x

Ардчилсан нам өөд болов

АРДЧИЛСАН НАМ ӨӨД БОЛОВ

2005.05.29

Саяхан сонгуулийн явдал Ардчилсан намыг нэгмөсөн алга болж, түүхийн дурсгалын дэвтэрт мөнхжин хоцорсныг баталлаа. Энэ намыг төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон Энхсайхан нь зөвхөн бие даагчийн хэмжээнд үзэлцэв. Сонгуулийн компани эхлэхээс зургаан сарын өмнө олон нийтийн өмнө шившгийг нь дуудаж дүүжилчихсэн хүнээ намын их хурлаар бараг л 100 хувийн саналаар тодруулах нь тэр. Дараа нь нөгөө зуун хувьтнаа унагах хөдөлгөөн намын бүх аппарат, давхаргат өрнөлөө.

Бараг арван хуруунд багтах цөөн хүн бүхий сонгуулийн штаб хэрээрээ зүтгэсэн боловч Ардчилсан намын нэр нүүр болсон олон эрхтэн дархтанууд нэр дэвшигчээ зүйл бүрээр хорлож байв. Сонгуулийн тактик сайн, бодож боловсруулсан зүйл байсан авч өөрийн зүгээс дэмжлэггүйгээр барахгүй гутаагдаж алиа алдаж байлаа. Өөрийн нам руу буюу намын нэр дэвшигч рүү хандсан дайралтыг зохион байгуулагч, шууд илэрхийлэгч нар нь намаа төлөөлж төрийн өндөрлөгт очигсод байсан. Ардчилсан нам нэр дэвшигчдээ ганц ч төгрөг өгөөгүй гээд бод доо. Намын бүх шатны нэгжид хандсан “намаа задалсан Энхсайханыг сонгох хэрэг байгаа юм уу!” гэсэн философилог асуулт мессеж чухам Засгийн газрын гэсэн хаягаар шуурхай тарж байсан ба гардагч нь намын удирдлага байв. Сонгуулийн хороо илэрхий булхай хийж байхад чухам Ардчилсан намыг төлөөлж парламентад суугсад хэн хэнээс илүү луйварчдыг өмгөөлж байв.

Монголын өрх болгонд хүрэлцэхүйц хэвлэсэн нугалбар сурталчилгааны арван хувь нь ч эзэндээ очиж чадсангүй. Үүнийг бөөнөөр нь өрсөлдөгч намынхандаа худалдах, хав дарах, устгаж шатаах явдал Ардчилсан намын анхан шатны байгууллагуудад түгээмэл өрнөсөн. Үүнээс гадна үл оролцох, үнсэн дээр шалз болгон хаях хөдөлгөөн өрнөж, дэмжигчдийг сонгуульд оролцуулахгүй ажиллагаа явуулсан нь амжилттай боллоо. Хүн амын 30 гаруй хувь нь сонгуульд огт оролцоогүй дүн бол энэ ажиллагааны үр дүн.

Өдгөө талийгч болчоод байгаа Ардчилсан нам бол 1990 онд шинээр байгуулагдан Ардчилсан хүчин гэсэн ерөнхий нэртэй болж парламентад суудал авсан гурван намын цогцолбор юм. Ийнхүү Ардчилсан нам шинэ Монголын түүхэнд өөрийн гялалзсан сайхан үүргээ биелүүлээд, өдгөө нэгэнт түүхийн дурсамж болон хоцорлоо. Алив улс төрийн намын эцсийн зорилго нь сонгууль байдаг, энэ үндсэн үүргээ биелүүлж чадахгүй бол түүнийг их бодож л сонирхогчдын клуб, олон нийтийн байгууллага, бүлэглэл, сайн дурынхан гэх мэтээр нэрлэнэ. Чухам л энэ утгаар Ардчилсан нам улс төрийн байгууллага нэгэнт биш болжээ.

Нам бол масс гэсэн Лениний томьёоллыг баримжаа болгон нээлттэй нийгэмд энэ онолыг хадгалж үлдэх гэсээр яваад байгалийн жамаар Ардчилсан нам аяндаа алга болж байна. Ийм утгаар авч үзэх юм бол МАХН ч олон жилийн насгүй. Ардчилсан нам устан алга болж улс төрийн системийн хямрал үүсэж байгаа нь жам ёсны процесс болохоос эмгэнэл биш юм. Чухам энэ хямрал нээлттэй нийгэмд улс төрийн нам хэрхэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулдаг олон улсын шалгарсан жишгийн системийг Монголд буй болгох шинэ бололцоог нээж байна. “Жаран хоёрын бүлэг”, “Эвслийн Засгийн газар” гэх мэт нүдэн дээр болж буй процессууд нь хэсэг бүлэг хүн үзэл бодлоосоо урваж шарвасан явдал гэхээсээ одоо үйлчилж буй улс төрийн намын тогтолцоо өөрөө амьдралтай авцалдахгүй байгаагийн гадаад илрэл.

Ийнхүү Монголд улсад төрийн хүчний цоо шинэ хуваарилалт тулгаран ирлээ. Энэ хийгдэх ёстой, үүнийг хийхгүйгээр цааш удаан тэсэх гэж оролдвол харин хямрал нь эмгэнэл болон хувирч болох юм. Коммунист үзэл суртлын дараах нийгмийн шинэ үнэлэмж бүрэлдэн тогтсон төдийгүй, төлөөлөл, шийдвэр гаргагчдын нас, ертөнцийг үзэх үзэл, ерөнхий ойлголт нэгэнт жигдэрчээ. Гэтэл өнөөгийн улс төрийн намын тогтолцоо нь нийгэмд авлига хээл хахууль, гэмт хэрэг, хулгай, шамшигдуулал, хариуцлагагүй явдлын “хууль ёсоор” оршин тогтнох шимтэй хөрс болсоор байна. Нийгмийн ямар ч байгууламж бүхий оронд, ерөөс хүний нийгэмд гэмт хэрэг гэж үзэгддэг, тэр нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар ял шийтгэл хүртдэг хүнд гэмт хэргүүд чухамхүү өнөөгийн улс төрийн намын системээр өмгөөлөгдөн харин ч гавьяа зүтгэл мэтээр үнэлэгдэх болжээ. Нийгмийн үнэлэмжийг ингэж хөлөөр нь толгой хийвэл тэр нийгэм улам ядуурч, “хүний” гэсэн дүрмээс холдон “шугуйн” гэсэн тодотгол руу ойртоно. Сөнөдөггүй юм гэхэд өндийхгүй.

Ард түмний итгэл үнэмшлээр төрийг удирдах бүлэглэл, тэдэнд хяналт тавих хүчтэй сөрөг хүчний бүлэглэл ямар ч тохиолдолд зайлшгүй хэрэгтэй. Монголд болж буй улс төрийн намын системийн хямрал нь энэхүү зайлшгүй байх ёстой хоёр орон зайг аль алиныг нь онгойлгож өгч байна. Ардчилсан нам сайн нам байсан, шинэ Монголын түүхэнд, Монголын ард түмний өмнө үнэлж баршгүй гавьяа байгуулсан. Гэвч энэ нам өдгөө байхгүй, орон зай нь хоосон үлдлээ.

“Хаан нас барлаа, хаан мандтугай” гэсэн ухаалаг франц үг байдаг. Юм жамаараа дууссан бол арынх нь залган гарч ирдэг хорвоогийн дийлдэшгүй хууль. Ардчилсан нам жамаараа нас барлаа... одоо хэнд “мандтугай” гэсэн ерөөл тавих вэ?

2024.01.13

Энэ өгүүллийг бараг хорин жилийн өмнө бичжээ. Тэр үед нэг удаа сонинд хэвлэгдээд дахиж хаана ч гараагүй. Ардчилсан нам одоо ч нам нэртэйгээ оршсоор байгаа. Гэхдээ үзэл санаа, үнэт зүйл, итгэл үнэмшил идэрмэг зориг, зорилго золбоо нь хэдийнээ сэхээнд шилжсэн. 2001 онд Гончигдорж Ерөнхийлөгчид дэвшихэд Энхсайхан хүлээн зөвшөөрөхгүй сөрөг үзэж тарж байсныг 2005 онд хариугаа авч байсан хэрэг. Дараа нь тэрээр өөр намтай нийлж дарга нь байсан уугуул намаа парламентаас суга татан унагаж байв. Гончигдорж УИХ дахь МАХН-ын бүлгийн орлогч дарга болчихсон тууж явсан. 2000 оны сонгуульд Ардчилсан намын эсрэг тусдаа нам байгуулан толгойлж, МАХН-аас ч илүү сөрөг тэмцэн гүтгэж явсан Эрдэнэ удалгүй АН-ын дарга болоод салж өгөхгүй тас зууралдав. Удирдлагуудаасаа эхлээд л хоорондоо муудалцахаараа юун түрүүн намаа нураан улс төрийн хүчин биш болгохоор дайралцдаг нь ердийн үзэгдэл болсон. Дархан, Дорнод, Сонгинохайрхан дүүрэгт намууд нь биенээ үздэггүй хоёр гурван дайсагнасан бүлэглэл болж салан тусгааралсан нь одоо болтол хорин жил үргэлжилж байна. Тэнэг жишээ халдвартай байдаг болохоор цааш тархаж байгаа. 

За яахав, нийтлэг араншин нь юм байж, болох юм гэж үзье. Гэтэл улс төрийн намын оршин буй гол утга болох сонгууль бүр дампуу хэв шинжид орсон. Хэдэн зуун мянган гишүүнтэй гэх авч өөрсдийгөө фракц гэж нэрэлсэн бүлэглэлүүд хэдүүлхнээ цоожтой хаалганы цаана бөөгнөрч сууж байгаад нэр дэвших хүмүүсийн нэрсийг тохироогоор хувааж авна. Гишүүд дэмжигчид гэдгээс асуух байтугай тоож хялайхгүй. Тойрог дээрээ очмогцоо нөгөө намын нэр дэвшигчтэй тохирон өөрсдийн талыхнаа жийнэ. Ингэж МАНАН хэмээх том бүлэглэл үүсэн хөгжиж улам батжив. Хоёр голлох нам ихэрлэн, биенээсээ аль л олхиогүй муу бүхнийг харилцан суралцлаа.

Хулгай луйвар, дээрэм тонуул, авилга хээл хахуульд ч хамтрах болов. Ялгарах юмгүй болсон ч байгалийн баруун зүүнээ сайн мэдэхгүй хэвтэж, ичихгүй, чи барууных, би зүүнийх гэж маргалдан сүгсэлзэх нь өмнөөс нь бөгс улайм. Улс төрийн чиг баримжааны хувьд өөрснөө л мэдэхгүй болохоос адилхан популистууд, хэн нь илүү популизм ярьж хэрэгжүүлдгээрээ л өрсөлдөх аж. Сүүлдээ популизм нь хэтрээд улс орноо хуульчлан хорлох, дордуулах, муутгах, өрсөлдөөн болж хувирсан. Улс орны хөгжил цэцэглэлт саарч, улам уруудаж байгааг харсаар үзсээр байж тэр нь багадаад байгаа юм шиг нэмж попроно. Популизм бол нийт үндэсний өвөрмөц онцлог байх л даа, гэхдээ үүнээ хуульчилахаар жинхэнэ хорлол мөн биз?

Энэ бүх доройтол, зэрлэгшилийн цаад шалтгаан бол төрийн эрх барьж буй улс төрийн намуудын төлөвшил юм. Төрөө байгуулахын тулд улс төрийн нам байдаг, хэнээр бариулахаа шийдэхийн тулд сонгууль болдог. Иймээс ардчилсан тогтолцоотой, эрх чөлөөт нээлттэй нийгмийг зөвөөр хадгалан авч явах гол механизм нь улс төрийн нам байдаг. Гадаадын цэргийн хүчнээр хамгаалуулсан тоталитар авторитар намын удирдлагаар хүний гурван үе дамжин оршин тогтносон энэ улс орон хэдийгээр хараат бус чөлөөт орон болж хувирсан ч улс орноо авч яваа улс төрийн хуучин шинэ намууд нь бүтэц бүрэлдэхүүн үйл ажиллагаа дүрэм журам хөдлөх механизм нь урьдын ганц намынхаа хуулбар байсаар байгаа нь бүхий л хөгжил хөдөлгөөнийг сааруулах хүчин зүйл болж байна. Буруу муу механизмд өөдгүй муу хүмүүс үрждэг бол, зөв сайн механизмд муу хүмүүс нөлөө үзүүлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл муу хүмүүсийн гэхээсээ механизмын буруу илүү.

Чөлөөт, нээлтэй, ардчилсан нийгэмд улс орноо сайнаар авч яваа улс төрийн намууд дэлхийд олон бий, тэд бүхий л хэцүү бэрхийг туулан алдаж оносоор өдгөө ерөнхийдөө нэг хэв бүхий тогтолцоо дүрэм механизмтай болсон байгаа. Тэр туршлагаас суралцах, яг үнэнийг хэлэхэд шууд хуулбарлах л хамгийн эрүүл гарц юм. Одоо л мартчихаагүй бол нэгэн цагт шинэчлэл өөрчлөлтийн түүчээ болж явсан Ардчилсан нам өөр дотроо ийм эрүүл саруул үндсэн өөрчлөлт хийж чадвал хэвтрийн сэхээнээсээ гарах төдийгүй бусаддаа туршлага болж улс орноо өөд нь татаж болохсон. Хичнээн үнэтэй сайхан байшин барьсан ч хундаам нь муу бол нэг л өдөр нурна. Цамцны эгнээ товчны эхнийхийг зөрүүлж буруу товчилоход бусад нь бүгд буруу товчлогдоно.

Б.Баабар 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 8 цаг 17 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 8 цаг 23 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 8 цаг 29 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 8 цаг 31 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 8 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 8 цаг 35 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 10 цаг 53 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 10 цаг 54 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 10 цаг 55 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 10 цаг 58 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 10 цаг 59 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 11 цаг 1 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 12 цаг 43 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 13 цаг 33 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 13 цаг 36 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 13 цаг 37 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 13 цаг 38 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 13 цаг 42 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 13 цаг 43 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 13 цаг 44 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top