x

Оскар Мамен: 1911 оны 12 дугаар сарын 29 Монголд

2022 оны эхээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн Норвегийн аялагч, цуглуулагч Оскар Мамены (1885-1955) бичсэн "Зүүнш зорчсон нь" (Going East) хэмээх аяллын тэмдэглэлд үндэслэсэн шинжлэх ухаан танин мэдэхүйн гар бичмэл зохиолыг Норвегийн Осло их сургуулийн Соёлын түүхийн музейн ажилтан, докторант Мария Картвейтын бэлтгэснээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод монгол хэлээр хэвлүүлсэн байна. Энэхүү зохиолыг МУИС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимийн багш, доктор Ж.Эрдэнэбат англи хэлнээс монгол хэлнээ хөрвүүлэн, мөн сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга др. Ж.Лхагвадэмчиг, Ази судлалын тэнхимийн багш доктор Д.Ундрах нар хянан тохиолдуулж, эрхлэн хэвлүүлжээ. Харин Оскар Мамены Монгол Улсад авсан гэрэл зургуудыг мөнхүү Мария Картвейтын эмхэтгэснээр Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, түүхийн шинжлэх ухааны доктор  С.Чулуун эрхлэн "Монгол орон ба монголчууд" цувралынхаа 10 дугаар ботьд оруулан хэвлэжээ. Норвегийн аялагч, бизнесмен Оскар Мамен өөрийн үеэл Альфред Рустадын хамтаар 1911 оноос эхлэн Монголд байхдаа авсан Монголын түүхэнд холбогдох ховор нандин зургууд нь Норвеги дахь Оскар Мамены ач зээ нарынх нь байшингийн дээврийн хөндийд зуу орчим жил хадгалагдаж байсан нь таашгүй оньсого бөгөөд монголчуудын хувьд түүхийн ховор олз, ХХ зууны Монголын түүхийн шинэ эх сурвалжид зүй ёсоор орно гэдгийг юуны өмнө тэмдэглэж байна. Оскар Мамены тэмдэглэл нь уншихад гойд сонирхолтойгоос гадна түүхэн гэрэл зургуудаар баталгаажуулсанаараа нэгэн онцлогтой байна.

1911-1945 он хүртэл Монголд удаа дараа ирж, он удаан суурьшин амьдарч байсан Норвегийн аялагчийн Монгол орон, монголчуудын талаар нүдэнд харагдахуйцаар дүрслэн зурсан энэхүү гайхалтай тэмдэглэл нь урьд өмнө нийтлэгдээгүй байсаар анх удаа англи хэлнээс монгол хэлээр хөрвүүлэн гарч буй нь үнэхээр гойд сонирхол татам байсаныг юуны өмнө тэмдэглэх учиртай.

Энэ зохиол бол Монголчуудын хувьд үнэхээр том олз хэмээн хэлж болно. ХХ зууны эхээр Монголыг зорьж ирсэн Өрнөдийнхөн олон байдаг, тэдний бичиж үлдээсэн олон тэмдэглэл бас англи, монгол болон бусад хэлээр хэвлэгдсэн нь бий. Харин энэ удаа хэвлэгдсэн Оскар Мамен хэмээх эрхэмийн бичсэн Монголын тухай зохиол хийгээд түүний гэрэл зургууд нь барууныханы нүдээр урьд өмнө харж байсан өнцөгөөс тэс өөр монгол орон, монголчуудын үнэн магад байдал, дотоод сэтгэлийн мөн чанарыг олж харан гайхамшигтайгаар дүрслэн зурсанаараа онцлогтой байна.

Харин 1911 оны намар, өвлийн энэ цаг үед Монголд улс төрийн томоохон үйл явдал ид өрнөж, Монгол хоёр зуу гаруй жилийн дараа Манж Чингийн эрхшээлээс гарч, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулж, Бурханы шашны Богд Жавзандамба хутагтаа Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөх төрийн ёслол болж, тэрхүү гайхамшигт үйл явдлыг нүдээр үзэж, монголчуудын хувьд баярын нулимс дуслуулан угтсан түүхэн эргэлтийн гэрч нь болох хувь зохиол Оскар Маменд ногдсон байна.

1911.12.29

 

Тусгаар тогтол, төр улсаа сэргээн мандуулсан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Хүрээнд ямар үйл явдал болсон талаар цаг минутаар бичсэнийг үзвэл монгол хүний сэтгэлийг өөрийн эрхгүй гойд татна.

Ингээд Богд хааныг хаан ширээнд залах түүхэн 12 дугаар сарын 29-ний өдөр тохиов. Өмнөх өдрүүдийг бодвол цаг агаар дулаахан, таатай сайхан өгөөд миний хувьд мартагдашгүй нэгэн өдөр болж билээ. Бид өглөө эртлэн босож, өдрийн өл даахуйц цай унд уусан авч юмыг яаж мэдэх вэ халаасандаа хэдэн шоколад хийлээ. Бид ноён Ларсон, Алмблад нарынд очоод тэндээсээ дөрвүүл мориндоо мордож, баруун хотын алтан оройт хийдийн урд талын том задгай талбайд өглөөний арван цагийн үед хүрэв. Жаран дэлэм орчим газрын зайтай, хоёр жигүүрээр жагссан монгол цэргүүд алтан оройт хийдээс ордон хүртэлх хоёр бээр орчим газрыг хүрээлэн хамгаалж, зүүнээс баруун тийш чиглэсэн бүх хөдөлгөөнийг зогсоожээ. Хоорондоо нэг дэлэм орчим зайтай, мөр зэрэгцэн жагссан цэргүүд цөмөөрөө мориноосоо бууж, цулбуураас нь хөтөлсөн байх бөгөөд хоёр жигүүрийн энд тэнд төвөд болон монгол бичээстэй цэргийн туг өргөжээ. Гэвч цэргийн урт жагсаалаас илүүтэй сэтгэлд минь буусан дүр зураг бол цугларсан олон түмэн байсан юм. Монголчууд эр эмгүй хуран цугларч, хамгийн сайхнаараа хувцасласан байв. Монгол ноёд, эхнэрүүд дэгжин хээнцэр хүндэтгэл ёслолын хувцсаа өмссөн байхыг миний бие анх удаа энд харсан бөгөөд хэзээ ч үл мартагдах, хараад ханшгүй гайхалтай дүр зураг байсан билээ. Орой дээрээ албан зэргийн жинс, ар руугаа унжсан тас хар тогосын өдөн отготой, шовгор булган малгай, өнгө хийцээрээ хуучин цагийн манж түшмэлийн дээлээс хол илүү уран шаглаас оёдолт дээл, хээ угалз урласан ёслолын гутал энэ бүхэн цогцоороо мөнгөн эмээлтэй, өнгө зүс шилмэл, омголон морьд унасан үлгэрийн баатрыг амилуулах ажээ.

Би эхэндээ энэ бүх гоёлын өмсгөл, зүүсгэл болсон найз нөхөд, танилуудаа гэнэтхэн тааралдах мөчид танихгүй будилж байлаа. Өнгө бол энэ хүмүүсийг илэрхийлэх хамгийн гол чанар бөгөөд хэчнээн сайн авсан зураг түүнийг илэрхийлж чадахгүй нь харамсалтай.

Лам нар ч мөн энэхүү ёслолын арга хэмжээнд зориулан хувцасласан байсан бөгөөд тод улаан, шар өнгө нь тэдний хаа сайгүй байгааг харуулж байлаа. Тэр бүү хэл элдвийг сонирхох балчирхан хүүхдүүд хүртэл гоёлын хувцсаа өмссөн байв. Энэ бүхнийг харахад жирийн морин аялагчийн хувцастай гаднын дөрвөн иргэн бид л олны газар нийцэхгүй, үзэсгэлэнт дүр байдлыг гутааж байгаа мэт сэтгэгдэл төрөхийн зэрэгцээ зүүн жигүүрт жагссан цэргүүдийн талд биднээс өөр гадаад хүн байсангүй. Харин нөгөө талд дөрөв, таван орос хүн явж харагдсан бөгөөд Өргөөгийн оросууд энэ мэт үйл явдлыг төдийлөн сонирхохгүй байгаа нь их л хачирхалтай байв. Цөөн боловч ирсэн оросууд нь хэсэг зуур байснаа тэгсхийгээд алга болоход дараагийн хэдн ь гарч ирж энэ тэрүүгээр түр ч болов явна. Бидний адилаар оросууд ч бас энэ олны дунд нийцгүй мэт харагдавч, энэ мэт гайхамшигтай цугларсан олны зүг энгийн дүр байдалтай ирчихээд европчуудын сониуч зангаар өөрсдийгөө зөвтгөх нь зохижмгүйн дээр бид хамгийн сайхнаараа гоёсон ч энэхүү ард түмний хажууд хямдхан, молхи толхи харагдах буюу.

Богд хааны ордноос үе үе буун дуу ганц удаа сонсогдож, тэр болгонд нүүгэлтсэн өтгөн хар утаа ордны хаалганы гадна талын нэгэн цэгээс эгц дээшээ цэнгэг агаарт манарах бөгөөд ёслолын буудлагын буу болон их хэмжээгээр хэрэглэж буй дарийн байршлыг заана. Арван  цаг хагасын үед буун дуу гурвантаа гарсан нь Богд хаан морилж айсуйн дохио бололтой цэргүүд үл ялиг хөдөлцгөөж, жигд зайгаа барихад хэсэг албаны хүн жагссан цэргүүдийн урдуур нааш цааш яаран давхиж, чангаар тушаал өгч байв.

Удалгүй ордноос баярын жагсаал гарч, жагссан цэргүүдийн зүг ирж яваа харагдав. Бид алтан хийдийн урд талын томхон талбайн хавьд зогсож байсан учраас ордноос хийдийн хаалга хүртэлх зам нэлээд сайн харагдаж байлаа. Жагсаал нэг их удалгүй бидний өмнө тушаа хүрч ирвэл эхэнд нь хосгүй сайхан морьд унасан, гайхамшигтай, үзэмж төгс хувцасласан олон ноёд, өндөр дээд албан тушаалтнууд түүчээлэн явах ажээ. Ноёд, түшмэдийн араас тавь, жаран дэлэм орчим газарт төвөд бичээс бүхий том шар туг барьсан цэргийн бие бүрэлдэхүүн орж ирэв. Түүний араас мөн адил хоорондын зай авч нэлээд сүр жавхлант хоёр түшмэл хэд хэдэн шар, цагаан туг барьсан томхон морьт цэргийн бие бүрэлдэхүүн дагуулсаар гарч ирэв. Цэргүүд цэнхэр дээлээр жигдэрч, орос жадат буу үүрч, ташаан тушаа сэлэм зүүжээ. Эдгээр цэргээс нилээд хойно морь унасан, тод шар ангийн дээлтэй олон тооны лам, мөн архан талд нь хэсэг хүрэн дээлтэй лам нар орж ирэв.

Лам нарын арын чөлөөнд хоёр том цагаан зүсмийн тайга нохой дагуулсан нэгэн түшмэл явах ажээ. Нохойны хойхон морьтой таван хүн шоо дөрвөлжин хэлбэрээр жагссан байх бөгөөд төв дунд нь яваа хүн нь асар том шар туг барьж, тугийн оройгоос дөрвөн этгээдэд намирах шар дурдан дээснээс бусад нь барьсан харагдана.

Энэхүү тугийн архан талд хоёр дугуйтай, хятад маягийн дээвэр, хэв загвар бүхий гоёмсог жууз сүйхэнд Богд хаан морилох бөгөөд жуузыг тал бүрээс нь тод шараар өнгөлжээ. Жууз тэргийг хэдэн морьтой лам нар залж явах бөгөөд мөн тэрэгний арлаас шар дээсээр бэхэлсэн хөндлөн дамнуурыг хоёр талд нь тус бүр дөрвөн лам эмээл дээрээ дүүрсэн байв. Богд хааны жууз тэрэгний чанх ард басхүү адилхан сүйх тэрэг явах бөгөөд мөн л лам нар залж яваа харагдана. Энэхүү сүйх тэргэнд эдүгээ хатан болоод зогсохгүй их дагинаар өргөмжлөгдсөн хааны гэргий морилох ажээ. Энэ хоёр сүйх ойртон ирэхэд зам хамгаалж зогссон цэргүүд сөгдөн сууцгааж, тэрэг цааш зуу орчим дэлэм газар холдоход босоцгооно. Хаан эзний хоёр тэрэгний архан талд шар, хүрэн өнгийн хувцастай хэсэг бөөн лам, дагаад өөр өөр туг намируулсан цэргийн ангиуд ар араасаа орж ирэв. Эцэст нь цэргийн цувааны  сүүлч явж өнгөрөн, алтан хийдийн эргэн тойронд жагссанаар баярын жагсаал өндөрлөв. Бидэнд сүм рүү ойртох ямарваа боломж үгүй байсан тул дулаацах зуураа хавь ойрын хүмүүсийг ажин явлаа. Хийд дотор хаан ширээнд залах ёслолын арга хэмжээ болж, монголын бүхий л ноёд Богд хаан болон эх орондоо үнэнчээр зүтгэхээ тангараглаж буй хэмээн бидэнд хэлсэн юм.

 

Хэд хэдэн удаа гурвантаа буудсаныг эс тооцвол нэлээд удаан хугацаанд хийдийн гадна дорвитой юм болсонгүй.

Хоёр цаг орчим хүлээсний дараа өмнө зүгээс жагссан цэргийн дундуур тоос манарсаар хурдтай ойртон айсуй байв. Энэ бол Богд хаанд нутаг нутгаас өргөн барьж буй 300 цагаан зүсмийн морь, 100 цагаан тэмээнээс бүрдсэн баярын бэлэг байлаа. Эдгээр малаа хийдийн зүг туусаар бидний хажуугаар өнгөрч, цэргүүдийн цаагуур ороод бараа нь тасрав. Энэ бүхэн үнэхээр сайхан харагдаж байсан юм. Сүргийн түрүүнд адуу хатирч, араас нь тэмээ зөөлөн тэших ажээ. Адуугаа шар торгон ногтоор ногтолж, хүзүүг нь үнэгний арьсаар ороожээ. Тэмээ бүрийн хүзүүнээс хоёр булганы арьс зүүж, хамрыг нь цэвэр мөнгөн буйлаар буйлаж, шар торгоор бурантаглажээ. Энэ бүхэн чухамхүү хаан хүнд нийцэх бэлэг байсан бөгөөд харин монгол нутагт цагаан тэмээ ховорхон учир энэ бүх цагаан тэмээг цуглуулах амаргүй ажил байсан нь лавтай. Ингээд бид дахиад л удаан хүлээж, дулаацахаар нэг бол мориндоо мордож, нэг бол алхсаар байв. Дотор газраас өр нэхэх бүрийд шоколадаа идсэн боловч өдрийн уртад аргагүй ихээр өлсөж байв.

Энэ үед алтан хийдэд өрнөж байгаа үйл хэрэг намжиж байх шиг байв. Цугларсан олон Богд хаанд бэлэг сэлтээ өргөж байна гэснээс бусдаар юу болж байгааг бид мэдсэнгүй. Орой болоход хийдийн гадаа гурвантаа буун дуу гарсан нь цэргүүдэд бэлэн байх дохио өгч байгаа бололтой байв. Хагас цагийн дараа ямар шалтгаанаар юм бүү мэд буун дуу дахин гурвантаа гарч, хэсэг чимээгүй байснаа хоёр дахь удаагаа дахин гурвантаа буудав. Нар баруунтаах уулын цаагуур хэвийж, харуй бүрий болох цагт ёслолын жагсаал ирсэн дарааллаараа хийдээс хөдөлсөн бөгөөд энэ удаад нэлээд хурдавтар ордны зүг жолоо залав.

Бид жагсаалын түрүүчийг л тодхон харж, бусад нь хатирах морьдын туурайн өтгөн тоосонд дарагдаад харагдахгүй болж, харуулын цэргүүд хүндэтгэлтэйгээр өтгөн тоосон дунд сөхрөн суух зуурт урдуур өнгөрөх хоёр шар тэрэгний барааг арайхан олж харав. Жагсаалын сүүлч өнгөрөхөд харуулын цэргүүд мориндоо ухасхийн мордож, ширүүхэн давхиж одоцгоов. Тэдний хувьд хөл дээрээ өдөржин зогссон хүндхэн өдөр байлаа. Бид ч мордож, үдшийн бүрийд гэрийн зүг жолоо залахад унасан морьд маань урагш зүтгэж давхиж, Наймаачин хүрэх таван бээр орчмын чулуурхаг замын турш тэмүүлэв. Морьд маань унасан эздийнхээ нэгэн адил даарч, өлссөн бололтой, өдрийн гэрэлтэйд их л хянуур болгоомжтой явдаг чулуу ихтэй замдаа эзэн морь хоёул сэтгэлээ чилээх сөхөөгүй явлаа. Ус, кофе, овьёос, үхрийн жигнэсэн мах бүгд сэтгэлийг эрхгүй догдлуулах буюу.

Ийнхүү 1911 он, мөн Монголын хувьсгалын эхний үе шат өндөрлөв. Монгол улс ямар ч байсан Хятадын засаг захиргааг халж, эзэн хаанаа хэлэлцэж тогтож, Хятадыг энэ хэр тоглоомоос гаргав. Энэ хүртэл миний бичсэн бүхэн бидний Өргөөд нүдээрээ харж, чихээрээ сонссон зүйл мөн билээ.

Доктор(Sc.D), профессор О.Батсайхан

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХҮН-ын сонгуулийн Ерөнхий менежерээр М.ЭНХСАЙХАН ажиллана 13 цаг 24 мин Иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД 13 цаг 48 мин У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим 13 цаг 55 мин Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч ачаа тээврийн битүүмжээ шалгаж байхыг анхаарууллаа 13 цаг 57 мин Монгол Улсын Ерөнхийлөгч гавьяат тамирчин Ц.Раднаад хүндэтгэл үзүүллээ 13 цаг 59 мин Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 14 цаг 9 мин Я.Содбаатар: Хууль батлагдвал II одонг 8463, I одонг 1932 ээж нөхөж авна 14 цаг 10 мин Ж.Дугаржав: “Тавантолгой түлш” компанийн шахмал түлш иргэдийн хэрэглэж байгаа зууханд хүнддээд байна 14 цаг 29 мин Таван их наяд төгрөгийн хөтөлбөрөөр сонгуулийн сурталчилгаа хийж байна 14 цаг 45 мин “Манай улсын эрүүл мэндийн салбар өөрөө авлигын тогтолцоог дэмжигч болж хувирсан" 14 цаг 59 мин "Харуул алтай" хотхон орчмоос "Да хүрээ" гудамж хүртэлх авто замыг энэ сарын 18-ны 22:00 цагаас түр хааж, засварлана 15 цаг 9 мин "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг энэ сарын 20-23-нд хааж, засварлана 15 цаг 24 мин Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна 15 цаг 55 мин Ихэнх нутгаар сэрүүсэж, шороон шуургатай байна 16 цаг 26 мин Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийг сунгах талаар санал солилцлоо 17 цаг 54 мин А.Хүслэн: Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж, жендер ярьж байгаа нь бидний алдаа 21 цаг 51 мин Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа Уржигдар 18 цаг 33 мин Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана Уржигдар 17 цаг 39 мин Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана Уржигдар 15 цаг 56 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна Уржигдар 15 цаг 51 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялал...
Top