x

Ялсан нам эх орноо таваглаж байгаад иддэг "соёл"-оо одоо болих хэрэгтэй

Сонгуульд ялсан нам эх орноо, эх орныхоо баялаг, ард түмний боломж, татвар төлөгчдийн мөнгийг идэх ёстой гэдэг “соёл”-той болоод удлаа. Сүүлдээ ард түмэн “Улсаа хөгжүүлж, бидний амьдралыг дээшлүүлж байвал идэж байхад яахав дээ. Гэхдээ аль бага иддэгийг нь сонгоно оо” гэдэг гажиг гэмээр ойлголттой болж, боловсрол, ёсзүйтэй гэхээсээ арай бага хулгай хийх хүнийг сонгоход анхаарлаа төвлөрүүлдэг болоод байгаа нь сүүлийн хоёр сонгуулийн өмнө сонгогчдын боловсролын холбоотой элдэв судалгаа, анализ дээрээс анзаарагдсан. Энэ бол цөхрөлийн үг л дээ. Ард түмэн сайхан амлалтуудад нь цаг үргэлж итгэсээр ирсэн ч хэзээ ч биелж байгаагүйг нь мэдсээр байж дахин дахин сонгодог. Энэ бол сонгогчийн боловсролтой шууд хамаатай ч нөгөө талдаа тухайн улс төрийн нам сонгуульд хэрхэн гарч ирэх вэ, хүний итгэлийг хэрхэн олж авах гэдэг дээр нарийн ажиллаж, PR-ийн мэргэжлийн баг ажиллуулдагтай холбоотой. Сонгууль болгоны өмнө иргэдийн тархи, сэтгэлзүйг хэрхэн удирдах вэ гэдэг уран тактиктай ажилладаг болсон. Үр дүнд нь сонгогчид манкурд боол шиг нэг л мэдэхэд өөрийн эрхгүй дугуйлчихсан байдаг.

Ард түмний итгэлийг олж авч хуураад, төрийн эрхэнд гарсан хойноо юу хийх нь бидний дурны асуудал гэдэг энэ эх захаа алдсан байдал 2000-гаад оноос эхлэлтэй

Өмч хувьчлал улс орон даяар явагдаж, мэдээж араасаа олон хэл ам дагуулсан. Тэр үеэс буюу өмч хувьчлал дууссаны дараахнаас Ху нам дахин амь орж эхэлсэн. Төрийн эрхийг барихаар ард түмэнд амлалт өгөхдөө өмч хувьчлалын булхайг дэлгэж, буруутай этгээдүүдэд хатуу хариуцлага тооцно, шударга ёс тогтооно гэх ухааны юм ярьж сонгогчдын чихэн дээр цэцэг ургуулсан. Ард түмэн итгээд нийгэм даяараа энэ асуудалд хүлээлттэй байсан л даа. Гэтэл юун амлалт вэ, ярьж амлаж гарч ирсэн асуудлаа огт хөндөж ярилгүй тэр чигээр нь чимээгүй орхиод харин төрийн албыг наймаалцаж, үнэд оруулж эхэлсэн. Тэр үеэс л энэ их завхралын суурь тавигдсан гэж үзэж болно. Төрийн албанд л шургалчихвал баяжина, боломжид ойртоно, төрийн албан хаагч болох нь олон талын ашигтай, ямар ч ажил нь түргэн бүтдэг, зээл, тусламжид ороход амар…зэргээр хүмүүс төрийн албанд орохын тулд албан тушаал, зэрэг дэвээс нь шалтгаалж хахууль өгч авалцдаг байсан бол дээгүүрээ эрх баригчид өөр хоорондоо дарга, сайдын суудлыг наймаалцаад эхэлснийг ард түмэн санаж байгаа. Нэг ёсондоо Монгол төрийн албаны бүх шатанд ийм наймаа хавтгайрсан. Төрийн албыг наймаалцдаг энэ явдал нь өргөжсөөр ялсан нам татвар төлөгчдийн мөнгөөр дураар дургих эрхтэй, яаж зарцуулах нь эрх барьж буй намын үзэмжийн асуудал гэх ойлголтыг намын бүх шатных нь хүмүүс хүлээн зөвшөөрдөг, тэгж аягладаг болоод удлаа. Үүний том жишээнүүд гэвэл, ЖДҮ, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, нүүрсний хулгай гээд эрх барьж буй намынхан системээрээ идэж уусан, улсад хохирол учруулсан гэмт хэргийг жагсаавал олон. Хамгийн сүүлийн жишээ нь ногоон автобусны асуудал болж байна. Ямар их зоригтой, ичдэггүй, цагаандаа гарчихсан хүмүүс юм бэ дээ… гээд үг гарахгүй байна лээ. Яагаад вэ гэвэл нэг нам дангаараа ноёлж төрийн албыг төрлөөрөө дээрээс доод шат хүртэл нь эзэгнэж байгаа юм чинь хэн нь хэндээ хяналт тавьж, шаардлага тулгах юм бэ. Мэдсэн ч мэдээгүй юм шиг дуугүй өнгөрнө. Яагаад вэ гэвэл бүгд шахуу энэ ногоон автобусны булхай

шиг иймэрхүү зальжин, явуургүй аргаар улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгө, сан, улсын баялгийг шат шатандаа хулгайлаад идээд сурчихсан юм чинь. Тийм учраас л айхгүй зоригтой хулгайлдаг байх нь. Идэж ханаа байлгүй, хангалттай олон жил ард түмнийг доромжиллоо, улсын төсөв, элдэв сангуудыг тонож дээрэмдлээ, хулгайлж болох бүх нүх сүвээр хуруу гараа дүрж, дааж чадах хэмжээгээрээ гударлаа даа. Одоо больчих байх аа гэж хараад байхад л үргэлжлүүлээд идээд байх.

Жинхэнээсээ одоо боллоо шүү. Энэ бүгдийг одоо болиулж, хатуу хариуцлага тооцох цаг үе нь ирчихлээ. Хууль хяналтынхан үүнд шалгалт хийж, мэргэжлийн байгууллагууд нь ч үүнд анхаарал хандуулах ёстой. Хэдэн автобусны хэрэг боловч цаана нь улс эх орны эрх ашиг, ард түмний эрүүл аюулгүй орчинд амьдрах, тохь тухтай нийтийн тээврээр үйлчлүүлэх эрх нь зөрчигдөж байна. Үүний дараа харин ард түмэн цаашид хэнийг сонгох, хэнийг сонгохгүй байх вэ гэдэг дээрээ тогтож бодож эхлэх байх. ЖДҮ-гээс эхлээд ард түмнийг доромжилсон, цочролд оруулсан асар их хулгайг та бид давтамжтай хардаг боллоо, сүүлдээ дасах маягтай болоод ирэх шиг.

Монголын нийгэмд өрнөж байгаа энэ их замбараагүй байдал, ядуурал, дээр дооргүй бужигнах шуугиан, төрд нүүрлэсэн хулгай бол математикчдын хэлж буйгаар зүгээр л “Улс төрийн тоглоом” юм билээ. Улс төрчид өөрсдийн тоглоомын дүрмээрээ тоглож байна. Ард түмэн бол тэднийг дураараа тоглох эрхийг нь өгчихдөг хариуцлагагүй бүлэг хүмүүс болчихоод байгаа юм. Энэ тоглоомыг нь зогсооё гэвэл эсэргүүцэл, жагсаал ч юм уу тэмцлийн хурц хэлбэр нэмэргүй. Яагаад вэ гэвэл дээр байгаа тэр нөхдүүдэд улсын бүх эрх бий. Харин ард түмэн, сонгогчид бас л адилхан тоглож л хариуг нь барих ёстой. Сонгуулийн санал хураалт өгөх өдрөө л энэ их хулгай, доромжлол, төрд нүүрлэсэн болохгүй бүтэхгүй юм бүгдийг цэвэрлэж зайлуулахын тулд адилхан хариу барих зам үлдлээ.

Сонгуулиар хэрсүү байж, саналаа худалдахгүй, бодолтойгоор дугуйлахгүй бол ялсан нам хэдий хүртэл эх орноо тавган дээр тавиад халбагадаж, сэрээдэж дураараа иддэг энэ байдал үргэлжлэхийг тааж мэдэхгүй юм. Сүүлдээ ялсан нам нь ингэж идэх ёстой гэдэг “соёл” маягийн, буруу жишиг байдаг л нэг үзэгдэл мэт болж, нэг том хулгай нь илэрвэл сошиалын нэг өдрийн шуугиан болж дарагдаад өнгөрөөд байвал Монгол Улсын хувь заяа хэрхэхийг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Д.Гансаруул /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2 цаг 5 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2 цаг 7 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 2 цаг 7 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 2 цаг 8 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 2 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 2 цаг 12 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 4 цаг 4 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 4 цаг 8 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 4 цаг 8 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 4 цаг 10 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 4 цаг 11 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 4 цаг 12 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 4 цаг 14 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 4 цаг 15 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 5 цаг 21 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 5 цаг 31 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 5 цаг 45 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 5 цаг 48 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 6 цаг 1 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 6 цаг 56 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top