x

Монголчуудын сагсалзсан занг дарахгүйгээр метро хөгжихгүй!

Амьд явбал алтан аяганаас ус ууна гэж ярьдаг.

Тэгвэл монголчууд жаахан л хүлээчихвэл метрогоор зорчдог болох нь гэж “Шар айраг”-ийн Ганхүү хотын депутат байхдаа ярьж байсныг тод санаж байна. Метрополис хотод заавал метро байх ёстой гэж 2004 онд Ганхүү маань бичиж байв. Тэр үед мань хүнийг басамжлах, шоолох, үл итгэх хандлага давамгайлж байсан. Би тэгэх гэж энэ нийтлэлээ бичээгүй гэдгээ учирлаад бас анхааруулж хэлэхгүй бол болохгүй шалтгаан байгаа учраас үзгийн хурцыг чиглүүлэв.

Манайханд түгээмэл нэг дутагдал байна аа. Техникийн (ахуйн) талаас нь ярьж бичээд, хуралдаад байхаас МОНГОЛ ХҮНИЙ СЭТГЭХҮЙ, ТАРХИ руу орж ярьж байгаа хүн надаас өөр бараг алга. Надаас өөр гэдгээ ч гарчигтаа ч тусгачихлаа.

Албаны мэдээ саяхных: Засгийн газраас “Метро”-ны ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж, батлах чиг үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Улаанбаатар хотод өмнө нь хийгдэж байсан БНСУ-ын “Суонг Инженеринг” ХК-ийн 2011 онд боловсруулсан ТЭЗҮ болон “Жайка” олон улсын байгууллагаас 2013 онд боловсруулсан ТЭЗҮ-г тус ажлын хэсгийнхэн харьцуулж судалж дуусжээ. Эдгээр ТЭЗҮ-д Улаанбаатар хотын хөрсний бүтэц, гүний усны талаарх урьдчилсан дүгнэлтийг боловсруулахдаа 1983 онд хийсэн хөрсний гүний өрөмдлөгийн судалгаанаас трассын дагуух таван цэгийн өрөмдлөгийн мэдээллийг ашигласан учир 40 жилийн өмнөх уг мэдээллийг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн байна. Мөн “Жайка” олон улсын байгууллагаас 2013 онд хийсэн судалгаагаар 2030 оны Улаанбаатар хотын хүн амын өсөлтийг урьдчилан тооцоолж, өдөрт 976 мянган хүн метрогоор зорчихоор тооцсон байна. Гэтэл хүн амын огцом өсөлт бий болж, жилд дунджаар 40 мянган иргэн шинээр шилжин суурьшиж, 2023 оны байдлаар Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч буй тул уг судалгааг бас шинэчлэх шаардлага үүсжээ.

Миний өнцөг, би ингэж үзэж байна: Метро байгуулснаар замын түгжрэл, утаа униар, авто осол буурна гэдгийг би хүлээн зөвшөөрөхийн цаагуур зөвшөөрнө. Хорт хийг 18 хувь хүртэл бууруулах тооцоо гарч байсныг сонсоод, төв замаар автобус, троллейбус, бага оврын автобус явуулах шаардлагагүй болно гэхлээр нь би хязгааргүй баярлаж байж билээ. Мөн 150 мянган монгол иргэн ажлын байраар хангагдаж, олон аж ахуйн нэгжүүд шинээр бий болж, нийслэлийн төсөвт жилд 250-260 сая ам.доллартой тэнцэх татварын орлого орно гэхлээр баярлахгүй хэн байх билээ, Ганхүүгийн үеийн дээхний яриа шүү. Нэг үгээр бол би “Метро” төслийг дэмжихийн цаагуур дэмжинэ. Очсон газар бүрдээ метрог нь үзэж сонирхож, бүр шүтэж явсан хүний нэг нь би байна.

2020 он гэхэд монголчууд метротой болчихмоор ярьж байсныг эргэж сөхөж өөрийн өнцгөө буулгаж байна. Хойшлох нь хойшилжээ. Метротой боллоо гэж бодъё. Нийслэлчүүдийн сэтгэхүй ямар болсон байхыг үнэхээр хэлж таашгүй. Монголчууд нэн битүү, яах гэж байгаа нь мэдэгддэггүй, гэхдээ одоогийн 2023 оныхоосоо хол тасраад тархи нь хөгжчихсөн байна гэдэг юу л бол? Шилжилтийн үеэ дуусгаагүй, маш удаа шилжиж яваа ард түмэн шүү дээ бид. Сэтгэхүй талаас нь би ярьж байна.

Холын жишээ татахгүй ердөө саяхны жишээ байна. Удаа дараа уриалсан даа. Төрийн албан хаагчдыг албандаа хувийн машинаараа бүү очоо, нийтийн тээврээр ирж буцаж байгаач ээ хэмээн нийслэлийн удирдлагууд үгээ барсан даа. Санаж байна уу? Уриалга хэрэгжсэн үү? Нийтийн тээврээр хэн зорчсон юм бэ? Нийслэлийн төвд буй төрийн яамд, албан байгууллагуудын ажилтан албан хаагчдын хэчнээн хувь нь автобусаар (троллейбусыг ярихаа больё) зорчоод, замын түгжрэлийг хэдэн хувиар бууруулчихсан юм бэ? Тооцоо судалгаа байна уу? Нийслэлийн хүн амын 30% нийтийн тээврээр явдаг, дээхнэ үед 60% байсан гэж хотын дарга ярив уу, саяхан.

Нийтийн тээврийн чинь байж байгаа төрхийг би хэлчих үү? Сэхээтэн царайтай, гонжоомтой нэг нөхрийг автобусанд яваад ороход эвэртэй туулай үзсэн аятай хөл толгойгүй сонжиж гайхдаг араншин яг хэвээрээ. Энэ автобус гэдгээр чинь тэтгэврийн хөгшид, оюутан, ажилгүй, шуудай үүрсэн, ядуу золбин, мөнгөгүй согтуу иргэд л зорчсоор байгаа. Худлаа гэж үү? Төрийн яамдын түшмэд ичиж нэрэлхээд, бас хувцсаа хиртүүлэхгүй, гутлаа баллуулахгүй гээд энэ нийтийн тээвэрт чинь суудаггүй юм шүү дээ. Тэд хөлсний таксигаар л жирийлгээд байх нь тэр. Сэтгэхүй нь тэгээд төлөвшчихсөн. Бүр эргэлтгүйгээр шүү!

Нийслэлийн удаа дараагийн удирдлага 7 хоногт зорчдог машиныг дугаараар нь хязгаарлаад, нийтийн тээвэрт суу гэж ятгаад ятгаад хотын түгжрэл яг байдгаараа. Зэрэгцээд худалдагдсан, гаднаас оруулж ирсэн машин гэвэл ёстой толгой эргэм тоо гарна. Хувийн машины тоо гэрлийн хурдаар өсөж байна. Машин зардаг ил далд захууд энд тэнд хүрээгээ тэлсээр, хаа холын пакистан гэв үү, бангладеш гэв үү, машины ченж ажилладаг гээгүй байгаа даа? Машин МОНГОЛЧУУДЫН ГАНГАРАА хэвээрээ байгаа цагт, пакистан, бангладеш хэн ч байсан мөнгө олохыг л бодно. Худлаа гэж үү?

Хүлэг морь шүтэх сэтгэхүйгээс үүдэлтэй “Хөл дүүжлэх унаа” гэх энэ сүргийн сэтгэхүйг арилгаагүй цагт метро хөгжинө гэх итгэл надад яг алга. Унаж яваа машинаараа гангардаг, өрсөлддөг, сагсалздаг монгол занг үгүй хийгээгүй цагт шүү дээ! Мөнгө нь ихэдсэн нэг гэр бүлд хүний тоогоор жииптэй болчихсон айлууд тоймоо алдаж байгаа одоо цагт метрогоор тэд зорчино гэж үү?

Баахан зардал гаргаад метро байгуулчихдаг бас л тэтгэврийн хөгшид, оюутан, ажилгүй, ядуу золбин, мөнгөгүй согтуу иргэд зорчигчдын олонх нь болчихвол хэн зорчих вэ? Хүйтрэхээр нийслэл хотын траншейнуудад өвөлждөг маш олон иргэд манайд байгаа. Тэд удахгүй алга болоод дуусна гэх тооцоо байхгүй. Тэд маань газар доорхи нөгөө хот руу чинь явж орно доо. Өвөлжих сайхан байр бэлтгээд өгч байгаа нь тэр.

Хэрэв бид метро хөгжүүлье гэвэл юуны өмнө МОНГОЛУУДЫН САГСАЛЗСАН, ЦАМААН ЗАНГ дарах хэрэгтэй. Аж ахуйн ажлыг хийх нь мэдээж, сэтгэл зүйн маш том кампанит ажлыг өрнүүлэх хэрэгтэй. Автомашинаараа гангардаг, гайхуулдаг, өрсөлддөг МОНГОЛ ЗАНГ үгүй хийх хэрэгтэй. “ХӨЛ ДҮҮЖЛЭХ УНАА”-ны нэр хүндийг навс унагах хэрэгтэй. Төрийн түшээд, сайд дарга нараасаа эхлээд бүгд нийтийн тээврээр явж хэвших хэрэгтэй. Гучин жил нийтийн автобусанд сууж үзээгүй яваа иргэдийн тоог эрс цөөлөх хэрэгтэй.

Шведийн Ерөнхий сайд Улоф Пальме гэж эгэлгүй нэгэн байв даа. Нийтийн орон сууцанд сууна, ажилдаа нийтийн тээврээр ирж очно. Гудамжинд явган явна, эхнэртэйгээ зах хэснэ. Хөөрхий тэр нь хэтрээд эхнэртэйгээ кино театрт кино үзэхээр олон хүнтэй чихэлдэж яваад нэг мусульман нөхөрт алуулчихсан. Тэгэхээ больё л доо. Ядаж УИХ, НИТХ-ын төлөөлөгч Та нар минь метро хүлээлгүй яг одоо автобус, троллейбус, бага оврын автобусаар зорчицгоо! УИХ-ын эрхэм гишүүд ард түмнээ тэг гэж уриалцгаа! Тэгж үлгэрлэж байж л нийтийн тээврийн (нөгөө метроны чинь) нэр хүнд өснө шүү дээ!

О.Баярхүү

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.170)
    монголчуудын ухамсар өндөр болж байж нийгэм хөгжинө тэр үед ямарч баялаггүй болсон байна
    2024 оны 01 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 10 цаг 5 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 10 цаг 11 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 10 цаг 17 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 10 цаг 19 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 10 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 10 цаг 23 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 12 цаг 41 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 12 цаг 42 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 12 цаг 43 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 12 цаг 46 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 12 цаг 47 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 12 цаг 49 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 14 цаг 31 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 15 цаг 21 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 15 цаг 24 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 15 цаг 25 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 15 цаг 26 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 15 цаг 30 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 15 цаг 31 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 15 цаг 32 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top