x

МАЛ ба МАХ

Саяхан фээсбүүк дээр манай Саруул-Эрдэнэ нэгэн поост оруулснаас болоод үүнийг бичих санаа төрлөө. Яасан гэхээр, “Мал мах авна” зараас үүдтэй юм. Энэ өгүүлбэрийг шууд харахаар нээрээ ч “Мал өөрөө мах авах гэж байгаа” ч юм шиг санагдах тул “Мал, мах авна” хэмээн “,”(таслал) нэмбэл зөв зүйтэй болох тухай поост.

    Зөв буруу, таслал маслалыг орхин “Мал мах”-ны түүхийг хуучилмаар санагдчихлаа. ХХ зууны хүүхдүүд энэ үгийг маш тод санадаг. Учир нь жил бүрийн III сарын 8-нд маарт, V сарын нэгэнд майн баяр, XI сарын долоонд октябрийн баяр болдгийн нэгэн адил тавдугаар сарын 15-нд орон даяар “Мал мах” авдаг байв. Тэр үеийн хүүхдүүд яахаараа, нам засгийн кампанит ажлыг сайн мэдээд байв гэхээр, их учиртай. 

    Сумын төвд болдог “Мал мах”-ны үеэр хөдөө гэрээс нь хүн ирж, гэрийн боов, боорцгоор гэдэс гарахаас гадна, тав гурван цаастай болсноороо молоонк авч сорно. Дотуур байрны зарим багачууд царай нь нэн гэрэлтэй, уруул аман дээрээ боов, шоовны үртэстэй цохиж явах. Бас энэ өдөр бага ангийн хичээл тарах тул гэр орноо хамгийн их санадаг тэдний нар гарч, сундлах нь сундалж, хөтөлгөө морь унах нь унаж, гэрийн зүг одно.

     Өгүүлэн буй “Мал мах” бол малчин ардад ногдуулдаг байсан нэгэн зүйл албан татварын нэр юм. Хангайн бүст богийн толгойд шилжүүлснээр 50, говийн районд 75 толгой малыг ам бүлийн тооноос үл хамааран нэг өрх аминдаа өмчлөхийг зөвшөөрдөг байсан цаг. Гэртээ арвуулаа, эсвэл ганц бие байх энэ тэр хамаагүй. 

   Түүнийгээ “амины өмч” гэнэ. Учир нь социализм бол хувийн өмчийг устгасан нийгэм байв. Чадалтай сийрэг ганц нэг улс хувьдаа машинтай байсныг хүртэл “амины машин” гэж нэрлээд “А” серийн дугаар зүүнэ.

     Малчин ардад ногдуулах татварыг ноос, мах, сүүгээр бодож ногдуулна. Тэр үед улсын бүх малыг хагас жил тутам нарийн бүртгэн, тоолдог байв. Монгол хэлнээ “Зургаан сарын тоо”, “Арван хоёр сарын тоо” гэдэг үг нэмэгдсэн түүх тэр болой. Өдгөө үг нь мартагдсан боловч жил бүрийн XII сард улсынхаа бүх малыг сүр жавхлантай тоолдог зан үйл нь харин үлджээ.

      Жил бүрийн “Арванхоёрдугаар сарын тоо”-н дээр үндэслэн мөнөөх татварын нэхэмжлэлийг гаргана. Жич сонирхуулахад, сумын нам, захиргаанаас “Арван сарын тоо”-ноос өмнө идшээ хийх явдалтай тэмцдэг байв. Сумын, нам захиргаа эсэргүүцэн тэмцэж байгаа ямар ч зүйлийг албан бусаар хориглосон гэж ойлгоход болно.

     Тэрхүү нэхэмжлэх “Сайн дурын үндсэн дээр тушаах албан журмын ногдол” гэсэн уран чамин нэртэй гэж байгаа, бас. Хэрвээ, одоо ухаандаа энэ Донорын төвөөс хүн ирээд “Таны цусыг сайн дурын үндсэн дээр албан журмаар соруулж авна даа” гэвэл ямар байх вэ? Тиймэрхүү л юм.

     Малыг нь ноднингийн XII сарын байдлаар тооцож, ногдуулсан татварыг хаврын “мал мах”-наас эхлэн төлдөг. Идшинд хэрэглэсэн, өвөл онд ороогүй малын ашиг, шим энэ татварт шингээстэй байгаа. 

    Малаасаа хэсэг мах огтлоод өгөх боломжгүйн дээр үүцнээсээ гуя гаргаад тушаах гэхээр сум нэгдэлд хийх газаргүй. Иймээс, тарган том биетэй мал, үхэр голдуу тушаана даа. Тарган онд орсон шар тушаавал жин сайн дарна. Нэг өрхийн махны ногдлыг хаагаад илүү гарна. Илүү гарсан махан дээр наймаалцана даа. 

    Чухам эндээс, нөгөө алдарт “илүү махаа дутуу мах руу хийх” гэдэг онигоо гарсан. Та нар санаж байж магадгүй дээ. Мал махны үеэр болсон яриа гэдэг дээ.

Нэг малчин эр,

-Би илүү махаа Дулмаагийн дутуу мах руу оруулчихлаа. Уг нь , нааш, цааш нь хөдөлгөвөл юм гардаг л гэх юм. Даанч бөгсний ажил хэцүүдлээ гээд мордоод давхисан тухай гардаг.

   Үлгэрлэвээс, Дулмаа гуай татвартаа бяруу тушаасан боловч амьдын жин нь ногдлоо хааж чадахгүй, арваад кило ч юм уу, дутсан хэрэг. Гэтэл, мань онигооны эзний тушаасан шараас мах илүү гарчээ. Түүнийгээ, Дулмаагийн татварт оруулан тооцох наймаа явжээ, цаана нь. 

    Мэдээж, “Дулаагийн дутуу мах руу оруулсан илүү мах”-ы үнийг мөнгөөр тооцож авахгүй бол наанадаж л авгайдаа хангинуулна биз дээ? Зарим овсгоотой малчид, тарган орсон малаараа ингэж наймаа хийнэ. Тухайн нийгэмд хувиараа наймаа хийж мөнгө олох хориотой, ялангуяа нам эвлэлийн гишүүн хүн зах дээр юм зараад баригдвал шийтгүүлдэг байсан цаг боловч яг энэ үйлдлийг хурууныхаа завсраар хараад өнгөрнө, нам засаг нь.

   Арай жаахан сэргэлэн бол онд тарган орсон, шахаж бордсон малаараа нууцгай бизнес хийсэн ч болно. Мэдээж, нууц далд байдлаар.

Хэнтийн “Алтан” хэмээх Мажиг гуай яг ийм бизнэс хийсэн байдаг юм. Өвөл нь хэдэн шар шахаж бордоод Багануур хавийн айлуудын махны ногдлыг хааж, чамгүй мөнгө олдог болжээ. 

    Гэтэл, нэг нөхөр мөнгөө өгөхгүй унжаад хэрүүл хийсэн чинь “чамайг нэг чадна даа” гэж занасан аж. Гай болоход тэр айл нь Намын хянан шалгах хорооны орлогч дарга, нэг айхавтар өвгөний орж гардаг, ходий түншийнх байжээ. Мажиг гуайг мөнгөө нэхсний хариуд өнөө айхавтар дарга ахдаа матаж, “Энэ этгээд болбоос нийгмийн туст хөдөлмөрөөс зайлсхийн, дамын наймаагаар баяжиж байгааг шалгаж өгөх” хүсэлт гаргажээ. Тэр ёсоор нь шалгаад Мажиг гуайг шоронд хийсэн гэдэг. Ардчилсан хувьсгалын дараагаар Мажиг гуайнх Хэрлэн голын хөвөөнд зусаж байхад нь уулзаж, өөрөөс нь сонссон яриа шүү. 

  Ноосны татвар дээр юу болдог байсныг сайн мэдэхгүй. Харин үнээнд ногдуулсан сүүний ногдлыг хаахын тулд “Зовоод” хэмээх сүүний тасагт ацаглан саалгах, гэр ойр бол биечлэн тушаах зэрэг аргатай байсан. Чухам эндээс, малчин айл нийгмийн эмзэгт давхрагад орсон утгыг заах “халуун зунаар хар цай уух” гэдэг хэллэг гарсан юм. Үнээгээ зовоодонд саалгаад, цай сүлэх сүүгүй үлддэг тохиолдол байжээ.

    Хэрвээ, “мал, мах авна” гээд дундаа таслалтай бичвэл наадуул чинь мал ч авах, мах ч авах юм шиг болно. Эмээлтийнхэн амьд мал аваад нядлах бизнэс хийдэг улс. Нойтон юм уу, хөлдүү мах санал болговол татгалзах байх.

 Мал мах бол хүн ам, ард түмэн, цаг уур гэдэг шиг нийлмэл үг бололтой .Уг нь малмах, хүнам, ардтүмэн, цагуур гэж нийлүүлж бичмээр санагдаад байдаг. Хэрвээ, “Хүн, амын тоо” гээд дунд нь таслалтай бичвэл хүнээ ч тоолох бас амыг нь ч тоолох юм шиг болчих байх аа, хэдийгээр тоо нь мөргөх боловч, айн? Бас “Цаг, уурын мэдээ” гээд таслалтай бичвэл нь, цаг хэд болж байгааг зарлахаас гадна, хэний уур хүрч уушиг нь сагсайж байгааг хэлдэг нэвтрүүлэг аятай санагдах байх.

  Мал мах бол нийлмэл нэг үг гэж санагдана. Анх үүсэхдээ албан татварын нэр байсан байна. Махны зориулалтаар мал худалдан авах, бизнэсийн нэр томьёо болоод үлдэж. Хаа нэг газар “Мал мах авна” гэсэн зар харагдвал, мах бэлтгэлийн зориулалтаар амьд мал авах юм байна гэсэн үг байх гээд байна. 

Харин тэдэнд нядалсан мал эсвэл дан мах зарах гэвэл авахгүй л болов уу?

Б.Цэнддоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 1 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 27 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 3 цаг 29 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 3 цаг 29 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 3 цаг 30 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 3 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 3 цаг 34 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 5 цаг 26 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 5 цаг 30 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 5 цаг 30 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 5 цаг 32 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 5 цаг 33 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 5 цаг 34 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 5 цаг 36 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 5 цаг 37 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 6 цаг 43 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 6 цаг 53 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 7 цаг 7 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 7 цаг 11 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top