x

Х.Нямбаатарын "Би мэднэ"

Гэрэл зургийг itoim.mn

“Би хотын ажил руу зоригтой, амбицтай, төлөвлөгөөтэй орсон”. Энэ бол Төрийн ордноос гарч УИХ-ын гишүүний алтнаас үнэтэй суудлаа буцааж тушаан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар очсон эрхмийн үг. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд Монгол Улсын нийслэлд ийм л дайчин удирдагч дутаад байсан юм. Бид аврагдлаа. Гишгэх зайгүй гудамж, түгжрэл, бохир агаарт баяртай гэж хэлж болох нь ээ?

-Үгүй ээ, болохгүй?

-Яагаад?

-Яагаад гэвэл энэ бол Х.Нямбаатарын биш, одоогоос гурван жилийн өмнө Засаг дарга болж байсан Д.Сумъяабазарын мэдэгдэл.  

Нийслэл рүү бяр хаваа амтлан дайрч орсон ажлаа тэрбээр чадаагүй. Эхний хоёр жилдээ гүүрэн тулгуурт LRT хөнгөн галт тэрэг байгуулна гэсэн хаанаас шүглэсэн юм бүү мэд, бидний толгой дээгүүр төмөр таржигнуулах хачин санаанд автаж, үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд Монгол Улсаар дахиад тэрбум долларын зээл авахуулах гэж дотоод, гадаадгүй хөөцөлдөөд тэр нь бүтэхгүй болмогц Улаабаатарыг автобусаар дүүргэх дараачийн төлөвлөгөөнд шилжсэн ч нэг мэдэхэд ногоон автобусны авлигын сүлжээний толгойд сууснаа гэнэт ухаарч бушуухан өргөдлөө өгч, хэцүү ажил юм байна хэмээн хэнгэнэтэл санаа алдаж, бас болоогүй, өмнөх Засаг даргаа нэг сайн матаж өгөөд (“...зүгээр байсан газрыг цуцалсан шийдвэр гаргасан шүү. 2020 оны 9-р сарын 30-ны өдөр. Энэ бол орон нутгийн сонгуулийн өмнө гарсан шийдвэр шүү. Энэн дээр та нар араас нь яваарай...”) огцрох нь тэр.

Одоо шинэ Засаг чадах уу? Юутай ч Сумъяабазараас дутахгүй бяраа гайхуулж 2024 оны сонгуульд нэр дэвшихгүй (энд таван жил суух нь!), давс мэт шорвог шийдвэр гаргаж Улаанбаатар хотыг ном журманд оруулна гэдгээ зарлаад хууль санаачлагч биш хэрнээ Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийнтөслүүдийг хэдхэн хоногт өргөн бариулж яаралтай горимоор хэлэлцүүлээд, түүнд нь эргэлзэх төдий дуугарсан УИХ-ын гишүүдийн өөдөөс хэдэрлээд сууж харагдав.

Шинэ дарга ингэж пээдийхээрээ, бас хэт бүлтрэхээрээ буруутаж эхэлдэг шүү. Х.Нямбаатар том дэлгэц дээр бүр том тоонууд үзүүлж гоё ярих тал дээр өмнөхөөсөө дутахгүй ажээ. Нийслэлийн өдөрт зориулсан мэндчилгээ нь хүртэл тийм байлаа. Төсөл, төлөвлөгөө агуу хэвээрээ, метро хүртэл багтсан, гэхдээ мөнгө байхгүй, гэхдээ Сумъяабазарын олж ирсэн гэх нүүрсийг зарах санаатай. Ёстой бүү мэд. Өмнөх Засаг дарга нар 2016 оноос иргэдээ Улаанбаатарын метрогоор баруун зүүнгүй зорчуулж, 2021 онд гэр хорооллын сүүлчийн хашааг алга ташилтан дунд нурааж, 2024 оны сонгуулийн санал хураалтын урд өдөр Яармагаас хотын төв рүү орж ирэх LRT галт тэрэгний хаалга нээгдэхийг амлаж байсан билээ. Харин бид, тэнэгүүд, итгэж байсан гээч!

Шинэ Засаг даргын хамгийн их бужигнуулсан мэдэгдэл нь хотын төвийг төлбөртэй бүс болгох тухай байв. Тэгвэл түгжрэлийг 30 хувиар бууруулна гэж амалсан. Цээжний пангаар хийсэн тооцоо биз. Бүтэхгүй ээ. Бөөн хэрүүл уруул дунд 30 хувь буурах гэсээр байтал Улаанбаатарын төвд ашиглалтанд орж байгаа, барьж байгаа, газраа хашаалсан барилгууд, “Чингэс” зочид буудлын араар ороож Сэлбийг эмжсэн “Хурд”-ын орон сууцны бүхэл бүтэн хороолол, нөгөө эрэгт Залуучуудын соёлын төв дээрээс өнгийсөн аварга дөрвөлжингүүд, хуучны гурав, дөрвөн давхруудыг ганц нэгээр түүж буулгаад оронд нь гозойлгож байгаа арав, хорин давхар офис, сууцнууд түгжрэлийг буцаагаад 30 байтугай хувиар нэмэгдүүлэх шүү дээ!

Х.Нямбаатар одоо хууль баталдаг биш, биелүүлдэг хүн болсон юмсан. Яг үнэндээ Улаанбаатар хотыг яаж зөв төлөвлөж, хэрхэн хэрэгжүүлэхийг заасан хууль, журам, дүрэм, норм, стандарт хангалттай буй. Тэнд зай завсаргүй газар олго, нийтийн эзэмшлийн газар, тоглоомын талбайг булааж барилгын бариул, автомашины зогсоолгүй, 30 хувийн зүлэг модгүй, айлын цонх халхалж бусдын нар харах эрхийг боосон барилгын зөвшөөрөл олго, хуучны барилга байшинг дур зоргоороо буулгуул, голын даланг өөрчилж дотор нь барилга босгуул гэсэн ширхэг ч зүйл, заалт, үг өгүүлбэр байгаагүй, одоо ч байхгүй.

Бид Ерөнхийлөгчийг сонгодог хэрнээ Засаг даргаа сонгодоггүй ч захиа даалгавар өгье. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй, Нямбаатар хэдий ухаантай, бас эрх мэдэлтэй ч ... ажил ихтэй учраас анзаараагүй байж магадгүй.

Нэг.
Нийслэлийн төв хэсэгт яг одоо бариулж байгаа болон удахгүй эхлүүлэх бүх барилгын зөвшөөрлийг цуцлах. Үгүй гэвэл тэдгээр барилгуудын аль аль нь Монгол Улсын газар, хот төлөвлөлт, барилгын норм, стандартад нийцсэн болохыг жагсаалтаар зарлаж, хал балгүй үргэлжлүүлэх боломжийг олгох. Тийм барилга нэг ч олдохгүй байх. Хоёр хоногийн өмнө Засаг дарга Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд очиж тэнд босох 20 давхар барилгын ажлыг зогсооно гэдгээ мэдэгдсэн бол яг адилхан хууль журам зөрчсөн “Гурван гал”-ын дэргэд, “Сарны титэм”-ын урд, Монголын хөрөнгийн биржийн баруун талд, Ус, цаг уурын замын баруун талд ... гэх мэт дараачийн барилгуудыг яах бол?  

Хоёр.
Хэрвээ тухайн барилга нэгэнт баригдаад эхэлсэн, зай талбай нь норм стандартад нийцсэн бол өндрийг жишээлбэл 5 давхраас хэтрэхгүй байхаар хязгаарлах.

Гурав.
Улаанбаатарт хамаг хууль ёсыг зөрчин нийтийн эзэмшлийн зам талбай, орон зайг булааж, замын хөдөлгөөнд новшийн саад болоод зогсохгүй эмх цэгцийг эвдсэн нь дэндүү ил хэдэн барилгыг буулгах, шууд буулгахгүй бол яриа мэтгэлцээн өрнүүлэх, сонсох ажиллагаа явуулах, тухайн барилгаас учирч буй хохирлын нөхөн төлбөр, татвар, шийтгэлийг бодож олох. Жишээлбэл,  

•Олимпийн гүүрнээс урагш явах замыг багалзуурдуулж Нийслэлийн газрын албаны дарга асан Ц.Сандуйн босгосон “Home Plaza” гэгдэх худалдаа, үйлчилгээний төвийн барилга.  

•Сүхбаатарын талбайгаас Энхтайвны гүүрний зүгт Чингэсийн өргөн чөлөөг хаагаад олон жил ердойж байгаа International Commerce Center нэртэй 30 орчим давхар барилгын каркас.

•Нийслэлийн түгжрэлийн гол цэг - 120 мянгатын гүүрэн гарцны хажууд хөндөлсөн боссон 17 давхар барилга. Гэх мэт.

Дөрөв.
“Авлига” хорооллын орон сууцны дөрвөн барилгыг буулгаж, ард нь нуугдсан “Усан парк” гэгчийг зогсоож Дунд голыг бүрэн чөлөөлөх. Хотын дундуур урсдаг ганц голыг барилга байшин, цэвэр, бохирын шугам хоолойгоор дүүргэнэ гэдэг бол хууль ёсыг уландаа гишгиж, дээрээс нь “май чи” хэмээн дэвслэн, үүгээрээ та биднийг доромжилж буй хэрэг.

Тав.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын XX зууны бүтээн байгуулалтын өв болсон төв хэсэг, Их, Бага тойруугийн түүхэн дүр төрхийг хадгалж, хамгийн сүүлчийн хэдхэн барилга, хагас дутуу гудамжийг авч үлдэх, сэргээн босгох, элдэв гэмт хандлагаас хамгаалах. Харамсалтай нь Нийслэлийн шинэ Засаг даргын эцэс төгсгөлгүй олон мэдэгдэл дунд энэ сэдвээр ганц ч үг ч цухалзаагүй. Тэр ч бүү хэл, Урт цагааны түүхэн утга учир, үнэ цэнэ бүхий барилгыг буулгана гэж өөрөө дур зоргоороо шийдчихээд түүндээ тааруулсан санал асуулга явуулж олон нийтийг даапаалж байх юм.

Энэ хүн “Би чадна”-ийн жишгээр “Би мэднэ”-ийн замаар явахаар шийдсэн юм болов уу? Тэр чинь Сумъяабазарын зам шүү!

Д.Цэрэнжав /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 11 цаг 43 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 11 цаг 49 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 11 цаг 55 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 11 цаг 57 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 11 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 12 цаг 1 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 14 цаг 19 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 14 цаг 20 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 14 цаг 21 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 14 цаг 24 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 14 цаг 25 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 14 цаг 27 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 16 цаг 9 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 16 цаг 58 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 17 цаг 2 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 17 цаг 3 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 17 цаг 4 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 17 цаг 8 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 17 цаг 9 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 17 цаг 10 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top