x

Дан ганц ардчилсан сонгуулиар цэнгэлийн манлайд хүрдэггүй юм байна

"АРДЧИЛСАН СОНГУУЛЬ"

2024.02.28.

Монгол Улс цорын ганц зөв зам руу орсон гэж ойлгогддог өнгөрсөн гучин хэдэн жилийн хугацаанд бид есөн удаа Их Хурлын, найман удаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулжээ. Бас нижгээд тооны орон нутгийн сонгууль хийсэн. 1990 оноос өмнө “Намын гишүүд болон нам бусчуудын эвслээс нэр дэвшсэн” гэх ганц нэр бичсэн жагсаалтаас тэр ганцыг сонгодог байсны дэргэд олон нам, бөөн өрсөлдөгчтэй, сурталчилгаа буцалсан гээд гарцаагүй чөлөөт, ардчилсан сонгуулиуд болж өнгөрсөн байна. Дэлхийн зарим улс оронд улс төрийн сонгууль алаан болж, дандаа “7-р сарын 1”-нээр төгсөж харагддаг бол 2008 оны тэр өдөр бид хатуухан вакциндуулж авснаас хойш “сонгууль шударга биш боллоо” гэж дүвчигнэдэг нөхдүүд эрс цөөрч санал хураалтын маргааш жагсаж цуглахаа больжээ.

Монголчууд ардчилсан байтугай коммунист сонгуулиудыг түвэггүй давж гарсан ард түмэн учраас хэрсүүжсэн, сонгууль гэж юу болох, улс төрчдийн санаа зорилго, үг яриаг дор нь таньдаг болсон.

“Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”

Монгол Улсын Үндсэн хуулинд ийм гоё өгүүлбэр бий. Араас нь “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож” гэж амлангуутаа “сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж биднийгээ байранд нь тавьдаг билээ.

Худлаа яриад яахав, Засгийн эрхийг ялсан улс төрийн нам, дийлсэн улс төрчид барьдаг, харин бид тэднийг дээш нь гаргаж өгдөг сонгогчид. Энэ утгаараа сонгууль бол Засгийн эрхийг ард түмнээс авах арга юм. Би хэнд саналаа өгөхөө өөрөө шийддэг маань үнэн, тэглээ гээд төр барьж, ядахдаа барилцаж байгаа сэтгэгдэл надад огт төрдөггүй. Тэр шөнөөс эхлээд сонгогдсон эрхмүүд баяртай ч байхгүйгээр сураг алдардаг.

Миний дугуйлсан нэр дэвшигч гараагүй атал “та нар яах гэж сонгосон юм, хохь чинь” гэж бусдын өмнөөс элдвээр хэлүүлээд улалзаж явах энүүхэнд. Бас миний дэмжсэн нэр дэвшигч “миний эсрэг” явсан байвал яахав? Лав манай тойргоос УИХ-д суугаа Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг гурав бидэнд шууд хамаатай, бидний амьдрах нөхцлийг сүйдэлж байгаа нийслэлийн төв, Их, Бага тойруу дахь зэрлэг барилгажилт, газрын наймааны эсрэг ганц үг ч ган хийхгүйгээр бүхэл бүтэн дөрвөн жил гүрийж чадсан бөх зүрхнүүд шүү. Хэрвээ тэд Улаанбаатар хотын түүхэн төв, , түүх, соёлын дурсгалт барилгуудыг хамгаалах хуулийн төсөл санаачилсан бол би ирэх 6 сард дахин саналаа өгөх байлаа. Одоо бол үгүй.

Магадгүй тэд тэнгэрийн амьтад, зиндаа нь энэ мэт асуудалд ахадсан байж болох. Тэгвэл нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд бидний сонгосон нөхдүүд, хэрвээ тэд бас пээдийсэн бол ядахдаа дүүргийн ИТХ-д бидний саналаар очсон төлөөлөгчид өнгөрсөн хугацаанд хаагуур ямар юмаа хийгээд явсныг мэдэж чадалгүй бүрэн эрхийн хугацаа нь дуусч байна. Тэд сонгогчдын биш, өөрсдийн томилсон Засаг дарга нарыг буруу зөв үүрэг даалгаврыг үг дуугүй баталж өгдөг нэр усгүй нөхдийн цуглуулга байсныг харж суусан азгүй сонгогч бол би.

“Сонгуулиар улс орны хувь заяа, хөгжлийн ирээдүй шийдэгдэнэ”

Арай л сүртэй юу? Нэгэнт монголын төр хэвээрээ, аль нэг нам, хүмүүс сонгогдсон бол зүгээр. Гагцхүү улс төрчдийн өөрсдийн хувь заяа шийдэгдэх учраас ингэж сүржигнэдэг. Сонгуулиар хамгийн ухаантай нь биш, чадсан нь гарч ирдэг. Их Хурлын гишүүн бол дундаж хүний хийчих ажил. “Цол дагаж бяр нэмнэ” гэж бий. Сонгогдсоныг анх дуулаад нээрээ юу, арай ч дээ, “памперс"-тай гэх мэтээр адлуулж суусан гишүүд төдөлгүй бусдаас дуталгүй үзэж тардаг, байнгын хорооны дарга, сайдын суудалд оччихсон, авлига хулгайг дутуугүй хийгээд орон шоронд орчихсон явж байхыг зөндөө харлаа.  

Бид энэ удаад УИХ-ын сонгуулиар зөвхөн 126 хүнийг сонгохгүй, тэдний араас сонгуульд нь зүтгэгсэд, зөвлөх, туслах, цүнх баригч, хандивлагч, намын томилгооныхон, найз нөхөд, нутаг усныхан гээд мянга, түмэн хүний их нүүдэл төрийг зүглэнэ, тэднийг давхар сонгож байгаа хэрэг. Сонгуульд ялагдсан ч нам нь олонхи болсон нэр дэвшигчид гомдлыг тайлж элдэв албан тушаалд тавина, тэд бас араасаа дагуулна. Тийм хүмүүс хуучин ажилдаа ороод, эсвэл өөр ажил олж хийгээд амьдарч болдоггүй юм байхдаа гэж би үе үе боддог боллоо.  

Эрх баригч намын угшилтай нэгэн эрхэм хэдэн жилийн турш чимээгүй явснаа тун саяхан “Ийм эгзэгтэй цаг үед хар амиа хоохойлж бие амар, сэтгэл хол сууж болмооргүй байна. Улс төрд хатаагдаж, ирлэгдэж, нүд сэтгэлийнх нь хор гарсан улстөрчид төрдөө, залуучууддаа түшиг тулгуур болж ажиллах цаг үе иржээ” хэмээн гарч ирлээ. Улс төр хэмээх эрх мэдлийн найрын ширээнд сууж амтыг нь авсан хүмүүс салж өгдөггүйн нэг жишээ. Хэрвээ сонгогдож чадахгүй байсан ч дээр хэлсэнчлэн ямар нэгэн сайд, даргын суудлыг эзлэх ашигтай бизнес.  

“Улс төр, сонгуульд мөнгөний нөлөөг багасгана”

Бүрэн арилгана гээгүй зөвхөн багасгана гэж амалдаг нь яамай даа. Улс төрийн нам, нэр дэвшигчид “хэн нэгнээс” их мөнгө авч нөлөөнд орохоос сэргийлнэ гэж хэлээд улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлэх зүгт явж байгаа. Үнэн хэрэгтээ тэр  мөнгөнөөс салгах биш, харин тэр “хэн нэгний” мөнгөн дээр нэмээд татвар төлөгчдийн мөнгийг өгөх болж байгаа юм..

Ардчилсан сонгууль гэдэг бол тэртээ тэргүй мөнгөний сонгууль. Хэнд санал өгөхийг тушааж болдоггүй нийгэмд мянга, түм, бум, сая сонгогчийг өөртөө татаж,  саналын хуудас дээрх олон нэрнээс онцгойроход мөнгө, тэгэхдээ их мөнгө хэрэгтэй. Саналыг худалдаж авдаг. Эрх баригчид үүнийгээ нууж бултах шаардлагагүй, “Эрдэнэс таван толгойн” 1072 хувьцааны ногдол ашиг, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд шинээр хувьцаа, тэтгэврийн нэмэгдэл 100 мянгыг сонгуулийн өмнө олгох ба дөнгөж сая Ерөнхий сайд цалин, тэтгэврийг дахиад нэмэхээр амалсан нь бас 4-р сарын 1-нээс! Эрх бариагүй ч мөнгөтэй бол заавал арга олно. Мартсанаас, тэр Н.Номтойбаяр юу хийгээд явна вэ?  

“Сонгуулийн сурталчилгааны хугацаа 2024 оны 6-р сарын 10-наас 26-ныг дуустал явуулна”

Сурталчилгааны хугацааг нь хасч танасаар байгаад энэ удаад ердөө 17-хон өдөр болгожээ. Тэр хүртэл бүгд зүгээр хүлээгээд суух уу? Мэдээж үгүй. Улс төрчдийн амьдрал тэр чигээрээ, нэр дэвшигчдийн үйл хөдлөл болгон цаг хугацаанаас үл хамаарч сонгуулийн сурталчилгаа байдаг. Лав бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа УИХ-ын гишүүд ажлаа хийх, тайлагнах, зуданд явах нэрээр аль эрт гараанаас гарсан бөгөөд 6-р сарын 10 гэхэд барианы туузыг имрээд зогсож байх биз. Тэгсэн ч хоцорчихдог гишүүд цөөн биш харагддаг. .

Бусад нам, нэр дэвшигчдийн хувьд найдвар тасраагүй. Яагаад гэвэл цахим ертөнц бүгдэд боломж олгодог. Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээн дэх үг, дүрс, бичлэг бүхэн бүгдэд хүрдэг, түүнийг хэдийчинээ арга ухаан, технологиор хийвэл төдийчинээ сайн сурталчилгаа болно. Ийм учраас тэр хэдхэн хоногт 15 минутын нэвтрүүлэг, хоёр хэвлэлийн хуудас илүүгүй сонин сэтгүүл, зөвшөөрөлгүй хүн сурталчилгаа хийж болохгүй, зөвшөөрснөөс өөр арга хэлбэрээр болохгүй энэ тэр бол арга ядсан бөгөөд үл бүтэх арга.  

“Уудам Азийн цээжинд ардчиллын од болж гялалзсан ...”

Тэртээ 1949 онд буюу яг 75 жилийн өмнө яруу найрагч Цэгмидийн Гайтав ингэж шүлэглэжээ. Тухайн цаг үеийг тэгэж дүгнэж болох эсэхийг хэлэхгүй, харин энэ тодорхойлолт өнөөдрийн Монголыг яг зөгнөсөн мэт таарч байна. Одоо бид дэлхий дахинд, юуны өмнө барууны ертөнцөд коммунист Хятад, Путины Орос хоёрын дундах цорын ганц ардчилал хэмээн үнэлүүлж, чухам ардчилал Монгол Улсын брэнд болж, чухам ардчилсан учраас тэд бидэнд тусалж дэмждэг гэж итгэдэг болжээ.

Монголын ардчилал үнэхээр тийм онцгой бөгөөд гайхалтай юу? Үгүй. Энэ гаригийн таван тивд манайхаас дутахгүй ардчилсан (бас газар нутаг, баялагтай) улс хаа сайгүй бий. Гэхдээ шуудхан хэлэхэд барууны улс орнуудтай өрсөлдөгч, арсалдагч, бүр дайсан гэж тооцогддог Хятад, Оросын тэг дунд зориудаар байршуулсан мэт бүхэл бүтэн, тусгаар улс өөр хаана ч байхгүй. Тэгэхээр бидний ардчиллаас илүү Монгол Улсын газар зүйн байрлалыг үнэлж байгаа хэрэг юм.

Харин ардчилал бол бидний дотоод асуудал. Ардчилал эцсийн зорилго биш бөгөөд улс орноо авч явах арга хэрэгсэл, зарчим, зохион байгуулалт төдий. Өнгөрсөн гучин жилийг эргээд харахад эрх мэдэлд хүрч идэж уугаад сураг алдарснаас эхлээд яг одоо төрд язагнаж байгаа арын хаалгачид, өмч хувьчлалын дээрэмчид, төсвийн тонуулчид, авлигачид, газрын хулгайчид, ЖДҮ-чид, нүүрсчид бүгд ардчилсан сонгуулиар дээшээ гарсан улс төрийн хүчин, улс төрчид, эсвэл тэдний татаж гаргасан хүмүүс билээ. Эсвэл манай ардчилсан төр шударга, сайн ямар ч хүмүүн очоод бохирддог тийм газар болчихсон уу?

Дан ганц ардчилсан сонгуулиар цэнгэлийн манлайд хүрдэггүй юм байна.

Д.Цэрэнжав /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 29 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 39 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 54 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 57 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 1 цаг 10 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 2 цаг 4 мин Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 2 цаг 22 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2 цаг 23 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 2 цаг 23 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 2 цаг 23 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 2 цаг 25 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 2 цаг 27 мин Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 16 цаг 57 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 17 цаг 3 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 17 цаг 5 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 17 цаг 7 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 17 цаг 8 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 17 цаг 9 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 17 цаг 11 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 20 цаг 59 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top