x

“Сүнстэй байшин”-гийн хэрэг-1

-Вээрс-

Нэг. Эрлийзтэй дүйх байшин.

Нарийн яривал, Хятадын эрлийзтэй дүйх Америк байшингийн тухай юм. Та нарт “панчаан” болгоод хуучлахад: “Эрлийзтэй дүйх” гэдгийн “дүйх” нь манайд үрчлэгдсэн жинхэнэ эрлийз үг. Анхандаа, хятад худалдаачдын арилжааны яриа байгаад сүүлдээ “цэргийн дүйцүүлэх алба” гэхчлэнгээр төрийн хэллэг болсон аж. 

  Зээлдмэл үгийн тухайд “Монгол хэл харийн үгст эзлэгдэж байгаа” мэтээр олны анхаарлыг татах оролдлого их гарах юм. Сүүлдээ, “эх хэлнийхээ манаанд зогсоно” ч гэх шиг. Нөгөө, уул уурхайн рекэтүүдийн “газар шорооныхоо манаанд” гэдгийн л хувилбар л даа. Тэгсэнд орвол, монгол хэлнийхээ байлдан дагуулах чадварт бахдууштай. Дэлхийг дагуулж явсан өвөг дээдсийн минь хэл дэлхий дахины мянга мянган үгийг олзлон аваад Монгол хэлнээ зүтгүүлж яваа гэж ойлгууштай. Хятадын “дүй”, орос “шимээсэг”, франц “жижүүр”, герэг “ном”,перс “архи”...бүгд монгол хэлэнд олзлогдоод хүчин зүтгэж буй үнэнч албатууд ажгуу. 

  За энэ ч яахав. Гол сэдэв рүүгээ дөхөх минь! 

   Манай үеийнхэн адалт явдалт кино, баримтат-уран сайхны нэвтрүүлэг сэлтээс “Гэмт хэргийн замаар олсон мөнгөөр гадаадад үл хөдлөх хөрөнгө авдаг” гэсэн өгүүлбэр цээжилсэн байдаг. Үл хөдлөх гэхээр байшин санаанд орно. Харин байшингийнхаа үнэ цэнийг давхраар нь хэмжинэ. Олон олон байшин аваад дээр дээрээс нь давхарлаад хураачихдаг гэж төсөөлөхөд амар байж мэднэ. (Гэхдээ, зарим нь ч үнэхээр дэлхийн үнэтэй гэгдэх хотуудад үнэ цэнэтэй барилга авсан нь худлаа ч биш л дээ. Нөгөө хэний, тэр юу бол... тийм , тэрийг чинь хэлж байна)

   Нөгөө талаасаа “Улсын хөрөнгө ёо гэхгүй нь сайхан” гэгчээр ямар ч хамаагүй барилгын зураг тавиад “энэ бол тэр авилгачны байшин” ,” Харин энэ бол Баярын долоон, Элбэгдоржийн... "хоёр давхар байшин” гээд дүрс харуулахад “худлаа” гэхээ байг, ядаж “үнэн үү” хэмээн лавлахгүй нь сайхаан, манай ард түмэн! Хөлс зардлыг даагаад өгвөл, Англи, Америкийг үзэнгээ тэнд нь очоод сээлфи хийнэ, хүн амьтны чөлөөгөөр байшин “лайв”-даж харуулна. Нутгийн иргэд их л сайндаа “ядруухан жуулчин ирээд, хаана яваагаа гайхуулан сээлфидэж байна” гэж бодоод өнгөрөх. 

Бүр залхуурахгүй бол нэг том барилгын гадаа очиж зогсоод:

-Хүндэт үзэгч нар аа! Би Дэлхийн мөрдөн байцаах газрын үүдэнд ирээд “Зоригийн алагдсан” хавтаст хэргийг хурандаа Ш.Холмсоос аваад зогсож байна. Энд “Элбэгдоржийг С.Зориг алсан” болохыг нотолжээ. Одоо эндээсээ Дэлхийн шүүх рүү очиж асуудлыг шийдүүлэх гэж байна” гээд ойролцоох мухлагаас авсан хавтасаа харуулна. Үзэгчид дүрсний эвлүүлэг байтугаа, өгүүлбэрийн найруулгыг анзаарахгүй хуйлраад л явчихна. Хавтас байна уу байна. Зориг гэдэг үг, Элбэгдорж гэсэн хэллэг орсон уу, орсон. Өөр юу хэрэгтэй юм бэ?

  Хулгайн мөнгийг хаана ч нууж болно. Бүүр хийсвэр болгоод сансарт байрлуулж ч болно. (Салхинд хийсгэх, эсвэл хиймэл дагуулд нуух юм шиг ойлгочихоод “Ондо”-гийн залуусыг “нүүрсний мөнгө” тойрог зам орууллаа гээд эхлэх сэдэл л битгий өгсөн байгаасай, Базарваань хумпад) Крипто валют гэдэг бол нэгэн зүйл хийсвэрлэсэн мөнгө, сансар байрлуулсан хөрөнгө... гэсхийгээд орхихгүй бол бүр төөрөлдүүлээд улс амьтанд гай болох шинжтэй. Түүнчлэн, хулгайн ч, буяны ч хөрөнгийг үнэт цаас, хувьцаа болгож болно. Үл хөдлөх гэхээр л байшин байх ч албагүй. Угаасаа ч, суртал нэвтрүүлгийн зорилго нь үнэнд хүрэх зам биш. Ер нь “чин үнэнээр нь гүтгэнэ”, “үнэн баримтаар гэрчлэн гүтгэнэ”, “Гүтгэлэгээ бодит баримтаар баталгаажуулна” гэж байж болохгүй. Иймээс гүтгэлэгт худал л хэрэгтэй. 

   Иймэрхүү байдлаар гарч ирсэн гадаад байшингууд манай суртал нэвтрүүлгийн ертөнцөд хүч түрэн орж ирлээ. “Гадаадад байшинтай л бол гэмт хэрэгтэн” гэсэн логик түүнийг дагаад хөгжив. Өмнө нь “Хятадын эрлийз”, “хужаа” гэвэл шууд л нийгмийн дайсан болдогсон. Одоо хужаа гэвэл бараг магтаал болох тийшээ, ямар чиг байсан “Америкт байшинтай” этгээдээс хавьгүй ариун нэгэн болж. Энэ түүх “Баяр ба долоон байшин”-гийн үлгэрээр эхэлсэн байдаг.

   Хоёр. Баярын долоон байшингийн “сүнс”

Орос ардын “Чоно ба долоон ишиг” үлгэрийг ХХ зууны монгол хүүхдүүд цээжээрээ мэднэ. Уг үлгэрийн орчуулгыг БНМАУ-ын Засгийн гараас хэвлүүлсэн сурах бичигт оруулж, цээжлүүлсэн байдаг. Харин “С.Баярын 7 байшингийн үлгэр” нь дээрхтэй сурвалж гарвал нэгтэй ч зорилго шалтгаан өөртэй.

     Манай “нөлөө бүхий Ерөнхий сайдын нэг асан” гэгддэг С.Баяр арваад жилийн өмнөөс Монголын “Их улс төр”-ийн томоохон найруулагчийн байр сууриа орхин, жирийн төрийн албан хаагчийн ёсоор төрөхөөр Лондонд элчингээр одлоо. Үүнийгээ ч хэвлэлээр тод зарлав. Харамсалтай нь Их улс төр түүнийг орхисонгүй. Харин ч улстөрийн найруулагчийн нөлөө бүхий орон зайгаа орхисныг нь далим болгон, барьцаа хангав. 

   Сүсэгтнүүд “Бурхад ямар ч дүрээр заларч болно” гэдгийн үлгэрээр түүний орхисон Их улс төр нь ерөнхийлөгч Ж.Баттулгын дүрээр эргэж ирээд оролдох болсон юм. Ганцхан С.Баяр ч биш, түүнтэй зэрэгцүүлэн Элчин сайд М.Энхсайханыг Шведээс дуудсан ба УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Да.Ганболд нартай нийлүүлэн хамтад нь шоронд хорьсон. Тэд бизнес болоод бусад зүйлээр бие биедээ хамааралгүй, өөр өөр намын гишүүд. Хийсэн хэрэг гэхээр юм байгаагүй тул янз бүрийн “зүйл анги” ээлжлэн тулгасаар ялласан байдаг. Тухайн үеийн Шүүхийн хандлагыг нэхэн санавал “Хорих хугацаа нэгэнт товлогдсон тул түүндээ нийцэх хэрэг” олохыг чармайсан байдалтай. Нэгэнт шийдэгдсэн зүйл ангийг биелүүлэхийн тулд “энэ зүйл ангиар болохгүй бол, тэр зүйл ангиар...” гэх зарчмаар явжээ хэмээн тодорхойлж болохоор байсныг бүгд санаж байгаа. (Хуулийн сайд бөлгөө хотын дарга Нямбаатар жирийн гишүүн байхдаа, ялын тогтоол Төрийн ордны гурван давхарт эхэлж гараад дараа нь шүүхийн танхимд уншигдаж байгаа тухай хурцаар шүүмжилж байсан нь Ерөнхийлөгч Х.Баттулгын албан хонтоорыг зааж хэлсэн үг юмдаг уу)

    Яллагдагсад нэгэн зүйлээр ижилсэж байсан нь “Москвагийн ашиг сонирхолд харшилсан” явдал байв. С.Баяр, С.Баярцогт нар барууны буюу Москвагийн бус хамгийн том хөрөнгө оруулалтын төслийг удирдан хэрэгжүүлсэн бол Да.Ганболд нь УБТЗ хэмээх “Орос-Монголын” гэх хочтой боловч, ачиртаа Оросын 100 хувийн сонирхлыг хамгаалдаг төмөр замд харш үйлдэл гаргасан нэгэн. Хэрэгжүүлж чадаагүй болохоос Америкийн “Мянганы сорилын сан”-гийн санхүүжилтээр, Москвагийн хараат УБТЗ-тай зэрэгцээ төмөр зам байгуулангаа алдсан нэгэн.

    Оросууд яаралтай ирж уг төслийг зогсоон, Да.Ганболдыг ажлаас нь халуулаад, тусгай төлөөлөгч Оросын төмөр замын босс Якунин “Үнэгүй юм зөвхөн хавханд байдаг” гэсэн сургааль ба салаавч үзүүлэн татуулсан зургаа үлдээгээд буцсан. Улмаар, мянганы Сорилын сангаас шинэ төмөр зам тавих гэж нэгэнт авсан мөнгийг буцааж өгөхийн оронд шинээр будсан зүтгүүрийг Оросоос авч шахсан гэх ба “Үнэгүй юм хавханд байдаг” гэж хэлсээр байтал нь хавханд нь орчихсон гэхчлэнгийн “домог”-ууд эндээс эхтэй бөлгөө.

    Да.Ганболдыг санаагаа биелүүлээгүй боловч “Москвад ашиггүй юм санаархвал яадгийг харуулах” зорилгоор шоронд хийсэн бололтой. Да.Ганболдод, цаашдаа Монголын төрийн албан хаагч хэн боловч Оросын ашиг сонирхлыг хөндөх байтугаа хөндөхийг санаархвал юу болохыг хатуу санаж явах учиртайг харуулах үзүүлэнгийн роль ногдон шоронд суусан түүх энэ бөлгөө. 

    Анхааруулах, нийтэд санамж болгох зорилгоор яллах нь ажиллагаа зөвхөн улс төрчдөөр хязгаарласангүй. Оюутолгойд түлш шатахуун нийлүүлж байсан “Петровис” компанийн нэг эзэн Даваанямыг шоронд суулгаж, өөр нэг хамтран эзэмшигч Оюунгэрэл нь хэрэг явдлаас дайжин гадаадад гараад “гэнэт” нас барав. Оросын бус хөрөнгө оруулалтыг дэмжвэл, хамтран ажилавал юу болохыг харуулах ажиллагаанд тэд ийнхүү хэлмэгдэн, нөхөшгүй хохирол амсчээ.

  (Дашрамд дурьдахад: “Элбэгдоржийн байгуулсан шүүх Элбэгдоржийнхоо дохиогоор ажиллаж байна” гэдэг яриа их сонсдох боллоо. Нэгдүгээрт, шүүх үнэхээр Элбэгдоржийн гарт байсан бол ийм шийдвэр гаргах нь юу л бол ? Хоёрдугаарт, Монгол хүн болбаас “Өчигдөр дээш нь татаж байсан хүнд биш, өнөөдөр дээр нь байгаа хүнд л үнэнч зүтгэдэг” гэдгийг тэмдэглээд авчихаарай. Өөр зүйлгүй ээ)

      Тухайн үеийн эрх баригчид зөвхөн хашраах айлгах чиглэлээр ажилласангүй. Орон шоронтой цуг өөр ажиллагаа бас өрнөв. Баяр нарыг шоронд орж байхтай зэрэгцээд Монгол дахь Оросын бус хөрөнгө оруулалт, түүний дотроос Оюутолгойг хурцаар эсэргүүцэж ирсэн зарим иргэнд Улсын(?) хөдөлмөрийн баатар цол олгосон зарлиг гарч байсан гэдэг. Үүнээс өмнө УБТЗ-ыг Монголд бүрэн авах боломжийг ашиглахаас татгалзсан нэгэн мөн ийм цол хүртсэн гэх. Үлдсэн мораль нь: “Бид шийтгэхээс гадна, сайн байгаад байвал бас шагнадаг!”.

    Өнөөдөр энэ бүхнийг хэрэгжүүлсэн гол этгээд хэмээн ерөнхийлөгч асныг нийгмээрээ буруутгаж байна. Ялангуяа тэрбээр орос эхнэртэй байдаг нь сэжиг таамгийг бүүр ч амилуулна. ХХ зууны монголчууд, ялангуяа учир мэдэх сэхээтнүүд орос тэргүүн хатагтайгаас хаширсан гэхэд болно. Архины хамааралтай нөхрөөрөө дамжуулан БНМАУ-ын төрийг барьж, дураараа дургиж байсан авир нь гүн ул мөр үлдээжээ. (Ю.Цэдэнбалыг архины хамааралтай болгох нь “процесс” байсан бөгөөд Полпред болон тэдний хүмүүс гардан хэрэгжүүлсэн юм байна гэж ойлгогдохоор баримтууд бас байдаг) Ю.Цэдэнбал агсан өөрийн төрсөн нутгаа оролцуулан маш их газар нутгаа Зөвлөлтөд бэлэглэснээс үүдсэн эмзэглэл одоо ч хэвээрээ. (Үнэндээ бэлэглүүлэх байдлаар булааж авсан) Ялангуяа, БНМАУ-ын тусгаар тогтнолыг татан буулгаж, Зөвлөлтөд нэгтгэх оролдлого нэг бус удаа гаргасныг орос эхнэрийнх нь ятгалга нөлөө гэж үзэх нь ч бишгүй. Чухам ийм шалтгаанаар, “Женко” Баттулга нь “Оросын агент”, “Кремлийн тавиул”-ын үзүүлэлтийг бүрэн хангасан нэгэн аж. 

    Гэхдээ, хожуу харахад анзаармаар санагдсан сэжмүүд ч бий. Зарим ажиглагчид Баттулгыг Оросын төлөөний этгээд бус зүгээр л барьцаалагдсан золгүй нэгэн. Төрийн дээд эрх мэдэлд мацан хүрсэн нь түүний хүсэл зориг биш, харин үүрэг даалгавар байсан гэж хармаар талаас нь тайлбарладаг. Москвагийн жинхэнэ агентуудын үйл ажиллагаанд саад болохгүй байх, тийм оролдлогыг няцаах хэмжээний эрх мэдэлд хүрэхийг түүнд тулгасан гэсэн байр суурьтай байдаг, үнэмшиж болмоор аргументыг гаргаж ирдэг. Батлахад ярвигтай, батлагдлаа гэхэд Украйнчууд дайнд ялж гэмээнэ нотлогдохоор, гэхдээ логиктой санагдахаар гаргалгааг тэд нэг бус удаа аргумент болгосон байдаг даа.

    Үнэн хэрэгтээ, Х.Чойбалсан ч тэр, Ю.Цэдэнбал ч тэр Монголын төрийг формаль байдлаар тэргүүлэхийн зэрэгцээ Полпред (Бүрэн эрхт төлөөлөгч гэдэг орос үгийн хураангуй) Иванов, КГБ-ын суурин төлөөлөгч Радченко мэтийн хийж буй ажил, хэрэгжүүлж буй төсөлд саад хийхгүй л үүрэгтэй байсан. Тэднийг сөрсөн, үгэнд нь гүйцэд ороогүй Сүхбаатар үхлийн ханиад авч, Данзан буудуулж, А.Амар, П.Гэндэн нар Зөвлөлтийн эрүүгийн хуулиар яллуулан цаазлагдсан. Женког ч гэсэн Москвагийн Эрүүгийн хуулиар эчнээ шийтгээд, тогтоолыг хэрэгжүүлэх шиг амархан юм үгүй. “Товарищ Баттулга жим-дээ явж байгаад гэнэт импаркт болсон явдалд... примите наши искренние соболезнования” гээд л гүйцээ!

   Женко бол шинэ үеийн “Иванов”, “Радченко” нарын үгийг дагах, хийж буй ажил, хэрэгжүүлж буй хөтөлбөрт нь саад хийхгүй байх үүрэгтэйгээр Монгол төрийг дөрвөн жил тэргүүлсэн бололтой. Тэгвэл, Женкогийн дэргэд тавьсан “Полпред” нь хэн байв гэдэг бас сонин. Тэд Ерөнхийлөгчийн аппаратыг гартаа аваад шууд удирдаж байсан уу, эсвэл өөр байшинд суугаад утасны үзүүрээс атгаж байв уу гэдэг нь таавар хэвээр. Мөн л Украйны дайны дараа тайлагдах оньсогуудын нэгэн. 

     Энэ өнцгөөс харвал, Хууль зүйн сайд бөлгөө Нямбаатарын үг жаахан эндүүтэй. Монгол шүүхийн ялын тогтоол хийгээд Улсын хөдөлмөрийн баатар зэрэг цолны зарлиг Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхарт гардаггүй, харин тэнд орчуулагддаг байсан гэвэл амьдралд дөхүү харагдаж ч байх шиг. (Шинэ юм биш ээ. 1920 онд гарсан МАН-ын анхны их хурлын баримт бичгээс эхлээд, 1924 оны Зөвлөлт маягийн Үндсэн хуулиар дамжаад, БНМАУ-ын нам төрийн бүх баримт бичиг эхлээд Орост, орос хэлээр бэлтгэгдээд, дараа нь орчуулагддаг байсан. МАХН-ын генсек намынхаа Бүгд хурал дээр хэлэх үг хүртэл оросоор эхэлж гардаг байсныг мэдэх юм. Нууж хаагаад байхгүй.“Үнэн” сонины ажилтнууд бид, Ж.Батмөнх даргын хэлэх үг орчуулагдаад дуусахыг хүлээн, ЕНБД-ын туслах Р.Батаагийн үүдэнд өнжих үе бишгүй байсан. Эхэндээ, бэлэн материал Москвагаас ирснийг орчуулдаг байснаа, сүүлдээ Москвад хянуулахын тулд оросоор эхэлж бичдэг болсон болов уу, гэж таадаг)

    Дээр өгүүлэн буй орчин үеийн “Чоно ба долоон ишиг”-ний үлгэрийн шинэ хувилбар нь Америк дахь “С.Баярын долоон байшин” байлаа. Хүүхдүүд дээрээ экс-үүдээ нэмээд ч долоод хүрэхгүй С.Баярын байшин яахлаараа ч “долоогийн долоо” байдаг юм бэ? Орос ардын үлгэрийн нэр л санаанд ороод байгаа биз, тийм үү?. Ингээд, Америкт байдаг юм шиг санагдуулах долоон байшингийн эвлүүлсэн, угсарсан зураг, зарим нь зардлаа даалгаад тийшээ очиж ямар нэгэн Америк байшинтай сэлфи хийсэн “хөдлөшгүй баримт” бүхий суртал нэвтрүүлгийн үер болсон билээ. Тэр үер Баярыг урсган шорон хүргэсээн. Нэгэнт урссан үерийн голдрилоор олон амьтныг бас чирсэн. 

     С.Баяр түүнийг няцааж чадаагүй,няцаах ч гээгүй, хааяа шоолоод л байсан. Нэгэнт худал зүйл тэгээд худлаараа өнгөрнө гэж бодсон байх. Харамсалтай нь “Үнэн хязгаартай, худал хязгааргүй” учраас “энэ байшин биш бол энэ яг мөн”, “Энийг хулгайлаагүй бол тэрийг хулгайлсан байж таарна” гэдэг дүрмээр үлгэр үргэлжилсээр байв. Эцэст нь уг үлгэр гүтгэлэг болох нь Америкийн хуульчдыг оролцоотойгоор батлагдсан. Гэвч Монголчуудын ой санаанд “Баяр бол байшинтан иймээс буруутан” гэдэг үнэн болон хоногшиж, түүнийг дураараа яллахад хүлээж авах уур амьсгалыг бүрдүүлсэн байдаг. Өнөөдөр, цөөнгүй хүн, “С.Баярулсын мөнгө хусаад, түүгээрээ Америкт байшин худалдаж авсан нь баригдаад, шоронд орсон” гэж боддог юм билээ. Өөртөө үйлтэй, хүнд лайтай америк “сүнстэй” байшин төрсөн түүх энэ.

Гурав. Байшинтайгаа нүүдэг сүнс: Баярынхаас Элбэгдоржийнд

Уг нь хүмүүс байшингаас байшинд нүүдэг. Харин долоон “сүнстэй” байшин өөрөө нүүж айлаас айлд хүрдэг билээ. 2024 оны сонгуулийн өмнөхөн мөнөөх, байшингаа чирсэн сүнс чинь явсаар ерөнхийлөгчөө өгөөд хоёр сонгуулийн тэртээ үлдсэн Ц.Элбэгдоржийнд очсон байж таарав. Хоёр сонгуулийн хугацааг дамнан дангаараа, мөн үнэмлэхүй олонхиороо засгийн эрх барьж буй МАН маань “Ц.Элбэгдоржийг л ялах” стратегийн зорилготой сонгуульдаа орж байгааг эндээс мэдэв. 

 МА Намын дарга бөгөөд Ерөнхий сайдын ярилцлагаас сонгуульт жилүүдийн тайлан ба хэтийн зорилтын талаархи санаа хүлээж байсан иргэд түүнийхээ оронд Ц.Элбэгдорж гэж нэг улсын дайсан илэрсэн мэдээллийг авлаа. Эрх баригчид сүүлийн найман жилдхамаг ажлаа хойш тавиад нэг л юмны хойноос хөөцөлдсөөр саяхан олж мэдсэн нь “Улсын дайсан Элбэгдорж” бололтой. 

    Үүнтэй зэрэгцүүлээд МАН-ыхан сонгууль бүрээр ашигладаг, үр дүнг нь ч хүртдэг “С.Зоригийн хэрэг” бас сэвэгдлээ. Элбэгдорж нь АНУ-д байшин аваад зогссонгүй, С.Зоригийн хэрэгт гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлэх гэж байсан болж таарав. Ерөнхий сайдын яриагаар бол С.Зоригийн хэргийг мөрдсөн “Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн ажилтан”-ууд гэмгүй хүнийг хэлмэгдүүлжээ. (Ташрамд дурьдахад, Жэнко Баттулга ерөнхийлөгч болмогцоо С.Зоригийн алагдсан хэргийг мөрдөж байсан генерал, хяналт тавьж байсан прокурорыг барьж шоронд хийсэн. Мөрдөх ажлын хэсгийнхэн болохоор: С.Зоригийг хөнөөсөн алуурчныг тогтоогоод захиалагчийг мөрдөж эхлэх явцад энэ ажил хийгдсэн гэж мэдэгддэг. Уг ажлыг О-Э нь ЕС болмогцоо үргэлжлүүлсэн. Нэр бүхий “гэмгүйчүүд”-ийг сулласан нь О-Э-ийн ЕС болоод хийсэн бараг анхны бүтээлч ажил нь байсан санагдана)

     Манай улсад С.Зоригийг хөнөөсөн алуурчныг мэдэх хүн байхгүй боловч “хэн алаагүй болохыг баттай мэддэг” хэдэн хүн байсан дээр Ерөнхий сайд шинээр нэмэгдэж байх шиг. МАН-ынхан “С.Зоригийн” гэгдсээр байгаад сүүлдээ, хүнд гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан Зориг гээчийн тухай ч юмуу гэмээр болсон энэ хэргийг цаашид олон жил ашиглах стратегитай юм шиг байна. Хэргийг илрүүлэх сонирхол тэдэнд алга гэмээр. Нэг бол, энэхүү ээдрээт гэмт хэрэг яван явсаар МАН-тай холбогддог юм болов уу гэж хардмаар. Эсвэл, хэрэг илэрсэн тохиолдолд түүнийг дахин дахин сонгуульд ашиглах боломж тасрана, иймээс, ач тусаа өгдөг бохир багажнаасаа салах дургүйдээ ингэв үү ч гэмээр??? Бурхан л мэдэх байх, гэхдээ Бурхан мэдснээ бидэнд хэлдэг ч биш дээ. 

    Ямар ч байсан “С.Зоригийн” гэх хэргийг балархай байдлаар нь үлдээж “Нөхдийнхөө гарт үрэгдсэн байх”, “Бат-Үүл хэргийн газарт малгайгаа мартсан”, “Элбэгдорж нь алчихсан юм бишүү” гэхчлэнгийн 2000 оны сонгуулийн үед МАХН-аас тараасан домгуудаар нь уг хэргийг өлгийдэн үлдээх стратеги барих бололтой. Хялбарчлан томъёолбол: цаашдаа дөрвөн жил тутамд үйл нь ирсэн хэдэн амьтан С.Зоригийн хэрэгт холбогдож байх бололтой, хөөрхий. 

    Эндээс хэд хэдэн эргэлзээ төрөв. Юуны өмнө, МАН маань УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялаад 8 жил өнгөрсөн боловч АН-аас засгийн эрхийг бүрэн авч чадаагүй байсан юм уу? Эсвэл, МАН-аас сонгогдсон гишүүд нь намын даргадаа бус харин эксийн экс Ерөнхийлөгчийн гарт байсаар ирсэн юм уу? Эсвэл, Элбэгээд голлон дайсагнадаг Баттулга ерөнхийлөгчөө больсон ч гэсэн Ерөнхий сайдын албыг “хуваалцсаар” байгаа юм уу ч гэмээр. Тэрбээр, Жэнко Баттулгыг зөвлөхөөр авлаа гээд хэсэг шуугисан. Харин “Зөвлөх Жээнко халагдаж гэнэ” гэсэн шуум гараагүй. Магадгүй, чимээгүйхэн халаад явуулсан байж мэднэ. 

    Өгүүлэн буй хэрэг явдлын учиг нь Элбэгдорж АНУ-д үл хөдлөх хөрөнгө авсан эсэхэд байгаа юм биш. Тэрбээр хулгай луйвар хийх мөнгөтэй болсон ч байхыг хэн мэдлээ? Үнэхээр ч тэр С.Зоригийг алчихаад цэвэрхэн бултсан ч байхыг үгүйсгэхгүй. Гэмт хэргээ баллахын тулд гэмгүй гэмт хэрэгтнүүдийг гүтгээд алах шахсан ч байж болно. Гэвч хэргийн учир энд байхгүйд л хамаг “чихэр” нь байгаа юм аа. 

    Чухам юуны учир Монголын улс төрөөс холдоод хоёр ч сонгууль үдсэн, АН дахь нөлөөгөө Женко-д бараг тавиад туучихсан, улмаар өнөөгийн Ерөнхийлөгчтэй ч, Ерөнхий сайдтай хувийн тооцоогүй хоцорсон Ц.Элбэгдоржид зориулж, хэн хаанаас “сүнстэй байшин” захиалав?  Энэ захиалгыг нь биелүүлэхээс өөр гарцгүй байдалд хэнийг, хэн, хэзээ оруулав?  Воо, асуудлын гол нь энд байгаа. 

   Яаж ч бодсон МАНамын дарга Оюун-Эрдэнийн хувийн байтугаа хувьсгалын дайсан нь Элбэгдорж биш. Элбэгдоржийг ид улстөр хийж байхад энэ жаал эрх мэдлээс хол байсан.

Дөрөв. Московский артель “Женок и Чайник”[2]

 Нэг ийм вээрс байгаа юм. Америкт багшилж байгаагаа “Аюулгүй байдлын баталгаа” гэж ойлгосон Ц.Элбэгдорж Украйнд хийж буй Оросын түрэмгийллийг зоригтой эсэргүүцдэг нэгэн. Ялангуяа, Украйныг эзлэн түрэмгийлэх дайнаа зөвтгөсөн Кремлийн суртал нэвтрүүлгийг нэг бус удаа хурцаар шүүмжилж, заримыг нь нүдний булай болгон хаяж байлаа. Зөвлөлтийн үеийн нутгаа Орост эргүүлэн авах нь зүйтэй гэсэн санаатай газрын зурган постерыг Элбэгдорж бүүр дэлхий даяар шившиглэв дээ. Тэрбээр, Монголын эзэнт гүрний нутгийн зургийг сөргүүлэн харуулаад “Бидний өвөг дээдэс ийм нутагт хяналтаа тогтоож байсан. Гэхдээ айх хэрэггүй. Аз болоход Монголчууд ардчилсан, энхтайванч улс”гэсэн тайлбартай “Х”-д байршуулаад, тэр даруйдаа 10-аад сая хүн үзэж, Монгол хүний хувьд рекорд тогтоосон.

  Бид үүнийг хэдэн хоног шаагиад мартсан бол Кремль мартсныг хэн батлах вэ? Явж явж, нэг муу дагуул явсан улсынх нь огцорсон ерөнхийлөгч элдвээр хэлээд, тэрийг нь дэлхий даяараа уншиж бах таваа хангахыг Орос шиг төр тэвчих хэцүү. Өчигдөрхөн уяатай нохой нь явсан нэг "гөлгийг" зодох гэсэн биш өөрөө уруулаад алийгаа алдаж байхад араас нэг муу хулгана цор цор гэх нь хорсолтой. Болдогсон бол Украйныг хаячихаад ийшээ ирж хашраамаар байвч боломжгүй.

   Хэл усгүй, аль шальгүй юмнуудын дотоодын жиргээг бол “Украйныг дуусгачихаад дараа нь шийднэ” гээд түр орхиж болох ч жижхээн Монголын, жижхээн ерөнхийлөгч асан, жижхээн Элбэгдоржийн том доромжлолыг хойш тавьж тэвчээгүй байвал яах вэ? 

   Нэг талаас, Кремлиэс шинэ даалгавар авсан тавиул, нөгөө талаас авилгатай тэмцэж, найз нөхөдтэйгээ “тулсан” учраас баахан хэцүүдээд МАНамынхаа эв нэгдлийг хангахуйц нийтийн дайсан эрж явсан Оюун-Эрдэнэ нар сонирхол нэгдэн “Женок-Чайник” -ын холбоо байгуулсан юм биш байгаа? Оюун-Эрдэнээс, яагаад “орос чихрийн цаас” гараад ирэв?

   Тэрээр авилгатай тэмцэж, “нүүрсний”, “хөгжлийн банкны” гэхчлэн хэргүүдийг дэлгэсэн хэмээн рейтинг дажгүй яваа. Авилгатай бүгд тэмцдэг ч тодорхой нэг ханыг мөргөөд буцдаг. Тэр хана бол найз нөхөд нь байдаг. Элбэгдорж ч гэсэн тэмцэж яваад Баянголын үүдэн дэх хүнэн хэрэм мөргөөд зогссон. Оюун-Эрдэнэ ялгаатай нь, гарам хаасан найз нарыннхаа хэрмийг түлхээд унагасан. Олон найз нь усанд унасан даа. Тэнэг гэх үү, зоригтой гэх үү, мэдэхгүй. Ямар ч байсан увайгүй халхуудаас л өөр моральтай, суртахууны ондоо кодекстой нэгэн санагддаг. Одоо түүнийг “эмийн сонсгол”, “ногоон автобусны сонсгол”... гээд гарам хаасан найзуудаа ус руу түлхэхээс өөр сонголтгүй олон юм хүлээж байдаг. Гэтэл, сонгууль хаяанд тулаад ирсэн. МАН-ын рейтинг тааруухан байгаа боловч тамын тогоонд бие биенээ зулгаах АН-ынхнаас хавьгүй илүү. 

   Ийм байтал намын нөхдийн чамгүй хэсэг нь МАН-аа ялагдуулахаар ил далд эвсээд эхлэсэн шиг байна. Тэд АН-ыг хайрлаад, дэмжээд байгаа ч юм биш .МАН-аа ялагдуулах нь Оюун-Эрдэнийгээ дарах ганц зам. Ялагдсан намын дарга ажлаа өгдөг нь ёс. Чингэвэл, аюул дагуулсан олон “сонсгол”-ууд замхран арилах нигууртай. Ерөөсөө ч монгол хүн нөхдийнхээ гарт л үрэгддэг жамтай хойно. (Саяны тэр Гааз дэлбэрдэг осол нь Оюукыгаа гадаад явсан хойгуур МАН-ын зарим Юүда нар сүнсээ худалдах хурал хийгээд тарахтай таарсан гээл цуурах юм билээ. Цуурхал шүү, цуурхал нөхөд минь)

      Ийм нөхцөлд Оюун-Эрдэнэ яаж ийгээд намаа сонгуульд ялуулж, албан тушаалаа авч үлдэхийн тулд хэнтэй ч “түр” нөхцөхөд бэлэн байж мэднэ. Яг энэ үед “Чоно ба долоон ишиг”-ний эх оронд найруулсан байж болох “Московский артел: Чайник ба Женок” операци хэрэгжсэн шиг байна. Операцийн эцсийн дүнд МАН хийгээд Монгол улс “Элбэгдорж” хэмээх дундын дайсантай болох ба түүнтэй хийх “Загалмайтны аян дайн”-ыг Оюун-Эрдэнэ толгойлон сонгуульд орох болно, мөн үү? Оюун-Эрдэнээр “сонсгоод”-оо уншуулахгүйн тулд Мефистофельд сүнсээ худалдахаас ч сийхгүй байгаа намын нөхөд нь түүний тугийн дор нэгдэхээс өөр гарцгүй үлдэнэ. Монгол шиг хараат улсын ерөнхий сайдыг КГБ-д нэг их элсүүлж, анкет бөглүүлж барьж бичиг цаас үрэх ч хэрэггүй. Зүгээр л“Зургадугаар сард бензинээр таслана шүү. Бензингүй сонгуульдаад үз л дээ, маленкий братик мой” гэхэд л далан таваар бууж өгнө дөө. 

    Хэрэг явдлын хүрээнд тарсан(тараасан?) “мэдээ” дунд найруулагч “Хийроо” Баатараас өөрөөс нь “Ээ дээ, Баатар минь. Зоригийн хэргийн тухай л битгий нэвтрүүлэг хийгээрэй” гэж хүнээр дамжуулан мань Элбэгээ гуйсан гэх баримт нисч харагдана. Элбэгдорж ч гэж элбэг дорж, миний тийм юмыг, ийм баримтыг битгий хэлээрэй гэхийн оронд “Зоригийн тухай нэвтрүүлэг л бүү хийгээрэй” гэж гуйдаг нь ч юу билээ?

   Баатар найруулагч “Улс төр, уул хоёрыг холоос харна” хэмээн ярилцлага өгч, чөлөөт уран бүтээлч болсноо тунхагласан нь саяхан. Гэвч “Элбэгдоржийн хэрэг” дээр ам нээхдээ, ямар нэгэн нэвтрүүлэг дурьдан гэнэ алдав. “Тэрбээр ямар нэгэн нэвтрүүлэг хийж байгаа, эсвэл хийсэн байна. Тэнд Ц.Элбэгдорж гарах юм байна”, улмаар “Улс төрийг алсаас харах биш харин дотор нь ороод хийж байгаа юм байна” гэдгийг энэ ам алдалтаас хүмүүс мэдэж авлаа. 

   Мөнөөх Элбэгдоржийн байшингийн зураг нийгмийн сүлжээнд гарч ирэхээс өмнөхөн найруулагч Баатар АНУ-д ирсэн гэдэг мэдээг нэр бүхий иргэн сошл сүлжээнд бичсэн ч байх шиг. Тун удахгүй түүний бүтээсэн “Элбэгдоржийн 17 байшин”, “Элбэгдорж ба Зоригийн 7 үхэл” хэмээх сэтгэл дэнслүүлсэн бүтээлийг монголчууд үзэх дэг ээ. 

   Улс төрөөс чөлөөгдсөн “Хийроо” гэснээс түүнийг Жэнко тийм амар тавьж явуулна гэж үү? Жэнко тавилаа ч гэсэн Хийроо шиг авъяаслаг суртал нэвтрүүлэгчээс салахыг Кремль нь зөвшөөрнө гэж үү? Өнөө, “Оросууд дайныг хүслээ гэж үү!?” гэдэг шиг? Энэ сэдвээр эргэцүүлэхийн өмнө заавал санах ёстой нэг зүйл бол Виктор Суворов (В.Б.Резун)-ын хэлсэнчлэн “КГБ-д алхаж орсон бол австай л гардаг” гэдэг үг. Манай Чойбалсан ч, Цэдэнбал ч КГБ-ээс тэгж л гарсан даа хөөрхий. Харин ч тэврэлтээ чангалж, Хийроогоо төөрсөн дүүтэй нь хамж тэврэхийг л Жэнкод үүрэгдэх байлгүй дээ. 

    Хөөрхий Баатар минь дээ. Дэлхийн тавцанд гарч байгаа ганц монгол найруулагч юмсан. Авъяасаас илүү ёс суртахууныг, чадвараас илүү хүн чанарыг эрхэмлэдэг барууныхан дорхноо л нүүрээ буруулна даа. Уг нь мөрөөрөө яваад дэлхийд гарчихвал араас нь манай найруулагч, зохиолчид цувраад явчих нигууртай мөс зүсэгч юмсан. Юмсан, юмсан, юмсан.

   Даанч, хэрхэхийг Москва, нарийн яривал Москва ч биш, Зеленьский шийдэх болчихоод байдаг. Гагц “Хийроо”-гийнх ч биш, бүхий дэлхий ертөнцийн хувь заяа “Хэрвээ Зеленьский ялбал”, “Хэрвээ Зеленьский ялагдвал” гэсэн салаа замын бэлчирт тулчихсан хойно, яалтай ч билээ. 

    Гэхдээ юм нэгээр дуусах биш, “Тамгагүй төр”-өө “Тамгагүй Хуанди” болгоод хятадаар орчуулах, эсвэл “Лже Дмитрий без штампа” энэ тэр болгоод, эзлэгдсэн Донбасст тавих гэхчлэнгээр болоод явчих ч юм бил үү?                                                                                                                                                                                                                                                                                  Б.Цэнддоо /2024.04.09/

[1] Энэ өгүүлэн буй зүйлс нь зохиогчийн вээрс, нийтэд ил байгаа баримтууд дээр хийсэн хувийн анализ тул үнэн байх албагүй. Үнэн биш байх тусам зохиогч нь баярлах юм гэдгийг ч хэлмээр байна.

[2] Е.Петров, И.Ильф нарын “12 сандал”-аас хуулсан санаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 14 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Сүүлийн 7 хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ 16 цаг 4 мин Тэмцээний үеэр “Бөмбөг алдлаа” гэж сурагчаа зодсон багшийг 300.000 төгрөгөөр торгожээ 16 цаг 27 мин I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ 16 цаг 42 мин Ардчилсан Социалист Хөдөлгөөнийхөн ойгоо тэмдэглэв 16 цаг 57 мин З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орж байна 17 цаг 14 мин 170,000 хуурамч еврог хилээр нэвтрүүлж, банкаар солиулсан хэргийг шалгаж байна 19 цаг 11 мин Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээлээ 20 цаг 0 мин ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун нарт Бригадын генерал цол хүртээв 20 цаг 41 мин Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцыг зургаадугаар сард нээнэ 20 цаг 51 мин Цастай өдрийн Даланзадгад 21 цаг 28 мин УИХ дахь намын бүлгүүд хуралдана 21 цаг 52 мин АНУ, Хятадын төлөөлөгчид хиймэл оюун ухааны талаар хэлэлцээ хийнэ 22 цаг 10 мин Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойн нээлт ирэх сарын 12-нд болно 22 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан 22 цаг 40 мин Ираныг шаналган Израиль руу аврал эрэв 2024-04-27 Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно 2024-04-27 Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө 2024-04-27 Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна 2024-04-27 У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ 2024-04-27 Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна 2024-04-27
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top