x

Алексей

Түүнтэй хамтарч ажилладаг хүмүүс над руу ярьж нэвтрүүлэгт орооч гэж хүсэлт тавьсан юм. Цаг хугацаагаа хоёр талдаа тохирлоо. 2024 оны 2 дугаар сарын 16-ны Номхон далайн стандарт цагаар өглөөний 9:30-аас видео ярилцлага хийхээр болов. Эртлэн босоод утсаа нээтэл "Нэвтрүүлэг болохгүй" гэсэн хоёр үг нүдэнд туслаа. Гайхаад утсаа цааш имэрхэд Алексейг нас барсан тухай мэдээлэл түймэр адил дүрэлзэх нь тэр. 

Түүний инээмсэглэх зураг. "Шуурхай мэдээ" гэсэн бичигтэй. Ард нь "зогс" гэсэн тэмдэг. Мөн "Ард иргэдээ биш, алуурчин авлигачдаа шоронд" гэсэн хуучин бичвэр хойно нь харагдана. 

"Навальныйг алжээ. Авлигач, алуурч төр юу хийж чаддагаа гашуунаар дахин санууллаа. Зөвхөн Навальныйг биш түүгээр дамжин Орост итгэж байсан олны итгэлийг давхар алж орхилоо. Путин ард иргэдээсээ хамгийн их айдаг. Тиймээс ч анхаарлыг нь сарниулах гэж дайн хүртэл өдөөдөг. Энэ мөчөөс эхлэн гэнэн байхаа боливол.." гэсэн утгатай өгүүлбэр "Х"-ийн дөрвөлжид тэрлэв. Өмнө харсан зурагтайгаа хамт.

Харамсалд хязгаар үгүй юм. Навальный айдсаа давсан тэмцэгч байсан. Юуны эсрэг бас юуны төлөө тэмцэхээ ойлгож ухаарсан хүн тийм болдог. Энэ бол зорилго нь амьдралаас нь том болохыг олж харсан бодгальд бууж ирдэг, улмаар дотор нь төлждөг мэдрэмж. Эх орон, ард түмэн, эрх чөлөө. Эдгээрийн алин ч хувь хүнээс том үнэт зүйл. Энэ гурвуул бүтнээрээ зүрхэнд, сэтгэлд багтаж байж тэр хүн Навальный болно. Түүнээс биш мянгаараа, саяараа түүхийн тоосонд хөглөрөх алдар нэр, алба тушаалын донтон, өшөө хорслоор хооллодог жорлонгийн ялаануудад тийм хувь зохихгүй. 

Алексей бол тоймгүй олон хүний итгэл байв. Зүрх сэтгэлийг нь эзэмдсэн гэсэн үг. Тиймээс түүний тухай хүмүүс ярьж бичихдээ "амьдралаас том нэгэн" гээд байгаа юм. Тэр Орос орноос том, тэнд үлдсэн ганц улс төрч байсан юм. Улс төрийг сайн утгаар нь авч үзвэл шүү дээ. Харин адгийн улс төр бол эхлээд нэгнээ алдаг, эргээд тэр нь эх орноо мөхөөхөд хөтөлдөг жамтай. Орос энэ замаар бэдэрсээр бүтэн зуун давах нь.

Навальный бол путин, түүний дээрэмчдийн хувьд хамгийн их айдаг, хамгийн их өсөрхдөг хүн нь. Үнэн нүүр царайг нь айлгүй илчилдэг учраас. Орд харштай нь, онгоц завьтай нь, бултуулсан нуусантай нь илчилж байсан. Тэд Америкийг ч, Европын холбоог ч тийм том аюул гэж авч үзэхгүй. Алексейг дотоожных нь дотор уулзварт "новичок" түрхэж алах гэж байгаад илчлэгдсэн. 

Түүнийг Германы эмнэлэг босгосон. Навальный уг төлөвлөгөөг гардаж хэрэгжүүлсэн нууц албаны ажилтанг хүртэл олны өмнө яриулж шуугиан тарьсан. Амьдадаа, бараг үхэж босож ирээд алуурчнаа илчилж, өөрийг нь өөрөөр нь улайлгаж даажигнасан гэсэн үг. Тэр гайхалтай илчлэгч байсан юм. Алба, баяжихын донтонгууд илчлэгдэхээс, илчлэгчээс сүнсээ зайлтал айцгаадаг, жийрхдэг. 

Навальный бусдын хүсдэг шиг төгс хүн байгаагүй. Төгс хүн гэж ерөөс үгүй. Бурхан ч төгс биш. Бидний дунд бурхад хэдэн жил хамт амьдарвал тэд хэн болцгоохыг төсөөл дөө. Хүний эрх, эрх чөлөө, ардчилал аль нь ч төгс биш. Хүнтэйгээ л адил. Сайхан цэцэг ч төгс биш. Өргөстэй, ганддаг. Гэхдээ хүмүүс хорвоог хатуутай зөөлөнтэй нь, сайхантай муухайтай нь, өргөстэй цэцэгтэй нь амтлах гэж л эрх чөлөө рүү тэмүүлдэг. Хүнээс ихийг хүлээх хэрэггүй. Хүлээлт хямраадаг. Амьдрал бол лаатай адил юм шиг.

Навальный Оросын ертөнц, дэглэмийн түгжээг мулталж, тагийг сөхөж шившиглэх, шоолох дуртай байлаа. Шүд зууж бас инээж явсан. Гэхдээ тэр хэн хүний адил их эмзэг байдалд байв. Хийдэг зүйл, зорьсон зорилго нь түүнийг улам зоригжуулсан. Тэр там руу мэдсээр байж шууд буцаж ниссэн.

Эмнэлгээс гарч эх орондоо ирээд шорон руу шууд ачигдсан. Хүн өөртөө харьяалагдахаа больсон үед эрх чөлөөгөө алддаг. Тэр хэдий нь олны итгэлийн "ачаар" эрх чөлөөгүй нэгэн болсон байлаа. Түүнд өөр сонголт байгаагүй. Улс төрийг ийм ч учраас хатуу гэж ярьдаг. -Цаст уулын цагаан барс шоргоолжид баригдана гэж монголчууд хэлдэг. АЛЕКСЕЙ дарангуйлагчийн орны толгойд асах лаа лугаа болов. Лаа асаж, эзэн үхэж дуусах. Эзэн үлдэж лаа бөхөх. Ийм л гарц түүнд байв. Дарангуйлагч нэг өдөр лааг чимхэж орхилоо. Тэр Навальныйг удаан хороохоор шийдсэн байжээ. Түүнийг гурван жил тарчлааж эцэст нь алав.

Эрх чөлөөг хүсэх хүсэл шиг их хүч хүн төрөлхтний түүхэнд заяагаагүй юм. Дахиад хэлье. Эрх чөлөө эмзэг. Дайсан үлээх, чимхэх төдийд унтрах нь бий. Харин хүний зүрхний цохилт бүр эрх чөлөөг дуудах дуудлага байдаг юм. Навальныйг алж чадсан ч түүний мөрийг, өвийг баллаж чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлээс түүнийг салгах аргагүй. 

Навальный ер бусын төгс хүчийг оллоо. Тэр дарангуйлагчдыг үхтэл айлгасаар байх болно. Амьд байснаасаа илүү айлгана. Энэ шидэт хүч, шидэт гэрэл харанхуйг гийгүүлсээр мөнхөрнө. Дарангуйлал мөхсөөр, Алексей амьдарсаар... 

Ц.Элбэгдорж. 2024 оны хоёрдугаар сарын 17. Пало Алто.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • бхөх (172.69.252.152)
    удахгүй элбэгдорж араас нь явна даа
    2024 оны 02 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 26 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top