x

Д.Хосбаяр: Хөөмий бол эх дэлхийгээ тээсэн урлаг

-ЯЗГУУР УРЛАГАА ТҮГЭЭН СУРТАЛЧИЛАХАД ЧАМЛАХААРГҮЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ТООДОГ-

Үндэснийхээ өв соёлыг хилийн чинадад сурталчлан таниулахад Монголын хөөмийчид гол үүрэг гүйцэтгэдэг. Тэдгээр уран бүтээлчдийн нэг, хөөмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч Д.Хосбаяртай ярилцлаа.

-Тувад болсон олон улсын хөөмийн наадмын сонин сайхнаас ярилцлагаа эхлүүлье. Хөөмийн наадмыг олон улсын түвшинд зохион байгуулахын ач холбогдлыг та юу гэж боддог вэ?

-“Монголын үнэн” сонины уншигчдад намрын эхэн сарын налгар шар өдрийн мэнд хүргэе. Тувагийн Бүгд найрамдах улсын Кызыл хотноо хөөмийн олон улсын дөрөвдүгээр наадам амжилттай сайхан зохион байгуулагдлаа. Энэ жилийн наадамд Ховд аймгийн Хөгжимт, драмын театрын хөөмийч Баатарсүрэн, Галбадрах, Ганзориг, Золзаяа, уран бүтээлч Амартүвшин нар улсаа төлөөлөн уламжлалт, орчин үеийн хөөмийн төрлөөр оролцлоо.

Манайхан нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр байр, шилдэг эмэгтэй хөөмийчийн шагналыг хүртсэн. Би “Дэлхийн хөөмийн холбоо” ТББ-ын тэргүүний хувиар уг наадамд оролцож, шүүж, тодорхой бай шагналыг ивээн тэтгэдэг. Энэ удаагийн наадмын онцлог нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн Соёлын сангийн тэтгэлгээр урьд өмнө байгаагүй өндөр шагналын сантай болсон юм. Тэргүүн байр эзэлсэн хөөмийчийг автомашинаар шагнан урамшууллаа. 200 гаруй уран бүтээлч шууд болон онлайнаар оролцсон.

Ер нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн Соёлын сан улс орондоо харьяалагддаг угсаатнуудынхаа соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлах ажлыг бодлогын чанартай хийж байна. Ялангуяа хөөмийч зэрэг өвлөн уламжлагчдын нийгмийн асуудлыг шийдэх, сургалт зохион байгуулах үйл ажиллагаа явуулаад эхэлжээ. Хөөмий бол Алтай, Саяны уулсыг дамнан амьдардаг угсаатнуудын эртний өв соёл.

-Манай улсаас гадна Тувагийн хөөмийчид алдартай. Монголын уран бүтээлчдээс хөөмийлэх арга барилаар ялгаатай юу. Хөөмийн үндсэн хэв маяг, дэг сургууль гэж байдаг уу?

-Нүүдэлчин ахуйтай 10 гаруй улсад хөөмий болон түүнтэй төстэй урлаг тэмдэглэгдсэн байдаг. Монгол хөөмийн голомт, өлгий нутаг бол Ховд аймгийн Чандмань сум. Түүнчлэн Тувагийн урианхайчуудын хөөмий алдартай. Сүүлийн үед эрчимтэй хөгжүүлж байна. Монгол болон Тувагийн урианхай хөөмийчид дуугарах арал барил, зарчмын хувьд төдийлөн зөрүүгүй ч нутгийн байгаль, аж амьдрал, ахуй соёлын дүрслэлээрээ ялгардаг.

Хөөмийн гурван үндсэн ай сав байна. Хархираа, исгэрээ, шахаа хөөмий гэж хүмүүс ангилдаг. Монгол хөөмийчид сүрлэг сайхан уулс, уудам талыг өтгөн хархираа, гол усыг шингэн исгэрээ, салхины чимээг шахаа хөөмийгээр төсөөлж илэрхийлдэг. Бид ямар ч хөгжмийг даган дуулж чадна. Харин Тувагийн урианхайчууд тууль, байгалийнхаа дуу чимээг дүрслэх язгуур шинжээ алдаагүй. Хөөмийнд үндсэн дэг сургууль гэж бий. Он удаан жил уламжилсан гэр, шавь сургалт байна. Орчин цагт их сургуулийн арга барилаар уламжлан заах болсон. Би хувьдаа шавь сургалтыг илүүд үздэг. Аливаа улс оронд язгуур урлагаа их сургуулийн хэлбэрт оруулснаар үндсэн агуулга, хэв шинж эвдэгдэх талтай. Ийм шалтгаанаар устаж үгүй болсон язгуур урлагийн жишээ ч бий. Тиймээс байгалиас үүссэн өв соёлоо бид аль болох язгуур хэвээр нь, хөг дэгийг нь алдалгүй өвлүүлэх л хэрэгтэй.

-Сүүлийн жилүүдэд монгол бус угсаатны төлөөлөл хөөмийг сурч, дэлгэрүүлж байна. Зарим хүн хүлээн зөвшөөрч байхад шүүмжилдэг нь ч байна. Та өөрийн бодлоо хуваалцана уу?

-Улам бүр хавтгайрч буй ертөнцөд бид ахуй, язгуур соёлоороо л ялгаран үлдэнэ. Энэ л биднийг монгол гэж бусдаас сондгойруулж харагдуулдаг. Хөөмийг түгээн дэлгэрүүлснээр соёлын эдийн засгийн эргэлтэд оруулах, жуулчдыг татах ач холбогдолтой. Манай улсыг тойрсон монгол туургатнууд ЮНЕСКО-гийн конвенцийн хүрээнд хөөмийг хамтран эзэмшиж, үндэсний соёлоо гэж бахархан залгамжлах эрхтэй. Гаднынханд заалаа гээд буруудахгүй. Заахын сацуу монголчууд хөөмийн голомтыг сахьсан ард түмэн гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй. Тэр хэрээр энэ урлагийг хамгаална. Тиймээс хөөмийн бодлогын төв нь Монгол Улс гэдгээ сануулж байх ёстой.

-Хөөмий ардын болон тайзны урлагаас хөгжиж байна гэж би боддог. Орчин үеийн уран бүтээлч, хамтлагуудын бүтээлүүд хөөмийг шинэ технологи, энтертайнменттай хослуулж байна шүү дээ.

-Хөөмийн урлаг үсрэнгүй хөгжиж байна. Залуучууд орчин цагийн хэлбэр, янз бүрийн хөгжмийн төрлүүдтэй хамтатган хөгжүүлж байгаа нь сайшаалтай. Олон сайхан уран бүтээлчдийг дурдаж болно. Гэхдээ язгуур урлаг хөгжлийн хэт хэвийсэн тал руугаа хандахаар үндэснээсээ холддог гэмтэй.

Тэгэхээр яамнаас язгуур урлагийн үндсэн хэв маягийг эвдээгүй өв тээгчдийг дэмжиж, шавь сургалт зохион байгуулахад анхаараасай гэж хүсдэг. Ийм асуудал Монголд төдийгүй Тувагийн хөөмийчдэд тулгамдаад байна.

-Нөгөөтэйгүүр мэргэжлийн сургууль төгссөн хөөмийчид энэ урлагийг анх олонд таниулсан ахмад үеийнхний энд хүрч байна уу?

-Би 30 гаруй жил хөөмийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж явна. Залуу уран бүтээлчид язгуураасаа холдоод байх шиг санагддаг. Дуугаралтын хувьд бие биеэсээ ялгарах онцлоггүй жигдхэн болж дээ гэж шүүмжилдэг. Ахмад үеийнхний уянгалаг тэр сайхан аялгуу ховордсон. Уг нь тэр дэг жаягийг л сурч, өвлөх хэрэгтэй байгаа юм. Хөөмийн олон улсын дараагийн наадам Ховд аймагт болоход энэ талаар судлаачдын хэлэлцүүлэг өрнүүлэх бодолтой байна.

-Та хэдэн наснаасаа хөөмийлж эхлэв. Байгалийн өгөгдлөөр авьяасаа нээсэн үү?

-Хөөмийн өлгий Ховд аймгийн Чандмань суманд төрж өссөн. Байгалийн өгөгдөл, сайн багш нарын ачаар энэ урлагийг өөрийн хэмжээндээ түгээн дэлгэрүүлж байна. Миний нутаг Холбоо гурван нуур, Жаргалант хайрхан, Бумбат хайрхан, Хар- Ус, Дөргөн, Хар нуурын үзэмж бүрдсэн газар. Хөөмий ийм л газар дуугардаг байх гэж эрхгүй бодогдмоор байгалийн аястай. Манай нутгийн найман настай балчраас наян настай буурал хүртэл хөөмийлдэг. Үүгээрээ бид бахархаж, үр хүүхдэдээ өвлүүлэх гэж мэрийж, чармайж ирсэн.

-Анхны багш тань ямар хүн байв?

-Анхны багш гэвэл миний нутаг, хөөмийч ард түмэн минь. Төрсөн нутагтаа салхины чимээ, голын боргиог сонсон бусад хүүхдийн адил дуурайн дуугарч хөөмийн гараагаа эхэлсэн.

Дараа нь нагац ах, хөөмийн анхны гавьяат Довчингийн Сундуйгаар хөөмийгээр ардын дуу дуулах ухааныг заалгасан юм. Мөн Чандмань нутагтаа суугаа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Р.Даваажав, Д.Цэрэндаваа гавьяат, Н.Сэнгэдорж гавьяат нарын олон сайхан хөөмийчээс суралцсаны ачаар өдгөө хөөмийч гэж цоллуулж байна.

-Сурсан эрдэм, хөгжүүлсэн урлагаа өвлүүлэх тал дээр хэрхэн анхаарч юу хийж байна вэ?

-Ахмадуудаасаа сурснаа яг тэр чигээр нь өвлүүлэхийг хичээдэг. Хөгжлийн зарчмаар рок, сонгодог урлагийнхантай хамтарсан уран бүтээл хийж бололгүй л яахав. Гэхдээ хөг аялгуу, байгалийн чанараа битгий алдаасай гэж захьдаг. Жил бүр нутагтаа очиж, залуус хүүхдүүдэд мэддэг чаддагаа үнэ төлбөргүй зааж, тэднийг хөөмийнд дурлуулах яриа дэлгэдэг. Шавь нар минь намайг ирэхийг хүлээгээд сууж байдаг юм.

-Та хөөмийлж байхдаа юу бодож, төсөөлдөг вэ?

-Хөөмийн ачаар дэлхийг тойрон 20 жил аяллаа. 70 гаруй орны тайзнаа гарчээ. Энэ урлагаа таниулан сурталчлахад чамлахааргүй хувь нэмэр оруулсан гэж өөрийгөө тоодог. Илэрхийлж буй дүрслэлдээ орж, дасаж, дотроо бодож хөөмийлдэг. Хөөмэйгээр хэлэх гэсэн илэрхийлэлдээ хэдий гүн орж чадна төдий чинээ амьд, хүмүүст ойлгомжтой хүрнэ. Шавь нартаа “Уулын тухай дуулж байвал чи өөрөө уул бол” гэж зааж сур- гадаг.

-Хөөмийг “хүн хөгжим”, “биегүй зэмсэг” зэргээр нэрлэдэг. Харин та цөөн үгээр юу гэж тодорхойлох вэ?

-Олон сайхан өгүүлэмж, байгалийн өнгийг нэг хүний хоолойгоор илэрхийлдгээрээ бусад угсаатны дуу, хөгжимтэй харьцуулшгүй. Ямар нэгэн зүйлтэй зүйрлэшгүй. Хөөмий бол эх дэлхийгээ тээсэн урлаг. Хүмүүс “хүн хөгжим” зэргээр янз бүрээр л нэрлэдэг. Миний хувьд хөөмий бол Монголыг илэрхийлэх хамгийн том төлөөлөл. Биднийг ялгаруулдаг өв соёл, хайр энэрэл, өнгөрсөн, одоо, ирээдүйг багтаасан урлаг юм.

-Симфони хөгжим сэтгэлийн хямралыг гэтлэхэд тусалдаг гэж ярьдаг. Хөөмий хүнд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Хөөмийн бодлогыг зөв авч явсны хүчинд энэ сайхан урлагаар Монгол Улсыг төсөөлдөг болжээ. Европт 20 жилийн өмнө амьдарч байхдаа хөөмийгээр дамжуулан бясалгал хийх, нийгэмд нөлөөлөх ажлууд зохион байгуулсан. Монголд энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр ярьж байна. Хөөмийг сонссон хүн хамгийн дээд зэргийн тайвшрал мэдэрдэг. Очиж үзээгүй байгалийн өнгө төрхийг мэдэрч, харж болдог эерэг нөлөөтэй. Тэр бүрийг тоочиж баршгүй. Монголчууд хөөмийг сонсоод, бага ч гэсэн сурч эх дэлхийдээ ойртоосой гэж хүсдэг.

-Дэлхийн хөөмийн холбооны ойрын төлөвлөгөө, зорилгоос сонирхуулна уу?

-Ховд аймагт энэ сарын сүүлээр болох “Цайны зам” өв соёлын наадмыг хамтран зохион байгуулна. Дараа нь ОХУ-ын Горный Алтайд ирэх сард болох хөөмийн цугларалтад төлөөлөгчөө оролцуулах төлөвлөгөөтэй байна. Энэ сайхан соёлыг дэлхийд түгээн дэлгэрүүлэхийг чухалчилдаг. Хөөмий бол улс орноо соёлоор дамжуулан сурталчлах урлагийн төрөл. Хөөмийн наадмыг олон улсын түвшинд зохион байгуулснаар гадаадад Монголын том сурталчилгаа болно. Уран бүтээлчдээ чадавхжуулахад ч дэмтэй.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 8 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 8 цаг 57 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 9 цаг 6 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 11 цаг 1 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Н.Учрал Д.Батлутыг уу, АН Н.Учралыг уу... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ...
Top