x

Хүний уушгиар амьсгалж, хүний ходоодоор хооллоогүйгээс хойш...

Өнөөдөр эрүүл мэндийн үйлчилгээ, хүртээмж муу байгаа талаар бид байнга ярьдаг. Агаарын бохирдол, хөрсний бохирдол, эрүүл мэндийн боловсрол тааруухан олгодог гээд гомдолловол асуудал зөндөө л байна. Гэхдээ бид өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ хийж чадвал бас арай л өөр.

Бид өөрсдийгөө эрүүл байлгаж, чанартай амьдрал, боломжийн насжилтыг өөрсдөдөө бий болгох боломжтой. Өнөөдөр монгол хүний үхлийн тэргүүлэх шалтгаан бол зүрх судасны өвчлөл, цусны даралт өвчин. Цаашлаад элэгний хавдар, элэгний хатуурал, ходоодны хавдар, авто замын осол гээд жагсаалт үргэлжилнэ. Яг анзаараад харвал бидний амьдралын хэв маяг, ааш араншин бүгд энд дурайтал байж байх нь тэр. 

Монголчуудын дөрвөн хүн тутмын гуравт нь цусны даралт хэлбэлзэх өвчин байдаг гэдэг. Гэтэл даралт өндөрсөхөөс сэргийлэхийн тулд хэвийн жинтэй байх, согтууруулах ундаанаас зайлсхийх, тамхинаас хол байх, өөх тос, давс бага хэрэглэх мөн тогтмол дасгал хөдөлгөөнтэй байхыг зөвлөдөг. Зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан судас хатуурах өвчлөл бөгөөд тэр нь нэг талаасаа хоол хүнснээс шууд үүдэлтэй. Гэтэл манайхан эрүүл хооллолтын тухай ярихаар юу идэж ирсэн тэрийгээ идэж байгаад үхнэ дээ гээд бахархалтайгаар мэдэгдэх нь бий. Ялангуяа эрчүүд. 

Давс багатай хоол идэх тухай сонсохыг ч хүсэхгүй, амнаас унамаар юмыг хэн идэх вэ л гэнэ. Гэтэл ДЭМБ-аас давсыг өдөрт 5 гр-аас хэтрүүлэхгүй байх тухайд зөвлөж байхад монголчуудын давсны дундаж хэрэглээ өдөрт 16-20 гр. Бүр дөрөв тав дахин нэмээд хэрэглэчихээр өвдөхгүй яах билээ дээ. Орон нутагт үүний эсрэг ажил зохион байгуулахдаа айлуудад 5-граммын халбага өгсөн тухай тайланд бичигдэнэ. Гэхдээ яагаад тэр хэмжээнээс хэтрэхгүй тухай ойлголт өгөхгүй зүгээр хэмжээстэй халбага тараагаад байхаар тэрүүгээр нь дөрөв тав хийгээд идчихэж байгаам л даа. 

Энэ бие бол хувь хүн бидний л бие. Бид хүний уушгиар амьсгалж, хүний элгээр хороо шүүж, хүний ходоодоор хоолоо боловсруулахгүй. Чихрийн шижинд эзлэгдсэн бол амьдралын хэв маягаа бүрэн өөрчлөөгүй тохиолдолд нэг бол хараагаа алдана эсвэл бөөрний диализид байнга орж, хөл гараа тайруулахад хүрнэ. Насны бөгсөнд үр хүүхдээрээ үүрүүлээд эмнэлэг барааддаг энэ амьдрал хэнд хэрэгтэй вэ. Идэр залуу насандаа энэ биеэ хайрлахгүй хүний биеийг зээлж, талхиж байгаа мэт явсных шүү дээ. Дээрээс нь бодлого, төлөвлөлт байхгүй эрүүл мэндийн тогтолцоо тааруу улсын иргэн нь үнэхээр харамсалтай. 

Хорт зуршлуудыг халаад жаахан хөдөлгөөнтэй байж, амьдралын хэв маягаа өөрчлөөд ирвэл цөөхөн хэдэн монголчуудын үхлийн дугаар нэг шалтгаан болсон өвчлөлөөс алсхан байж болохоор харагддаг. Элэгний хавдраар монголчууд дэлхийд тоосгүй холдоо тасарчээ. Манай ард Египет гээд улс байна. Бас л элэгний хавдар өндөртэй золигнууд л даа. Гэхдээ тэдний үзүүлэлт манайхаас гурав дахин бага. Тэгэхээр бид үнэхээр дэлхийд тасарчихсан үзүүлэлттэй, манай элэгний эмч нар дэлхийд шилдэгт нь тооцогдохоос ч яахав дээ. Практик үзүүлбэр хангалттай байна ш дээ. Бид сэтгэлгээгээ өөрчилж чадвал олон зүйлийг өөрчилж чадна. Одоогоос хэдэн жилийн өмнө дөө, уламжлалтын эмч “Монголчуудын дунд элэг, цөсний өвчлөл их байна. Элэг цөсний халуун их байгаа учраас халуун чанарын адууны мах ердөө идэж болохгүй. Улам халууныг дэвэргэнэ” гэж ярилцлагадаа дурдсан байсан юм. Уг нь энэ халуун чанарыг хэвийн болгож чадвал иддэгээрээ идэж болох тухай л өгүүлсэн байсан. Гэтэл хэн ч тэрийг нь анзаарахгүй, зөвхөн адууны мах монголчуудад тохиромжгүй байгаа талаар гарчгийг нь хараад харааж өгсөн байсан даа. Хужаа эмч л гэнэ, адууны махаа идээд ирсэн үхээгүй байж л байна гээд. Яг идэш уушны цаг байсан ч бил үү, үнэхээр энэ эмч юуг хэлээд байна гээд эргэцүүлэхийг хэн ч хүсээгүй. Эртний гүн ухаантан Пифагор хүн гэдэг амьтан шүдээрээ булшны нүхээ ухаж байдаг гэж зүгээр ч нэг хэлээгүй юм шүү. Монголчууд бидний идэж байгаа их хэмжээний мах, сүү бидний биеийг улам хүчиллэг болгодог. Хүчил, шүлтийн тэнцвэр алдаад ирэхээр бие өвдөх нь тодорхой шүү дээ. Наад зах нь зан авирт ч нөлөөлнө. Их хүчиллэг байдал хүнийг ууртай, догшин болгодог. Монголчууд бид өөрсдөө цөс ихтэй хүн гээд хүртэл эртнээс ярьж ирсэн дээ. Яг энэ хүчиллэгжсэн хүмүүс зам дээр гарахаараа хүлээцтэй биш, урдуураа ганц машин ч гаргах сэтгэл зүйгүй үзэлцсээр байгаад үхэх сэхэхийн асуудал яригддаг. Монголчуудын үхлийн шалтгааны зургадугаарт автомашины осол бичигдсэн нь идэж уудаг хоол хүнс, эрүүл мэнддээ хайхрамжгүй ханддаг байдал, ногоо бага идэж, усаа ч шүүгээд ууддаггүйтэй явж явж холбогдоно гээд бод доо.

Энэ дэлхий дээр учир холбоогүй зүйл гэж нэгээхэн үгүй. Хүн алхах үед хүний биеийн том булчингууд ажилладаг тэр дундаа цэвэр агаарт алхах нь бие бялдраас гадна сэтгэлийн эрүүл мэндэд ч хамааралтайг бид анзаарч хардаг бил үү дээ. Амьсгалахдаа хүртэл зөв амьсгалж байж бид эрүүл явна. Хорвоо дээрх үнэ төлбөргүй атлаа хамгийн чухал агаарыг биедээ яаж оруулж байгаагаа анзаарч харах нь цөөн. Уг нь өөрийгөө ажиглаж, амьсгалж байгаагаа ажиж байх нь эрүүл байхын нэг үндэс гэдэг. Биднийг хүүхэд байхад гэдсээ татаад, амьсгаагаа ав гэж заадаг байж билээ. Харин үнэндээ агаар гаднаас сорохдоо гэдсээ түмбийлгээд гаргах үедээ шахан гаргах нь зөв техник. Хар ухаанаар бодоход авч байхад томорно, гаргаж байхад жижигрэнэ. Бас агаарт алхахдаа эрүүл агаар сороод хэсэгхэн секунд биедээ барьж тогтоогоод гаргах нь биеэ хүчилтөрөгчөөр цэнэглээд зүйтэй тактик л гэдэг.

Ер нь бага сага гэлтгүй анхаарч чадах юм бол энэхэн биеэ эрт элэгдэлд оруулчихгүй арга байх юм аа. Ямар ч эмч сувилагч янзалж өгөхгүй өөрийнхөө махан биеийн төлөө өөрсдөө өдөр бүртээ жижигхэн үйлдлээр засч янзлаад явбал насны бөгсөнд тэр их асуудалд ормооргүй байгаа юм.

1950 онд дэлхийн хүмүүсийн дундаж наслалт их бага байж. Сансар огторгуйг судлах гээд хичээдэг байсан мөртлөө энэ биеэ судалж амжаагүй явсан хүн төрөлхтөн сүүлийн нэг жаранд үүн дээр багагүй хичээсэн. Одоо юу болдог болдоггүйг мэддэг боллоо. Харин өөрөө жаахан хичээвэл олон асуудлыг шийдэж болно гэдгийг хэлээд өгч байгаа цөөнгүй хүн байна.

1950 онд монгол хүний дундаж наслалт 39.6 жил байжээ. Хойд хөрш оросууд 57.2, өмнөд хөрш хятадууд 43.7 байсан үед шүү дээ. Тэр үед өмнөд солонгосчуудын дундаж наслалт хэд байсан гээч. 21.3 жил байжээ. Харин 1980 онд монголчуудынх 55.6 болох үед солонгосчууд 65.4 болсон байгаа юм. 2021 оны байдлаар 83.7 болж япончуудын ардхан явна. Монголчуудын хувьд энэ үзүүлэлт 71 жил. Монгол эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдээсээ 9 насаар бага насалдаг. Идэж, ууж яваад үхнэ ээ гэдэг тэр л зангаараа яваад тэр шүү дээ. Эхнэрийнхээ биеэр амьдарч байгаа мэт айлгаж, ацаглаж байж эм тан хүртэнэ.

Нэг үеэ бодвол хүмүүс тэр дундаа залуус өөрчлөгдсөнийг бахархалтайгаар хүлээн зөвшөөрнө. Гэхдээ нийгмийн бүх хэсгийнхэн тэр аяараа өөрчлөгдөх үйл явц бидэнд хэрэгтэй байна. Үүний тулд хандлагаа өөрчилж, эрүүл мэндийн боловсролоо нэмэгдүүлж, сонголтоо эрс өөрчилж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлж эцсийн бүлэгт энэ биеийнхээ төлөө та хичээхээс өөр хэн ч юм хийхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байгаа юм. 1950 онд монголчуудаас хамаагүй хөгжил дорой байсан солонгосчууд өнөөдөр яаж өөрчлөгдсөн байна даа. Эдийн засгийн хувьд гэхээсээ сэтгэлгээний хувьд яаж өөрчлөгдсөн нь өнөөдрийн тэдний дундаж наслалтын үзүүлэлт хэрхэн солигдсоноор анзаарагдаж байгаа юм. Харин бид бахь байдгаараа үлдэх ёстой гэж үү. 

Энэ биеийнхээ төлөө хэрхэн амьсгалж байгаагаа анзаарч, ямар улиралд ямар мах идэж байгаагаа мэдэж, уух ус, унтах нойроо зохицуулаад ирвэл бас олон юм өөрчлөгдөнө дөө. Энгийн юмнаас олныг өөрчилж чадна аа. Хамтдаа хичээцгээе.

Э.Энэрэл 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 13 цаг 25 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 13 цаг 31 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 13 цаг 37 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 13 цаг 39 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 13 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 13 цаг 43 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 16 цаг 1 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 16 цаг 2 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 16 цаг 3 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 16 цаг 6 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 16 цаг 7 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 16 цаг 9 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 17 цаг 51 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 18 цаг 41 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 18 цаг 44 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 18 цаг 45 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 18 цаг 46 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 18 цаг 50 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 18 цаг 51 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 18 цаг 52 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top