x

М.Сайнбилэг: НЭЭЛТТЭЙ БАНК нь дижитал технологи, хамтын ажиллагаанд суурилна

Банкны салбарын технологийн хөгжил, дижитал шилжилтийн талаар Голомт банкны Мэдээллийн технологи, Дижитал банк хариуцсан захирал М.Сайнбилэгтэй ярилцлаа.

-Та банкны салбарт мэдээллийн технологийн чиглэлээр 15 гаруй жил ажилласан туршлагатай хүн. Сүүлийн жилүүдэд технологийн дэвшил энэ салбарт томоохон өөрчлөлтүүдийг авчирч байна. Арван жилийн дараах банкны салбар ямар байх бол? Төсөөллөөсөө хуваалцаач?

-Банкны салбар хадгаламж, зээл, төлбөр тооцоо гэсэн үндсэн гурван чиглэлд суурилсан үйлчилгээнүүдийг үзүүлдэг бөгөөд олон жилийн туршид энэ гурван үндсэн үйлчилгээ огт өөрчлөгдөөгүй, цаашид ч өөрчлөгдөхгүй байх. Харин энэ гурван үйлчилгээг харилцагчдад хүргэх арга замууд технологийн хувьд хувьсан өөрчлөгдсөөр ирсэн. Тухайлбал, үүрэн холбооны хөгжлийн оргил үед мобайл банкны үйлчилгээ, интернэт түгэн дэлгэрэх үед интернэт банкны үйлчилгээ бий болсон. Харин одоогоор дижитал технологи болох хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан дижитал банкны үйлчилгээ хэрэглээнд орж байна. Түүнчлэн Голомт банк технологид суурилсан үйлчилгээгээр түүчээлэгчийн хувьд 2020 оноос эхлэн Open banking буюу “Нээлттэй банк” концепцийг Монголд анхлан танилцуулсан. Тэгэхээр банкны үйлчилгээ нь тухайн цаг үедээ тэргүүлж байгаа технологийн дагуу хувьсан өөрчлөгддөг.

Арван жилийн дараах бидний өдөр тутмын амьдралд ямар технологи голлох үүргийг гүйцэтгэхээс хамааран салбарын дүр зураг харагдана. Магадгүй үүлэн технологи, блокчэйн, метаверс гэсэн технологийн гурван шийдэл тэргүүлэх болов уу. Бид удахгүй банкны үйлчилгээг метаверсэд авдаг болох байх.

“Нээлттэй банк нэршил нь нээлттэй өгөгдлөөс эхлэлтэй буюу иргэн хүссэн үедээ, хүссэн газраасаа, хүссэн платформоо ашиглан хувийн мэдээллээ удирдах тухай юм. Банкны харилцагч өөрт хамгийн ойр, хэрэглэхэд хялбар, зардал багатай платформыг ашиглан банкны үйлчилгээг авах юм.”

-Тэгвэл Голомт банкны нэвтрүүлж буй “Нээлттэй банк” гэх ойлголтыг дэлгэрэнгүй тайлбарлавал?   

-Нээлттэй банк нэршлийн суурь нь нээлттэй өгөгдлөөс эхлэлтэй. Энэ нь иргэн хүссэн үедээ, хүссэн газраасаа, хүссэн платформоо ашиглан хувийн мэдээллээ удирдах тухай юм. Банкны харилцагчийн хувьд гэхэд өөрт хамгийн ойр, хэрэглэхэд хялбар, зардал багатай платформыг ашиглаж банкны үйлчилгээг авахыг хэлж байгаа юм. Тухайн харилцагч интернэт худалдааны Shoppy платформ эсвэл Veritech ERP системийг их ашигладаг бол үүн дээрээс өөрийн дансны үлдэгдлээ шалгах боломжтой буюу энэ нь банкны аппликэйшн дээрээс дансны үлдэгдлээ шалгадагтай адил өндөр нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангах юм. Нөгөө талаас Нээлттэй банкны концепц хэрэгжсэнээр тухайн харилцагч өөрийн хуваалцахыг хүссэн санхүүгийн мэдээллээ гуравдагч талд өгөх боломжийг бүрдүүлнэ. Байгууллагын харилцагчдын хувьд гэхэд өөрсдийн санхүүгийн систем дээрээсээ банкны бүх үйлчилгээг авч байна. Цаашлаад тухайн байгууллагын ажилтан цалингийн зээл авах боллоо гэж бодъё. Өмнө нь тухайн ажилтан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын мэдээллээ банканд аваачиж өгч байж зээлээ авдаг байсан бол одоо өөрийн байгууллагын ERP систем дээрээсээ зээлээ шууд авах боломж бүрдэж байгаа. Илүү өргөн утгаар авч үзвэл энэхүү Нээлттэй банк концепцоороо дамжуулан бид харилцагч болон хамтрагч байгууллагуудаа дижитал шилжилт хийхэд нь тусалж, хамтарч байгаа юм.

Голомт банк дижитал шилжилтээр салбартаа тэргүүлдэг. Бид цаашид ч дижитал шилжилтээр өөрсдөө тэргүүлэхийн сацуу энэ бий болгосон давуу талаа харилцагчид, хамтрагч байгууллагуудтайгаа хуваалцаж, Монголын нийгмийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, шилжилтийг хамтдаа хийх нь л бидний гол зорилго юм. Учир нь дижитал шилжилтийн хамгийн чухал хэсэг нь харилцан холбоо, уялдаа, дэд бүтцээ хуваалцах, зардлаа хэмнэх /sharing economy/ юм.

-Нээлттэй банк концепц танай банканд хэзээнээс боловсорч, хэрэгжүүлэхийн тулд хэдий хэмжээний нөөц зарцуулсан бэ?

-Голомт банк Монгол Улсын банкны салбарт техник технологийн шийдлийг анхлан нэвтрүүлсээр ирсэн. Банкны ямар төрлийн шинэлэг үйлчилгээг дотоодод нэвтрүүлэх вэ гэдэг дээр бид голлон анхаарч ажилладаг бөгөөд энэ үндсэн зарчим, соёл манай банканд 20 жилийн өмнөөс тогтсон. Энэ утгаараа бид 2019 оноос эхлэн суурь судалгаануудаа эхлүүлж, 2020 онд туршилтын журмаар хэрэглээнд оруулж, өнгөрсөн оноос бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулж эхлээд байна.

-Тэгвэл Голомт банк цаашид харилцагчдадаа зориулан ямар шинэлэг үйлчилгээг санал болгох төлөвлөгөөтэй байна вэ?

-Бид харилцагчдын банк, санхүүгийн бүхий л хэрэгцээг хангасан багц бүтээгдэхүүн, үйлчилгээг технологийн давуу талд суурилан хүргэхээс гадна бусад байгууллагуудтай хамтрах, дэмжих замаар нэмэлт үнэ цэн, онцлогийг бүрдүүлж, зардал, цаг хугацааг хэмнэсэн банк санхүүгийн болон банк санхүүгийн бус бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос хүргэхээр зорин ажиллаж байна. Жишээлбэл, хүн бүр аялахыг хүсдэг ч аялалд зарцуулах хуримтлалтай хүн цөөхөн байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс аялахын тулд зээл авах эсвэл хадгаламж үүсгэх шаардлагатай болно. Гэтэл аялал жуулчлалын компани эдгээр үйлчилгээг үзүүлдэггүй. Үүнд бид Нээлттэй банкны шийдлийг ашигласнаар аялал жуулчлалын компани өөрөө эдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос хүргэх боломжтой болох буюу харилцагч банканд хандах бус тухайн аялал жуулчлалын компанийн платформ дээрээс банкны болон аяллын үйлчилгээг нэг дороос авна гэсэн үг юм. Энэ бол Нээлттэй банкны нэг давуу тал.

-Та бүхэн Нээлттэй банк концепцийн хүрээнд ямар байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа вэ? 

-Бид бүхий л байгууллагуудтай хамтарч ажиллахад бэлэн бас нээлттэй байгаа. Одоогоор Shoppy,  Banana Mall, UBcab, TapaTrip, АПУ, Veritech ERP, CU сүлжээ дэлгүүр, E-Mongolia зэрэг салбар бүрт үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагуудтай хамтраад эхэлсэн.

-Голомт банктай хамтран ажиллахад ямар шаардлагуудыг тавьдаг вэ?

-Нээлттэй банкны хүрээнд бид олон улсын стандарт, нууцлал, аюулгүй байдлыг хангасан API менежмент системүүдийг ашигладаг бөгөөд технологийн хувьд энгийн суурь шаардлагуудыг тавьж байгаа. Хамгийн гол нь тухайн байгууллагын бизнесийн загвар, үйл ажиллагааны процесс нь нээлттэй байх ёстой.

“Бид дижитал шилжилтээр өөрсдөө тэргүүлэхийн сацуу энэ бий болгосон давуу талаа харилцагчид, хамтрагч байгууллагуудтайгаа хуваалцаж, шилжилтийг хамтдаа хийх нь л бидний гол зорилго.”

-Дэлхийн банк, санхүүгийн салбарын өнөөгийн хөгжил, түвшинтэй харьцуулахад Голомт банк хаана яваа бол?

-Монгол Улс бол хөгжиж буй орнуудын нэг. Энэ хэсэгт багтаж буй бусад улс орнуудтай харьцуулахад Монголын банкны систем тэргүүлэгчдийн хэмжээнд үнэлэгддэг бөгөөд Голомт банк нь Монголын банкны системд түүчээлдэг. Мөн Монголбанкны манлайлал ч үүнд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, Монголбанк 2014 онд “Real time” буюу бодит цагийн горимын банк хоорондын дансны гүйлгээний системийг нэвтрүүлсэн ба тухайн үед дэлхий даяар 10 гаруй улс л ийм системтэй байсан юм. Мөн өнгөрсөн онд Монголбанкнаас EMV чиптэй контактлесс Т-төлбөрийн картыг танилцуулснаар төв банк нь энэ шийдлийг нэвтрүүлсэн цөөн орнуудын нэг болоод байна.

-Голомт банк өнөөдөр Нээлттэй банк гэх хөгжлийн үе дээрээ яваа юм байна. Тэгвэл хөгжлийн дараагийн зогсоол хаана байх вэ?

-Миний харж байгаагаар технологийн хөгжил нь үүлэн технологи, блокчэйн, хиймэл оюун ухаан гэсэн суурь шийдлүүдэд төвлөрөх болно. Хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн зөвлөх үйлчилгээнүүд ч ихээр гарах байх. Одоогоор манай Интернэт банкны хувийн санхүү гэсэн функц хиймэл оюун ухаанд тулгуурлан ажиллаж байгаа бөгөөд цаашид ч улам хөгжүүлнэ. Мөн харилцагчийн дуу хоолой, яриаг таньж виртуал орчинд үйлчилгээ үзүүлэх технологийн шийдлүүд нэвтэрнэ гэж харж байгаа. Мөн сүүлийн үед бид блокчэйн технологид ихээхэн анхаарал хандуулж байна. Банк төвлөрсөн бүтэцтэй байдаг бол блокчэйн нь төвлөрсөн бус бүтэцтэй байдаг. Гэхдээ энэ нь банк блокчэйн технологийг ашиглах боломжгүй гэсэн үг биш юм. Бид энэ жилдээ багтаан блокчэйн технологид суурилсан үйлчилгээг бодит хэрэглээнд оруулах төлөвлөгөөтэй байгаа. Иргэд ямар платформ, технологи ашиглаж байна тэр технологиуд дээр л банкны үйлчилгээ хүрч, суурилах болно. 

-Танай банк өөрийн Интернэт банк, мөн SocialPay дижитал хэтэвчтэй. Тэгвэл энэ үйлчилгээг нэвтрүүлсэн алсын хараа юу байв?

-Дижитал шилжилтийн нэг чухал шинж нь харилцан хамаарал буюу олон байгууллагууд хамтран нэг платформ дээр төвлөрөөд эсвэл холбогдоод, бие биенээ дэмжээд явах юм. Энэ утгаараа бидэнд бусад байгууллагуудтай саадгүй, чөлөөтэй хамтран ажиллах платформ шаардлагатай болсон тул SocialPay дижитал хэтэвчийг анх нэвтрүүлж байлаа.

“Бид өөрсдийн бүтээсэн, илүү сайн шийдлүүдээ нэг нэгэнтэйгээ хуваалцсанаар дижитал шилжилтийг илүү эрчимжүүлэх болно. Хамгийн чухал нь аль ч тохиолдолд харилцагч хожиж, нийтээрээ зардал, цаг хугацаагаа хэмнэж байх ёстой.”

-Сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн салбарт старт-ап, финтек компаниуд олноороо орж ирж, цахим мөнгө, койнууд ихээр бий болж байна. Эдгээр өөрчлөлтүүд салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Эерэг нөлөө үзүүлж байгаа. Бид хамтын ажиллагаанд ч, өрсөлдөөнд ч аль алинд нь бэлэн байдаг. Сүүлийн жилүүдэд энэ салбарын том, жижиг тоглогчид бүгдээрээ дижитал шилжилтийг нэг финтек, эсвэл нэг банк дангаараа хийдэггүй юм байна гэдгийг ухаарсан. Бид өөрсдийн бүтээсэн, илүү сайн шийдлүүдээ нэг нэгэнтэйгээ хуваалцаж байж дижитал шилжилтийг илүү эрчимжүүлэх болно. Байнгын өрсөлдөөн эсвэл байнгын хамтын ажиллагаа гэж байхгүй буюу хамтын ажиллагаа ч өрсөлдөөний нэгэн адилаар шинэ санаа, тэсрэлтийн эх булаг байх боломжтой. Тэгэхээр би өрсөлдөөн ба хамтын ажиллагааг нэг зүйлийн хоёр тал гэж боддог. Хамгийн чухал нь аль ч тохиолдолд харилцагч хожиж, нийтээрээ зардал, цаг хугацаагаа хэмнэж байх ёстой. Ингэж чадвал бүх талууд одоо байгаагаасаа илүү үр ашиг хүртэх болно.

-Тэгвэл энэ салбарын тоглогчдоос Голомт банк технологийн тал дээр юугаараа онцгойрох вэ? 

-Голомт банк технологи суурьтай шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлдэг гэдгийг бид өөрсдөө ч, манай харилцагчид ч ойлгодог, мэдэрдэг. Тэр хэрээрээ харилцагчид маань биднээс шинэ гарц, шийдлийг байнга шаарддаг юм. Гэхдээ технологийн дэвшил нь харилцагчдад тулгарч байгаа ямар нэгэн асуудлыг шийддэг, давуу талыг авчирдаг байх ёстой. Түүнээс биш шинэ гарсан технологи бүрийг нэвтрүүлээд байхдаа гол биш. Бид энэ зарчим, арга барил дээр их туршлагатай, тэргүүлнэ гэдэгтээ ч бат итгэлтэй байдаг.

Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 11 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 12 цаг 3 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 12 цаг 11 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 14 цаг 7 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Н.Учрал Д.Батлутыг уу, АН Н.Учралыг уу...
Top