x

“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ” гэх террорист ажиллагаа

Сүүлийн хэдэн сард тариаланчдын эсэргүүцлийн хөдөлгөөн Европ даяар тархаж, хурдацтай хүчээ авч, энэ тивээс зөвхөн Австри, Дани, Финланд, Швед улсад уг явдал гарсангүй. Тариаланчид Парис зэрэг томоохон хотуудыг бүсэлж, Берлин зэрэг хотын төвүүдийг хааж, өтөг бууц асгаж, өндөг шидэж, бухалдсан өвс, сүрэл шатааж, хурдны замын хөдөлгөөнийг зогсоон, хүнсний супермаркетуудыг сүйтгэн цагдаа нартай мөргөлдөв.

Эсэргүүцэн жагсагч фермерүүд янз бүрийн шалтгаан тоочжээ. Тухайлбал, Нидерландад засгийн газар 2030 он гэхэд малын тоог бууруулах замаар азотын ялгаруулалтыг хоёр дахин бууруулах гэж байгааг, Италид 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн орлогын албан татварын хөнгөлөлтийг зогсоохоор төлөвлөж буйг, Европын Холбооны байгаль орчны дүрэм чангарсан явдлыг, дизель түлшний үнэ нэмэгдсэн, хүнсний үнэ унасан, жижиглэнгийн худалдаачид илүү ашиг олж байна, гадаадын хямд импортыг эсэргүүцэж байна хэмээн фермерүүд “шударга бус, явдал”-тай тэмцэх шийдвэр төгс байгаагаа харуулсан нь энэ юм. Тариаланчид жагсаалдаа олон зуун трактор ашиглав. Болгарт л гэхэд Хөдөө аж ахуйн сайд Кирилл Ватевыг огцрохыг шаардан нийслэл Софи хотод хөдөө аж ахуйн 26 байгууллагын тариаланчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, “Засгийн газартай байгуулсан гэрээ бидний асуудлыг шийдэж чадахгүй байна” гэж мэдэгдэв.

Үндэсний хэмжээнд засгийн газрууд эсэргүүцлийн жагсаалд хариу өгөх гэж сандралдаж, Берлин дизель түлшний татаасыг бууруулах шийдвэрээ зөөлрүүлсэн бол Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони наад зах нь орлого багатай фермерүүдэд татварын хөнгөлөлтийг хэсэгчлэн сэргээхээр болов. Парис дизель түлшний татварын нэмэгдлээс татгалзаж, тариаланчдад 400 сая еврогийн дэмжлэг үзүүлэхээс гадна нэмж 200 сая еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ амлав.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр Грекийн Засгийн газар тариаланчдад нэмэлт дэмжлэг үзүүлэхээр болж, ерөнхий сайд Кириакос Мицотакис тариаланчдын төлөөлөлтэй уулзаж “Та бүхний зүй ёсны санаа зовоосон асуудлыг харгалзан тариаланчид дөрөвдүгээр сараас эхлэн хоёр жилийн хугацаанд хямд цахилгаан эрчим хүч авах эрх олгоно” гэж мэдэгджээ

Эрүүлээр сэтгэдэг хүн болгоны хамгийн их санаа зовоосон, эдгээр жагсаалын сүүдэртэй тал нь хэт барууны популист намууд тариаланчдын хөдөлгөөнийг хүчтэй дэмжиж, тэд энэ “бослого”-ыг өөрсдийн төр, засагт байгаа ардчиллыг баримтлагч намуудын эсрэг урт удаан дайн хийх ирээдүйн шинэ фронт гэж үзэж буй явдал байв. Иймээс эрх баригчид Европын парламентын сонгууль болохоос хэдэн сарын өмнө Европын дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 1.4 хувийг бүрдүүлдэг хөдөө аж ахуйн асуудалд анхаарал хандуулахаас аргагүй байдалд оров. Учир нь Нидерландад гэхэд л иргэдэд хортой бордоо тариаланд ашиглахыг хориглосноос болж гарсан тариаланчдын “азотын дайн”-ыг чадварлаг ашиглан “Тариачид ба иргэдийн хөдөлгөөн” намыг хэт барууны популистууд шинээр байгуулав.

Мөн хэт барууны үзэлтэй “Германы төлөө альтернатив” нам тариаланчдыг тууштай дэмжиж, Францад Марин Ле Пенийн популист нам жагсаал цуглаанд оролцов. Бүр Европын парламентын Хөдөө аж ахуйн хорооны хурал дээр “Копа Когека” гэх тариаланчдыг дэмжигч лобби бүлгийн гишүүн Кристиан Ламберт “Сүүлийн сар, жилүүдэд Европын фермерүүд тэдэнд тулгарч буй хүндрэлийнхээ талаар “сэрүүлэг тавьсан” ч энэ танхимд сонсогдсонгүй” гэж популизмдаад амжив. Товчхондоо тариаланчдын эсэргүүцлийн давалгаа Европын улсуудын нийслэл төдийгүй бүр Брюссельд түгшүүр төрүүлэв. Европын Комисс хурцадмал байдлыг намжаахын тулд олон буулт хийсэн бөгөөд ерөнхийлөгч Урсула фон дер Лейен фермерүүдийн санаа зовнилыг ойлгож байна гээд пестицидийн хэрэглээг бууруулах төлөвлөгөөгөө зогсоож, энэ бол “туйлшралын бэлэг тэмдэг байсан” гэж мэдэгдэв. Ийнхүү “CAP” гэх ирээдүй хойч үеэ бодож, хөрс, цэвэр ус, байгалиа хамаалж, эко хүнс үйлдвэрлэх Европын бодлого хөсөр орхигдов.

Энэ бүхнийг нэгтгэн дүгнэх аваас: Европын холбооноос батлаад удаагүй байгаа “CAP” гэх “The Com­mon Agricultural Policy-Хөдөө аж ахуйн нэгдсэн бодлого” буюу “Ногоон бодлогын хэлэлцээр” нь экологи, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр Европын фермерүүдэд олон шинэ нөхцөл, дүрэм хэрэгжүүлэх шаардлага бий болгосон. Тухайлбал, пестицид, химийн бордооны хэрэглээг хязгаарлах, усны хэрэглээг эергээр зохицуулах, ногоон байгууламжийг өргөжүүлэн зэрлэг ан амьтдын амьдрах орчныг хамгаалах хариуцлага үүрүүлсэн. Энэ бүхэн нь мэдээжийн хэрэг нэмэлт зардал шаардаж, бүтээгдэхүүний өртөгийг нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдийн халаасыг танана. Үр хүүхдүүд, улсынхаа ирээдүйг бодсон энэ арга хэмжээ нь улсаас буюу татвар төлөгчдийн мөнгөөр татаас авахын тулд шинэ хяналт, тайлан нэхэх болсон нь Европын тариаланчдын эмх замбараагүй байдлын эхний бөгөөд гол шалтгаан болов.

Хоёр дахь гол шалтгаан нь геополитиктэй холбоотой эдийн засгийн хямрал. Эхлээд COVID-19 тахал, дараа нь Оросын Украины эсрэг цэргийн ажиллагаа явуулж, барууны болон Оросын харилцаа эрс муудан дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, харилцааны тасалдал, эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляц, амьдралын өртөг нэмэгдсэн нь тариаланчдыг жагсахад хүргэв. Гурав дахь гол шалтгаан нь Европын Холбооны өндөр стандартыг дагаж мөрддөггүй орнуудаас Европ руу хямд үр тариа, хүнсний бүтээгдэхүүн импортолсон гэх явдал байв. Эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчид ийм гэрээ хэлцэл нь чанар муутай хүнсний бүтээгдэхүүнийг демпингийн үнээр Европ руу нэвтрүүлэх боломжийг олгосон явдал гэжээ.

Энэ явдал Бельги, Франц, Испани, Герман бүр Польшийн фермерүүдийн эсэргүүцлийн уриа лоозон болов. Польшийн Сеймийн өмнө болсон тариаланчдын жагсаалын нэгэн зурагт хуудсанд “Украины хортой бүтээгдэхүүнийг Польшийн дэлгүүрүүдэд дахин оруулахгүй” гэж бичсэн бол өөр нэгд нь Брюссельд хандаж: “Европын бодлого тариаланчдыг устгаж байна. Украинаас хүнс авах ёсгүй” гэжээ. Гэтэл Украин нь наранцэцгийн тос, арвай, эрдэнэ шиш, улаан буудай зэрэг хөдөө аж ахуйн тэргүүн зэрэглэлийн түүхий эд экспортлогчдын нэг юм. ОХУ-ын цэргийн довтолгоо, Украины Хар тэнгисийн боомтуудыг бүсэлсэн нь тус улсын гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох боломжийг эрс хязгаарлаж, орлогын чухал эх үүсвэргүй болгосон. Иймээс Еврокомиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Оросын үр тарианы бүтээгдэхүүнийг Европын холбоонд импортлоход гаалийн татварыг нэмэгдүүлэх Европын комиссын саналыг зарлав. Энэ бүхэн үнэндээ улсын төсөв гэх татвар төлөгчдийн мөнгөөр хүүдэгнэж, сонгуулийн саналаа нэмэгдүүлэх гэж фермерүүддээ элдэв хөнгөлөлт үзүүлсэн улстөрчдийн популизмын үр дүн юм. Гэтэл популистууд гэдэг нь үнэндээ сайхан юм ярьж улс бас иргэдээ хорлогчид билээ.

Фермерүүд нь жагсаж цуглаагүй, чөлөөт зах зээл баримталж буй Дани улсын хувьд нэг хүнд ногдох хүнсний үйлдвэрлэлээр дэлхийд нэгдүгээрт ордог. Дани нь Европын Холбооны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний тав дахь том экспортлогч бөгөөд тус улс үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг экспортоор борлуулдаг. Мөн Шведийн хөдөө аж ахуйн салбарт 72 мянган ферм ажилладаг. Харин Шведийн эдийн засагт хөдөө аж ахуйн хамгийн том салбар нь сүүний аж ахуй бөгөөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үнийн дүнгийн 20 хувийг бүрдүүлдэг. Хамгийн гол нь1989 онд Швед улс хөдөө аж ахуйн бодлогоо шинэчилж, улсаас өгдөг элдэв татаас, үнийн хяналтыг устгасан.

Швед улс 1995 онд Европын холбоонд элссэн бөгөөд Шведийн хөдөө аж ахуйн салбар өнөөдөр Европын “САР” гэх “Хөдөө аж ахуйн нэгдсэн бодлого”-ын дагуу бүх стандартыг төвөггүй биелүүлэн жагсаал, цуглааны оронд орлогоо нэмэгдүүлэх инновац хайцгааж байна. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбарт элдэв хөнгөлөлт үзүүлдэг улстөрчдийн популизм нь фермерүүдийг цаг алдуулж, зах зээлд өрсөлдөх чадваргүй “тэжээмэл амьтад” болгон эцэст нь жагсаал, цуглаанд хүргэж байна. Иймээс ерөөс улстөрчдийн аливаа популист бодлого бол улсынхаа эсрэг явуулж буй террорист ажиллагаа мөн гэдэг нь тодорхой байна. Аль ч террорист ажиллагаанд хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаггүй гэдгийг “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин” импортыг хааж, гурил, малын тэжээлийн үнийг хэд дахин нэмж зудтай хамтран гамшиг тарьсан манай авлигач, мунхаг улстөрчид санаж явахад ер илүүдэхгүй.

Тариаланчдын эдгээр “бослого” болон Монголтой харьцуулашгүй муу байгалийн нөхцөлтэй Дани, Швед улсын туршлага бидэнд татвар төлөгчдийн мөнгөөр “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ” гэх коммунист терроризм үйлдэхээ таслан зогсоож, чөлөөт зах зээлээ хөгжүүлэх явдал ганц зөв зам гэдгийг ойлгуулав.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж, өөд болжээ 1 цаг 55 мин АНУ амласан зэвсгийн хангамжаа Украинд явуулж эхэлжээ 2 цаг 8 мин Сагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрх олгох тэмцээн маргааш эхэлнэ 2 цаг 40 мин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ 3 цаг 5 мин Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цохилттой учрав 3 цаг 43 мин "Оюун ухаан"-ы Х.Хатанбаатар Азийн покерийн аваргад хүч сорьж байна 4 цаг 23 мин "Тавантолгой түлш" компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно 4 цаг 40 мин БНСУ “AUKUS” түншлэлд нэгдэх боломжийг хэлэлцжээ 5 цаг 4 мин БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно гэх худал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулав 5 цаг 33 мин Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн үгэндээ хүрээсэй билээ 6 цаг 0 мин Л.Чинбатад "худал мэдээлэл тараасан" хэргээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулав 6 цаг 47 мин Б.Жавхлан: Хуримтлалын санд төвлөрөх 500 тэрбумаар 10.000 айлд ипотекийн зээл олгоно 6 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 7 цаг 17 мин Улсын хэмжээнд лавлагаа шатлалын төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг зөөврийн компьютероор хангаж байна 20 цаг 58 мин Ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байна 21 цаг 46 мин Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцжээ 22 цаг 48 мин “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 23 цаг 45 мин Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан бүлэг этгээдээр хохирлыг төлүүлэхээр болжээ Өчигдөр 15 цаг 15 мин Н.Учрал: Монгол Улсад долоо хоногт 77,000 кибер халдлага гарч байна Өчигдөр 15 цаг 13 мин "Т.Чимгээгийн нэхэмжилсэн 48 тэрбум төгрөгийг төрөөс төлөх шаардлагатай" гэв Өчигдөр 14 цаг 56 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил...
Top