x

Газар тариаланг гаргуунд нь гаргав уу?

Монгол ардын нам “Атрын III аян”-ыг улс даяар зарлан сүйд болоод сонгуульд ялдаг байсан. 2008 оны сонгуулийн өмнөхөн “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийн нээлт” гэж бүх тариаланчдыг цуглуулан төрийн ордонд чуулган хийж, намын дарга Ерөнхий сайд С.Баяр “Монголын газар тариаланд түүхэн шинэ амжилт боллоо” хэмээн тунхаглаж байсан.

Ингэж газар тариаланд хайр зарлаж байсан эрх баригч нам энэ жил газар тариаланг бүр гаргуунд нь хаялаа. Дизель түлш өгдөг байснаа сүүлийн хоёр жил өгөхөө больсныг тариаланчид хэлж байна. “Дизель түлшийг бид 50 хувийн урьдчилгаа төлөөд авдаг байсан. Үлдсэн 50 хувийг нь намар будаагаар төлдөг байсан. Нэг га-д 8-10 литрийг бодож өгдөг байсан. Энэ бол тариаланчдад том дэмжлэг байсан. Гэтэл үүнийгээ сүүлийн хоёр жил өгсөнгүй. Ер нь сүүлийн үед хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, одоогийн “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит компанийн ажил нэг л биш болсон. Үрийн будаа авахад маш хүндрэлтэй болсон. Зарим нь одоо хэр нь үрийн будаагаа авч чадаагүй тариалалт хойшилж байна. Аливаа ажлыг дандаа хугацааг нь хожигдуулна. Бордоо, ургамал хамгааллын бодис гээд хэрэгтэй зүйлийг тариалалтаа хийсний дараа нь өгч бид бүхнийг доромжилж байх жишээний” гэж тариалан эрхлэгчид ам уралдан ярьцгааж байна.

Энэ жилийн хувьд тариаланчид бор зүрхээрээ зүтгэж, ёстой урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн тариалалтаа явуулж байгаагаа хэлсэн. Засгийн газраас гурилын импортын татварыг тэглэсэн. Гаднаас хямд гурил оруулж ирэн гурилын үйлдвэрүүдийн монополь байдлыг дарж авах гэсэн төрийн бодлого мөн боловч тариаланчдын улаанбуудай борлогдохгүй байх магадлалтайг хүн бүхэн хэлж байна. Мөн тариаланчдын эрсдлийг Засгийн газар бүрэн хариуцна, будааг нь худалдаж авна гэж хэлж байгаа нь зүгээр л молиго үмхүүлсэн хоосон үг болохыг тэд харамсан өгүүлж байна. “Өдрийн сонин”-ы сурвалжлах баг саяхан Төв аймгийн тариалангийн бүс нутгаар явж сурвалжлага бэлтгэн газар тариалан яг ямар нөхцөл байдалтай байгааг уншигч олондоо хүргэсэн.

Жаргалант сумын тариаланч В.Мөнхжаргал “Улаанбуудай тариалах хүмүүс цөөрч байна. Оросоос улаанбуудай хямд үнээр оруулж ирж байна. Оросоос хямд улаанбуудай орж ирж байгаа болохоор дотоодын гурил үйлдвэрлэгчид бидний хурааж авсан улаанбуудайг мяалдаг, доош нь хийдэг. Үнийг нь өөрсдийнхөө хүссэнээр бууруулж авдаг. Үгүй бол авдаггүй. Гурил үйлдвэрлэгчид хэрэгцээнийхээ 10-20 хувийг л биднээс аваад үлдсэнийг нь Оросоос авч байна.Оросоос нэг тонн гурилыг 900 мянган төгрөгөөр авлаа гэхэд Монголд оруулж ирээд 1.4 сая төгрөгөөр зарчихаж болно. Гэтэл нэг тонн гурил гурван сая төгрөгт хүрч байна. Гурилын үнэ буурч байгаа гэдэг худлаа. Ингэж гурил үйлдвэрлэгчид 80-90 хувийн ашиг олж, үнээ хэд дахин нугалж ард түмнээ шулахын төлөө улайрч байна. Гурилын асуудалд төр засаг ашгийн стандарт тогтоож өгөх ёстой. Монгол Улс бие даасан улс мөн л юм бол стратегийн энэ бүтээгдэхүүнээ хамгаалах ёстой. Огтоос анхаарахгүй байна” гэдгийг хэлсэн.

2019 онд гурилын үйлдвэрлэл 210 мянган тонн байхад гурил үйлдвэрлэгчид 240 тэрбум төгрөг олсон бол 2023 онд үйлдвэрлэлийн хэмжээ 190 мянган тонн байхад олсон орлого нь 430 тэрбум хүрч хоёр жилийн дотор гурилын үнэ хоёр дахин нугарсныг энэхүү үзүүлэлт харуулж байна. Дэлхийн зах зээлийн ханшаас гурав дахин үнээр дотоодын гурил үйлдвэрлэгч компаниуд гурилаа зарж байна, үнээ хямдруул гэж Засгийн газар шаардсан. Үүнээс улбаалан гурилын импортын татварыг тэглэсэн. Гэвч бодит байдал дээр гурилын үнэ хямдарсангүй, харин ч бүр өсч, гурилын компаниуд Оросоос хямд үнээр улаанбуудай авч, дээрээс нь гаалийн татвараа тэглүүлээд авсан. Дунд нь ард түмэн тариаланчид хохироод үлдэж байгаа.

Бодит байдал дээр ийм л дүр зурагтай байна. Ер нь тэгээд гурилыг стратегийн хүнс гэдгээ ч төр засаг тоохоо больсон шиг байна. Сүүлийн үед газар тариаланг биш мал аж ахуйг ярих болсон. Үндсэндээ тариаланчдыг биш малчдыг дэмжих бодлого эрх баригч нам явуулж эхэллээ. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг Засгийн газар баталж нэг малчин өрх 50 сая хүртэлх зээл авах боломжтой болсон. Нэг кг ноолуур 100 ам.долларт хүрнэ, малчид хоршооныхоо шугамаар түүхий эдээ боловсруулах үйлдвэртэй болно гэдгийг ярьж байна. Монголын мал аж ахуйд 300 мянган хүн байдаг юм гэсэн. Харин газар тариаланд 20 гаруй мянган хүн байдгийг Хөдөө аж ахуйн яамнаас хэлсэн. 15 мянга нь трактор комбанийн жолооч, үлдсэн таван мянга гаруй нь тариалангийн компаниудын ажилчин, албан хаагчид гэж байна. Тэгэхээр Ардын нам энэ удаагийн сонгуульд 20 мянган хүнтэй газар тариалангийн салбарыг гаргуунд нь хаяад 300 мянган хүнтэй мал аж ахуйн салбарыг гол бодлогоо болгож байна.

Улс орныхоо хөгжил цаашдын ирээдүйг бодсон бол газар тариалан нь хамгаас чухал гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Монголчууд бид 1959 онд атар газар эзэмшиж 60-аад оноос гурилын хэрэгцээгээ хангаж эхэлсэн гэдэг. Гэвч ямар ч цаг үед бид гурилаар гаднаас хараат байсан. Атар газар эзэмшихээс өмнө Монголд гурилын найман үйлдвэртэй байсан ч гурилаа Оросоос авч байсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед оросууд “Та бүхэн 25 хувиа өөрсдөө ханга, бид илүүг өгч чадахгүй” гэж монголчуудыг гурилаар нь чангалж байсныг хуучцуул ярьдаг. Хувьсгалаас өмнө бид Бээжингээс гурилаа зөөдөг байсан. Ийнхүү ямар ч цаг үед бид гурилаар гаднаас хараат байсаар ирсэн байгаа биз. Харин хоршоотой, хоршоогүй мал бол байж л байдаг. Хичнээн зуд турхан болж үхэж үрэгдлээ ч монголчууд малаар дутаж, махгүй болж байсан түүх байхгүй.

Тиймээс малчин хоршоо гэж Засгийн газар малчдын өмнө бөхөлзөхийн оронд стратегийн гол хүнс гурилаа, газар тариалангаа өөд нь татах байсан юм. Малчдад өгч байгаа зээл тусламжаа тариаланчдад өгч, ядахдаа тариаланчдынхаа түлш шатахууныг нь өгдгөөрөө өгч тариалангийн салбарыг босгож ирэх байлаа. Сонгууль болоод ингэж байгаа юм байхдаа гэж бодохоос. “Атрын III аян”-аар ялж байсан Ардын нам атрын аянаа хаяад ялах юм байлгүй дээ.

Өнөө жил манай улс 360 мянган га-д улаанбуудай тарьж байгаа. Ирэх намар 400-гаад мянган тонн улаанбуудай хурааж авах тооцоо судалгаа байгааг хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд хэлсэн. “Оросоос улаанбуудай оруулж ирдгийг зогсоох шаардлагатай. Оросоос ганцхан юм ав, тэр нь улаанбуудайн элит үрийг ав. Харин таваарын улаанбуудай худалдаж авахыг бүр мөсөн хоригло” гэж тариаланчид эсэргүүцэж байна. Мөн төр засгийн халамжийн бодлого газар тариаланд нөлөөлж буйг халаглан ярьж байна. Газар тариаланд ажиллах хүчин байхгүй боллоо. Өдрийн 70 мянгаар ажиллах хүн олдохгүй байна. Халамжийн бодлого ард түмнийг ийм байдалд оруулсныг хэлж байна. Тариаланчдын өр зээл хэрээс хэтэрлээ, үр бордоогоо авч чадахаа байлаа, түлшээ авч чадахаа байлаа. Техник тоног төхөөрөмжөө шинэчилж, сайжруулж чадахаа байлаа.

Энэ байдлаараа дахиад нэг жил болох юм бол Монголын газар тариалан сэхэхгүй гэдгийг тариаланчид төр засагт хатуу анхааруулж байна. Газар тариалангийн салбар бодит байдал ийм хүнд нөхцөлд байхад “Гурилынхаа хэрэгцээг дотооддоо 100 хувь хангана. Илүү гарсан улаанбуудайгаа гадагшаа экспортолно” гэж салбарын сайдууд нь үеийн үед үлгэр ярьж ирснээ одоо болих хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 46 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 47 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 47 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 47 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 48 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 51 мин Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 15 цаг 21 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 15 цаг 27 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 15 цаг 29 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 15 цаг 31 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 15 цаг 32 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 15 цаг 33 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 15 цаг 35 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 19 цаг 23 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 19 цаг 24 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 19 цаг 25 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 19 цаг 25 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 19 цаг 25 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 19 цаг 26 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 19 цаг 27 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top