x

Ч.Ундрам: Мэдлэгт суурилсан эдийн засагтай үндэстэн болъё гэвэл англи хэл чухал

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай Боловсролын багц хуулийн талаар ярилцлаа.

-Ярилцлагаа сүүлийн үед бүүм болоод байгаа дуулианаас эхэлье. Англи хэлийг нэгдүгээр ангиас заах санаачилга хаанаас гарсан, ямар учиртай заалт вэ?

-Одоогийн парламент анх бүрэлдэж эхэлснээс хойш буюу 2020 оны намрын ээлжит чуулган нээснээс хойш миний бие УИХ-ын дарга, байнгын хороодтой хамтарч Боловсролын хуультай холбоотойгоор боловсролын салбарын асуудлаар хэлэлцүүлгүүдийг хийсэн. 2021 оны хаврын чуулганаар Боловсролын багц хууль өргөн баригдсан боловч сайд нь солигдсон. Ингээд дахин өргөн барьсан. Энэхүү хууль гурван жил яригдаж байгаа шүү дээ. Улс эх орондоо хайртай, эх хэл, түүх соёлоо мэддэг, дээдэлдэг эх оронч, мөн дэлхийд өрсөлдөх чадвартай үндэстнийг бэлтгэх ёстой гэсэн чиглэлийг анх хуулийн төслийг боловсруулахдаа тавьсан.

Өнөөдөр бид хүүхдүүдэд ялгаатай нөхцөл, боломж олгоод байна. Тиймээс энэ хуулиар тэгш гарааны нөхцөл олгох ёстой гэж үзсэн. Хувийн сургууль төгсөж байгаа болон төрийн сургууль төгсөж байгаа хүүхдүүд хооронд ямар ялгаа байна гэдгээр судалгаа хийж үзэхэд хамгийн том ялгаа нь англи хэл гэж гарсан.

Математик, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны чиглэлд гарсан зөрүү нь сургуулиасаа юм уу, хүүхдээсээ хамаараад өөр байгаа. Харин хамгийн том ялгаа нь англи хэл гэж гарсан. Тиймээс англи хэлийг бага ангиас нь зааж энэ ялгаатай байдлыг арилгах ёстой гэсэн асуудал хөндөгдсөн. Монголын сургуулиудад өнөөдөр англи хэлний хичээл зургадугаар ангиас нь эхлэн долоо хоногт нэг цаг орж байна. Энд багш нарын чадавх муу байна. Мөн монгол сэтгэлгээтэй тухайн насны хүүхдэд англи хэлийг яаж заах вэ гэдэг судалгаа шинжилгээ хангалттай биш зэрэг асуудлууд байна. Тиймээс англи хэлийг бага ангиас нь заах ёстой гэсэн асуудал гарч ирсэн. Ингээд би өнгөрөгч жилийн тавдугаар сард “Англи хэлний боловсролыг дэмжих” лобби бүлэг байгуулсан. Энэхүү лобби бүлгийг байгуулсан гол зорилго нь жижиг үндэстний хувьд бид англи хэл мэддэг байх ёстой. Өнөөдөр дэлхийн шинжлэх ухаан болон шинэ бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, мэдлэгийн 90 хувь нь англи хэл дээр хэвлэгддэг. Тэрхүү мэдлэгийг бид сурдаг, мэддэг, хүлээж авдаг, өөрийн мэдлэг болгодог болмоор байна. Мөн тэр мэдлэгт суурилж шинэ мэдлэг инноваци бий болгож дэлхийн мэдлэгт хувь нэмэр оруулдаг, мэдлэгийн эдийн засагтай үндэстэн болъё гэвэл англи хэл чухал.

Хоёрдугаарт, дэлхийн иргэний хувьд олон улсад юу өрнөж байна, геополитикийн нөхцөл ямар байна, хаашаа эргэж байна зэрэг дэлхийд болж байгаа улс төр, нийгэм, соёлын үйл явдлыг ойлгодог, тэр мэдээллийг авдаг байхын тулд англи хэл чухал. Улс төр, үзэл суртлын шүүлтүүр ороогүй мэдээллийг BBC, Нью-Йорк Таймс ч гэдэг юм уу баттай эх сурвалжаас мэдээлэл авъя гэвэл англи хэлний мэдлэг чухал.

Гуравдугаарт, Монгол Улсад үндэстний эрх ашиг зөрчигдвөл бид гадаадын хүний эрхийн байгууллагууд руу шууд хандахын тулд англи хэл мөн л чухал. НҮБ-ын албан ёсны зургаан хэл гэж байдаг. Тэрхүү зургаан хэлнээс хамгийн ойроор нь англи хэлийг сурсан нь бидэнд амар шүү дээ. НҮБ-ын албан ёсны нэг хэлийг сурчихсан байхад “Миний эрх зөрчигдөөд байна”, эсвэл “миний үндэстний эрх зөрчигдөөд байна” хэмээн өөрөө шууд хандах боломжтой.

Дөрөвдүгээрт, монгол хүүхдүүд гадны топ их сургуулиудад бэрхшээлгүй сурмаар байна. Ингэхийн тулд нэн түрүүнд IELTS, TOEFL-ийн оноо шаарддаг. Тэтгэлэг авмаар байна. Мөн л англи хэлний мэдлэг нэн тэргүүнд шаардагдана. Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг авах гэхээр топ их сургуульд сурдаг байх ёстой гэдэг. Топ их сургуульд оръё гэхээр дээр хэлсэнчлэн англи хэлний мэдлэг шаарддаг. Цаашлаад бид дэлхийн хэмжээний боловсон хүчин болмоор байна. Дэлхийн банк, Цахиурын хөндийд монголчууд ажилламаар байна. Тэндээс олж авсан мэдлэгээ Монголдоо түгээмээр байна. Тиймээс хүүхэд бүрд боломж олгох үүднээс англи хэлийг үндсэн гадаад хэл болгоё гэж зорьсон. Энэ нь манайхтай харилцдаг зарим улс орны эрх ашигт нийцэхгүй байж магадгүй. Гэхдээ Монголын эрх ашигт бүрэн нийцнэ гэж байнгын хорооны гишүүдийн олонх үзсэн.

-Англи хэлийг бага ангиас нь үзэх нь үндэсний дархлаанд хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна. Үүнээс гадна үндэсний дархлааг энэ хуулиар яаж хангахаар оруулсан бэ?

-Энэ хуулиар монгол хэл, түүхээ мэддэг иргэнийг бий болгоно гэж зорьсон. Тиймээс энэ чиглэлд чухал хэд хэдэн зохицуулалт орсон. Монголд өнөөдөр Засгийн газар хоорондын гэрээгээр гадаадын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуулиуд нэгдүгээр ангиасаа шууд гадаад хэл орж байна. Гадаад хэл дээр математикаа зааж байгаа сургуулиуд байна. Тиймээс хуульд бүх сургууль заавал Монгол хэл үзнэ гэсэн зохицуулалт оруулсан. Иймд хувийн байна уу хувьсгалын байна уу, ямар хөтөлбөртэйгөөс үл хамааран бүх сургууль Монгол хэл үздэг болно. Англи хэлийг үндсэн гадаад хэл болгоно гэж заасан. Хятад сургууль байсан ч, англи сургууль байсан ч монгол, англи хэлийг хоёуланг нь заавал үзэхээр болж байгаа юм. Ингэхдээ Монгол хэлийг заавал үзэх зохицуулалт орж байгаа. Харин англи хэлийг хэддүгээр ангиас үзэх, яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг БШУС-ын яамны Хөтөлбөрийн зөвлөл шийднэ. Тэрхүү зөвлөлд боловсрол судлал, хэл шинжлэл, сэтгэл судлалын гээд мэргэжлийн олон хүмүүсээс бүрддэг. Тэд хэддүгээр ангиас англи хэл заахыг шийднэ.

Боловсролын сайд ярихдаа “Багш нарыг бэлтгэж байна. Бид гуравдугаар ангиас эхлэн заах боломжтой. Хөтөлбөрөө сайжруулна” гэсэн. Хэрэгжүүлэх шатанд санаа зовж байгаа хүмүүс байсан. Мэдээж хэрэг анги дүүргэлт нь бага байх ёстой. Зөв хөтөлбөр, зөв сурах бичиг, сайн багш гээд бүх орчныг бэлдэж байж англи хэл сайжирна. Энэ хуулийг бид есдүгээр сарын 1-нд зориулж гаргаагүй шүү дээ. Хууль аль болох урт хугацаанд хэрэгжих ёстой. Магадгүй 10, 30, 50 жил гээд урт хугацаанд хэрэгжиж байх ёстой. Тиймээс урт хугацааг харж оруулж ирж байгаа заалт юм.

-Нэгдүгээр ангиас англи хэлийг заах санаачилга ер нь хаанаас гарсан бэ?

-Ажлын хэсэг дээр нэгдүгээр ангиас орж болдог уу, бусад улс орны туршлага ямар байдаг талаар ярьсан. Ингээд нэгдүгээр ангиас ч орох боломжтой байдаг юм байна гэсэн санаа буруу ойлгогдох шиг болсон.

-Ер нь таныг зөв зүйтэй юм ярьсан ч дан буруу өнцөг рүү, шүүмжлэл рүү оруулчих юм. Уг нь байнгын хороо 16 гишүүнтэй гэтэл таны ярьсан лшүүмжлэгдэх юм. Үүнийг та юу гэж харж байна. Улс төрийн зорилготой зүйл яваад байна уу?

-Тийм. Улс төрийн зорилго байгаа. Нэгдүгээрт, “Англи хэлний лобби бүлэг”-ийн дарга нь би. Англи хэлний боловсролын суурийг багаас нь тавих ёстой гэж зүтгүүлсэн гол хүний нэг нь бас би. Тиймээс манай улстай хамтын ажиллагаатай зарим орны эрх ашигт нийцэхгүй байгаа. Иймд үүний явуулга байгаа гэж үзэж байна. Мөн миний өрсөлдөгчид ч байгаа байх. Тиймээс надаас эмээж, айж ийм зүйл явуулж байж ч болох. Тэр хүнд би хүчтэй өрсөлдөгч нь санагдсан учраас над руу дайрах дайралт гардаг байх. Түүнээс сул байсан бол хэн ч тоохгүй шүү дээ.

-Боловсролын багц хуульд таны оролцоо хэр байв?

-Боловсролын багц хуулийг хоёр жилийн өмнө Засгийн газраас өргөн барьсан. Хуулийг 21 аймаг, есөн дүүрэг, дээд сургууль, МСҮТ, нийгмийн ажилчидтай гээд бүтэн хоёр жил хэлэлцүүлэг хийсэн. Энд би байнга оролцож, аль болох манлайлж оролцсон. Англи хэлнээс гадна цахим боловсролыг энэ хуулиар хүлээн зөвшөөрдөг болж байгаа. Өмнө нь хүлээн зөвшөөрдөггүй байсан. Мөн албан бус боловсролыг хүлээн зөвшөөрч байгаа. Жишээлбэл, мужааны курст суусныхаа дараа мэргэжлийн сургуульд сурахдаа түүнийгээ дүйцүүлж тооцуулах боломжтой болж байгаа.

Түүнчлэн багш бэлтгэх тогтолцоондоо нэлээн анхаарч байна. Багшийг сайн, муу янз бүрийн сургалттай сургуулиуд бэлтгэж байна. Бүгд өөр хөтөлбөртэй. Төгссөн багш нар ерөнхий боловсролын сургуульд очихдоо зааж байгаа хөтөлбөрийг мэдэхгүй ч юм уу, эсвэл яаж заах аа мэддэггүй гэдэг юмуу чанаргүй багш нарыг бэлтгэж байсан тодорхой хэдэн сургуулиуд байсан. Одоо багш бэлтгэх хөтөлбөрийг магадлан итгэмжилж нэг стандартын дагуу явуулъя гэж байгаа. Мөн “Багшийн нийгмийн асуудал” гэсэн бүлэгтэй болж байна. Тухайлбал, багшийн нэг хүүхдийг төрийн нэг их сургуульд үнэ төлбөргүй сургана. Алслагдсан орон нутагт багшлах боловсон хүчинд орон байрны туслалцаа үзүүлнэ гэсэн заалт орж байгаа. Энэ хуулийн нэг чухал зохицуулалт нь тэгш хамрагдалтыг нэлээд хангаж өгсөн. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын үйлчилгээ авах эрх нь зөрчигдөж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгаарлаад тусад нь өөр цэцэрлэг, сургуульд сургадаг байсан. Одоо бол бид тэгш хамруулах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрийн хамран суралцах тойргийнхоо сургуульд сурах боломжийг нь хангана гэсэн үг. Харин сургууль дээр өөрийн биеэр очиж суралцах боломжгүй хүүхдүүдэд ганцаарчилсан хөтөлбөр гаргаж, очиж заадаг болно. Тиймээс энэхүү хууль тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн сурах орчныг хангаж өгч байгаа хүний эрхийн мэдрэмжтэй хууль болж байгаа юм. Үүнээс ямар нэгэн шашин шүтлэг, жендер, нийгмийг гарал үүслээр ялгаварлан гадуурхахгүй гэсэн зарчимд суурилсан. Мөн хос хэлний хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Өнгөрсөн хугацаанд миний бие хувийн сургуультай холбоотой асуудлыг хөндөж ирсэн. Бид хувийн сургуулийн холбоодтой удаа дараа хэлэлцүүлэг, уулзалт хийсэн. Заримдаа мэтгэлцсэн. Үл ойлголцлыг арилгах гэж маш олон оролдлого хийсэн. Ингээд хувийн сургуулиуд ашгийн төлөө болон ашгийн бус байдлаар ажиллаж болно гэсэн зохицуулалт оруулж байна. Ашгийн төлөө ажиллавал компанийн тухай хуулиар зохицуулагдана. Татвараа төлнө. Ашгийн бус ажиллая гэвэл төрийн бус байгууллагын хуулиар явна гэсэн заалтыг оруулж өгч байгаа. Мөн зөвхөн үндэсний хөтөлбөр зааж байгаа сургуулиудад хувьсах зардлыг олгох зохицуулалт орсон.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top