x

Гажуудсан ардчилал & Үгүйсгэгдсэн ардчилал

Өнгөрөгч бямба гариг буюу энэ сарын 13-нд Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 32 жилийн ой тохиолоо. Жил бүрийн энэ өдрийг “Үндсэн хуулийн өдөр” гэж нэрлэдэг.

Энэ өдөрт зориулж АН-аас “Democratic transformation” гэж нэрийн дор нэг удаагийн хэлэлцүүлэг (цааш үргэлжилж ч магад) зохион байгуулсан. Утгачилбал, "ардчиллыг сэргээн тогтоох, шинэчлэн өөрчлөх" гэж ойлгож болох юм. Зохион байгуулагчдын зүгээс англи нэршлийг нь шууд  авч хэрэглэснээс үзвэл монголчлоход жаахан төвөгтэй бололтой.

АН-ын дарга болон ардчилсан үзэл санаа, үнэт зүйлсийг тээж явдаг гэж нийгэмд харагддаг улстөрчид, АН-ын залуу үеийн төлөөлөл оролцсон энэ хэлэлцүүлэг дээр яригдсан гол зүйл нь “Ардчилал хэрхэн гажуудсан бэ? “Гажуудсан” эсвэл “хуурмаг ардчилал” гэж нэрлэх нь зөв үү? Эсрэгээрээ ардчиллыг үгүйсгэсэн үзэл санаа яваад байна уу?” гэдэг байлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Ардчиллын 35 жил гэж ярьж байгаа боловч үнэн хэрэгтээ социализмтай холимогшсон маягийн тогтолцоо бий болчихоод байна. Ардчиллыг монголчлох, улс төрийн нөхцөл байдалдаа тохируулах гэж оролдсоны гайгаар ардчилсан үзэл санааны сул орон зай дээр эрх баригч хуучин коммунист нам өөрсдийн арга барилыг тулгаж, улс төрийн талбараа томруулсаар ирлээ” гэсэн юм. Үнэний ортой (ортойгоор барахгүй бодитой) дүгнэлт.

Жишээ нь, ардчиллын 35 жилийн түүхэнд АН, ардчилсан хүчин эрх барьсан хугацаа богинохон. 1996-2000, 2012-2016 он. Үлдсэн хугацаанд МАХН (МАН) эрх барьж ирсэн. Үүнээс 2004 онд хоёр нам аль аль нь олонхи болж чадалгүй 36, 38 суудал авснаар хамтарсан засаг байгуулсан. 2008 оны сонгуулийн дараа Ерөнхий сайд С.Баярын урилгаар АН нь МАХН-ын Засгийн газарт орж ажилласан авч 25 суудалтай АН-ыг эрх барьсан (МАХН 45 суудалтай) гэж үзэх боломжгүй юм.

Тиймээс монголчууд хэдийгээр 1990 онд социалист лагериас тусгаарлаж, ардчилсан хөгжлийн замыг сонгосон нь үнэн боловч ардчилсан шинэчлэлт өөрчлөлтийг бүрэн гүйцэд хийж чадаагүй юм. Ардчиллын эхний жилүүдэд “шилжилтийн үе” гэж нэрийдэж байсан тэр нийгэм, ёс суртахуун, тогтолцоо өнөөдрийг хүртэл оршсоор байна гэсэн үг. Энэ нь нэгдүгээрт, өмнө хэлсэнчлэн ардчилсан хүчин, АН эрх барьсан хугацаа харьцангуй богино байсантай холбоотой байх. Хоёрдугаарт, Х.Тэмүүжиний хэлсэнчлэн парламент дахь хүчний харьцаа буюу улс төрийн нөхцөл байдалдаа тааруулан ардчиллыг засварлах гэж оролдсонтой холбоотой. Энэ “засварлах” үйл ажиллагаагаа тухайн үеийн эрх баригчид “Монголын нөхцөлд тааруулах” гэж нэрлэж байсан юм. Үнэн хэрэгтээ бол эрх барьж байсан социалист намын бодлогод нийцүүлсэн, нэгмөсөн замаасаа гарсан хэрэг.

Сүүлийн 10 жилийн турш монголчууд “гажуудсан ардчилал”, “хуурмаг ардчилал”-ын тухай ярьсан. Гадна талаасаа бол төрийн эрх мэдэл ард түмний гарт байгаа, иргэд өөрсдийн сонголтоор засгийн эрхийг шилжүүлж, халж, сольж байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ улс төрийн намууд нь авилгажсан, санхүүжилтын систем ил тод, нээлттэй биш, сонгогчдоо авилгадах замаар эрх мэдэлд хүрдэг, эрх мэдэлд хүрсэн хойноо улс орны, нийтийн эрх ашгийн төлөө биш, нам, бүлгийн ашиг сонирхлын төлөө ажилладаг гэх мэтчилэн. Үүнийгээ хуурмаг ардчилал, гажуудсан ардчилал гэж яриад байгаа.

Харин АН-ын дарга Л.Гантөмөр уг хэлэлцүүлгийн үеэр үүний эсрэг гэж болохоор байр суурийг дэвшүүлсэн. Ардчилал гажуудсан тухай, хуурмаг ардчиллын тухай биш юмаа. Анхнаасаа ардчилал Монгол Улсад бүрэн тогтсон эсэх тухай яриа юм аа гэж.

Өнгөрсөн хугацаанд бид улс төрийн хувьд ардчилагдсан, төрийн эрхийг аль нам барихыг ард түмэн өөрөө сонгож шийддэг болсон хэдий ч эдийн засгийн хувьд ардчилагдаж чадаагүй байна. Чөлөөт зах зээл, чөлөөт эдийн засгийн үндэс суурийг тавьж чадсангүй ээ. Боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч гээд нийгмийн суурь асуудлууд нь социалист маягийн философиосоо салаагүй. Эдийн засгийн гол хөдөлгүүр болж байгаа эрдэс баялгийн салбар, уул уурхай нь мөн социалист маягийн философитой хэвээрээ. Зах зээл дээр төрийн оролцоо хэт өндөр, төр бүхий л бизнест хутгалдсан, хамгийн их баялгийг хуримтлуулсан, захиран зарцуулсан, хамгийн том худалдан авагч болсон гэх мэтчилэн.

Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд ардчилсан биш байгаа учраас улс төрийн хувьд ардчилсан байх нь боломжгүй болчихлоо. Ерэн онд тавьсан анхны зорилтоо бүрэн хэрэгжүүлж чадаагүй учраас ардчилал гажуудсан, эсвэл ухарч буцсан гэж үзэх боломжгүй юмаа гэж.

Энэ нь мэдээж өнгөрсөн 35 жилд төрийн эрх мэдлийг хэн хэрхэн хэрэгжүүлсэн бэ? гэдэгтэй холбоотой байх. Хоёрдугаарт, АН өөрөө эрх барьсан жилүүддээ, мөн улс төрийн сөрөг хүчин гэж нэрлэгдэж явсан хугацаандаа өөрсдийн үзэл санаа, үнэт зүйлийг хэрхэн хамгаалж, өмгөөлж ирсэн бэ, хэр зэрэг тууштай явсан бэ? гэдэгтэй бас холбоотой.

Гуравдугаарт буюу хамгийн гол нь, хэрвээ төрийн эрх мэдэл ард түмний, иргэдийн гарт байна гэж үзвэл иргэн хүн өөрөө ямар төрийг хүсч, сонгож байна вэ гэдэгтэй шууд хамаатай болж байна. Ямар иргэн байна, тийм төр буй гэдэг үг бий. Хэрвээ иргэд нь өөрсдөө дарангуйллыг хүлээн зөвшөөрдөг, хүчтэй төрийг хүсэмжилдэг, уламжлалдаа (социалист маягийн) хүлэгдсэн, шинэчлэлийг үл тэвчдэг бол нийгмийн энэ шилжилт тийм хурдан явагдахгүй. Ухаандаа иргэд ч гэсэн аль нэг нам, улстөрчийг биш, өөрсдийн хүрэхийг хүссэн ирээдүйгээ л сонгож байгаа хэрэг шүү дээ. Харин улс төрийн нам, нэр дэвшигчид бол түүнд нь тусалдаг төдий.

Тэгэхээр “Ардчилал монголчуудад тохирохгүй” гэдэг үгийг аль нэг нам, улстөрч хэлсэнд бус, иргэд өөрсдөө түүнд нь итгэж үнэмшсэнд учир байна. Тэр итгэл үнэмшлийг өөрчилж чадах эсэхээс АН-ын ялалт, ялагдал шалтгаалах болж байна. Нэг ёсондоо Ардчилсан нам 1990 онд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн тэр цэг дээрээ эргээд ирчихлээ. Ах нарын дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх үүрэг АН-ын залуусын нуруун дээр ирлээ. Democratic transformation... 

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top