр хүн орж иржээ. “Команданте Танай яаманд зочлох гэж байна. Одоо ирж явна” гэж хэлжээ. “Команданте” гэх цолтой Фиделийг л ард түмэн тэгж нэрлэдэг тул Фидель ирэх нь гээд манайхан бажигдчихаж. Гэтэл дүү нь ороод ирэв. Найрсгаар мэндлэнгээ тоглоом шоглоомоор “Монгол водка ууя” гэж гэнэ. Элчин сайдын яам түргэн авчээ. Гэнэтийн ийм өндөр зочинд хөл алдав. Элчин сайд Ө.Сүх-очир гуай зочноо дайлав. Архи дарс, идээ умдаан болов. Хундага өргөцгөөжээ. Зочлогч эзэн эхлээд хундаганы үг хэлэв.

Нэгд нэгэнгүй энд буулгах шаардлагагүй. Өмнөх нийгмийн үеийн нөгөөх л хэвшмэл хэллэг. Дэлхийн социализмын ялалтын төлөө, Кубын баатарлаг ард түмний төлөө, шалгарсан манлай Кубын Коммунист Намын төлөө, шалгарсан удирдагч Фидель, Рауль нарын эрүүл энхийн төлөө гэж ирээд л нуршуу үг хэлжээ. Тэр үед хэлмэрчилсэн Сандагдоржийн Хурц гуай одоо амьд сэрүүн түүхэн гэрч болоод АНУ-д аж төрөн суугаа. Тэр хүний ярьснаас улбаалан би энэ нийтлэлээ босгосон.

Ө.Сүх-очир гуайг сонсож сууснаа Рауль Кастро үгийг нь гэнэт таслав. Догматик коммунист биш гэдгээ харуулахаар шийджээ. Хундаганы үг нь ердөө энэ:

-Юу яриад байна. Тэгж ярих юм бол Монголын ард түмэн бол үнэхээр баатарлаг! Хоёр мангасын дунд эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалсаар ирсэн Монголын ард түмэн баатарлаг! Ийм баатарлаг ард түмний төлөө хундага өргөе!

Гүйцээ. Ө.Сүх-Очир сайд үхтэлээ айж балмагдав. Зочиндоо ая тал засах хэцүү, дуу шуугүй гөлөлзөөд байлтай биш. Элчин сайдын яамныхан шооконд оров. Хамгийн түрүүн толгойд нь “НАХЯ” орж ирэв. Бүгд амьд гэрч боллоо. Одоо яах вэ? Рауль Кастро ингэж хэлчихээд хундагатайгаа татчихаад гараад явчихав.

Талархал ёсорхол номоороо явагдаж манайхан яамандаа үлдлээ. Бүгдийнх нь сүр сүлд үхчихэж. Хүндэт зочныг үдэж өгөөд дээшээ хоёрдугаар давхар руу гарч шууд хуралдав. Улаанбаатар руу ГЯЯ, улмаар МАХН-ын Төв Хороо, Ю.Цэдэнбал дарга руу шууд мэдээлэхээр шийдэв. Раулийн хэлсэн үгийг хачирлан маш нууц шифр явуулаа биз, бодвол. Хурал дээр Элчин сайдын хэлсэн үг байна.

-Кубын коммунистууд коммунист болох болоогүй байна.

-Кубын коммунистууд коммунист биш юм байна.

-Эд яагаа ч үгүй юм байна!

-Ой ширэнгэнд партизаны дайн хийсээр яваад бүр түүхий болчихож.

-Зөвлөлтийн Элчин сайдын яамнаас асууя, мэдээлье.

Ах дүү Зөвлөлт Холбоот Улс, Зөвлөлтийн баатарлаг ард түмнийг ингэж хэлэх гэж дээ. Даан ч дээ. Очиж очиж мангас байх даа яахав дээ? Зөвлөлтөд, зөвлөлтүүдэд хир буртаг халдаахгүй манай ариун үйлс яалаа? “Зөвлөлт Холбоот Улсын Баатар” цолоор энгэрээ мялаачихcан социалист Кубын жолоодогчийн Тэргүүн дэд, шууд залгамжлагч нь тэр үеийн гол тэжээгч ивгээгчээ хээв нэг МАНГАС гээд нэрлэчихсэнд манайхны сэтгэлийн шарх бугласан хэрэг. Ийм л хэрэг дэгдсэн юм билээ.

Сэдэв хазайхаас өмнө нэгэн зураг сонирхуулъя. Кубын хувьсгалчдын удирдагчдын сүрлэг дайчин зураг. Зөвлөлтийг үл тоогч ширэнгийн партизанууд эхэндээ яг ингэж харагдаж байжээ.

1986 оны нэг үйл явдал санагдчихлаа. Хөндлөнгөөс эш татъя. МАХН-ын XIX их хуралдаж байсан цаг. Зуны эхэн сар. Их хурлын хүндэт зочдын дотор “коммунист ажилчны” гэсэн нэр хаягтай зүсэн бүрийн нөхөд гадаадаас ирдэгсэн. Яг тийм нь мөн үү, биш үү хэн нягталдаг байсан бол? Гадаадын хүндэт зочдод Баянхошуунд дөнгөж ашиглалтад орсон Сүү, бүүн бүтээгдэхүүний үйлдвэр үзүүлэх болов оо. Монцамэ-д хариуцлагатай алба хашиж байсан намайг дагалдаж оч гэдэг юм байна, Төв Хорооноос. Би өмнө нь очоод бэлтгүүлэх давхар үүрэгтэй. Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайд гэх нэг нөхөр хамт очив. Залуувтар хүн байна. Гадаадын зочид гэсээр дуут дохио хангинуулсан машинтай тав зургаан нөхөр очдог юм. Ажваас “коммунист ажилчны” намын төлөөлөгч гэхэд эргэлзээтэй. Одоо манай улсаар зундаа аялаад явдаг жуулчид шиг л залуувтар хэдэн нөхөр байна. Австрали, Шинэ Зеланд, Аргентины гэнэ үү коммунистууд юм гэнэ. Үйлдвэрээ танилцуулах уулзалт эхэлтэл Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайд нөхөр маань оросоор яриад эхлэв ээ. Гайгүй ч орос хэлтэй юм. Бодвол Зөвлөлтөд төгссөн инженер байх. Би тэссэнгүй яриаг нь зогсоов.

-Яагаад оросоор яриад байгаа юм бэ, наад улс чинь орос биш, ЗХУКН-ын төлөөлөгчид биш байна. Хэлмэрч (Д.Сүхжаргалмаа) дагалдаж явна шүү дээ гэв.

Хариулж байнаа.

-Дэлхийн коммунистуудын хэл чинь орос хэл биз дээ? Дэлхийн аль орны коммунист хүн орос хэл мэддэг биз дээ?

Надад хэлэх үг олдсонгүй...

Рауль Кастро гэснээс охинтой нь танилцаж хэдэн хором ярилцаж дурсгалын зураг татуулснаа би ихэд бэлгэшээв. Аавтай нь 2009 онд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд түвшний уулзалт (Египет, Шарм эл Шейх), 2015 онд НҮБ-ын 70 жилийн ойн хүндэтгэлийн чуулганд (Нью-Йорк) тааралдаж байсан ч гар барьж зураг татуулаагүйдээ бяцхан харамсаж явдаг даа.

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top