x

Ерөнхийлөгчийн хориг парламентын чадамж шалдаа буусныг харууллаа

АН-ын дарга асан З.Энхболд парламентын спикер, МоАХ-ны гишүүн Р.Бурмаа Хүнс, хөдөө аж ахуйн сайд байхад УИХ-аар Халх голд чөлөөт бүс байгуулах 75 дугаар тогтоолыг баталж байлаа. Үндэсний Их баяр наадмаас яг хоёр хоногийн өмнө буюу 2015 оны долдугаар сарын 9-нд юм. Энэ хүрээнд Дорнод аймгийн Халх гол суманд 500 мянган га газрыг гадаад, дотоодын иргэдэд түрээслүүлэн, өмчлүүлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах байв. Гэвч Дорнодоос сонгогдсон гишүүд төдийгүй сумын иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, УИХ-ын тогооноос хальж улсын зовлон болохтой зэрэгцэн 75 дугаар тогтоол бүгдэрсэн түүхтэй. Үүнтэй агаар нэг хуулийн төсөл энэ парламентын үед, Г.Занданшатарыг УИХ-ын даргаар ажиллах хугацаанд дахин давтагдлаа. "МАН хүний эрхийг дордуулахыг хэрхэвч дэмжихгүй" хэмээн тунхагладаг Д.Амарбаясгалан Хэрэг эрхлэх газрын даргын албыг намын генсектэй хавсран ажиллаж буй цаг хугацаанд.

Сайд асан Р.Бурмаа хаврын чуулганы хаалт, наадмын уур амьсгалын сиймхийгээр төслөө сэм хэлэлцүүлж батлуулсан бол энэ удаад үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Ардчилсан Үндсэн хуулийн язгуур эрхийг хясан боогдуулж, хязгаарлах хуулийг Г.Занданшатарын даргалдаг ангийнхан 48 цагийн дотор л шийдвэрлэж нэн шинэхэн түүх бичив. Нэр нь Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах, автор нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал.

Туршлагатай парламентч Ц.Мөнх-Оргил "Ингэж даналзаж болохгүй шүү?" гэж ганцаараа сануулсан ч тусыг олоогүй. Засгийн газрын нэрийн өмнөөс яаралтай горимоор өргөн мэдүүлсэн хуулийн төслийг ногоон гэрлээр төвөггүйхэн "эх барив". Шаварт унасан шарын эзэн гэгчээр сайд Н.Учрал нүүрээ улалзуулж, олон нийтээс хамгийн их эгдүүцэл, эсэргүүцлийг өөртөө төвлөрүүлж буйгаас бусдаар хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэх гишүүн гарсангүй. Баталсан хуулийнхаа заалттай бүрэн уншиж танилцаагүй юу? эсвэл Бүлгийн хуралдаанаар саналаа багцлаад орсон уу? хэлж мэдэхгүй бүдүүн бараг байдлаар дэмжсэн санал өгчихөөд намрын чуулганы хаалттай хамт сураг алдарцгаав.

Угтаа бол хууль санаачлагчийн зүгээс төслөө боловсруулж, УИХ-ын босго давуулсан өдрөөс уншиж, танилцах, алдааг нь засч сайжруулах, ашиг сонирхлын зөрчил шингэхээс урьдчилан сэргийлж, сануулах нь УИХ-ын гишүүнд хуулиар олгосон бүрэн эрх. Хуулиа уншиж, судлах, санаачилж, боловсруулах гэж л тэд тэнд суудаг, дардаг товчлуур нь тийм үүрэгтэй. Гэвч гэрэл цохиулсан өдөртөө хэлэлцүүлээд 48 цагийн дотор баталсан хуулийн үр дагавар энэ парламентын чадамжид эргэлзээ төрүүлж эхэллээ.

2.

Хэрвээ сайд Н.Учрал гэдийсээр, УИХ-ын гишүүд нь гүлдийсээр баталсан хуулиа "хамгаалсан" бол хоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж, албажихаар байв. Үр дүнд нь нийгмийн сүлжээн дэх иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхэд цензур тогтоож, хуулийн шалгуур, заалтад нийцээгүйг устгаж, хаах заалт хэрэгжихээр байлаа. Урдаа БНХАУ, хойноо ОХУ гэсэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хамгийн хаалттай, хатуу хориг хязгаарлалттай хоёр их гүрний дунд орших "Ардчиллын баянбүрд" гэгдэх нэршлээ Монгол Улс гээж, бүрмөсөн баллуурдахаас өөр аргагүйд хүрнэ гэсэн үг. Гагцхүү нийгмийн сэтгэхүйг бүхэлд нь ундууцуулж, бухимдуулсан уур амьсгалын дундуур Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьснаар сая нэг намжаав. Үндэслэл нь олон нийтийн оролцоо, мэргэжлийн байгууллагуудын саналыг тусгаагүй яаран баталсан эл хууль Ерөнхийлөгчийн хориг тавих эрхэнд халдсан болохыг Хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал онцлоно лээ.

Өөрөөр хэлбэл, 48 цагийн дотор баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон түүнийг дагалдсан хуулийг хэрэгжилтийг хоёрдугаар сарын 1-нээр тогтоосон нь Үндсэн хууль, УИХ-ын Дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчжээ. Ядаж л олон нийт, мэргэжлийн байгууллагын саналыг тусгасан бол анхнаасаа ийм нөхцөл рүү оруулж, хийдэл гаргахгүй нь лав. Зөвхөн Засгийн газрын хуралдаан, намын Бүлгийн шийдвэрт түшиглэж, бас найдсан ч хүчин төгөлдөр хэрэгжих хугацаанаасаа өмнө хоригт орж, нь ийнхүү хад мөргөлөө. Нийгмийн сүлжээнд хүний, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн гэх гоё "шошго" бүхий агуулгад нь биш хэлэлцэж, батлах үйл явц нь өөрөө холбогдох хуулийг зөрчсөн учраас Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьсан нь энэ.

Хоригийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь хүлээж аваагүй тохиолдолд хууль хэвээр үлдэж, хүчин төгөлдөр мөрдөгдөөд явах заалттай. Хуулийг батлахад 51 гишүүн оролцсоноос 12 дэмжээгүй. Дэмжсэн 39 гишүүн баталсан хуулиа хамгааллаа гэж бодоход гуравны хоёр гэсэн босгонд хүрэхгүй. Дор хаяж 50+1 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг сөрж байж сайд Н.Учралын хууль "амь орно" гэсэн үг. Өнөөдрийн нөхцөлд магадлал нь тун бага. Ямар хууль баталж буйгаа ч хараагүй, төсөлтэйгөө танилцаагүй атлаа харанхуй дэмжиж санал өгсөн гишүүд Ерөнхийлөгчийн талд зогсоно уу гэхээс дахин азаа үзэхгүй. Эсрэгээрээ хоригт дөрөөлж хүний эрхтэй холбоотой асуудлаар иргэддээ "хайр" зарласан, утга уянгын халилтай гишүүдийн байр суурь олширч таарна. Үндсэндээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаан дахь анхны хоригийг хүлээж авахаас өөр сонголт үгүй.

Гол нь Ерөнхийлөгчийн хориг одоогийн парламентын чадамж шалдаа буусныг харуулсан бодит жишээ болж үлдэх нь. Өчигдөрхөн дэмжиж баталсан хуулийнхаа заалт, үйлчлэлийн хүрээг өнөөдөр нь мэдэхгүй мэлзэж буй УИХ-ын гишүүд маргааш ямар хууль оруулж ирж батлах вэ? гэдэг нь эргэлзээтэй бас болгоомжлол төрүүлэх шалтгаан. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд тогтолцооны өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий болсныг ил тод илэрхийлэх болсон ч Үндсэн хууль, Дэгийн тухай хуулиа зөрчсөнөө ч мэдэхгүй хууль баталж суугаа УИХ-ын гишүүдэд тийм чадамж, ёс суртахуун нь бий юү? гэдэг нь өөрөө АСУУЛТЫН ТЭМДЭГ. Эс бөгөөс сайн дураараа тарахаас өөр сонголт энэ УИХ-д алга. 

Uzeg.info

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Япон, Австрали улсууд газрын ховор элементийн нийлүүлэлтэд хамтран ажиллахаар боллоо 7 мин Отгонтэнгэр уулыг тахих төрийн их ёслол 6 дугаар сарын 17-нд болно 8 мин Налайхын зам дагуу гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина 22 мин Алтай хотхонд сургууль барих ажлыг гацаасан компанийн өмч хувьчлалыг шалгана 25 мин Филиппинд Майон галт уул идэвхжиж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүллээ 29 мин УИХ-ын Өргөдлийн байнгын хороо сургуулийн хоолны асуудлаар ажлын хэсэг байгууллаа 29 мин Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ 30 мин Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 32 мин Монгол хэл бичгийн шалгалтын өргөдөл, гомдлыг хүлээн авч байна 2 цаг 45 мин ОХУ Ялалтын баяраар интернэт хязгаарлаж, цэргийн техникгүй парад хийнэ 2 цаг 45 мин Дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн Төрийн ордонтой танилцжээ 2 цаг 46 мин Израил, Иорданы удирдагчид Болгарын сонгуульд ялсан Р.Радевт баяр хүргэв 2 цаг 46 мин АНУ Европын Холбооноос импортлох автомашины татварыг нэмэгдүүлнэ 2 цаг 48 мин Хаврын тариалалт эхэлж, 25 мянган га талбайд тариалалт хийнэ 2 цаг 48 мин Дорноговь аймагт 839 мянга гаруй мод тарьжээ 2 цаг 49 мин Япон, Австрали улсууд газрын ховор элементийн нийлүүлэлтэд хамтран ажиллана 2 цаг 50 мин Монголын говьд хулангийн сүрэг түүхэн тархац нутагтаа дахин үзэгдэж эхэллээ 2 цаг 51 мин Улаанбаатар хотод 300 МВт хүчин чадалтай Дулааны тавдугаар цахилгаан станц барьж эхэллээ 2 цаг 52 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 2 цаг 53 мин Б.Батцэцэг сайд “Эрх зүйн хамааралгүй” гэчихээр хулгай, луйвраа нуучихна гэж эндүүрчээ 3 цаг 8 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ... Д.Трамп Ираныг сүрдүүлсний дараа нефтийн үнэ огцом өслөө
Top